Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02066

 

 

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02066

 

 

Д.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/03192 дугаар шийдвэртэй,

Д.Г-гийн нэхэмжлэлтэй Г.Ц-д холбогдох,

Автомашины үнэ 49,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Г- нь Т.Ц-тэй 2006 онд танилцан, 11 жил хамт амьдрах хугацаандаа түүнийг тэжээн тэтгэсэн. Тухайн үед Д.Г- нь цайны газар ажиллуулж бизнес хийхээс гадна Таван толгой ХК-д ажилладаг байсан. Д.Г- нь 2006 оноос хойш цайны газрын үйл ажиллагааг Т.Ц-д хариуцуулан, өдрийн 1,000,000 төгрөгийн орлоготой ажилладаг байсан ч түүнээс мөнгө авч байгаагүй. Бид хамтран амьдрах хугацаандаа Москва хороололд 90 м.кв талбайтай 2 өрөө орон сууц худалдан авсан ч Г.Ц- өөрийн нэр дээр өмчлөх эрхийг гэрчилгээр авсан. Мөн Д.Г- нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Япон Улсаас орж ирсэн, номергүй, сувдан цагаан өнгийн Lexus RX маркийн автомашиныг 50,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг өөрийн данснаас 49,500,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөгийг тус тус төлсөн. Уг автомашиныг өөртөө авсан боловч хөдөө ажилтай тул цайны газрын үйл ажиллагаанд хэрэглүүлэхээр автомашиныг Т.Ц-гийн нэр дээр авсан.

Түүнээс хойш Д.Г- нь хөдөө ажиллаж байгаад ирэхэд Т.Ц- явсан байсан ба хайгаад олдоогүй. Тухайн автомашиныг Т.Ц- нь ашиглаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бусдад худалдсан гэдгийг сүүлд мэдсэн. Тухайн тээврийн хэрэгсэл хариуцагчийн өмчлөл, эзэмшилд байхгүй тул автомашины үнэ болох 49,500,000 төгрөгийг Т.Ц-гээс гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Г.Ц- нь Д.Г-тай 2006 оноос 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан, гэр бүлийн харилцаатай байсан. Д.Г- нь Г.Ц-д 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр цагаан өнгийн автомашиныг 49,500,000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Гэтэл Т.Ц- нь 11 жил хамт амьдрахдаа хүүхэд гаргаж өгөөгүй, цайны газрыг нь ажиллуулсан гэдэгт гомдоод байдаг эсэхийг мэдэхгүй ч ийм нөхцөл байдлаас болоод тухайн хүнээс машины үнийг буцаан авахаар шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй. Гэр бүлийн харилцаатай байхдаа гэр бүлийн хүндээ уг автомашиныг бэлэглэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Ц-гээс 49,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 405,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ач холбогдол бүхий нотлох баримтуудад дүгнэлт хийхгүй орхигдуулснаар шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Г.Ц- нь Д.Г-тай 2006 оноос эхлэн 2017 оны 12 сарыг хүртэлх хугацаанд хамт амьдарсан, гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүмүүс байсан, 2006 оноос 2018 оны 10 сарыг хүртэлх хугацаанд Г.Ц- нь Д.Г-гийн өмчлөлийн цайны газрыг эрхлэн хариуцаж ажиллуулдаг байсан хэргийн үйл баримтад талууд маргадаггүй. Талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нэхэмжлэгч Д.Г- нь Г.Ц-д тус автомашиныг худалдаж авч өгсөн, 2017 оны 6 сараас эхлэн 2018 оны 12 сарыг хүртэлх хугацаанд Г.Ц- өөрийн хувийн хэрэгцээндээ автомашиныг эзэмшиж ашиглаж байсан болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч Д.Г- нь Г.Ц-д зориулж автомашин худалдан авч өгсөн байх ба түүнээс автомашины үнийг шаардаагүй, ямар нэгэн хариу төлбөр аваагүй, автомашиныг буцаан өөртөө шилжүүлэн авах хүсэл зориг байхгүй байсан агуулгаас зохигчийн хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан Бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Талуудын хооронд бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон, дуусгавар болсон нөхцөл байдал бий болсон эсэхийг тодруулах шаардлагатай буюу бусдын өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн, тухайн шилжүүлсэн хөрөнгөө бэлэг хүлээн авагчаас буцаан шаардах эрх үүссэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байсан байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй ба Г.Ц- нь Д.Г-тай 11 жил хамт амьдрахдаа хүүхэд гаргаж өгөөгүй, хаяж явсан тул түүнд худалдаж авч өгсөн автомашинаа буцаан гаргуулахаар шаардаж байгаа гэх ба Д.Г-гийн энэхүү нөхцөл байдал нь Г.Ц-г ноцтой гомдоосон гэж үзэх үндэслэл болохгүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

Иймд нэхэмжлэгч Д.Г- болон хариуцагч Г.Ц- нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, Д.Г- нь хариу төлбөргүйгээр автомашиныг Г.Ц-д шилжүүлэн өгсөн, энэхүү бэлэглэлийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр буюу бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон, дуусгавар болсон үйл баримт тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдлын эсрэг нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Талуудыг Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид гэж үзэхгүй, хуулийн зохицуулалт хамаарахгүй. Учир нь хамтран амьдарч байсан гэх албан ёсны баталгаа байхгүй. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдийн хооронд үүсэх бие биенээ тэжээн тэтгэх, халамжлах, үүрэг үүсэхгүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

Тухайн харилцаанд бэлэглэлийн гэрээний шинжтэй зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь тухайн автомашиныг 50,000,000 төгрөгөөр худалдаж авч, 500,000 төгрөгийг бэлнээр, 49,500,000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлсэн нь хэрэгт авагдсан. Д.Г- нь хөдөө орон нутагт байнгын ажилтай байдаг тул тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн нэр дээр худалдаж авсан. Гэтэл хөдөө ажилдаа яваад ирэхэд нь тухайн тээврийн хэрэгсэл хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Тухайн хэрэгсэл нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлж худалдсан тул үнийн дүнг шаардсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Г.Ц-д холбогдуулан автомашины үнэ 49,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигч 2006 оноос 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Д.Г- нь Д.С-гаас Япон Улсаас орж ирсэн, номергүй, сувдан цагаан өнгийн Lexus RX маркийн автомашиныг 50,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг төлж, уг автомашины өмчлөгчөөр Г.Ц-г бүртгүүлж гэрчилгээ авсан үйл баримтыг талуудын тайлбар, гэрч Д.С-гийн мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

4. Нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр автомашины үнийг шаардсаныг хариуцагч эсэргүүцэхдээ бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Энэ үйл баримтыг дэмжсэн гэрч С.Б-ийн мэдүүлэг хэрэгт авагдсан /хх126-127/.

Гэрч нь зохигч хоорондоо автомашин бэлэглэсэн эсэхийг бодитоор хараагүй, шууд бус буюу бусдаас сонссон талаар мэдүүлсэн байх тул уг нотлох баримтыг үндэслэн Д.Г- нь Г.Ц-д автомашин бэлэглэсэн гэж үзэх боломжгүй.

 

5. Анхан шатны шүүх зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүссэн харилцааны онцлог, хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжсэн зэрэг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

5.1 Д.Г- нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Япон улсаас орж ирсэн, номергүй, сувдан цагаан өнгийн Lexus RX маркийн автомашиныг иргэн Д.С-гаас худалдан авч, машины үнэд 50,000,000 төгрөг төлсөн /хх3, 87-88/.

Ийнхүү худалдан авсны дараа Д.Г-гаас автомашины бүртгэл болон эзэмшлийг Г.Ц-д шилжүүлснээр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар хөдлөх хөрөнгө болох 37-72УБР улсын дугаартай Lexus RX маркийн автомашины өмчлөх эрх Г.Ц-д үүссэн байна /хх 29-32, 62-63/.

Хуульд заасан үндэслэлээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

5.2 Нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө, хариуцагчийн өмчлөл үүссэн нөхцөл зэргийг харьцуулан үзвэл зохигчийн хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон сувдан цагаан өнгийн Lexus RX маркийн автомашин нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байна. Хариуцагч нь дээрх автомашиныг бусдад худалдсан үйл баримтын талаар маргаагүй, нэхэмжлэгч нь өөрт ногдох хэсгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5.3 Талууд дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлоогүй учраас Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу өөрийн хөрөнгөөр худалдан авсан болон бодитоор эзэмшиж, ашиглаж байсан эсэхээс үл хамааран зохигч нь дээрх автомашиныг тэнцүү хэмжээгээр өмчилж байсан гэж үзнэ. Иймд хариуцагч Г.Ц-гээс автомашины үнэд нэхэмжилж буй 49,500,000 төгрөгийн 50 хувь болох 24,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгох нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.

 

6. Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/03192 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ц-гээс 24,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,750,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...57 дугаар зүйлийн 57.1... гэснийг ...56 дугаар зүйлийн 56.2..., ...405,450 төгрөгийг гаргуулж... гэснийг ...281,700 төгрөгийг гаргуулж... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ