Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 205/МА2023/00008

 

 

Ж.*******гийн нэхэмжлэлтэй

Б.*******эд холбогдох

иргэний хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 140/ШШ2022/00444 дугаар шийдвэртэй

Ж.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******эд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг 141.000.000 төгрөг, алданги 70.500.000 төгрөг, нийт 21.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Ө.******* нарын давж заалдах гомдлоор 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд, нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.******* /Улаанбаатар хотоос Zoom/-р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, өмгөөлөгч Э.******* /Улаанбаатар хотоос Zoom/-р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* аймаг дахь ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 140/ШШ2022/00444 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******ээс гэрээний үлдэгдэл төлбөрт 141.000.000 төгрөг, алдангид 70.500.000 төгрөг, нийт 211.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.*******гийн өмгөөлөгч Ө.*******-******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Бичгээр байгуулагдаж нотариатаар гэрчлүүлсэн гэрээг байгуулагдаагүй байна гэж дүгнэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Талуудын аль алинд нь гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй учир гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй, гэрээ байгуулагдаагүй, гэрээ байгуулагдаагүй тул гэрээний үүргийн биелэлт шаардах эрхгүй гэж дүгнэв гэжээ.

Ж.******* Б.*******э нарын хооронд 2019 оны 09 сарын 09-ны өдөр Тохиролцооны гэрээ нэртэй бичгээр байгуулж талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байгаа.

Тус гэрээний гол нөхцөл нь Ж.*******гээс Б.*******э нь түүний өмчлөлийн дараах хөрөнгүүдийг худалдан авах

-Улсын бүртгэлийн дугаар бүхий 56 м2 орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө

- Улсын бүртгэлийн дугаар бүхий 28 м2 хэмжээ бүхий талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө

- тоот гэрчилгээ бүхий 118м2, 70м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газруудын хамт

Б.*******э нь тус хөрөнгүүдийн төлбөрт нийт 142,000,000 төгрөг төлөх тус төлбөрийг дараах хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон.

1. 2019 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн дотор урьдчилгаа 20,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөх,

2. 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, үлдэгдэл 112,000,000 төгрөгүүдийг Ж.*******гийн тоот банкны дансанд шилжүүлэх

3. Шинэ баригдах 18 айлын орон сууцны 4 давхарт 32м2 орон сууц,

4. 1 давхрын 48 м2 орон сууцыг тус тус шилжүүлэх

Орон сууцыг 2020.04-р улиралд ашиглалтад оруулах, тус хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гэрээнд заагдсан нийт үнийн дүнг мөнгөн хэлбэрээр төлөх, улмаар тус төлбөрийг бүрэн барагдуулаагүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5% алданги төлөх, Барилгын ажил эхлэхээс дуусах хүртэл Ж.*******гийн аюулгүй байдлыг Б.*******э хангаж ажиллах үүрэг хүлээсэн.

Тус гэрээнд талуудын хүсэл зориг, бичгээр хангалттай тодорхой илэрхийлэгдсэн бөгөөд гол болон бусад нөхцөлийн талаар гэрээнд нэг бүрчлэн тусгасан байна. Гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон бол хэлцэл байгуулагдсанд тооцдог зохицуулалт бол Иргэний хуулийн 43.1-д Амаар хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ: 43.1.1.хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон; гэж заасан амаар хийсэн хэлцлийн талаарх зохицуулалтыг бичгээр байгуулсан гэрээнд авч хэрэглэжээ.

Иргэний хуулийн 43.2.Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ: 43.2.1.талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан; ...43.2.3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан Тохиролцооны гэрээ Иргэний хуулийн 43.2.1, 43.2.3-д заасан аль аль шаардлагыг хангана.

Гэтэл шүүх Иргэний хуулийн 195.1, 195.2, 195.3-д заасан заалтыг хэрэглэж тус зүйлд заасан шинжүүд байхгүй тул гэрээг байгуулаагүй гэж үзнэ гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Гэрээ байгуулах санал бол гэрээн байгуулахын өмнөх үйл процессын зохицуулалт юм. Харин 196.1-д Дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:

196.1.2.гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж зааснаар байгуулагдсан гэрээнд гэрээ байгуулахын өмнөх гэрээний саналтай холбогдох зохицуулалтыг хэрэглэх ёсгүй.

Мөн шүүх Иргэний хуулийн 196.1.1-д дэх хэсэгт заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох заалтыг хэрэглэсэн бөгөөд тус зохицуулалт бол зөвхөн хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдахаар хуульд тусгайлан заасан гэрээнд үйлчлэх зохицуулалтыг тийм тусгайлан зохицуулалтгүй гэрээнд хэрэглэж тайлбарласан. Хуульд тусгайлан заасан тохиолдол тухайлбал Иргэний хуулийн 282.4-дМөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул Зээлийн гэрээг зээлийн мөнгөн хөрөнгө шилжсэнээр байгуулагдсанд тооцно. Харин талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ тийм тусгайлсан зохицуулалт байхгүй бөгөөд ИХ-ын 196.1.2-д зааснаар байгуулагдсанд тооцно.

Мөн Б.*******э мөнгөн төлбөрийн үүргээс хэсэгчлэн биелүүлж 1.000.000 төгрөгийг Ж.******* төлсөн. Харин үлдэх үүргийг биелүүлээгүй байхад гэрээ байгуулагдаагүй гэж үзэх хууль зүйн болон бодит үндэслэл байхгүй.

...Талуудын хооронд байгуулсан 2019 оны 09 сарын 09-ны өдөр Тохиролцооны гэрээ нэртэй бичгээр байгуулж талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа бөгөөд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нэхэмжлэгчид байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Дээрх байдлаар ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.27-ны 140/ШШ2022/00444 тоот шийдвэр ИХШХШТХ-ын 116.2-д Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан үндсэн шаардлагыг хангаж чадахгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өдрийн мэнд. Өмгөөлөгчийнхөө шаардлагыг дэмжиж байна. Шаардлага бол ойлгомжтой нийтийн байдлыг тастсан тэгээд сүүлийн айлын орц гарц бүрийг нь хаагаад уртаараа байсан зүйлийг хувааж 4-н давхар 16 айлын орон сууц барьсан байгаа юм. Байдал бол ойлгомжтой байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрээс татгалзаж байна. Хамгийн гол надад баримт юм бол энэ гэрээ байсан. Гэрээг үндэслэлтэй гэж үзэж байна. Ер нь бол үндэслэлтэй хийсэн.

Иргэн хүнийхээ хувьд миний болон манай гэр бүлийн эрх, эрүүл аюулгүй амьдрах орчин, үл хөдлөх хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах бүх зүйл хаалттай. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг татгалзаж өмгөөлөгчийнхөө хүсэлтийг дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрээг хууль ёсны, хууль ёсны биш гэдгийг хуульч юм уу өмгөөлөгч мэдэхгүй байх. Би тэрийг нь сайн мэдэхгүй байна. Харин давж заалдах шатны гомдол дээр бичсэн шиг ******* гуай 2020 онд огт хамаагүй орчны газар төдийхнөөр маргалдаагүй. Барилгын ажил явагдах гэж байсан. Нийт 422 метр квадрат газрыг хүчингүй болгуулна гээд шүүхийн дээд шат хүртэл маргасан байдаг. Газар байхгүй байсан бол тэр барилга баригдах тийм газаргүй болно гэсэн үг. Энэ газрын асуудал бол өмнөх газартай холбоотой маргаан гээд байгаа болохоос энэ хэрэгт хамаагүй зүйл биш гэж бодож байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Ж.******* гуайн нэхэмжлэлийг хүлээн аваад 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр барилгын зөвшөөрлийг олгосон газрыг хүчингүй болгож байсан. Тэр шийдвэрээр манайх барилгын ажлаа зогсоох, барилгын ажлаа явуулахгүй байх дээрээ тулж байсан. Энэ үед нэхэмжлэгч энэхүү гэрээгээ хэрэгжүүлж байсан юм бол яагаад энэ газрыг хүчингүй болгуулъя гээд явж байсан юм бэ? Харин ч гэрээнд зааснаараа 2020 оны 4 сард энэ барилгаа ашиглалтад оруулаач ээ гээд шахаж шаардаад явж байх байсан болов уу гэж бодож байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ж.******* гуайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор манай барилга ингээд газартайгаа үлдээд орон сууцын барилгынхаа ажлыг явуулж дууссан. Хэрвээ энэ газар ингээд хүчингүй болсон байсан бол Ж.******* гуай өнөөдөр бид нараас юу шаардаад, юу хүсээд ингээд явж байх байсан бол гээд маш их гайхаж байна. Тэрнээс гадна Ж.******* гуай нэхэмжлэлдээ *******э орж ирээд энэ байрыг ингээд буулгаж шинэчилье ээ олон давхар орон сууц барья аа гэсэн. Байрыг нураагаад эхэлсэн тул би энэ саналыг нь зөвшөөрсөн. Тэрээр миний газрыг буулгаад агуулах тоглоомын талбай барина гэж хэлж байсан гэдэг. Тэгсэн хэр нь *******ийн саналыг зөвшөөрсөн гэх мөртөө өөрийнхөө газрыг чөлөөлж өгч. Одоо байшин сав бариулсан юм ерөөсөө байхгүй. Ж.******* гуай худалдсан гээд байгаа тэр хашаа байшиндаа өөрөө амьдраад энэ бол миний өмч гээд банкны барьцаанд тавьж ашигладаг. Тэгээд та нар миний өмч хөрөнгөд халдлаа хохирол учрууллаа гэдэг. Тэгвэл *******эд яг юу зарсан юм бэ, манайх яг юу худалдаж авсан юм бэ гэж асуумаар байна. Манайд бол худалдаж авсан зүйл гэж ерөөсөө байдаггүй.

Ж.******* гуайн хэлснээр бол бид нар мөнгө санхүү муутай тэгээд бас барилгын мэргэжлийн хүмүүс биш өөр, өөр ажил мэргэжилтэй хүмүүс байсан нь үнэн. Тийм учраас маш их хэмжээний өр зээл тавиад барилгынхаа ажлыг явуулж дууссан. Одоо ч гэсэн өр зээлээ дарж дуусаагүй. Мөн иргэний хүсэлтээр гэж татварын байгууллагаар шалгагдаад, татварын тодорхой хэмжээний өрд орсон. Түүнийгээ төлж дусгаагүй, төлж ч эхлээгүй байгаа. Тийм учраас одоо тэр дээрээ нэмээд 211.000 000 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй. Яагаад гэх юм бол юу ч худалдаж аваагүй байж байж хүнд 211.000.000 төгрөг төлөөд явж байна гэх боломж байхгүй байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.*******/Улаанбаатар хотоос Zoom/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгчийн гомдлыг нэгдүгээрт бичгээр байгуулагдаж нотариатаар гэрчлүүлсэн гэрээг байгуулаагүй гэж дүгнэсэн гэж гомдолтой байгаа талаараа бичсэн байна. Гэрээ хууль ёсны үндэслэлтэй болох 3 нөхцөл байдаг талаар бол докторын Гэрээний эрх зүй гэсэн 2021 оны ном дээр их тодорхой биччихсэн байна. Энд нэгдүгээрт бол талуудын иргэний эрх зүйн чадамж хоёрдугаарт хэлцлийн хэлбэр 3-д бол хэлцлийн агуулга гэж байна. Энэ 3 нөхцөл зэрэг бүрдэж байж хэлцэл хууль ёсоор байгуулагдсан гэж үзнэ гэж тодорхойлчихсон байгаа. Тэгэхээр энэ 3 нөхцөлөөс зөвхөн аль нэг шинжийг нь татаж аваад хууль ёсны хэлцлээр байгуулагдсан гэж тайлбарлах боломжгүй. Тухайлбал өмгөөлөгчийн хэлж байгаачлан хэлцлийн хэлбэрийн хувьд бичгээр хийгдсэн нотариатаар баталсан гэдгийг нь татаж аваад хууль ёсны хэлцэл хийсэн гэх боломжгүй. Тийм учраас шүүх хэлцлийн агуулга буюу хууль тогтоомж болон талуудын хүсэл зорилгод нийцсэн байх гэдэг шаардлагыг үнэлж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. Хүсэл зоригийн илэрхийллээ ч гэсэн дотроо субьектив буюу дотоод, обьектив буюу гадаад шинжээс бүрддэг гэж иргэний эрх зүй үүсдэг. Гадагшаа илэрхийлж байгаа хүсэл зоригийнхоо дотоод шинжтэйгээ нийцэхгүй байгаа тохиолдолд хүсэл зоригийг зөв илэрхийлэгдсэн гэж тооцдоггүй юм байна. Өөрөөр хэлбэл хашаа байшингийн буулгаж шилжүүлэх хүсэлгүй, хажуудаа барилга бариулах хүсэлгүй гэдгээ илэрхийлдэг хэр нь тийм хүсэл зорилго байгаа юм шиг гэрээ байгуулах боломжгүй юм гэж үзэж байна. Энэ талаар шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хоёрдугаарт бол гол нөхцөлийн тухай бид ярьж байна. Хөрөнгө шилжүүлэх талаар Иргэний хуулийн 243-дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн тайлбараас үзэж байна. Үл хөдлөх хөрөнгө худалдах тохиолдолд худалдагч өмчлөл ба эзэмшлийг шилжүүлэх ёстой гэж байгаа юм. Эзэмшил шилжүүлэх ажиллагаанд худалдагч худалдан авагчид газрыг бодит байдлын хувьд эрх мэдэлдээ авах боломжийг олгосноор явагдана. Худалдан авагчид байшингийн эсвэл газрын хашааны төлбөр шилжүүлэгдсэнээр гүйцэтгэнэ гэж байгаа юм. Өмчлөх эрх шилжүүлэх улсын бүртгэлд шилжүүлснээр гүйцэтгэгдэнэ гэж энэ тайлбарт биччихсэн юм байна. Газар, хашаа байшинг нэхэмжлэл өөрөө ашиглаж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх талаар бол энэ гэрээнд туссан. Бүх мөнгө төгрөгөө авсны дараа өмчлөлдөө шилжүүлнэ гэж байгаа юм. Эзэмшигчид хэзээ шилжүүлэх юм бэ гэдэг гол нөхцөлийг гэрээнд бол тусгаагүй. Тийм учраас энэ гэрээнд тусгаагүй асуудал бол хуульд зааснаар явагдах ёстой. Хуульд юу гэж заасан байна гэхээр эд хөрөнгийг шилжүүлж өгнө үү гээд Иргэний хуулийн 243.1-т заасан байгаа Эд хөрөнгийг эрхийн хамт шилжүүлнэ гэж байгаа юм. Тэгэхээр энэ шилжүүлсэн барилгын хувьд ерөөсөө байхгүй гэрээнд ч тусгагдаагүй. Тэгэхээр энийг бол бас гол нөхцөл тусгагдаагүй, тохиролцоогүй хүсэл зориг нь ямар байгааг мэдэгдэхгүй ойлгомжгүй байна гэдэг шүүхийн дүгнэлт бол үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэсэн байдалтай гомдол дээр миний зүгээс хэлцлийн агуулга Иргэний хуулийн 56-дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжүүдийг дагуулж байна. Ийм учраас анхнаасаа эрх зүйн үр дагаваргүй байна гэдэг талаар хэлээд байгаа юм. Иргэний хуулийн 56-дугаар зүйл нь бие даан нэхэмжлэл гаргахын шаардлагагүй аливаа хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг шалгах суурь зохицуулалт байгаа юм. Энэ тохиролцооны гэрээнд хуулиар хориглосон болон үүрэг хүлээлгэсэн императив хэм хэмжээг зөрчсөн гэрээ байгаа юм. Тухайлбал Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6 гээд барьцаа нь бол өөрийн эзэмшилд байгаа барьцааны зээлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ гэж заасан. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.Гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийн хийц, зориулалт, загварыг нь өөрчлөхийг хориглоно гэж заасан. Барьцааны гэрээний 2.8-д гуравдагч этгээдийн халдах зэрэг хүчин зүйлээс ангид байлгана гэснийг зөрчөөд барьцаад байгаа байшингаа нураагаад газрыг нь чөлөөлөөд оронд нь өөр шинэ үл хөдлөх хөрөнгө бариулаад орон сууц гэсэн агуулгатай энэ гэрээ хийсэн нь хууль зөрчсөн. Энэ нь бол Иргэний хуулийн 56-дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бусад тооцогдох нөхцөлд хамаарна гэж үзэж байгаа юм. Мөн гэрээ 32 метр квадрат, 48 метр квадрат орон сууцууд нь *******э ******* нарын гэр бүлийн дундын өмч хөрөнгө. Энэ хөрөнгийг захиран зарцуулахдаа Иргэний хуулийн 128-дугаар зүйлийн 128.2-т зааснаар Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах ёстой байсан. Энэ зөвшөөрөл олгогдоогүй байхад *******э гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56.1.8-д заасан .хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт хамаарна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь Иргэний хуулийн 56.1.5-д 56.5.Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. *******э бол энэ хэлцлээр нэхэмжлэгчээс ямар нэгэн зүйл шилжүүлж аваагүй учраас буцааж өгөх зүйл бол байхгүй. Харин нэхэмжлэгчид өгсөн 1.000.000 төгрөгөө бол нэхэмжлэгчийн ханыг засахад тооцсон учраас нэхэмжлэхгүй байгаа юм.

Гуравдугаарт гэрээнд цуцлах мэдэгдлийг гэрээний нөгөө талд хүргэсэн. Хариуцагч талаас. Иргэний хуулийн 204.1-т зааснаар тухайн үедээ мэдсэн. Тохиролцооны гэрээ хийсний дараа энэ гэрээг хүчингүй болголоо гэж хэлж байсан гэдгийг тэр талаар мэдсэн гэдгээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Ж.******* гуай хэлж байсан. Түүнийг шүүх үнэлж магадлал тусгаж өгсөн байгаа. Мөн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Ж.******* гуай болон түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нар хэлчихсэн байгаа. Тохиролцооны гэрээ гээд нэг гэрээ байгуулж байсан дараа нь бол гэрээ хүчингүй болгочихсон. Энэ захиргааны хэрэг маргаан тэр гэрээтэй хамаагүй. Тэр гэрээ хүчингүй гэрээ байгаа юм гээд захиргааны хэргийн шүүх дээр ярьж байсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл дээр ч тусгагдсан байгаа 107-дугаар хуудсанд энэ гэрээ хүчингүй гэж *******э надад хэлсэн юм гэж. Тэгэхээр нэг тал гэрээнээс татгалзаж гэрээ биелэх боломжгүй болсныг нэхэмжлэгч мэдсэн гэдэг нь энэ бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн үндэслэл болоод байгаа тохиролцооны гэрээ нь хуульд нийцээгүй анхнаасаа эрх зүйн үр дагаваргүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарч чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Б.*******эд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 141.000.000 төгрөг, алданги 70.500.000 төгрөг нийт 211.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа Б.*******этэй 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Тохиролцооны гэрээ байгуулж, урьдчилгаа 1.000.000 төгрөг өгсөн, тэрээр намайг шүүхэд өгсөн гэх үндэслэлээр гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй тул Д.*******ээс дээрх гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 141.000.000 төгрөг, алданги 70.500.000 төгрөг, нийт 211.500.000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч Б.*******э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Ж.*******гээс ямар нэгэн эд зүйл худалдан авч байгаагүй. Тиймээс төлөх өр төлбөр байхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудад гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй, анхнаасаа гэрээ байгуулагдаагүй гэж нэг дүгнэсэн, мөн гэрээ байгуулахаар тохиролцсон байна, хариуцагч Б.*******э нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ж.*******тэй байгуулсан гэрээнээсээ татгалзах тухай мэдэгдлийг нотариатчид хүргүүлж байсан, нэхэмжлэгч Ж.******* нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хамтын эзэмшлийн талбайг иргэнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан зэргээс үзэхэд гэрээ байгуулах хүсэл зориг байхгүй байсан гэж дүгнэсэн нь гэрээ байгуулах үе болон гэрээ байгуулсны дараах гэрээнээс татгалзах ойлголтуудыг ялгаж, салгаж тайлбарлаагүй, хольж харилцан зөрүүтэй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, Хэргийн 8 дугаар хуудсанд талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр бичгээр хийсэн Тохиролцооны гэрээ байх ба энэ гэрээ Иргэний хуульд заасан ямар гэрээ болох, гэрээ хүчин төгөлдөр эсэх, энэ талаар талууд маргаантай байгаа эсэх, эсхүл талуудын хооронд гэрээ байгуулагдаж, хожим гэрээнээс татгалзсан эсэх, талуудын хэн аль нь гэрээнээс татгалзсан эсэх, татгалзал хуулийн үндэслэлтэй эсэх, түүний үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх эсэх, гэрээний үүргийн зөрчил хэрхэн үүссэн талаар хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан нэг бүрчлэн эрх зүйн логик дараалалтай дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж, маргаантай харилцааг хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаах нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 140/ШШ2022/00444 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Ө.******* нарын давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ