Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02045

 

 

 

 

 

 

 

2022 11 25 210/МА2022/02045

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/04085 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.К ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 40,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бямбасүрэн, хариуцагчийн төлөөлөгч А.Хонгорзул, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б.Б нь 2019 онд өөрийн дүү Г-ийн эзэмшлийн газар болох Сүхбаатар дүүрэг, *** дүгээр хороо, Шарга Морьт зуслан, ***тоот хаягт бүртгэлтэй, 0.07 га талбайтай газарт өөрөө амьдрах дөрвөн улирлын байшин барихаар болсон. М.К ХХК бүх төрлийн зориулалтаар төмөр карказан амины орон сууц, зөөврийн болон зуслангийн сууцыг хүссэн хэмжээ, загвараар, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэсний дагуу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр дөрвөн улирлын, канад хаус, 72 м.кв хэмжээтэй, нэг давхар гурван өрөө байшин барих, төмөр карказын нэг м.кв-ын үнийг 480,000 төгрөгөөр тооцож, өрөө тасалгаа бүр дээр материалын зардал нэмэгдэж, үүдний террас 2x5 хэмжээтэй нэг м.кв-ын үнэ 180,000 төгрөгөөр тооцож, нийт 40,250,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. Гэрээний 3.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг захирал А.Х-ын Хаан банкны дансанд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Харин үлдэгдэл төлбөрт 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 16,000,000 төгрөг, мөн өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2,250,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Гэрээний 2.6-д гүйцэтгэгч компани ажлын 10 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ гэсэн ч ажлын 7 хоногт 8 цагаар ажиллаж дуусгасан. Гүйцэтгэгч нь байшин барих талбайгаа нарийн шинжлэн судалж, өөрийн мэргэжлийн дадпага туршлагад тулгуурлан аливаа доголдолгүй, чанартай, олон жил тайван, тухтай амьдрах байшин барьж өгөх үүрэгтэй. Гэтэл тус байшингийн доогуур суурийг гүйцэтгэхдээ газартаа төмөр карказыг бетонон хашлагаар даруулан бат бөх хийгээгүйгээс болоод тулгуур бетон нь газрын гүн руу шигдэн байшин тэр чигтээ далийж гажсан, байшингийн гол нуруу, дээвэр дуу орж, хөдөлгөөнд орж эхэлсэн, зориулалтын бус модон нимгэн хавтангаар хийсэн шал нь шаардлага хангаагүй. Мөн өвөл таазны бүх рэйк мод хадааснаасаа сугарч, толгой дээр хадаастай мод унахаар болсон, таазны дулаалга ангайх үед ил хүйтэн байдалтай, цахилгаан утсууд ил цухуйсан байдалтай болсон, 2 цонхны ташуудаа бүтэн цуурсан, өрөөний хаалганууд гажиж хаагдахаа больсон, шал нь голдоо хотойж нум хэлбэртэй болж, байнгын хөдөлгөөн, доргилт ихтэй болсон. Бид гэр бүлээрээ 2 жилийн турш амьдрахад 2020, 2021 оны өвөл доголдлууд илэрч, өөрчлөлтүүд гарсан ба доголдлын талаар А.Х-Д захиралд удаа дараа утсаар, мессежээр мэдэгдсэн. Улмаар 3 удаа засвар хийхдээ 2 удаа хаалга сольсон, 2 цонх бүтнээр нь сольж өгсөн. Гэсэн ч байшин бүхэлдээ ганхаж байсан тул би дахин эвдрэл гарсан талаар хэлэхэд огт хариу өгөхөө больсон. Бид хэзээ мөдгүй нураад унах байшинд амьдрах боломжгүй, маш их эрсдэлтэй болсон тул 2021 онд нүүж гарсан. Иймд миний бие М.К ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн 40,250,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манайх захиалагч Б.Бтэй 2019 онд зөөврийн сууц барих, угсарч байршуулах гэрээ байгуулсан. Захиалагчийн хүссэн газар дээр, хүссэн зураг хийцийн дагуу угсралт хийж өгсөн болохоос тоосго, бетоноор хийгээгүй тул геодезийн судалгаа хийх шаардлагагүй. Захиалагч дахин зөөвөрлөх боломжтой гэж манайхаар зөөврийн сууц хүний газар дээрээ байршуулсан. Зөөврийнх тул бетонон суурь хийх шаардлагагүй, хөрсний шинжилгээ хийлгэх үүрэг гэрээгээр хүлээгээгүй. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан зүйлд зөөврийн сууц орсныг шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Нэхэмжлэгч зөөврийн гэдгийг мэдсэн учраас гэрээ байгуулсан, эрх зүйн бүрэн чадамжтай хүн нөхцөл байдлыг ойлгож гарын үсэг зурсан. Компани зөөврийн сууцыг угсарч, түлхүүрийг гардуулсан. Гэрээний 5.7-д зааснаар ивүүр хийхгүй, байршуулж угсруулсан. Бид мэдэгдсэнээр замын бордюраар ивсэн, эрсдэлтэй нөхцөл байдлыг мэдэж, захиалагчид хэлсэн, хариуцагч бүхий л боломж арга хэмжээг авсан. Энэ бол суурь биш ивээс. Үл хөдлөх хөрөнгө биш гэдгийг төрийн байгууллагын лавлагаагаар тогтоосон. Нэхэмжлэгч тухайн үед доголдол байгаагүй, 2020, 2021 оны өвөл илэрсэн гэдэг. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан. Барилга, байгууламж гэж үзэх боломжгүй тул шаардах эрхээ нэхэмжлэгч тал алдсан гэж харагдаж байна. Хэрэгт авагдсан баримт, шинжээчийн дүгнэлтээр ажил гүйцэтгэх гэрээнээс доголдол гаргасан гэдэг нь нотлогдохгүй, өвөл доголдол гарсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зөөврийн сууцанд зөвхөн түц ажиллуулдаг гэдэг нь явцуу ойлголт, түүнийг яаж хэрэглэх нь үйлчлүүлэгчийн эрхийн асуудал. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М.К ХХК-аас 30,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт, нэхэмжлэгч Б.Бээс 72 м.кв талбай бүхий сууцыг гаргуулж хариуцагч М.К ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 309,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Маргааны гол зүйл бол ажлын үр дүн болон доголдол үүсэх болсон шалтгаан, нөхцөл. Доголдлын гол үндэс бол геологийн дүгнэлт гаргуулаагүй, тухайн газар, хөрсний шинж чанарт тохируулан барилгын суурь хийгдээгүй, үйлдвэрт бэлтгэсэн авто замын хашлага бетон хийцийг байрлуулж дээр нь барилга босгосон, суурь хийгээгүйгээс уг доголдол эрт оройгүй илрэх байсан талаар шинжээч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын зөвлөх инженер Ц.Алтансүхийн дүгнэлтэд дурдсан. Зөөврийн сууц байх эсэхээс үл хамааран Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9-д заасны дагуу барилгын ажил гүйцэтгэгч этгээд нь аливаа барилгыг бүрэн хүлээлгэж өгөх үүрэгтэй бөгөөд үүнд суурь багтаж байна.

4.б. Талуудын гэрээгээр захиалагчид түлхүүр гардуулж өгөх нөхцөлийг тохирсон. Захиалагчийн зүгээс барилгын тусгай мэдлэг байхгүй тул барилгын компанид ажлын хөлсийг бүрэн төлснөөр дөрвөн улирал амьдрах сууц бариулахаар хандсан. Ямар ч барилга суурьгүй, дөрвөн ханагүй, хучилтгүй, эсхүл дээвэргүй байх боломжгүй. Суурь бол зөөврийн барилга эсэхээс үл хамааран заавал байх ёстой үндсэн үзүүлэлт. Тухайн барилгын бүх ачааг хүлээн авч буурь буюу газарт дамжуулах үүрэгтэй барилгын бүтээцийг суурь гэдэг. Суурийн хийц хэлбэр хэмжээ нь тухайн барилга барих газрын хөрснөөс хамаарна. Тодруулбал, газрын хөрснөөс хамааран 4 төрлийн суурийн нэгийг хийх ёстой байсан. Энэ талаар хэрэгт авагдсан хоёр шинжээчийн дүгнэлтэд дурдсан. Гэтэл гүйцэтгэгч байгууллага нь замын бордюр ивээс хийх замаар суурийг орлуулж болохоор зөвлөгөө өгсөн, бид суурь хийх ажлыг гэрээгээр хүлээгээгүй, нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой гэх үндэслэл нь буруу юм. Барилгын тухай хуулиар гүйцэтгэгч байгууллага ямар ч барилга байсан барилгын суурийг хариуцна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны талаар зөв дүгнэлт хийсэн хэрнээ нэхэмжлэгчийг өөрөөс шалтгаалах арга хэмжээ аваагүй гэж хууль буруу тайлбарласан, мөн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна гэж зөрүүтэй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.в. Хариуцагч нь хүн амьдардаггүй зөвхөн барилгын талбай дээр түр хугацаанд ашигладаг зөөврийн барилга байгууламжийг санал болгож зуслангийн зориулалтаар ашиглах боломжтой гэж худал мэдээлэл өгсөн. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 211 тоот тушаалын хавсралтаар Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тодорхойлсон. Гэтэл хариуцагч байгууллага нь барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг шаардлагыг огт баримтлаагүй. Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан механик аюулгүй байдлыг хангах зарчмыг ноцтой зөрчсөний улмаас нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн хүмүүс амьдрах боломжгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Түр барилга байгууламж нь хүний амьдрах зориулалттай сууц биш, харин түр ажилчдыг амраах, дулаацуулах, бие засах түр газар зэрэг байдлаар ашиглах зориулалттай. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 56 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг мэдээллийн санд бүртгэх журам-ын 1.4, 1.5.7, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын баталсан Хотын стандартын 3.2, 12-т зааснаас дүгнэхэд, анхнаасаа хариуцагч нь амины орон сууц, эсхүл хүн амьдрах зориулалтгүй түр барилга байгууламжийг нэхэмжлэгчийн тусгай мэдлэг байхгүйг далимдуулж дөрвөн улирлын зориулалттай зуслангийн зориулалтаар ашиглаж, амьдрах боломжтой гэж итгүүлэн зориулалтын бус байгууламж нийлүүлсэн байх бөгөөд үүнээс үүдэн барилгад доголдол үүссэн нөхцөл байдал бий болсон. Нэхэмжлэгч нь гэрээнд тусгагдсан зөөврийн гэдэг үгийг анзаараагүй. Хариуцагчид хөрсний талаарх мэдээллийг өгсөн, чанартай барилга бариулах хүсэлтэй байгаагаа ч дурдаж байсан ба тухайн үед зөөврийн гэх агуулга болон хүсэл зоригоо илэрхийлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга: Талууд зөөврийн сууц барина гэж тохиролцон гэрээ байгуулсан. Зөөврийн сууцны бүх ажлыг дуусгаад түлхүүр гадуулах нөхцөлөөр хүлээлгэж өгсөн. Тухайн зөөврийн сууцны шал суурь зэргийг төмөр карказаар араамыг зангидаж, шалны халаалт, дотор цахилгааны мантааж зэргийг хийж өгсөн. Худалдаж авсан иргэн өөрөө хаана байршуулж, ямар зориулалтаар ашиглах нь тэдний зорилго бөгөөд манайх гэрээнд заасан нөхцөлөөр зөөврийн суурийг хүлээлгэж өгсөн. М.К ХХК-д суурь болон хөрс нь хамааралгүй. Учир нь зөөврийн сууцыг А байрлалд байрлуулаад дараа нь Б байрлалд дахин зөөгөөд ашиглах боломжтой. Гэтэл манайхаас байршлаа өөрчлөх бүрд суурь бэлдэж өгөх боломжгүй. Тухайлбал, захиалагч нь тухайн зөөврийн сууцыг барихад хөрс нь бага зэргийн хазгай байсныг тэгшилж янзалсан. М.К ХХК-аас зөөврийн сууцыг угсрахад үндсэн хөрс нь цэвдэг намагтай, чийгшил ихтэй байсан учраас захиалагч өөрөө хөрснөөс хөндий тавиулна гэж санал гаргаснаар ивээс тавиулж нэмэлт төлбөр төлсөн. Гомдолд дурдсан доголдол нь өвлийн улиралд үүсдэг бөгөөд шинжээчийн дүгнэлтэд энэ талаар тайлбарласан. Тухайлбал, хөрснөөс хамаараад зөөврийн сууцанд доголдол үүссэн. Үүнд зөөврийн сууцыг чанаргүй гүйцэтгэснээс үүдэн дотор талд нь доголдол үүсээгүй буюу гадны нөлөөнөөс хамаарч доголдол үүссэн. Мөн зөвхөн дөрвөн буланд эвүүр хийснээс үүдэн зөөврийн сууцанд суулт үүссэн гэж тайлбарласан боловч зөөврийн сууцыг олон дахин зөөвөрлөх боломжтойгоор төмөр карказаар барьж хоорондоо 61 см зайтай 30 ширхэг суурь орсон. Анх хүлээлгэж өгөхөд хөрснөөс хөндий тавигдсан зургийг одоогийн бодит зурагтай харьцуулахад нийт талбайгаараа цэвдэгтэй учраас эвүүр нь харагдахгүй хөрсөн дээр нь суурь тавьсан мэт харагддаг. Тухайлбал, хөрснөөс хамаараад үндсэн сууцад доголдол үүссэн бөгөөд хөрс болон суурийг М.К ХХК хариуцах нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.К ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 40,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч М.К ХХК нь өвлийн дөрвөн улирлын зориулалттай, 72 м.кв талбай бүхий сууцыг сүүдрэвчийн хамт ажлын 10 өдөрт багтаан хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Б.Б нь урьдчилгаанд 20,000,000 төгрөг, ажлын үр дүн хүлээлгэн өгсний дараа 20,300,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон болох нь ажил гүйцэтгэх гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. (хэргийн 6-11 дэх тал)

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, мөн гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Дээрх гэрээнд тохиролцсоноор нэхэмжлэгч ажлын хөлсөнд 40,250,000 төгрөг төлсөн, хариуцагч 72 м.кв талбайтай сууц, 10 м.кв талбайтай сүүдрэвч барьж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон, энэ талаар талуудын маргаангүй байна.

 

5. Анхан шатны шүүх барилгын металл рам гажиж, шаланд суулт өгч, хана, хучилт, дээврийн хийц гажиж эвдэрч гэмтсэн, хаалга гажсан буюу ажлын үр дүнд доголдол илэрсэн үйл баримтыг зөв тогтоосон боловч уг доголдол үүсэхэд нөгөө талаа буруутай гэж маргаж буй зохигчдын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.

5.а. Тодруулбал, байшингийн суурийг замын бордюраар ивээс хийж барьсан хариуцагчийн үйлдэл, ивээс хийж болох эсэх талаар тусгай мэдлэг бүхий этгээдээс урьдчилан тодруулаагүй буюу өөрөөс шалтгаалах арга хэмжээ аваагүй нэхэмжлэгчийн эс үйлдэхүйн улмаас доголдол үүссэн гэх шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.

5.б. Шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харьцуулан дүгнэвэл, тухайн газрын ул хөрс нь хүчтэй овойлт үүсгэх, улирлын шинж чанартайгаар чийг нэмэгдэх үед маш хүчтэй овойлт үүсгэх онцлог шинжтэй байх бөгөөд барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө мэргэжлийн байгууллагаар газрын хөрсний бүтэц, хөрсний усны түвшин, цэвдэгшилт зэргийг тодорхойлуулсны үндсэн дээр эрх бүий этгээдээр зураг төсөл хийлгэж, хөрсний шинж чанарт тохирсон барилгын бүтээцийг сонгож, барилгын суурь хийх байсныг мөрдөөгүй байна. (хэргийн 85-89, 93-116 дахь тал)

5.в. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь барилгын ажлыг зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, мөн хяналт тавих үүрэгтэй бөгөөд барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглосон. Шинжээчийн дүгнэлтэд хариуцагч тус зохицуулалтыг зөрчсөн талаар дүгнэсэн.

5.г. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах асуудлыг захиалагч хариуцах боловч нэхэмжлэгч нь тухайн газарт өмнө баригдсан байшин газрын намаг, цэвдгээс болж цуурсан талаар хариуцагчид мэдэгдэж, үзүүлсэн байхад хариуцагч зураг төсөл шаардаагүй байна. (хэргийн 51-56, 68 дахь тал)

5.д. Түүнчлэн үүргийн гүйцэтгэлийн чанарыг зохицуулсан Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүн нь ердийн шаардлагад нийцсэн буюу жилийн аль ч улиралд сууцны зориулалтаар ашиглах боломжтой, дундаас доошгүй чанар бүхий байна. Гэвч хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн цаашид хэвийн ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон тул түүнийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан захиалагчийн өмчлөлд доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзнэ.

 

6. Шинжээчийн дүгнэлтэд ажлын үр дүнг хийгдсэн бүх ажлыг үе шатаар бүрэн буулгаж, геологийн дүгнэлт, барилгын зураг төслийг үндэслэн барилгын суурийг хийж, дахин шинээр барилгын ажлыг гүйцэтгэх шаардлагатай талаар дүгнэсэн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй, анхан шатны шүүх мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

7. Харин шүүх талуудын гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаахдаа баригдсан сууцыг хариуцагчид, шилжүүлсэн 40,250,000 төгрөгөөс 30,250,000 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус буцаан олгож, 10,000,000 төгрөгийг хасаж тооцсон нь буруу байна.

 

Учир нь, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулсантай холбоотой хариуцагч хохирол шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т заасныг хэрэглэсэн нь буруу байгааг залруулах нь зүйтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчаас 40,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/04085 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 30,250,000 гэснийг 40,250,000 гэж, олгож, нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг олгосугай гэж, 2 дахь заалтын 309,200 гэснийг 359,200 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА