Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 140/ШШ2022/00444

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын багийн иргэн Ж.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын багийн иргэн Б.*******д холбогдох гэрээний үлдэгдэл төлбөрт 141.000.000 төгрөг, алдангид 70.500.000 төгрөг, нийт 211.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.******* нарыг шүүх хуралдааны танхимаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.*******ыг Улаанбаатар хотоос онлайнаар, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Манайх Завхан аймгийн сумын *******ыг 2002 онд худалдаж аваад өдий хүртэл амьдарч байна. 2014 онд манай хажуу талд ******* гэдэг залуугийнх худалдаж аваад нүүж ирсэн. Тухайн байрыг нийтийн байр гэж явдаг. Манай байр нийтийн байр гэж явдаг. Манайх нийтийн байрны 5 айлын 5 тоот буюу хамгийн мухрын айл. 2019 оны 3 сард ******* нэг цаас барьж орж ирээд энэ байрыг нурааж шинэ байр барина, бүх айлууд нь гарын үсэг зурчихлаа гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртай юм бэ, би энэ талаар мэдээгүй юм байна гээд цаасыг нь харсан чинь нэг л хүний гарын үсэгтэй цаас байсан. 2017 онд манай гэр бүлийн хүн өвчний улмаас нас барсан. Том хүүхэд маань гадаадад сургуульд сууж байсан. Тэгээд би *******д би энэ талаар мэдэхгүй байна, манайх хүлээн зөвшөөрөхгүй, нийтийн байрыг төр захиргааны байгууллага мэддэг байх, мөн бүх байр нь айлтай, манай байр гэхэд л банкны барьцаанд байгаа гэж хэлсэн. Одоо энэ талаар чамд хариу өгөх боломжгүй юм байна. Хүүхэдтэйгээ энэ талаар ярилцъя гэж хэлсэн. ******* тэр үед надад хэлэхээ энэ байрыг нурааж шинэчилж барих гэж байгаа гэж хэлсэн. Ингэж ******* бид хоёрыг уулзсанаас хойш 3 сарын дараахан намайг ажилдаа яваад ирсэн чинь ******* өөрийнхөө байрнаас эхлээд нураасан байсан. Тэгээд би буулгаж байгаа юм уу гэж асуусан чинь тийм ээ, бид нар тохирсон өөр өөрсдийнхөө суурин дээр барина гэж хэлсэн. Буулгаж байгаа юмыг би яах вэ дээ. Тэгээд буулгаад газрыг нь цэвэрлэчихсэн байсан. Тэгээд нэг өдөр ******* надад эгч миний энэ байр чинь жижигхэн байр юм байна ш дээ урт нь 10 метр, өргөн нь 7 метр юм байна, энэ айлуудыг би худалдаад авчихсан гэж хэлсэн. ******* тэр айлуудтайгаа гэрээ хийгээд яваад байсан. Тэгээд манай усыг тастаад, сангийн турбаг хөрөөдөөд нэг талын ханыг тэр чигт нь буулгаад усгүй, халаалтгүй болгосон. Тэгээд би энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ, ингэж болж байгаа юм уу гэж асуухад ******* танай гэрийн ус, сангийн турбаг яг хуучин хэвээр нь залгаж янзалж өгнө, эгч минь та дуугай байж байгаарай, итгээрэй гэж хэлсэн. ******* би нэг ч метр илүү гаргахгүй өөрийнхөө суурин дээр гэр орноо барих гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай хашааны үүдэнд 9 ширхэг цагаан тэмдэг тавьж нүх ухаж эхэлсэн. Тэгээд би *******эс юу болж байгаа юм бэ, суурин дээрээ барина гэсэн биз дээ, суурь чинь тэр байна шүү дээ гэж хэлсэн чинь үгүй энэ газар чинь манай газар гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар төр захиргааны байгууллагууд болох мэргэжлийн хяналтын алба, газрын алба, сумын захиргаанд мэдэгдсэн. Тэгэхэд ******* суурин дээрээ барилга барина гэдгээ мэдэгдээгүй байсан юм байна лээ. Тэгээд Мэргэжлийн хяналтын алба хяналт шалгалтаа явуулаад тухайн барилгын ажлыг зогсоож, Ж.******* гэдэг айлын халаалт усыг хийж өг гэж хэлсэн. Тэгээд барилгын зураг төсөв чинь хаана байна, ямар орон сууц яахаараа барьдаг юм, энэ газар дээр орон сууц барих ямар ч үндэслэлгүй газар нь мэдэгдсэн. Тэгээд манай халаалт, усыг залгаж өгсөн. Хажуу талын нураасан ханыг янзалж өгөөгүй. Тэгээд ******* эгч минь хамаг ажил зогсоочихлоо гээд уйлж дуулаад ороод ирдэг. Нэг хүн уйлж дуулаад яваад байх хэцүү юм байна лээ. Тэгээд би чи суурин дээрээ л барина гэсэн суурин дээрээ л барилдаа, манай гэрийн хажуу талыг янзлаад өгчих гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 9 сард ******* за Загаа эгчээ хоёулаа гэрээ хийнэ, би энэ газар дээр орон сууц барих гэж байгаа, таны хэлсэн хүсэлтийг хүлээн авна, энэ гэрээг хийнэ гээд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ хийгээд албан ёсны болгож авсан. Тэгээд би гэрээ хийсэн болохоор гэрээний нөхцөлийн дагуу л ажлаа хийх юм байх гэж бодож байсан. Үүний дараа ******* орон сууцаа барьсан. Гэвч гэрээний нөхцөлийг биелүүлээгүй. 2021 оны 12 сард бүх айлууд нь байрандаа орсон. Тэгээд надад гэрээний дагуу нэг ч мөнгө төгрөг өгөөгүй. Орон гэрийг маань амьдрах ямар ч нөхцөлгүй болгосон. Манай гэр шуураад, даараад л байж байна. Халаалт залгаж өгсөн боловч тэр н задраад байж байдаг. Энэ талаарх баримтууд байгаа. ******* гэрээний нөхцөлийг биелүүлээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.*******, ******* нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тохиролцооны гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 24 дугаар зүйлд заасны дагуу худалдах худалдан авах гэрээ. Худалдах худалдан авах гэрээгээр нэг талаас эрхийн болон эд хөрөнгийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх, нөгөө талаас тухайн эд хөрөнгийн үнийг төлдөг. Талууд тухайн гэрээгээр Ж.*******гийн өмчлөлийн *******, 114 Г, тоот хаягтай Ү дугаартай 2 үл хөдлөх хөрөнгүүд, тус үл хөдлөх хөрөнгүүд нь нэг нь 56 мкв, нөгөөх нь 58 мкв-тай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд. Тус орон сууцны доорх газар нэг нь 111 мкв талбайтай, нөгөө нь 70 мкв талбайтай нийт 142.000.000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч байгаа ******* 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 112.000.000 төгрөгийг шинээр баригдаж байгаа орон сууцныхаа 4 давхрын 120 мкв сууцыг, мөн 48 мкв-тай орон сууцыг тус тус худалдан авагчийн өмчид шилжүүлэхээр тохиролцсон. Төлбөр тооцоогоо төлж барагдуулсны дараа өөрийн өмчлөлд шилжүүлж авна гэсэн заалттай. Гэрээнд заасан хугацаанд үнийн дүнг барагдуулаагүй бол төлөөлгүй үлдсэн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож худалдагчид төлнө, барилгыг 2020 оны 4 дүгээ улиралд ашиглалтад оруулна, товлосон хугацаанд ашиглалтад оруулаагүй бол нийт үнийн дүн нэхэмжилнэ гэж заасан байдаг. Мөн барилгын ажил эхлээд хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллана гэсэн заалттай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахад нэхэмжлэгчийн нэг үл хөдлөх хөрөнгө нь ХААН банкны зээлийн барьцаанд байсан. Түүнийг ******* худалдан авагч мэдэж байсан. Гэрээ байгуулагдсаны дараа Ж.******* гэрээтэй холбоотой орчны газрыг иргэнд эзэмшүүлсэнтэй холбогдуулаад Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл нь 2 жил гаруй хугацаатай явсан байдаг. Энэ мэт Ж.*******, ******* нарын хооронд захиргааны маргаан үүссэний дараа барилгын ажил дууссаны дараа тухайн объектуудыг гэрээнд заасны дагуу шилжүүлж өгөөгүй байдаг. Барилгын ажлын явцад Мөнх-Эрдэнийн зүгээс Ж.*******гийн аюулгүй байдлыг хангана гэсэн гэрээний нөхцөлийг биелүүлээгүй, орчин нөхцөлийг дордуулсан талаар нэхэмжлэгч тайлбартаа дурдсан. Барилгын ажлын явцад байшин дээрээс нь тоосго унасан талаарх зургийг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан эрх үүргийг биелүүлээч гэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой хүлээсэн үүргийг биелүүлэх гэрээний нөхцөлийг биелүүлэх гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргаж байгаа. Хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.4-т заасны дагуу тухайн гэрээгээ хэрэгжүүлэхдээ тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлэх ёстой, энэ үүргээ биелүүлээгүйгээс зөрчлийг таслан зогсоож гэрээний үүргийг биелүүлэхийг даалгуулах. Төлбөр төлсний дараа тухайн үл хөдлөх хөрөнгийн болон газрын гэрчилгээг худалдан авагчийн мэдэлд шилжүүлэх гэсэн заалттай. Тийм учраас гэрээний үүргийг таслан зогсоож Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасны дагуу гүйцэтгэх үүргийг нь даалгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие Б.******* сумын багт оршин суудаг. Иргэн Ж.*******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүнээс ямар нэгэн эд зүйл худалдан авч байгаагүй. Тийм учраас төлөх өр төлбөр байхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Манайх 2015 онд Улаанбаатар хотоос шилжиж ирсэн. Энэ байрыг 2015 оны 10 сард худалдаж авсан. Манайхыг худалдаж авахад аймгийн төв хэсэгт байдаг байж нүхэн жорлонтой,тэр нь дүүрээд урсчихсан тэрүүн дээрээ гишгээд гэртээ ордог байталтай байсан. Олон жил болсон тэр байрны айлуудын амбаар дундуур нэг метр ч хүрэхгүй нарийхан завсраар сүлжиж ордог маш хүйтэн байр байсан. Нөхөр бид хоёр ажлаа тарж ирээд орой шинэ жорлон ухах, шинэ хайс барих амбааруудыг нь хуучин эзэдүүдэд нь хүлээлгэж өгөх, шинээр хайрга асгах, тэр хавийн хогийг цэвэрлэх, шарилжийг зулгаах ажлыг өөрсдийн амралтын өдрүүдээр хийдэг байсан. Тэрний дараа жил шинэ ухсан жорлон нь ахиад дүүрчхээд байхаар нь айлууддаа цооног ухаж өгч бохирыг нь холбож өгсөн. Тэгсэн мөртлөө өвлийн улиралд маш хүйтэн байсан учраас халаалтын 50-тай турбаг 80-тай турбагаар сольсон. Паар нь маш сайн халж байгаа ч гэсэн гаднаасаа маш их сийгдэг байсан учраас маш хүйтэн байдаг байсан. хүүхдүүд маань комбинзоотойгоо бид нар гэртээ өвлийнхөө хувцастай өвөлждөг байсан. Тэр 5 айлын орон сууцад Ж.******* ганцаараа хориотой помпыг ажиллуулдаг байсан. Тэр помпыг ажиллуулахаар бусад 4 айл бүр хүйтэн болчихдог байсан. Тэгээд 5 айлаараа нийлээд орон сууц баривал ямар вэ гэдэг талаар айлуудаасаа саналыг нь авсан. Тэгээд 2 айлдаа хуучин байшингийнх нь мкв-аар нь орон сууц өгөхөөр гэрээ хийсэн. Ж.*******тэй уулзсан чинь танай 3 айл хамтраад юм аа хий, манай байр банкны барьцаанд байдаг, тэгээд ч би чам шиг мөнгө төгрөггүй залууд итгэхгүй байна, би ингэж орон гэрээрээ тоглуулмааргүй байна. Танай 3 айл тохиролцсон бол буулгаад ажлаа хий, надад ямар ч хамаа байхгүй гэдгээ хэлсэн. Ингээд манай байранд амьдардаг байсан Балжинням багшийнх Улаанбаатар хот руу шилжихээр боллоо гээд манайд орон сууцаа зараа нүүсэн. Ишин гээд 90 гарсан настай хөгшин ач зээтэйгээ амьдардаг байсан. Ишин гуай түрээсийг 2 жил гаруй хугацаатай төлөөд орон сууцандаа орсон. *******тэй хийсэн гэрээний хувьд гэвэл ******* би Ж.******* эгчтэй гэрээ байгууллаа гээд нэг өдөр ирсэн. Гэрээ хийсэн гэдгийг нь би мэдээгүй, дараа нь харсан чинь нэг талын эрх ашгийг барьсан гэрээ хийсэн байсан. Тэгээд ******* бид хоёр гэрээний талаар маргасан. Би *******д хандан гэрээний нөхцөлөө сайн харсан юм уу, хуульчаас зөвлөгөө авъя гэж хэлсэн. Тэгээд дараа нь ******* тухайн үед хуульчаас зөвлөгөө авсан байсан. /гэрээ хийснээс хойш 2, 3 хоногийн дараа/ Хуульч зөвлөгөө өгөхдөө банкны барьцаанд байгаа гэрээг ингэж буулгаж орон сууц барих боломжгүй дараа нь асуудалд орно гэж хэлсэн байсан. Тэр үеэс Ж.******* эгчид утсаар 2, 3 удаа мэдэгдээд бас мессеж бичсэн байсан, бас нотариатад гэрээг цуцлах талаарх хүсэлтээ өгсөн. Нотариат мөн л Ж.*******д гэрээг цуцлах талаар мэдэгдсэн байсан. Манай нөхөр бид хоёр энэ барилгыг барих гэж маш их саад бэрхшээлтэй тулгарч өөрсдөө өр тавьж барьсан. Өмнө захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Ж.******* өмгөөлөгчөөрөө дамжуулаад нэг орон сууц өгвөл шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзана гэж хэлүүлж байсан. мөн дараагийн шатны шүүх дээр өөр өмгөөлөгчтэй орж байсан. Ж.*******гийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл 3 шатны шүүхийн дамжиж явсан. Одоо болохоор гэрээний дагуу 211.500.000 төгрөгийн авна гэж нэхэмжилж байгаа нь шударга бус байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөрт 211.500.000 төгрөг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. гэрээний дагуу энэ шаардлагыг гаргахын тулд наад зах нь тухай гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх шаардлагатай. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг анхнаасаа хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Тохиролцооны гэрээний тухайд хуулийн хэд хэдэн хэм хэмжээг зөрчиж хийгдсэн хэлцэл байгаа.

Үүнд нэгдүгээрт тохиролцооны гэрээнд шилжүүлнэ гэж заасан орон сууцны 4 давхрын 32 мкв болон нэг давхрын 48 мкв байрнуудын захиалагч буюу өмчлөгч нь *******. Хариуцагч *******, ******* нар нь эхнэр нөхөр учраас тухайн үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн дундын өмч хөрөнгө. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүнд бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасан. ******* тус байрыг захиран зарцуулахаар тохиролцохдоо эхнэр *******ийн зөвшөөрлийг аваагүй. Зөвшөөрлийн шаардлага нь бичгээр байх ёстой, мөн нотариатаар батлуулах гэсэн нөхцөл байгаа. Түүнчлэн ******* гэрээний энэ нөхцөлөөр 2 үл хөдлөх хөрөнгө өгөхгүй гэдгээ хэлдэг. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаараа хэлж байна. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэхээр заасан байдаг. Ийм учраас энэ тохиролцооны гэрээ ******* 2 үл хөдлөх хөрөнгийг газар болон хашаа байшингаар солилцох, үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч худалдах худалдан авах гэрээ гэж тайлбарлаж байна. Энэ нь холимог гэрээ гэж харагдаж байна. Арилжааны гэрээ мөн мөнгөн төлбөр хийгдэх асуудал байна. Арилжааны гэрээний тухайд өгч байгаа зүйлийн тухайд нэг этгээд нь худалдагч авч байгаа зүйлийн тухайд худалдан авагч нөгөө нэг нь мөн өгч авч байгаа зүйлийнхээ тухайд хоёулаа худалдагч болон худалдан авагчийн эрх үүрэгтэй. Ерөнхий хулийн зохицуулалт нь худалдах худалдан авах гэрээний ерөнхий заалтууд үйлчилдэг. Ийм учраас худалдах худалдан авах гэрээний зохицуулалтын талаар маргаагүй, харин хөрөнгө захиран зарцуулж байгаагийн тухайд энэ бол яалт ч үгүй гэр бүлийн дундын хөрөнгө учраас зөвшөөрөл шаардагдаж захиран зарцуулагдах хуулийн шаардлагатай. Үүнийг зөрчиж тохиролцооны гэрээ хийгдсэн учраас хууль зөрчиж хийгдсэн гэрээ гэж үзэж байгаа. тайлбарлаж болон Үл хөдлөх барьцааны гэрээг зөрчиж байгаа учраас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж болохоор байна. Барьцааны зүйлийг талууд дараах барьцааны зүйлийг шүүхээс худалдахыг хориглоно гэж заасан. Хориглосон зүйл байгаа.

Хоёрдугаарт: Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.1-д барьцаалуулагч өөрийнхөө эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ гэж заасан. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийн хийц зориулалт загварыг өөрчлөхийг хориглоно гэж заасан. Барьцааны гэрээнээс үзэхэд барьцааны зүйлийг хамгаалахдаа аливаа гуравдагч этгээдийн халдах зэрэг хүчин зүйлээс ангид байлгана гэж заасан. Гэтэл гэрээг хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэгчийн хашаа байшин байгаа газарт шинэ барилга барих ёстой. Тийм учраас барьцааны зүйл болох 56 мкв байшинг нурааж өөрчилж байж энэ гэрээ биелэгдэнэ. Харин барьцааны зүйлийг бүрэн бүтэн байлгахыг нэхэмжлэгч хуулиар болон гэрээгээр хүлээсэн. Өөрөөр хэлбэл амьдарч байгаа байр буюу банкны барьцаанд байгаа байрыг нурааж болохгүй. Үүнийг хуулиар хориглосон байгаа. Иймээс тус гэрээ нь Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн тухай хууль, барьцааны тухай хуулиудыг зөрчиж байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнээс гадна барьцаанд байгаа 56 мкв үл хөдлөх хөрөнгө нь суурийн газартай. Газартайгаа нэг бүрдэл хөрөнгө гэж явдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д барьцааны зүйлийг талууд шүүхээс гадуур эсхүл шүүхийн журмаар худалдаж болно гэж заасан байдаг. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т дараах барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахыг хориглоно гэж заасан. 44.4.1-т газар, 44.1.2-т улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу бүртгүүлбэл зохих үл хөдлөх эд хөрөнгө гэж заасан байдаг. барьцаанд байгаа 56 мкв байр нь газартайгаа нэг хэсэг болж барьцааны зүйл болж байгаа учраас шүүхээс гадуур худалдахыг хуулиар хориглосон үл хөдлөх хөрөнгө болж байна. Тийм учраас Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. Хууль зөрчиж байгуулагдсан гэрээ хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бусад тооцогддог. Ийм учраас ******* Ж.******* нарын хооронд байгуулагдсан тохиролцооны гэрээ хэд хэдэн хуулиудыг зөрчсөн хүчин төгөлдөр гэрээ учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, нэхэмжлэгч хуульд нийцсэн гэрээ хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэл гаргах боломжтой. Хууль зөрчиж байгуулсан гэрээ учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч зүгээс Завхан аймгийн сумын багийн Засаг даргын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамжийн тодорхой хэсгийг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, тохиролцооны гэрээ, ******* дугаартай, Y-0918000348 дугаартай өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, 000724018 дугаартай, 000724019 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарууд, кадастрын зургууд, ХААН банканд дахь өөрийн дансны хуулга, 42 ширхэг фото зураг зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбар, өөрийн ХАС банкны дансны хуулга, эхнэр О.*******ийн ХААН банкны дансны хуулга, өөрсдийн нэрээр ХААН банкнаас 250 сая төгрөгийн зээл авсан гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг ирүүлсэн.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******ийн хүсэлтээр иргэн Д.ыг гэрчээр асууж авсан байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч ийн ХАС болон ХААН банкин дахь харилцах данснуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэжээгээр зогсоосон, мөн нэхэмжлэгчийн амьдарч буй 5 айлын нийтийн байрны 114г, 114д тоотуудын амьдрах орчин нөхцөл хэрхэн дордож эрх ашиг сонирхол нь зөрчигдсөнийг газар дээр нь очиж үзлэг хийсэн тэмдэглэлээр баталгаажуулсан,

хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Ж.*******гийн өмнө нь төрийн байгууллага болон захиргааны хэргийн шүүхэд хандан үйл баримтын талаар гаргасан тайлбар, баримтуудыг Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 118 тоот шийдвэртэй хэргийн материалаас хуулбарлан гаргуулсан, мөн хариуцагч Б.******* хэрэгт авагдсан тохиролцооны гэрээ-нээс татгалзах мэдэгдлийг 2019 оны 09-р сарын 27-ны өдөр нотариатч Д.т өгч байсан гэх нотариатын үйл ажиллагааны баримтуудыг гаргуулсан, нэхэмжлэгч Ж.*******гийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгүүд нь банкны барьцаанд байдаг эсэх талаарх лавлагааг Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Ж.*******гийн Y-0918000348 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь Төрийн банкны барьцаанд тавигдаж байсан эсэх талаарх мэдээллийг холбогдох банкнаас гаргуулж хэрэгт хавсаргуулсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 141.000.000 төгрөг, алданги 70.500.000 төгрөг, нийт 211.500.000 төгрөг гаргуулахыг хүсэж шүүхэд нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Ж.*******гийн зүгээс гэрээний үүрэг болон алдангид нийт 211.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа Б.*******тэй 2019 оны 09-р сарын 09-ны өдөр Тохиролцооны гэрээ байгуулсан. Урьдчилгаа 1.000.000 төгрөг өгсөн. Тэрээр намайг Мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа тул Б.*******эс дээрх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 141.000.000 төгрөг, алданги 70.500.000 төгрөг, нийт 211.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Ж.*******гээс ямар нэгэн эд зүйл худалдан авч байгаагүй. Тийм учраас төлөх өр төлбөр байхгүй гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэн талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй байна гэж шүүх үзэв.

Учир нь аливаа гэрээ байгуулагдахад талууд хүсэл зоригоо хангалттай илэрхийлж, зорилгоо тодорхойлж нэгдсэн байхыг шаарддаг.

Талууд хоорондоо тохиролцооны гэрээг байгуулж байсан хэдий ч бодит байдал дээр түүнд туссан зорилго, хүсэл зоригийнхоо эсрэг байр суурьтай, эсрэг үйлдэл үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Тохиролцооны гэрээний хүсэл зориг, зорилго нь нэг талаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, нөгөө талаас тухай үл хөдлөх эд хөрөнгийг нурааж газар дээр нь шинэ орон сууц барих ба худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэнд дүйцүүлж бэлэн мөнгө ба шинэ орон сууцыг нөгөө талдаа өгөхөөр тохиролцсон байна.

Гэтэл хариуцагч ийн тухайд 2019 оны 09-р сарын 27-ны өдөр Ж.*******тэй байгуулсан гэрээнээсээ татгалзах тухай мэдэгдлийг нотариатчид хүргүүлж байсан, нэхэмжлэгч Ж.*******гийн тухайд 2020 оны 05-р сарын 15-ны өдөр Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хамтын эзэмшлийн талбайг иргэнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан, 2020 оны 05-р сарын 11-ний өдөр сумын Засаг дарга С.т хандаж өөрийн гаргасан газар эзэмших эрх олгосон захирамжаа хүчингүй болгохыг хүссэн гомдол, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол зэргийг гаргаж байсан, хувийн зүгээс барилгын ажлыг эсэргүүцэж байсан талаар тухайн барилга дээр ажиллаж байсан гэрч Д. мэдүүлсэн байна.

Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд талуудад аль алинд нь гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй учир гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй, гэрээ байгуулагдаагүй, гэрээ байгуулагдаагүй учир гэрээний үүргийн биелэлт шаардах эрхгүй гэж дүгнэв.

Монгол улсын Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 195.2, 195.3 дахь хэсгүүдэд нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ, гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна, хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж тус тус хуульчилсан байна.

Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор заасан байна.

Талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй учир гэрээ байгуулсанд тооцох үндэслэл байхгүй байна.

Иймд Ж.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******эс гэрээний үлдэгдэл төлбөрт 141.000.000 төгрөг, алдангид 70.500.000 төгрөг, нийт 211.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1.    Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт

зааснаар Ж.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******эс гэрээний үлдэгдэл төлбөрт 141.000.000 төгрөг, алдангид 70.500.000 төгрөг, нийт 211.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.000 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж ийн үйлчлэл нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ