Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2022/01078

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00672/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... гудамж, ... байрны ... тоотод оршин суух ... овогт Д.Б /РД: ..., Утас: .../-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух ... овогт М.Б /РД: ..., Утас:.../,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух ... овогт П.Т /РД: ..., Утас: .../ нарт холбогдох,

 

"Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх /цахим/, хариуцагч П.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Л.и” ХХК-тай ... дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, ... аймгийн ... сумын ... багийн ... хороололд байрлалтай 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжид ашиг авах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг өмчлөх нөхцөлөөр талууд харилцан тохиролцож, хамтран ажилласан.

“Л.и” ХХК-иас “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тус компаниас гаргасан саналыг үндэслэн ... аймаг, ... сум, ... баг, ... дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас нэг м.кв талбайг 972,820 төгрөгөөр тооцон, ... байрнаас нийт 1423.42 м.кв талбай бүхий 24 айлын орон сууц, ... байрнаас 1169.82 м.кв талбай бүхий 20 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

Хариуцагч болох П.Т М.Б нар нь ... байрны ... тоот 1 өрөө орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулах буюу орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Ийнхүү хариуцагч П.Т, М.Б нар нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь миний өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна...” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Д.Б нь ... аймгийн ... баг, ... хороолол, ... дугаар байр, ... тоот, ... дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон эрхийн гэрчилгээний дагуу өмчилсөн. Д.Б нь энэ орон сууцыг Барилгын компани болох Л.и ХХК хөрөнгө оруулж, гэрээ байгуулан хамтран ажилласан байдаг. Тухайн компани нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн учраас нэхэмжлэгч нь шүүхэд хандсан байдаг. Шүүхэд гаргаснаар дээрх орон сууцны өмчлөгч болсон. Өнөөдөр байртай холбоотой хариуцагч П.Т гэдэг хүн Д.Б-гийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг хууль бусаар эзэмшиж, М.Б гэдэг хүнийг амьдруулж байна. Хариуцагч П.Т нь улсын бүртгэлийн хэлтсийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад улмаар анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдээр Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнд өмчлөх эрх байхгүй байна. Өөрөөр хэлбэл Д.Б нь хууль ёсны өмчлөгч мөн байна гэж үзээд П.Т-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа. Тийм учраас Д.Б нь хариуцагч нарыг ... аймгийн ... баг, ... хороолол, ... дугаар байр, ... тоот, 1 өрөө орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Үүнийг дэмжиж байна...” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн хэргийн хүрээнд нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэгчийн маргаан бүхий орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдлоо.

Хариуцагч талаас тайлбар хэлэхдээ Л.и ХХК-д орон сууц захиалгын гэрээгээр эзэмших эрхтэй гэж маргаж байгаа боловч гэрээ хийгдсэн үйл баримт Л.и ХХК, П.Т нарын хооронд харилцаа үүссэн. Иргэний эрх зүйн харилцаа үүссэн харилцааг хуульд заасан журмын дагуу бүртгэж баталгаажуулаагүй, үүнээс үүдэлтэйгээр маргаан үүсээд байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгүүлснээр шинэ өмчлөгчид эрх нь үүсээд өмнөх өмчлөгчөөс үүссэн эрх нь дуусгавар болно. Захиргааны хэргийн шүүхийн үйл баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч П.Т нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байгаа нь тогтоогдсон. Энэ үндэслэлээр хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээний маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гол үндэслэл нь бүртгүүлээгүй үйл баримтаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх бусдад шилжүүлэх, энэ тухай Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа эрхийг шаардах эрхтэй гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, гэрээ хийгээд хандаагүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч П.Т нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 16 дугаартай шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гэж үзэж дахин нотлох шаардлагагүй үйл баримтаас хамаарна. 2006 оны 26 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг болон өөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхээр тогтоогдсон үйл баримтууд хамаарна гэж тайлбарласан байгаа учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч П.Т шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2021 оны 07 дугаар сарын 06-нд анх Д.Б-гийн нэхэмжлэл ирсэн. Нэхэмжлэлийг хүлээж авсан даруйдаа би хариу тайлбарыг гаргаж өгсөн байгаа. Би энэ байрыг шударгаар гэрээ хийж авсан учраас өмчлөх эрхтэй гэж үзэж ирсэн. Тиймээс Д.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр орон сууцын захиалгын гэрээг байгуулахад барилга “Л.и ХХК-ын өмчлөлд байсан. Гэрээ хийгээд мөнгөө бүрэн төлсөн. Миний өмчлөлд болох ёстой гэж үзэж байна.

2016 оны 02 сараас 2016 оны 11 сар хүртэлх хугацаанд манай байрын 1 дүгээр орцыг ... аймгийн Мэргэжлийн хяналт хүлээж авсан байдаг. Энэ хугацаанаас хойш өөрийнхөө гэрээнд заасны дагуу Л.и ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гаргаад өгөөч ээ гэж удаа дараа хүсэж байсан. Мөн ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл, гомдол гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй. ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс надад тайлбарлахдаа Л.и ХХК-ийн 144 айлын орон сууцын А байр нь О.Б гэж хүний эзэмшилд байгаа. Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байгаа тул иргэдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох боломжгүй гэсэн.

Мөн Л.и ХХК-ийн удирдлагууд нь өөрчлөгдөж, өөр хүн болсон. Энэ хүний хүсэлтээр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр миний худалдаж авсан орон сууцыг надад мэдэгдэхгүйгээр Д.Б гэж хүний нэр дээр давхардуулан шилжүүлсэн байсан. Үүний талаар би огт мэдээгүй байсан. 2021 оны 07 дугаар сард Д.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г гэгч хүмүүс байр суллаж өг гээд шаардсан түүнээс хойш миний эрх зөрчигдөж байгаа учраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Л.и ХХК надтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Гэрээнд заасан төлбөр мөнгөө 100 хувь өгч барагдуулсан байхад миний байрыг давхардуулж өгч, захиалагчийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзэж, ... үл хөдлөх эд хөрөнгийн маргаан нь эцэслэгдэх хүртэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэжээ.

 

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

“...М.Б миний бие нь Д.Б гэж хүний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. Миний бие П.Т-тэй танил бөгөөд түүний ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот байранд түр хугацаагаар амьдарч байгаа хүн учраас энэ байртай холбоотой маргааны талаар огт мэдэхгүй байна. Тиймээс энэ хэрэг маргаанд би оролцохгүй байрны эзэн П.Т өөрөө оролцож асуудлаа шийдвэрлэх нь зөв байх гэж бодож байна...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч П.Т, М.Б нарт холбогдуулан ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            2. Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаарт бүртгэж олгосон гэрчилгээгээр Дорж овогт Д.Б нь ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон байна.

            3. Хариуцагч П.Т нь “Маргаан бүхий орон сууцны худалдан авсан эзэн нь миний бие болно” гэж тайлбарладаг болно.

            4. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн байна.  

 

5. Хариуцагч М.Б нь тус орон сууцанд оршин сууж байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хариуцагч М.Б нь шүүхэд ирж нэхэмжлэлийг гардаж авахдаа шүүхэд мэдэгдсэн түүний одоогийн оршин суугаа хаягийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан тухай баримтад тэмдэглэсэн байдал зэргээр тогтоогдож байна. 

Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-гийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Б, П.Т нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

6. Нэхэмжлэгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөө оролцуулан, хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан, хариуцагч М.Бад шүүх хурлын товыг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагч П.Т “...түр оршин суугч М.Б энэ нэхэмжлэлд ямар ч хамааралгүй учраас түүнийг хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж би үзэж байна...хариуцагч М.Б шүүх хуралд оролцохгүй, байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

7. Хариуцагч П.Т нь “...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэрхэн яаж гарахыг харж байж энэ иргэний хэргийг шийдвэрлүүлэх нь зүйд нийцнэ байх гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж тайлбар гаргасан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай шийдвэрээр Д.Бгийн нэр дээр олгосон ... дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн ... сумын ... багийн ... хороолол, ... блокийн ... тоот, П.Т-өд холбогдох хэсэг байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 189 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

            ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотолсон баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч Улсын бүртгэлийн газрыг буруутгах үндэслэлгүй, дээрх хуулийн 5 дугаар зүйлд “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсч, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноо баталгаажна” гэж зааснаар тухайн орон сууцыг өмчлөх эрхээ улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч өмлөх эрхээ баталгаажуулах талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг шаардлагад холбогох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.

 

8. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан, энэхүү үүргээ хариуцагч П.Т биелүүлээгүйгээс өмчлөх эрх нэхэмжлэгч Д.Б-д үүссэн байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот, орон сууцны зориулалттай, ... дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч П.Т, М.Б нарын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Т, М.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ЖАВХЛАНТӨГС