Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2022/00463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: БХ АД ШТГ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Д-д холбогдох

Зам тээврийн ослын улмаас учирсан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зам тээврийн ослын улмаас учирсан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 60,000,000 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Б АД ШТГ эзэмшил, өмчлөлийн 40-04 БНН улсын дугаартай Рено дастер суудлын автомашин нь 2021 онд Франц улсад үйлдвэрлэгдэж, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад импортлогдон ирж, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар нь хүлээн авсан бөгөөд 62,000,000/жаран хоёр сая/ төгрөгийн үнэлгээтэй юм.

Гэтэл 40-04 БНН улсын дугаартай Рено дастер суудлын автомашин нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт осолдсон буюу 61-09 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол болж, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас ослын хэрэгт зөрчлийн 2214000142 дугаартай хэрэг нээн шалгаж, уг авто ослыг 61-09 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д-н буруутай үйлдлээс болсон гэж үзэн холбогдогч Д.Д-г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгосон.

Мөн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/Ш33/255 дугаар шийтгэврээр уг ослыг 61-09 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д-н буруутай үйлдлээс болсон байна гэж дүгнэж 2214000148 дугаартай зөрчлийн хэргийн холбогдогч Д.Д-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан0031450 дугаартай шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Уг зөрчлийн хэрэгт холбогдуулж, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 22/02 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан ба уг дүгнэлтэд:

...Аккумляторын батарей нь ажилгүй болсон тул автомашиныг асааж хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гэрэлтүүлэх хэрэгсэл, дуут дохио, дулаацуулах систем, тормосны ажиллагааг бүрэн шалгах боломжгүй байв”,

Автомашиныг зөвхөн хөдөлгүүрийн дээд тал болон хоёр хажуу талаас нь шалгах боломжтой байсан тул зарим нүдэнд ил харагдахгүй далд байгаа эд ангиуд, тухайлбал арал, кузов, явах анги, гүүшингийн систем /амартизатор, пүрш/, хөдөлгүүрийн доод хэсэгт үүссэн байж болзошгүй эвдрэл, гэмтлийг нэг бүрчлэн тогтоох нөхцөл бүрдсэнгүй. Зам тээврийн ослын улмаас үүссэн ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл нь 40-04 БНН улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулж, албан үүрэг гүйцэтгүүлэхэд “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS54598:2020 Монгол Улсын стандартын шаардлагад нийцэхээргүй болсон гэсэн дүгнэлт гарсан.

Мөн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101 тоот шинжээчийн дүгнэлтэд 49 нэр төрлийн эд анги эвдэрсэн, эвдэрсэн эд зүйлийн нийт үнэ 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 25,803,388 төгрөг болохыг тодорхойлсон.

Б АД ШТГ эзэмшил, өмчлөлийн 40-04 БНН улсын дугаартай Рено дастер суудлын автомашины сэлбэг, эд ангиуд нь Монголын зах зээлд зарагддаггүй, Монгол Улсад импортолсон МОННИС МОТОРС ХХК-иар дамжуулан үйлдвэрлэсэн орноос захиалах боломж хомс бөгөөд уг автомашинд учирсан эд ангийн эвдрэл гэмтэл эвдэрсэн эд зүйлийн нэр тоо ширхэгийг бүрэн дүүрэн гаргах боломжгүй юм.

Түүнчлэн Б АД ШТГ эзэмшил, өмчлөлийн 40-04 БНН улсын дугаартай Рено дастер суудлын автомашинд уг ослын улмаас ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл үүсэж, уг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулж, албан үүрэг гүйцэтгүүлэхэд “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” ММ54598:2020 Монгол Улсын стандартын шаардлагад нийцэхээргүй болсон бөгөөд уг авто машиныг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ямар ч боломжгүй тул уг автомашиныг дахин ашиглах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах баталгаагүй болсон.

Иймд Иргэний 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу Б АД ШТГ эзэмшил, өмчлөлийн 40-04 БНН улсын дугаартай Рено дастер суудлын автомашины зах зээлийн үндсэн үнэ болох 62,000,000 төгрөгийг Д.Д-с гаргуулж, төсөвт байгууллагыг хохиролгүй болгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Холбогдогч Д.Д-н зүгээс төсөвт байгууллагад учирсан хохирлыг төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, ямар нэгэн мөнгөн төлбөрийн хохирол огт төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 25,803,388 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулах

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Миний бие 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 61-09 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа 40-04 БНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гарсан.

Тухайн осол миний буруутай үйл ажиллагаанаас болсон болох нь тогтоогдон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100,000 төгрөгөөр торгуулсан.

Харин зам тээврийн ослын улмаас Б АД ШТГ эзэмшил, өмчлөлийн 40-04 БНН улсын дугаартай Рено дастер суудлын машинд эвдрэл гэмтэл үүссэн, миний унаж явсан машинд мөн их хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн болно.

Дээрхи зөрчлийн хэрэгт Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22/02 дугаартай “шинжээчийн дүгнэлт”-ийг үндэслэн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 101 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд дүгнэлтээр зам тээврийн ослын улмаас эвдэрсэн хохиролын хэмжээг 25,803,388 төгрөг болохыг тодорхойлсон.

Харин Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22/02 дугаартай “шинжээчийн дүгнэлтээр “ашиглах ямарч боломжгүй болсон эд ангиудыг шинээр солих, автомашиныг сэргээн засварлаж техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан нөхцөлд тухайн автомашиныг ашиглах боломжтой” гэсэн.

Иймд миний бие бодитойгоор учруулсан хохирол болох 25,803,388 төгрөг төлөхөө илэрхийлж байна.

Харин Б АД ШТГ эзэмшил, өмчлөлийн 40-04 БНН улсын дугаартай Рено дастер суудлын машины зах зээлийн үндсэн үнэ болох 62,000,000 төгрөгийг төлөх боломжгүй юм.

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Хариуцагчийн буруугаас зам тээврийн осол гарсан учир 25,803,388 төгрөгийг гаргуулах. Гэмтсэн эд ангийг солиод дахин ашиглаж болно.

6. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 106 дугаар “Шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд томилох тухай” тогтоол

- Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/04 дүгээр албан бичиг, орлогын журнал

- Тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээ

- “Энх нахиа” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101 дүгээр шинжээчийн дүгнэлт

- Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/Ш33/255 дугаар шийтгэвэр

- Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч У.Амаржаргалын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан 221140000142 дугаартай хэргийн материал

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.

8. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б а д ш т г нь хариуцагч Д.Д-д холбогдуулан “зам тээврийн ослын өмнөх байдалд нь сэргээх боломжгүй” гэх үндэслэлээр БНН улсын дугаартай “Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгслийн үнэ 62,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Д нь “зам тээврийн ослын улмаас эвдэрч, гэмтсэн эд ангиг сольж, сэргээн засварлаж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан нөхцөлд 40-04 БНН улсын дугаартай Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжтой тул бодит хохирлыг нөхөн төлнө” гэх үндэслэлэр нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.  

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтад дурьдсан тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эд хөрөнгөд халдсан гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/, учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоогоор тодорхойлогдоно.

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад У.А/цаашид эрх бүхий албан тушаалтан гэх/-ын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор “2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Жаргалант сумын 4 дүгээр багийн Цагаан-Эрэг нэртэй газарт 40-04 БНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 61-09 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлдсөн” үйл баримтад 221140000142 дугаартай зөрчлийн хэрэг нээжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнгээр Toyota Prius-20 маркийн 61-09 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д нь Монгол Улсын “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 11.1, 11.5 дахь заалтыг тус тус зөрчсөн буруутай үйлдлийн улмаас дээрх зам тээврийн осол гарч,  Б АД ШТГ эзэмшлийн 40-04 БНН улсын дугаартай Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учирсан болох нь тогтоогджээ.

Улмаар эрх бүхий албан тушаалтны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0031450 дугаар шийтгэлийн хуудсаар 221140000142 дугаартай зөрчлийн хэргийн холбогдогч Д.Д-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан “жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан” үндэслэлээр нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

Уг шийтгэлийг хуудсыг холбогдогч Д.Д хүлээн зөвшөөрч, нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын хүү, торгуулийн орлогын дансанд мөн өдрөө бэлэн бусаар шилжүүлжээ.

Харин хохирогч Б АД ШТГ хууль ёсны төлөөлөгч Ц.У нь 221140000142 дугаартай зөрчлийн хэргийг хянуулахаар харьяаллын дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/Ш33/255 дугаар шийтгэврээр холбогдогч Д.Д-д шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар нь учирсан хохирлоо гэм хор учруулсан этгээдээс нэхэмжлэх эрхтэй дурдаж шийдвэрлэсэнд зөрчлийн хэргийн оролцогчоос гомдол гаргаагүй байна.  

Хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүгчийн шийтгэврийн тодорхойлох хэсэгт “Тухайн зам тээврийн осол нь 61-09 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д-н буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогдсон” гэж дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр нэгэнт тогтоогдсон хариуцагч Д.Д-н Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б АД ШТГ эзэмшлийн 40-04 БНН улсын дугаартай Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримтыг дахин нотлохгүй.

Иймд хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч Б АД ШТГ эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Уг гэм хорын хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

3. Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б АД ШТГ эзэмшлийн 40-04 БНН улсын дугаартай Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг тогтоолгохоор эрх бүхий албан тушаалтны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх” тогтоолоор шинжээчээр Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер Д.Баттулгыг томилж, дүгнэлт гаргуулжээ.

Шинжээч Д.Баттулгын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 22/02 дугаар дүгнэлтэд “зам тээврийн ослын улмаас  40-04 БНН улсын дугаартай Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгсэлд их хэмжээний эвдрэл, гэмтэл учирсан болохыг тогтоож, уг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулж, албан үүрэг гүйцэтгүүлэхэд “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS54598:2020 Монгол Улсын стандартын шаардлагад нийцэхээргүй болсон” гэжээ.

Уг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 40-04 БНН улсын дугаартай Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгслийн эвдэрч, гэмтсэн эд ангийн үнэлгээг тогтоолгохоор эрх бүхий албан тушаалтны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор шинжээчээр “Энх нахиа” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Л.Наранцэцэгийг томилжээ.

Шинжээч Л.Н-н 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101 дүгээр дүгнэлтээр 40-04 БНН улсын дугаартай Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг 28,803,338 төгрөг/шууд зардал 22,545,261 төгрөг, шууд бус зардал 3,258,127 төгрөг/ болохыг тогтоожээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ.

Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, мөнгөөр учирсан хохирлыг нөхөн төлөх зэрэг аргаар арилгана. Эд хөрөнгөд учирсан хохирлын мөнгөн дүн нь гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн мөнгөн дүнгээр тодорхойлогдоно.

Энэхүү үндэслэлээр хариуцагч Д.Д-с гэм хорын хохирол 25,803,388 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт олгох эрх зүйн үндэслэлтэй.

Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бодит хохирол болох 25,803,388 төгрөгийг хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байгааг дурдах нь зүйтэй.

4. Зам тээврийн ослын улмаас эвдэрч, гэмтсэн тээврийн хэрэгслийн эд ангийг солих, сэргээн засварласан тохиолдолд зориулалтаар ашиглах боломжтой эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ.

Уг маргаантай асуудлыг мухарлан тогтооход техникийн тусгай мэдлэг шаардагдах тул асуудалд шүүхээс шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай болно.   

Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер Д.Баттулгын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 22/02 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Харин ашиглах ямар ч боломжгүй болсон эд ангиудыг шинээ солих, автомашиныг сэргээн засварлаж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тохиолдолд тухайн автомашиныг ашиглах боломжтой бөгөөд цаашид өөрийн албан хэрэгцээндээ хэрэглэх эсэх нь Б АД ШТГ өөрөө шийдэх асуудал” гэжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б АД ШТГ “уг тээврийн хэрэгслийг зам тээврийн ослын өмнөх байдалд нь сэргээх боломжгүй” гэх нэхэмжлэлийн үндэслэл няцаагдаж байна.

Шинжээч Д.Б нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 40-04 БНН улсын дугаартай Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг зам тээврийн ослын дараах байдлаар тогтоож, дүгнэлт гаргаснаас бус уг автомашиныг зам тээврийн ослос өмнөх байдал нь сэргээх боломжгүй гэх байдлыг тогтоогоогүй.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал “эргэлзээтэй, салаа утгатай” гэж тайлбарлах боловч уг дүгнэлт нь “эргэлзээтэй” гэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй.

Эргэлзээтэй гэх байдал нь нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийн оролцогчийг байлцуулсан 40-04 БНН улсын дугаартай Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдоогүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар нь “Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги нь Монгол Улсын зах зээлд зарагддагүй, импортлогчоор нь дамжуулан үйлдвэрлэсэн орноос нь захиалах боломж” гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны баримтаар нотлоогүй болно.

Иймд  нэхэмжлэлээс үлдэх 36,196,612 төгрөгийг хариуцагч Д.Д-с гаргуулах тухай нэхэмжлэгч Б АД ШТГ шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв

6. Б АД ШТГ эзэмшлийн 40-04 БНН улсын дугаартай Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгсэл нь 2021 оны 05 дугаар сард Франц Улсад үйлдвэрлэгдэж, 2021 оны 07 дугаар сард Монгол Улсад импортлогдон ирсэн нь техникийн шинжээчийн дүгнэлтэд тусгагджээ.

Уг тээврийн хэрэгслийн эвдэрч, гэмтсэн эдийн ангийн үнэ өссөн, тогтоосон үнэлгээнээс харьцангуй өндөр засварын хөлс гарсан зэрэг баримтаар нотлогдох шалтгааны улмаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бодит хохирол болох 25,803,388 төгрөгөөс илүү хэмжээний зардал гарах тохиолдолд нэхэмжлэгч нь уг зөрүүг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд уг хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй.  

7. Энэхүү шийдвэрээр “Гэмтсэн эд ангийг солиод дахин ашиглаж болно. Хариуцагчийн буруугаас зам тээврийн осол гарсан учир 25,803,388 төгрөгийг гаргуулах нь зүйтэй” гэсэн агуулга бүхий иргэдийн төлөөлөгч Д.А-н дүгнэлтийг эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болохыг дурдав.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт “төсвийн байгууллагын нэхэмжлэл” нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч  Б АД ШТГ нь хариуцагч Д.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 25,803,388 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 286,966 төгрөгийг хариуцагч Д.Д-с гаргуулан улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай хариуцагч Д.Д-с гэм хорын хохирол 25,803,388/хорин таван сая найман зуун гурван мянга гурван зуун наян найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б АД ШТГ-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 36,196,612/гучин зургаан сая нэг зуун ерөн зургаан мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б АД ШТГ нь хариуцагч Д.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Д-с 286,966/хоёр зуун наян зургаан мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАТ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ҮЙТҮМЭН

 

ШҮҮГЧ                                                Н.ОЮУНБИЛЭГ