Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/03192

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/03192

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, Ө овогт Д-ийн Г /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, Нарны хороолол, ... тоот хаягт бүртгэлтэй, И овогт Г-ийн Ц /РД: .../-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Автомашины үнэ 49,500,000 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Г-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаярын нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Т.Ц-тэй 2006 онд танилцаад нэг гэрт орж 11 жил хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа би Т.Ц-г тэжээн тэтгэсэн, тухайн үед Т.Ц орлогогүй, хэцүү амьдралтай байсан. Харин би өөрийн гэсэн бизнестэй буюу гуанзтай, мөн Таван толгой ХК-д ажилладаг байсан. Тиймээс Т.Ц-г гуанзныхаа үйл ажиллагааг нь хариуцуулан ажиллуулахыг зөвшөөрөөд гуанзаа өгсөн. 2006 оноос хойш Т.Ц миний гуанзыг ажиллуулж эхэлсэн, тэр гуанз өдрийн 1,000,000 төгрөгийн орлоготой ажилладаг байдаг байсан ба би Т.Ц-гээс огт мөнгө авч байгаагүй. Т.Ц түүнээс олсон бүх мөнгийг өөртөө болон ах, дүү нартаа зарцуулсан. Т.Ц-гийн ах, дүү нараа ивээн тэтгэсэн бүх зардал миний гуанзны орлогоос гарсан. Мөн Москва хороолол-д 90 м/кв талбайтай 2 өрөө орон сууц авсан. Тэр байрыг худалдаж авсан мөнгөнд миний Таван толгой ХК-д ажиллаж олсон мөнгө орсон. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би Япон улсаас орж ирсэн, номергүй, сувдан цагаан өнгийн Л загварын машиныг 50,000,000 төгрөгөөр авсан ба төлбөрийг Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ... тоот данснаас 49,500,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөгийг тус тус төлсөн. Би уг машиныг өөртөө авсан боловч би хөдөө ажилтай тул гуанзны үйл ажиллагааг явуулахдаа хоолны бараа, материалаас зөөж байг гэж бодоод машиныг Т.Ц-гийн нэр дээр авсан. Түүнээс хойш хөдөө байж байгаад ирэхэд Т.Ц алга болчихсон байсан ба хайгаад олоогүй. Тухайн сувдан цагаан өнгийн, Л-450 загварын 37-72 УБГ улсын дугаартай автомашиныг хариуцагч Т.Ц нь унаж ашиглаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Р.Батцолмон гэх хүнд зарсан байна. Өөрөөр хэлбэл одоо тухайн тээврийн хэрэгсэл хариуцагчийн өмчлөл, эзэмшилд байхгүй тул машины үнийг хариуцагчаас нэхэмжилж байна. Тиймээс 49,500,000 төгрөгийг хариуцагч Т.Ц-гээс гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчийн хариу тайлбарт дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд, нэгдүгээрт, хариуцагч талаас гэр бүлийн харилцаатай байсан эхнэр нөхөр учир бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Гэр бүлийн тухай хуульд 18 нас хүрсэн Монгол улсын иргэн гэр бүл болох зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлээд гэрлэлтийн гэрчилгээ авсныг гэр бүл гэж үздэг. Хуульд одоогийн байдлаар хамтран амьдрагч гэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Тиймээс Т.Ц болон Д.Г нар хамтран амьдарч байсан гэдэгтэй хэн аль нь маргахгүй байгаа. Иймд Д.Г нь Т.Цг тэжээн тэтгэх үүрэг үүсээгүй. Мөн 2006 оноос 2018 оны 10 дугаар сар хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлийн цайны газрыг хариуцагч ажиллуулж ашиг орлого олж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Тухайн цайны газрыг гэрчийн мэдүүлгээр Т.Ц өөрөө ажиллуулж, орлогоо авч захиран зарцуулдаг байсан гэж мэдүүлсэн байдаг гэв.

 

2. Хариуцагч Т.Ц-гийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, би хууль мэдэхгүй ч үнэн, худлыг хар цагаанаар нь ялгаж мэднэ. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т.Ц-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байгаа тул 49,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлага гаргахын тулд дараахь урьдчилсан нөхцөл бий болсон байхыг хууль шаарддаг. Үүнд нэгдүгээрт, хөрөнгө оруулсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд ямар ч үүргийн харилцаа үүсээгүй байх, хоёрдугаарт үүрэг гүйцэтгэсэн боловч тэр нь дуусгавар болсон эсхүл хүчин төгөлдөр бус болсон байх, гуравдугаарт үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай байх гэсэн 3 урьдчилсан нөхцөл бий болсон тохиолдолд мөнгөө буцаан шаарддаг. Эдгээр 3 нөхцөлийн аль ч нөхцөл байдал бий болоогүй гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Учир нь нэхэмжлэгч нь Т.Цтэй холбоотой асуудлаар нийтдээ өөр өөр шүүхүүдэд 4 удаа хандсан байдаг. Уг 4 удаагийн нэхэмжлэлүүдээрээ нэг л зүйлийг давтаж хэлдэг, тэр нь юу вэ гэвэл өөрийгөө Т.Цтэй 2006 оноос 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хамт амьдарсан ба гэр бүлийн харилцаатай байсан, Т.Цд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр цагаан өнгийн автомашиныг 49,500,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн гэдэг. Гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Д.Г нь Т.Цд машиныг худалдаж авч өгсөн болох нь тогтоогддог. Т.Цгийн нэр дээр тухайн машиныг авсан үйлдэл нь татвар төлөхөөс зайлсхийсэн, эсхүл барьцаанд тавих зорилгоор тухайн машиныг шилжүүлсэн нөхцөл байдлууд байгаа талаар огт дурдаагүй. Нэхэмжлэгч Т.Цд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр машин худалдаж авч өгсөн гэж өөрөө тайлбарлаад байдаг. Гэтэл Т.Ц нь 11 жил хамт амьдрахдаа хүүхэд гаргаж өгөөгүй, гуанзыг нь ажиллуулсан гэдэгт гомдоод байдаг эсэхийг мэдэхгүй ч ийм нөхцөл байдлаас болоод тухайн хүнээс машины үнийг буцаан авахаар шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдахдаа Би гэр бүлийн харилцаатай байх хугацаандаа Т.Цд машин авч өгсөн ба машиныхаа мөнгийг нэхэмжилж байгаа гэдэг утгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдэг. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг машиныг өөртөө аваад Т.Цгийн нэр дээр шилжүүлсэн байсан учир одоо мөнгөө авмаар байна гэж өмнө нь гаргасан нэхэмжлэлийн тайлбар болон хэргийн үйл баримтаас зөрүүтэй тайлбарыг гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө өгсөн, цайны газар өгсөн, 11 жил хамтран амьдрах хугацаандаа тэжээн тэтгэсэн, сарын 1,000,000 төгрөгийн орлого олдог байсан гэдэг үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн талууд автомашин авч өгсөн асуудал дээр маргахгүй байгаа. Мөн хамтын амьдралтай байсан гэдэг дээр талуудын хэн аль нь маргахгүй байгаа. Иймээс энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл яаж үүсээд байгаад эргэлзээ төрж байна. Гэр бүлийн харилцаатай байхдаа гэр бүлийн хүндээ уг машиныг авч өгсөн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн ... тоот дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2020/00778 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2021/02912 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2021/09921 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 262/2-5/2214 тоот албан бичгийг нотлох баримтын шаардлага хангахгүй хэлбэрээр хавсаргажээ.

 

4. Хариуцагч Т.Ц нь 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хариу тайлбараа бичгээр шүүхэд гарган өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн 5072073127 тоот дансны хуулгыг гаргасан.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 102/ШЗ2022/09029 дүгээр захирамжаар Авто тээврийн үндэсний төвөөс хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн лавлагааг, мөн хүсэлтийг хангаж 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШЗ2022/10384 дүгээр захирамжаар Авто тээврийн үндэсний төвөөс 37-72 УБР улсын дугаартай, сувдан цагаан өнгийн, Лексус RХ450 загварын тээврийн хэрэгслийг Т.Цгийн өмчлөлд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэх үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээг, эсхүл итгэмжлэлийг, тус тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр оруулж ирсэн иргэн, хуулийн этгээдийн талаарх лавлагаа, гаалийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт болон бусад шаардлагатай баримт, мэдээллийг, Хаан банк ХХК-иас тус банкин дахь 5007457135 тоот дансны эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээллийг, мөн тус банкны 5005462158 тоот дансны эзэмшигчийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг, мөн 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дансны хуулгыг, хариуцагч Т.Цгээс дээрх маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдан авч төлбөрийг төлсөн баримт, дансны хуулгыг гаргуулсан, гэрч Г.Гантулга, Д.Сайннямбуу, С.Бямбацэцэг нарыг гэрчээр асууж шүүхийн журмаар нотлох баримт цуглуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Т.Ц-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 49,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд, Т.Цг гуанзныхаа үйл ажиллагааг нь хариуцуулан ажиллуулахыг зөвшөөрөөд гуанзаа өгсөн. 2006 оноос хойш Т.Ц миний гуанзыг ажиллуулж эхэлсэн. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би Япон улсаас орж ирсэн, номергүй, сувдан цагаан өнгийн Л загварын машиныг 50,000,000 төгрөгөөр авсан ба төлбөрийг Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ... тоот данснаас 49,500,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөгийг тус тус төлсөн. Би уг машиныг өөртөө авсан боловч би хөдөө ажилтай тул гуанзны үйл ажиллагааг явуулахдаа хоолны бараа, материалаас зөөж байг гэж бодоод машиныг Т.Цгийн нэр дээр авсан. Автомашиныг хариуцагч Т.Ц нь унаж ашиглаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Р.Батцолмон гэх хүнд зарсан байна. Өөрөөр хэлбэл одоо тухайн тээврийн хэрэгсэл хариуцагчийн өмчлөл, эзэмшилд байхгүй тул машины үнийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд, зохигчид гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ тэжээн тэтгэх үүрэгтэй, энэ үүргийн дагуу автомашин авч өгсөн. Бусдыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж хөрөнгөө буцаан шаардахад урьдчилсан 3 нөхцөл бий болсон шаарддаг боловч Иргэний хуульд заасан эдгээр нөхцлүүд бүрдээгүй байна. Нэхэмжлэгч нь өөрийгөө Т.Цтэй 2006 оноос 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хамт амьдарсан ба гэр бүлийн харилцаатай байсан, Т.Цд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр цагаан өнгийн автомашиныг 49,500,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн гэдэг. Гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Д.Г нь Т.Цд машиныг худалдаж авч өгсөн болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч нь Т.Цгийн нэр дээр тухайн машиныг авсан үйлдэл нь татвар төлөхөөс зайлсхийсэн, эсхүл барьцаанд тавих зорилгоор тухайн машиныг шилжүүлсэн нөхцөл байдлууд байгаа талаар огт дурдаагүй. Гэтэл Т.Ц нь 11 жил хамт амьдрахдаа хүүхэд гаргаж өгөөгүй, гуанзыг нь ажиллуулсан гэдэгт гомдоод байдаг эсэхийг мэдэхгүй ч ийм нөхцөл байдлаас болоод тухайн хүнээс машины үнийг буцаан авахаар шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна гэжээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Т.Ц нар нь 2006 оноос 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд гэрлэлт батлуулахгүйгээр хамт амьдарч байсан ба 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Д.Г нь Д.Сайннямбуугаас Япон улсаас орж ирсэн, номергүй, сувдан цагаан өнгийн Л загварын машиныг 50,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба төлбөрийг Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ... тоот данснаас 49,500,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбар, гэрч Д.Сайннямбуу, С.Бямбацэцэг нарын мэдүүлэг, Хаан банк ХХК дахь Д.Ггийн эзэмшлийн ... тоот дансны хуулгаар, мөн тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр хариуцагч Т.Цг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлж гэрчилгээ авсан, хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Р.Батцолмонд шилжүүлсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар лавлагаагаар тус тус тогтоогдож байна. Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Д.Ггийн шүүх хуралдаанд гаргасан ... сувдан цагаан өнгийн Л загварын машиныг 50,000,000 төгрөгөөр авсан ба төлбөрийг Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ... тоот данснаас 49,500,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөгийг тус тус төлсөн. Би уг машиныг өөртөө авсан боловч би хөдөө ажилтай тул гуанзны үйл ажиллагааг явуулахдаа хоолны бараа, материалаас зөөж байг гэж бодоод машиныг Т.Цгийн нэр дээр авсан гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... зохигчид гэр бүлийн харилцаатай байх үедээ энэ тээврийн хэрэгслийг хариуцагч Т.Цд авч өгсөн гэх тайлбараас үзэхэд зохигчид гэрлэлт бүртгүүлэлгүйгээр хамт амьдарч байсан ба нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг өөртөө авсан боловч тодорхой зорилгоор буюу цайны газрын үйл ажиллагаанд ашиглуулахаар хариуцагчийн нэр дээр тухайн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг бүртгүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчид тээврийн хэрэгсэл авч өгөх талаар аливаа үүрэг үүсээгүй байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, мөн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагчийн эзэмшил, өмчлөлд тухайн тээврийн хэрэгсэл одоо байхгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч инь тухайн тээврийн хэрэгслийн худалдаж авахад төлсөн мөнгө буюу тээврийн хэрэгслийн үнийг шаардсан нь үндэслэлтэй байна.

 

7. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Цгээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 49,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 405,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн ... зохигчид гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ тэжээн тэтгэх үүрэгтэй, энэ үүргийн дагуу автомашин авч өгсөн. Бусдыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж хөрөнгөө буцаан шаардахад урьдчилсан 3 нөхцөл бий болсон шаарддаг боловч Иргэний хуульд заасан эдгээр нөхцлүүд бүрдээгүй байна. гэх татгалзал нь баримтаар тогтоогдоогүй, үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Цгээс 49,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 405,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР