Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/04085

 

 

 

 

 

 

 

 

2022 10 07 101/ШШ2022/04085

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Б.Б /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод оршин байрлах, М к ХХК /рд:0/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 40,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, хариуцагчийн төлөөлөгч А.Х, хариуцагчийн өмгөөлөгч У.Х, гэрч Н.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Б нь 2019 онд өөрийн төрсөн дүү Г-Э эзэмшлийн газар болох 0 тоот бүртгэлтэй 0,7 га газарт өөрийн амьдран суух 4 улирлын байшин барихаар болсон. Үүний дагуу би олон газар судалсны үндсэн дээр М к ХХК-ийг бүх төрлийн зориулалтаар төмөр карказан амины орон сууц, зөөврийн болон зуслангийн сууцыг хүссэн хэмжээ, загвараар, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэсний дагуу итгэж гэрээ байгуулсан. Ингээд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр №01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгэх захирал А.Х-тай байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч байгууллага нь 4 улирлын Канад хаус 72 м.кв хэмжээтэй 1 давхар 3 өрөө байшин барихаар тохиролцсон. Төмөр карказын 1 м.кв үнэ нь 480,000 төгрөгөөр тооцож, өрөө тасалгаа тус бүр дээр материалын зардал нэмэгдэж, үүдний террассын 2x5 хэмжээтэй 1 м.кв-ын үнэ 180,000 төгрөгөөр тооцож нийт 40,250,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон. Гэрээний 3.2-т заасны дагуу би урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөгийг А.Х-ын Хаан банкны дансанд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Харин үлдэгдэл төлбөрийг 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 16,000,000 төгрөгийг, мөн өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 2,250,000 төгрөгийг тус тус төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Гэрээний 2.6-т заасны дагуу гүйцэтгэгч компани нь ажлын 10 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ гэсэн боловч ажлын 7 хоногт 8 цагаар ажиллаж гүйцэтгэж дуусгасан. Би тухайнүед ийм өндөр үнэтэй төлөвлөсөн Канад хаусыг ямар богино хугацаанд хийж гүйцэтгэж байгаа болохыг хараад гайхаж байсан боловч одоо харахад ямар ч насгүй, мэргэжлийн бус, чанаргүй үхмэл хөрөнгө болоод эхэлснээс хойш ойлгож байна. Гүйцэтгэгч компани нь байшин барих гэж буй талбайгаа нарийн шинжлэн судалж, хэрхэн чанартай, мэргэжлийн барих талаар өөрсдийн олон жилийн дадпага туршлагын үндсэн дээр тулгуурлан аливаа доголдолгүй, олон жил тайван, тухтай амьдрах байшин барьж өгөх үүрэгтэй. Гэтэл тус байшингийн доогуур суурийг гүйцэтгэхдээ газартаа гагнасан төмөр карказаа бетон нь хашлагаар даруулан батбөх хийгээгүйгээс болоод тулгуур бетон нь газрын гүн руу шигдсэнээс байшин тэр чигтээ далийж, гажсан бөгөөд дотор нь амьдрах ямар ч боломжгүй болсон. Гажсанаас болж байшингийн гол нуруу, дээвэр дуу орж, хөдөлгөөнд орж эхэлсэн бөгөөд шалны материалын хувьд зориулалтын бус модон нимгэн хавтангаар хийгдсэн нь шаардлага хангаагүй ба хүний хөдөлгөөн үйлдэл хийх бүрт ганхаж, найгаж, хөвдөг болсон. Ингэж явах тоолонд дотор муухайрч, даралт өөрчлөлт өгөөд зогсохгүй, гагнасан төмөр карказаар олон удаагийн ойр ойрхон тод дуу чимээ өгөөд удахгүй нурах нөхцөл байдалтай болсон. Мөн өвөл таазны бүх рэйк мод хадааснаасаа суга татагдаж, толгой дээр хадаастай мод унахаар, шал нь голдоо хотойж нум хэлбэртэй болоод байнгын хөдөлгөөн, доргилт ихтэй болсон. Хүчтэй шуурганд хийсээд явахаар ямар ч аюулгуй амьдрах нөхцөлгүй болсон. Бид нар гэр бүлээрээ 2 жилийн турш амьдрахдаа рэйк моднуудыг салж ангайсан, мөн 2 цонхны ташуудаа бүтэн цуурсан, өрөөний хаалганууд гажсанаас болоод хаагдахаа больсон, таазны дулаалга нь ангайх үед ил хүйтэн байдалтай, мөн цахилгаан утаснууд бүгд ил цухуйсан байдалтай болж галын аюулгүй байдлын шаардлага хангахгүй амьдарсан. Би энэ догодолын талаар А.Х захиралд удаа дараа утсаар, мессежээр мэдэгдэж байсан. 2019 оны 12 сараас 2020 оны 8 дугаар сарын хооронд засвар хийгдээгүй. Харин 2020, 2021 оны өвөл доголдлууд илэрч, өөрчлөлтүүд гарч ирсэн. Тэгээд би А.Х-д хэлэхэд тус доголдлуудыг засварлаж өгнө гэсний дагуу засвар хийж өгсөн бөгөөд 3 удаагийн завсар хийхдээ 2 удаа хаалга сольсон, 2 ширхэг цонх бүтнээр нь сольж өгсөн байдаг. Гэсэн хэдий ч байшин бүхэлд нь ганхаж байсан тул дахин эвдрэл гарсан талаар хэлэхэд намайг блоклож, огт хариу өгөхөө больсон тул өнөөдөр би шүүхэд хандахад хүрсэн болно.

Бидний хувьд амьдрахад маш их эрсдэлтэй, хэзээ мөдгүй нураад унах байшинд амьдрах боломжгүй болсон тул 2021 онд нууж гарсан болно. Миний бие тус байшинг бариулахын тулд өөрийн ах, дүү болон Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч бариулсан боловч өнөөдөр ямар ч амьдрах байргүй, зээлтэй, мөнгөгүй үлдсэндээ маш их гомдолтой байна. Бид одоо гэр бүлээрээ түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд уг байшин маань ямар ч доголдолгүй зүгээс ашиглаж, амьдрах боломжтой байсан бол ингэж айл хэсч, түрээсийн байр дамжиж амьдрахгүй байсан. Иймд, миний бие М к ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, нийт төлбөр төлсөн 40,250,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх захиалагчтай 2019 онд зөөврийн сууцыг барих, угсарч, байршуулах гэрээ байгуулсан. Захиалагчийн хүссэн газар дээр, хүссэн зураг хийцийн дагуу угсралт хийж өгсөн болохоос тоосго, бетоноор хийгээгүй тул геодезийн судалгаа хийх шаардлагагүй. Захиалагч хүний газар дээр гэж хэлж байна, дахин зөөвөрлөх боломжтой гэж манайхаар зөөврийн сууц хүний газар дээрээ байршуулсан. Зөөврийнх тул бетонон суурь хийх шаардлагагүй. Манайх захиалагчийн захиалсан зөөврийн сууцыг захиалагчийн хүссэн газарт угсарч өгөх үүрэгтэй, хөрсний шинжилгээ хийлгэх үүргийг гэрээгээр хүлээгээгүй. Барилгын тухай хуулийн 10.1.1-д заасан зүйлд зөөврийн сууц орсонг шинжээчийн дүгнэлт дурдсан. Нэхэмжлэгч зөөврийн гэдгийг мэдсэн учраас гэрээ байгуулсан. Эрх зүйн бүрэн чадамжтай хүн нөхцөл байдлыг ойлгож гарын үсэг зурсан. Компани зөөврийн сууцыг угсарч, түлхүүрийг гардуулсан. Анх ороход доголдол илрээгүй, 2 жил орчмын дараа доголдол илэрсэн гэлээ. Иргэний хуулийн 206-д заасан зарчмын дагуу манайх үүргээ гүйцэтгэсэн. Гэрээний 5.7-д зааснаар эвүүр хийхгүй, байршуулж угсруулсан. Бид мэдэгдсэн тул замын бордюраар эвсэн. Эрсдэлтэй нөхцөл байдлыг мэдэж, захиалагч нарт хэлсэн тул хариуцагч бүхий л боломж арга хэмжээг авсан. Энэ бол суурь биш эвээс. Үл хөдлөх хөрөнгө биш гэдгийг лавлагаагаар төрийн байгууллага тогтоосон. Нэхэмжлэгч тухайн үед доголдол байгаагүй, 2020, 2021 оны өвөл доголдол илэрсэн гэдэг. Иргэний хуулийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан. Манайхыг барилга, байгууламж гэж үзэх боломжгүй тул шаардах эрхээ нэхэмжлэгч тал алдсан харагдаж байна. Нэхэмжлэгчийн ярьж буй зүйл, Л т ХХК-ийн дүгнэлтийн 8, хариулт 2 нь хоорондоо нийцэж байгаа. Гэрч мөн овойлт үүсэж, доголдол гарсанг хэлдэг. Хэрэгт авагдсан баримт, шинжээчийн дүгнэлтийг харахад ажил гүйцэтгэх гэрээнээс доголдол гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна. Өвөл доголдол гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зөөврийн сууцанд зөвхөн Түц ажиллуулдаг гэдэг нь явцуу ойлголт, түүнийг яаж хэрэглэх нь үйлчлүүлэгчийн эрхийн асуудал. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 08 сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банкны дансны хуулга, фото зургууд,

3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, фото зургууд,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М к ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 40,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч М к ХХК нь өвлийн дөрвөн улирлын зориулалттай 72 м.кв талбай бүхий сүүдрэвчтэй сууцыг захиалсан өнгө, загварын дагуу хүлээлгэн өгөх, захиалагч Б.Б нь 40,300,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь талуудаас гаргасан тайлбар, дээрх бичгийн гэрээ, гэрээний хавсралтаар тус тус тогтоогдсон. /хх-6-10/

 

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

 

4.1 Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

5. Гэрээний дагуу захиалагч Б.Б-ээс нийт 40,250,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, гүйцэтгэгч М к ХХК нь 72 м.кв талбай бүхий сууцыг захиалагчийн заасан 0 тоотод байрлах газарт хүргэж, суурилуулж өгсөн үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарлаж, уг үйл баримтын талаар маргаагүй.

 

5.1 Харин талууд гэрээний зүйл болох ажлын үр дүнд доголдол үүсэх болсон шалтгаан, нөхцлийн талаар маргаж, нэхэмжлэгч Б.Б нь ажил гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас доголдол үүссэн тул ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулна гэж, хариуцагч М к ХХК нь захиалагчийн заасан газар нь намаг, цэвдэгтэйн улмаас доголдол үүссэн гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

6. Шүүх зохигчдын хүсэлтээр талуудын маргааны зүйл болох ажлын үр дүнд доголдол үүссэн эсэх, үүссэн бол юунаас улбаатай үүссэн эсэх, газрын хөрс нь намаг, цэвдэгтэйн улмаас доголдол үүссэн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан.

 

6.1 Шинжээч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зөвлөх инженер Ц.А-ээс гаргасан дүгнэлтэд ...Уг барилга нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ шаардахгүй барилга бөгөөд зөөврийн барилга байна. Уг барилгыг анх барихдаа, барилга барих талбайг тэгшлэн бэлтгэхдээ тус иргэний захиалгатай барилга барихаар төлөвлөсөн газрынхаа онцлог, хөрсний бүтэц, хөрсний усны төвшин, цэвдэгшилт зэргийг мэргэжлийн байгууллагад хандан геологийн дүгнэлт гаргуулаагүй, тухайн газар, хөрсний шинж чанарт тохируулан барилгын суурь хийгдээгүй, үйлдвэрт бэлтгэсэн авто замын хашлага бетон хийцийг байрлуулж дээр нь барилга босгосон байна. Тухайн доголдол нь нэгд барилга барихаар төлөвлөсөн газрынхаа онцлог, хөрсний бүтэц, хөрсний усны төвшин, цэвдэгшилт зэргийг мэргэжлийн байгууллагад хандан геологийн дүгнэлт гаргуулаагүй, хоёрт тухайн газар, хөрсний шинж чанарт тохируулан барилгын суурь хийгээгүйгээс улбаатай. Мэргэжлийн байгууллагад хандан геологийн дүгнэлт гаргуулаагүй, тухайн газар, хөрсний шинж чанарт тохируулан барилгын суурь хийгээгүй тул цаашид хэвийн ашиглах боломжгүй. Цаг хугацаанаас хамаарч одоо үүсээд байгаа байдал илэрх л байсан. Энэ асуудлыг олон жилийн практик, тооцоо судалгаанд үндэслэн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дах заалтуудаар баталгаат хугацааг тогтоож өгсөн байдаг. Барилгын заавал мөрдөх норм ба дүрмүүдийг болон барилгын тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн. Хүн, хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээний дагуу 0 тоотод байрлах, жилийн 4 улиралд ашиглах зорилгоор баригдсан 72 м.кв талбайтай сууц, 10 м.кв талбайтай сүүдрэвч бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барихдаа газрынхаа онцлог, хөрсний бүтэц, хөрсний усны төвшин, цэвдэгшилт зэргийг мэргэжлийн байгууллагад хандан геологийн дүгнэлт гаргуулаагүй, эрх бүхий байгууллагаар зураг төсөл хийлгээгүй, тухайн газарт, хөрсний шинж чанарт тохируулан барилгын суурийг гүйцэтгээгүй, инженерийн тооцоо судалгаагүй гүйцэтгэсэн зэргээс металл рамтай барилгын рам гажиж шаланд суулт өгч, хана, хучилт, дээврийн хийц гажиж эвдэрч гэмтсэн, хаалга гажсан байдалтай тус иргэний захиалгат барилга доголдсон байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын хэрэгжилтийг зөрчих үндэслэл болсон гэж дүгнэж байна гэж, /хх-83-88/

 

6.2 Шинжээч Л т ХХК-ийн дүгнэлтэд ...0 тоотод байлах, 72 м.кв талбай бүхий амины орон сууц байрлах газрын хөрсний шинж чанар нь Өнгөн хөрснөөс доош 4.2 метр хүртэл хүчтэй овойлттой ул хөрс илэрсэн ба тухайн ул хөрс дээр барилга барьж болохгүй гэсэн заалт байхгүй. Барилгын зураг төслийн хүрээнд барилгын суурийг зөв шийдэж өгөх нь зүйтэй. Тухайн үл хөдлөхөд гаднаас ажиглахад ул хөрснөөс үүдэлтэй доголдол үүсээгүй. Тухайн талбайд тархсан ул хөрс нь хүчтэй овойлт үүсгэх ба улирлын шинж чанартайгаар чийг нэмэгдэх үед маш хүчтэй овойлт үүсгэх боломжтой гэж тус тус дүгнэсэн. /хх-91-115/

 

7. Хариуцагчаас ...ажлын үр дүн нь зөөврийн сууц тул бид барилгын суурийг хийхгүй, захиалагчийн бэлтгэсэн суурь дээр зөөврийн сууцыг аваачиж угсарч өгдөг. Захиалагч нь анхнаасаа барилга барьсан газраа намаг, цэвдэгтэйг мэдэж байсан. Мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлтээр гэрээний зүйл нь зөөврийн сууц болох нь, Л т ХХК-ийн дүгнэлтээр хөрснөөс үүдэлтэй барилгад доголдол үүсээгүй болох нь тус тус тогтоогдож гэж,

Нэхэмжлэгч нь ...барилга бариулах газрыг намаг, цэвдэгтэй болохыг мэдэж байсан. Энэ тухай гүйцэтгэгчид хэлэхэд байшингийн доор нь замын бордюр эвж тавиад барихыг зөвлөөд замын бордюр тавьж өгч барьсан гэж тус тус тайлбарладаг.

 

7.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Н.Л-аас ...Би М к ХХК-ийн захирал А.Х-ын нөхөр ба уг компанийн үйл ажиллагааг хариуцаж явуулдаг. Эрх зүйч мэргэжилтэй боловч олон жилийн туршлага дээр үндэслэн барилгын ажлаа хийдэг. Нэхэмжлэгч Б.Б-ийн байшинг суурилуулж өгөхөөр тохиролцож байх үед газар нь намаг, цэвдэгтэй байсан. Байшинд замын бордюр эвээд газраас хөндий барих саналыг би зөвлөсөн. Бордюраар хөндлөн эвээстэй барьсан бол доголдол гарах, эс гарах талаар тусгай мэдлэг байхгүй ч өмнө гүйцэтгэж байсан ажлын туршлага дээр тулгуурлаж зөвлөсөн гэж мэдүүлсэн.

 

8. Хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар зэргийг харьцуулан үзвэл гүйцэтгэгч нь буруу заавар буюу байшинд замын бордюр эвээд газраас хөндий барих зөвлөгөө өгч барилгыг суурилуулсны улмаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтэд дурдсан ...мэргэжлийн байгууллагад хандан геологийн дүгнэлт гаргуулаагүй, эрх бүхий байгууллагаар зураг төсөл хийлгээгүй, тухайн газарт, хөрсний шинж чанарт тохируулан барилгын суурийг гүйцэтгээгүй, инженерийн тооцоо судалгаагүй гүйцэтгэсэн зэргээс металл рамтай барилгын рам гажиж шаланд суулт өгч, хана, хучилт, дээврийн хийц гажиж эвдэрч гэмтсэн, хаалга гажсан доголдол үүссэн байна.

 

8.1 Хэдийгээр гэрээний зүйл нь зөөврийн сууц болох нь тогтоогдсон боловч уг зөөврийн сууцанд үүссэн доголдол нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас үүссэн байх тул доголдлыг хариуцахгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Учир нь,

 

8.1.1 Талуудын байгуулсан гэрээний 5.1-т гүйцэтгэгч нь Иргэний хууль болон Барилгын тухай хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй гэж, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9-т гүйцэтгэгч нь барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх, 40.1.12-т барилга байгууламжийн хийц, бүтээцийн даацын бат бэхийг барилгын ажлын үе шат бүрд лабораторийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулан баталгаажуулах үүрэгтэй гэж тус тус заасан.

 

8.1.2 Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг доголдолгүй гэнэ, 353.3-т хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж гэж заасан. Талуудын байгуулсан гэрээнд ажлын үр дүнгийн чанарын талаар тусгайлан заагаагүй тул гүйцэтгэгч нь дөрвөн улирлын зориулалтаар ашиглагдах боломжтой ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй.

 

8.1.3 Гүйцэтгэгч нь гэрээний зүйл болох байшингийн суурийг замын бордюраар эвээс хийж барих боломжтой эсэх талаарх үйлдвэрлэлийн технологи, чанар аюулгүй байдлын түвшин, тусгай мэдлэг, ур чадваргүй атлаа бордюраар эвээс хийж байшинг барьж гүйцэтгэсэн байна. Байшингийн дөрвөн буланг тойруулан замын бордюраар эвсэний улмаас байшин доошоо суулт өгч, үүнээс үүдэн хана цуурч, дээврийн хийц болон хаалга, цонх гажсаны улмаас уг байшинг цаашид хүн амьдрах зориулалтаар ашиглах боломжгүй, ердийн шаардлага, дундаж чанарт шууд нөлөөлөхөөр доголдлыг бий болгосон байна.

 

9. Талуудын хэн аль нь байшин суурилуулж хүлээлгэн өгсөнөөс хойш байшинд хөдөлгөөн орж, цонх цуурч, хаалга гажсан доголдол илэрсэнийг гүйцэтгэгчээс 3 удаагийн үйлдлээр очиж засварласан боловч үр дүн гараагүй үйл баримтыг тайлбарласан.

 

9.1 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь илэрсэн доголдлыг хариуцагчаар арилгуулах арга хэмжээ авсан боловч ажлын үр дүнгийн доголдол засагдаагүй, учирсан доголдол хэвээр байгаа болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд тодорхой үр дүнд хүрээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

9.2 Үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй. Харин гэрээний зүйлд доголдол үүсэхэд нэхэмжлэгч Б.Б-ээс шалтгаалсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна гэж үзэхээр байна. Учир нь,

9.2.1 Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т захиалагч нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй гэж заасан. Уг үүргийн хүрээнд захиалагч нь байшингийн дөрвөн буланг тойруулан замын бордюраар эвээс хийх замаар байшинг барихад доголдол үүсэх эсэх талаар тусгай мэдлэгтэй этгээдээс тодруулсаны дараа бариулах боломжтой байхад тэрээр өөрөөс шалтгаалах арга хэмжээг авахгүйгээр гүйцэтгэгчийг байшинд замын бордюраар эвээс хийж барих нөхцлийг бүрдүүлсэн байна.

 

9.2.2 Иймд хариуцагч М к ХХК-д шилжүүлсэн ажлын хөлс 40,250,000 төгрөгийн мөнгөн хөрөнгөөс 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-ийн буруутай үйлдэлд тооцон, мөн тухайн байшинд тодорхой хугацаанд амьдарсан байдал зэргийг харгалзан нэхэмжлэгчид өөрт нь хариуцуулж, үлдэх 30,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

10. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх журамтай тул нэхэмжлэгч Б.Б-ээс 72 м.кв талбай бүхий сууцыг гаргуулж хариуцагч М к ХХК-д олгох нь зүйтэй.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 309,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

11.1 Шинжээч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг нэхэмжлэгчийн хүсэлтээр, Л т ХХК-ийг хариуцагчийн хүсэлтээр тус тус томилсон. Үүний дагуу шинжээч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажлын хөлс 1,544,400 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б, шинжээч Л т ХХК-ийн ажлын хөлс 2,500,000 төгрөгийг хариуцагч М к ХХК-иас тус тус төлсөн болох нь баримтаар тогтоогдсон. Зохигчид өөрсдийн тайлбар, татгалзлаа нотлох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлэх үүднээс шинжээч томилуулсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн ажлын хөлсийг зохигчдод хуваан хариуцуулах шаардлагагүй байгааг дурдах нь зүйтэй. /хх-89, 121/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М к ХХК-иас 30,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т, нэхэмжлэгч Б.Б-ээс 72 м.кв талбай бүхий сууцыг гаргуулж хариуцагч М к ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 309,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ