Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 215/МА2023/00001

 

 

Б аймаг дахь ШТГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Б.А, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 133/ШШ2022/00463 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын Номгон баг, Гурван бүсийн өргөн чөлөө, 1-204 хаягтай, Б аймаг дахь ШТГ газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б аймгийн Ж сумын Хөндлөн булаг багт оршин суух, РД: ВМ..................., Г овгийн Д.Д-д холбогдох

Зам тээврийн ослын улмаас учирсан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 62,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.У /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зам тээврийн ослын улмаас учирсан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 62,000,000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Б аймаг дахь ШТГ-ын ... - ... БНН улсын дугаартай Рено дастер суудлын автомашин нь 2021 онд Франц улсад үйлдвэрлэгдэж, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад импортлогдон ирж, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Б аймаг дахь ШТГ газар нь хүлээн авсан бөгөөд 62,000,000 /жаран хоёр сая/ төгрөгийн үнэлгээтэй.

Уг суудлын автомашин нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт, ... - ... БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн.

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээн шалгаж,  осол ... - .... БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д-ийн буруутай үйлдлээс болсон гэж үзэж, Д.Д-г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгосон.

Зөрчлийн хэрэгт Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Б аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн №22/02 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан ба уг дүгнэлтэд:

...Аккумляторын батарей нь ажилгүй болсон тул автомашиныг асааж хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гэрэлтүүлэх хэрэгсэл, дуут дохио, дулаацуулах систем, тормосны ажиллагааг бүрэн шалгах боломжгүй байв.

 

Автомашиныг зөвхөн хөдөлгүүрийн дээд тал болон хоёр хажуу талаас нь шалгах боломжтой байсан тул зарим нүдэнд ил харагдахгүй далд байгаа эд ангиуд, тухайлбал арал, кузов, явах анги, гүүшингийн систем /амартизатор, пүрш/, хөдөлгүүрийн доод хэсэгт үүссэн байж болзошгүй эвдрэл, гэмтлийг нэг бүрчлэн тогтоох нөхцөл бүрдсэнгүй. Зам тээврийн ослын улмаас үүссэн ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл нь ... - ... БНН улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулж, албан үүрэг гүйцэтгүүлэхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага МNS54598:2020 Монгол Улсын стандартын шаардлагад нийцэхээргүй болсон гэсэн дүгнэлт гарсан.

Мөн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №101 тоот шинжээчийн дүгнэлтэд 49 нэр төрлийн эд анги эвдэрсэн, эвдэрсэн эд зүйлийн нийт үнэ 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 25,803,388 төгрөг болохыг тодорхойлсон.

 

Б аймаг дахь ШТГ-ын эзэмшил, өмчлөлийн ... - ... БНН улсын дугаартай Рено дастер суудлын автомашины сэлбэг, эд ангиуд нь Монголын зах зээлд зарагддаггүй, Монгол Улсад импортолсон МОННИС МОТОРС ХХК-иар дамжуулан үйлдвэрлэсэн орноос захиалах боломж хомс бөгөөд уг автомашинд учирсан эд ангийн эвдрэл гэмтэл эвдэрсэн эд зүйлийн нэр тоо ширхэгийг бүрэн дүүрэн гаргах боломжгүй юм.

Түүнчлэн Б аймаг дахь ШТГ-ын эзэмшил, өмчлөлийн ... - ... БНН улсын дугаартай Рено дастер суудлын автомашинд уг ослын улмаас ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл үүсэж, уг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулж, албан үүрэг гүйцэтгүүлэхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага ММ54598:2020 Монгол Улсын стандартын шаардлагад нийцэхээргүй болсон бөгөөд уг авто машиныг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ямар ч боломжгүй тул уг автомашиныг дахин ашиглах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах баталгаагүй болсон.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу Б аймаг дахь ШТГ-ын эзэмшил, өмчлөлийн ... - ... БНН улсын дугаартай Рено дастер суудлын автомашины зах зээлийн үндсэн үнэ болох 62,000,000 төгрөгийг Д.Д-ээс гаргуулж, төсөвт байгууллагыг хохиролгүй болгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Холбогдогч Д.Д хохирол огт төлөөгүй.

 

 Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 25,803,388 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулах

 

2. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Миний бие 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б аймгийн Ж сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... - ... БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа ... - ... БНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гарсан. Осол миний буруутай үйл ажиллагаанаас болсон болох нь тогтоогдон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100,000 төгрөгөөр торгуулсан.

Харин зам тээврийн ослын улмаас Б аймаг дахь ШТГ-ын машинд болон миний унаж явсан машинд их хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн болно.

        Зөрчлийн хэрэгт Б аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Э ХХК-ийн шинжээчийн 101 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд дүгнэлтээр зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч байгууллагын машины эвдэрсэн хохирлын хэмжээг 25,803,388 төгрөг болохыг тодорхойлсон.

Харин Б аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22/02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ашиглах ямар ч боломжгүй болсон эд ангиудыг шинээр солих, автомашиныг сэргээн засварлаж техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан нөхцөлд тухайн автомашиныг ашиглах боломжтой гэсэн. Бодитойгоор учруулсан хохирол болох 25,803,388 төгрөг төлөхөө илэрхийлж байна.

Б аймаг дахь ШТГ-ын эзэмшил, өмчлөлийн ... - ... БНН улсын дугаартай Рено дастер суудлын машины зах зээлийн үндсэн үнэ болох 62,000,000 төгрөгийг төлөх боломжгүй юм гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г овгийн Д.Д-ээс гэм хорын хохирол 25,803,388 /хорин таван сая найман зуун гурван мянга гурван зуун наян найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б аймаг дахь ШТГ-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 36,196,612 /гучин зургаан сая нэг зуун ерөн зургаан мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б аймаг дахь ШТГ нь хариуцагч Д.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Д-ээс 286,966 /хоёр зуун наян зургаан мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Рено дастер суудлын автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулж, албан үүрэг гүйцэтгүүлэхэд стандарт шаардлага хангахааргүй болсон бөгөөд уг авто машиныг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ямар ч боломжгүй, уг автомашиныг дахин ашиглах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах баталгаагүй болсон тул анх хүлээж авсан үнэлгээ болох 62.000.000 /жаран хоёр сая/ төгрөгөөс элэгдэл хорогдлыг нь хасан тооцож буруутай этгээдээс 60.000.000 /жаран сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх 25.803.388 /хорин таван сая найман зуун гурван мянган гурван зуун наян найм/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Ингэхдээ Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан зэргээс үзвэл Б аймаг дахь ШТГ нь өөрийн эзэмшил, өмчлөлийн ... - ... БНН улсын дугаартай Рено дастер суудлын авто машинд учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэхдээ “гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх”, “үнэлэмж, үнэлгээ”-г автомашины эвдэрсэн эд ангийн үнэлгээнд хязгаарлагдахгүйгээр хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэврийнхээ үндэслэх хэсэгт тодорхойлж өгсөн.

Өөрөөр хэлбэл зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэвэрт зам тээврийн осол Д.Д-ийн буруутай үйлдлийн улмаас болсон нь тогтоогдсон гэж үзэж цагдаагийн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, харин тухайн ослын улмаас Рено дастер суудлын авто машинд учирсан эвдрэл гэмтлийг тодорхойлсон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Б аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн №22/02 дугаартай шинжээчийн дүгнэлт, эвдэрсэн эд ангиудын үнэлгээг хийсэн “Э” ХХК-ны 2022 оны 03 сарын 21-ний өдрийн №101 тоот шинжээчийн дүгнэлтүүдэд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй бөгөөд автомашины эвдэрсэн эд ангийн үнэлгээнд хязгаарлагдахгүйгээр хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар дурдаж шийдвэрлэжээ.

Мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн №22/02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Зам тээврийн ослын улмаас үүссэн ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл нь 40-04 БНХ улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулж, албан үүрэг гүйцэтгүүлэхэд “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2020 Монгол Улсын стандартын шаардлагад нийцэхээргүй болсон байна. Харин ашиглах ямар ч боломжгүй болсон эд ангиудыг шинээр солих, автомашиныг сэргээн засварлаж техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан нөхцөлд тухайн авто машиныг ашиглах боломжтой бөгөөд цаашид өөрийн албан хэрэгцээндээ хэрэглэх эсэх нь Б аймаг дахь ШТГ өөрөө шийдэх асуудал юм гэсэн дүгнэлт гарсан.

Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “Зам тээврийн ослын улмаас үүссэн ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл нь ... - ... БНХ улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулж, албан үүрэг гүйцэтгүүлэхэд “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS4598:2020 Монгол Улсын стандартын шаардлагад нийцэхээргүй болсон байна.” гэсэн шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шинжээчийн дүгнэлтийн “Харин ашиглах ямар ч боломжгүй болсон эд ангиудыг шинээр солих, автомашиныг сэргээн засварлаж техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан нөхцөлд тухайн авто машиныг ашиглах боломжтой бөгөөд цаашид өөрийн албан хэрэгцээндээ хэрэглэх эсэх нь Б аймаг дахь ШТГ өөрөө шийдэх асуудал” гэсэн дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэлийн үндэслэл няцаагдаж байна гэж ганцхан өгүүлбэрээр дүгнэсэн нь хэт нэг талыг барьжээ.

Уг шинжээчийн дүгнэлтэд уг авто машин сэргээн засварлагдах боломжтой, техникийн бүрэн бүтэн байдал бүрэн хангагдах боломжтой гэж дүгнээгүй бөгөөд харин дээрх нөхцлийг хангасан тохиолдолд тухайн автомашиныг ашиглах боломжтой талаар дурдсан.

Энэ нь уг автомашин өмнө байсан байдалд сэргээгдэх боломжтой, боломжгүй гэсэн үг өгүүлбэр биш бөгөөд уг автомашиныг засварлагдах боломжтой, засвар бүрэн авна гэсэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй, шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй байна.

Үүнээс үзвэл шинжээчийн дүгнэлтээр нэгэнт уг автомашин нь “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS4598:2020 Монгол Улсын стандартын шаардлагад нийцэхээргүй болсон” талаар дүгнэсэн, харин засварлагдах боломжтой боломжгүй эсэх талаараа дүгнэлт өгөөгүй атлаа “цаашид өөрийн албан хэрэгцээндээ хэрэглэх эсэх нь Б аймаг дахь ШТГ өөрөө шийдэх асуудал” гэсэн дүгнэлтийг өгсөн нь уг шинжээчийн дүгнэлт бүрэн дүүрэн биш хийгдсэн, эргэлзээтэй, салаа утгатай байхад анхан шатны шүүх уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн.

Шинжээчийн дүгнэлт бүрэн дүүрэн биш хийгдсэн, эргэлзээтэй, салаа утгатай гэж үзэж дахин шинжилгээ хийлгэх болон шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй талаарх хүсэлт тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан боловч хүлээж аваагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж үзэж байна.

 

Мөн уг авто машины эвдрэл, хохирлын үнэлгээг “Моннис моторс” ХХК-ны үнийн саналыг үндэслэж “Э” ХХК-ны 2022 оны 03 сарын 21-ний өдрийн №101 тоот шинжээчийн дүгнэлтэд 49 нэр төрлийн эд анги эвдэрсэн, эвдэрсэн эд зүйлийн нийт үнэ 25.803.388 /хорин таван сая, найман зуун гурван мянга, гурван зуун наян найм/ төгрөг, шууд бус зардал 3.258.127 /гурван сая, хоёр зуун тавин найман мянга, нэг зуун хорин долоо/ төгрөг гэж тодорхойлсон үнэ нь 2022 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар гаргасан.

“М” ХХК-ны үнийн саналын хуудас нь хэрэгт хавсаргагдсан бөгөөд тухайн авто машины сэлбэг нь импортлогчоор дамжуулан захиалдаг тухай үнийн саналд дурдсан боловч энэ талаар шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, уг саналын хуудсыг нотлох баримтад тооцсон, эсхүл тооцоогүй зэрэг аль нь болох нь тодорхойгүйгээр нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй болно гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

 

Түүнчлэн 2022 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар хийгдсэн эд зүйлийн үнэлгээнд тусгагдсан үнийн дүн нь 2022 оны 09 сарын 22-ны өдрийн байдлаар төгрөгийн болон валютын ханшийн өсөлт бууралтын улмаас эвдэрсэн эд зүйлүүдийн үнэд нөлөөлөх эсэхэд дүгнэлт өгөөгүй, шинжээчийн дүгнэлтэд дурдсан шууд бус зардал болох 3.258.127 /гурван сая, хоёр зуун тавин найман мянга, нэг зуун хорин долоо/ төгрөгийг хэрхсэн эсэх тодорхойгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б аймаг дахь ШТГ-ын ... - ... БНН улсын дугаартай Рено дастер суудлын автомашин нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт ... - ... БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 255 дугаар шийтгэврээр авто осолд ... - ... БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д буруутай гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгож, буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурджээ. Зөрчлийн хэрэгт арга хэмжээ тооцсон шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 Б аймаг дахь ШТГ-ын ... - ... БНН улсын дугаартай Рено дастер суудлын автомашин нь 2021 онд Франц улсад үйлдвэрлэгдэж, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад импортлогдон ирж, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Б аймаг дахь ШТГ нь хүлээн авсан бөгөөд 62,000,000 /жаран хоёр сая/ төгрөгийн үнэлгээтэй машин байна.

Зөрчлийн хэрэгт Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Б аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн №22/02 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан ба уг дүгнэлтэд:

“Э” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №101 тоот шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн машины 49 нэр төрлийн эд анги эвдэрсэн, эвдэрсэн эд зүйлийн нийт үнэ 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 25,803,388 төгрөг болохыг тодорхойлжээ.

6. Б аймаг дахь ШТГ-ын нэхэмжлэлийн шаардлага: Зам тээврийн ослын улмаас машинд учирсан хохирол 62,000,000 төгрөг гаргуулах.

        7. Хариуцагчийн татгалзал: Машинд нь эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 25,803,388 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсэг 36196612 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах

         8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар уг нэхэмжлэлийг Д.Д хариуцан арилгах ёстой талаар маргаангүй байна. Талууд гэм хорыг арилгах хэмжээн дээр маргажээ.

         Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасныг дурдаж, нэхэмжлэгч 62,000,000 төгрөг нэхэмжилжээ.

        Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д ... тээврийн хэрэгслийг ашиглах явцад... эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

         Иргэний хуулийн дээрх 2 зохицуулалтад бусдын эд хөрөнгөнд гэм хор  учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг хариуцах тухай зохицуулалт харьцангуй маргаан үүсгэж байна.

         Зөрчлийн улмаас үүрэг үүсгэсэн Д.Д нэхэмжлэгч байгууллагын өмнө  ямар хэмжээгээр өөрийн учруулсан гэм хороо арилгах ёстой вэ гэдэгт зохигч маргажээ. Өөрөөр хэлбэл маргааны шийдэл нь гэм хорыг арилгах хэмжээг тодорхойлохоос хамаарч байна.

        Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульд заажээ.

        Нэхэмжлэгчийн автомашины эвдэрээгүй эд ангийн үнийг хариуцагч төлөх үүрэггүй байна. Зөрчлийн улмаас үүрэг үүсгэсэн Д.Д нь нэхэмжлэгчийн машинд учруулсан бодит хохирлыг хариуцах ба гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх үүргээс чөлөөлөгдөхгүй байна.

       Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй, давж заалдах гомдолд дурдагдсан шууд бус зардал 3.258.127 төгрөгийг шийдвэрлүүлэх бол нэхэмжлэгч хуульд заасан журмаар анхан шатны шүүхэд хандах нь зүйтэй байна.

 

        Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.

 

      9. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэхэмжлэгч Говь-Алтай” гэсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөн дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 133/ШШ2022/00463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

                         ШҮҮГЧИД                            Б.А

                                                                      Ш.Б