Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2022/00088

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  07 дугаар сарын 29-ний өдрийн 1078 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  *******,

                     ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнцэцэг, /цахимаар/ хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Ласти-Интернэшнл” ХХК-тай 01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлалтай 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжид ашиг авах, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг өмчлөх нөхцөлөөр талууд харилцан тохиролцож, хамтран ажилласан.

“Ласти-Интернэшнл” ХХК-иас Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул тус компаниас гаргасан саналыг үндэслэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас нэг м.кв талбайг 972,820 төгрөгөөр тооцон, 10А байрнаас нийт 1423.42 м.кв талбай бүхий 24 айлын орон сууц, 10Б байрнаас 1169.82 м.кв талбай бүхий 20 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

Хариуцагч болох ******* ******* нар нь ******* 1 өрөө орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулах буюу орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Ийнхүү хариуцагч *******, ******* нар нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь миний өмчлөх эрхийг зөрчиж байна. Иймд хариуцагч нарыг орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч *******ийн  татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Ласти-Интернэшнл” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж Дархан-Уул аймаг, Дархан сум 11 дүгээр баг, *******, 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авч гэрчилгээ гаргахыг хүлээж байсан. Байр бүрэн ашиглалтад ороход орон сууцныхаа гэрчилгээг гаргуулахаар Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандахад хүлээж аваагүй бөгөөд “Ласти-Интернэшнл ХХК-ийн 144 айлын 10А байр нь О.Батпүрэв гэдэг хүний эзэмшилд байдаг, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх үед иргэдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгох боломжгүй гэж тайлбарласан.

Гэтэл “Ласти-Интернэшнл” ХХК-ийн захирал өөрчлөгдөж Г.Чимэддулам гэдэг хүн болсон ба 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр миний худалдаж авсан орон сууцны гэрчилгээг Ч.Болормаа гэдэг хүний нэр дээр гаргасан байна.

            2021 оны 07 дугаар сард ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр суллаж өгөхийг шаардсанаар миний бие эрхээ зөрчигдсөнийг мэдэж Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            “Ласти-Интернэшнл” ХХК 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ч.Болормаатай Барилга баригдсаны дараагаар орон сууц худалдан борлуулснаас олсон орлогоос ашиг авах, “Ласти-Интернэшнл” ХХК нь хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу ашиглаж гэрээгээр тохирсон ашгийг буцаан өгөх нөхцөлтэй гэрээ байгуулж, “Ласти-Интернэшнл” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж ******* нь Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж талууд эвлэрлийн гэрээ байгуулж гэрээгээр 3,000,000,000 төгрөгийг ******* нь авахаар болсон. Энэ захирамжийг биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед Г.Чимэддулам нь миний байрыг төлбөрт тооцож өгсөн байна.

Энэ хугацаанаас өмнө миний бие 2016 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Ласти-Интернэшнл” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан төлбөр тооцоо бүрэн хийсэн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Маргаан бүхий орон сууцны худалдан авсан эзэн нь ******* биш тул хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороолол *******од түр хугацаагаар амьдарч байгаа бөгөөд энэ байртай холбоотой маргааны талаар мэдэхгүй. Иймд байрны эзэн ******* өөрөө оролцож асуудлаа шийдвэрлүүлэх байх гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, *******, орон сууцны зориулалттай, Ү-2003021861 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* нь давж заалдах гомдолдоо:

           “Ласти-Интернэшнл” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, 41,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, иргэний хэрэг үүсгэгдсэн байгаа ба уг хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл энэ хэргийг түдгэлзүүлэх саналаа илэрхийлсэн боловч нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл болсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

         2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг  үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            Хэргээс судлан үзвэл:

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13-р хороололд байрлах 10А байрны 25  тоот 1 өрөө орон сууцыг *******, ******* нар нь чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь өөрийн өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж  уг орон сууцыг албадан чөлөөлж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4. Хариуцагч ******* нь ... “Ласти-Интернэшнл” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг орон сууцыг худалдан авч гэрчилгээ гарахыг хүлээж байсан ба тус компанитай төлбөр тооцоо бүрэн хийгдсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, 

Хариуцагч ******* нь ...*******од түр хугацаагаар амьдарч байгаа учир энэ маргааны талаар огт мэдэхгүй, эзэн ******* нь өөрөө асуудлаа шийдвэрлэх байх гэсэн агуулга бүхий тайлбаруудыг гаргаж  маргажээ.

 5. Анхан шатны шүүх, маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна, тэрээр  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй, харин  хариуцагч *******  нь  ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэрхэн яаж гарахыг харж байж энэ иргэний хэргийг шийдвэрлүүлнэ, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан байх бөгөөд түүний нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн *******т, ...-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-69-78/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээж /хх-101-104/, УДШ-н Захиргааны хэргийн хяналтын захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна./хх-105/

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хариуцагч ******* нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлсэн авч буй хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх үүргээ  биелүүлээгүйгээс дээрх маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь нэхэмжлэгч *******д үүссэн байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй,  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа байдал тогтоогдож байх тул түүний татгалзал үндэслэлгүй гэж дүгнэн, хариуцагч *******, ******* нарын  хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймгийн Дархан сумын, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байрны  25 тоот орон сууцыг  гаргуулж, *******, ******* нарыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

6. Харин нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээ хоёр хариуцагчид холбогдуулан гаргасны дагуу шүүх, нэхэмжлэлд заасан хариуцагч нарт холбогдуулан  иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

7. Хариуцагч *******  гомдолдоо ... “Ласти-Интернэшнл” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, 41,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, иргэний хэрэг үүсгэгдсэн байгаа ба уг хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл энэ хэргийг түдгэлзүүлэх саналаа илэрхийлсэн боловч нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл болсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү  гэжээ.

8. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль буюу гэрээний үндсэн дээр шилжих иргэний эрх зүйн үндсэн дүрмээс гадна маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх нь хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж буюу шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үүссэн байх бөгөөд *******д өмчлөх эрх  нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр  баталгаажсан байна. /хх- 5/

9. Мөн  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар Дархан-Уул аймаг, Дархан сум 11-р баг, 13-р хороолол 10а байр, ... 25, ... тоот орон сууцуудыг өмчлөх  эрх *******д 2019 оны 02 дугаар сарын 21-нд үүссэн байх ба үүнээс өөр өмчлөгч бүртгэгдээгүй гэж үзэхээр байна. /хх-3/

10. Хариуцагч *******ийн ... “Ласти-Интернэшнл” ХХК-д холбогдуулан  гаргасан нэхэмжлэлтэй холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангаагүй гэж шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр  буцааж өгнө гэсэн агуулга бүхий  гомдлыг хүлээн авах үндэслэл хэргийн үйл баримт болон нөхцөл байдал,  талуудын  тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт  зэргээс  тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  07 дугаар сарын 29-ний өдрийн 1078 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  хариуцагч *******ийн төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                       Л.АМАРСАНАА

                                                                                ШҮҮГЧИД                                  Я.ТУУЛ

                                                                                                                                         Х.БАЙГАЛМАА