Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2022/01924

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2022/01924

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: В.Ц/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э ХХК/РД:/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шиймтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч В.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Ажлаас үндэслэлгүйгээр халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар: В.******* миний бие*******ХХК-нд 2019 оны 12-р сарын 16-ны өдөр Пүү хариуцсан оператороор анх ажилд орж улмаар 2019 оны 12-р сарын 30-ны өдрөөс Геологи, уул уурхайн албаны аж ахуйн ажилтнаар, 2020 оны 04-р сарын 06-ны өдрөөс Захиргаа, хүний нөөцийн албаны худалдан авалтын мэргэжилтнээр, 2021 оны 01 сарын 18-ны өдрөөс Худалдан авалт, хангамжийн хэлтсийн Худалдан авалтын мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болно.

Миний бие 2021 оны 07-р сарын 01-ний өдрөөс 07-р сарын 28-ний хооронд ээлжийн амралттай байсан бөгөөд энэ хугацаанд ажил олгогчоос Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07-р сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор тус компанийн бүтэц, орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлж шийдвэрлэсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад дурдсан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн нөхцөл бий болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Худалдан авалтын мэргэжилтэн албан тушаалтай В.Цогт- Очир тантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 08 сарын 09-ний өдрөөр дуусгавар болгож цуцлах болсоныг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл гарган манай хэлтсийн даргад өгсөн байдаг болно. Миний бие энэхүү мэдэгдэлийг ээлжийн амралттай байсан тул хүлээн аваагүй бөгөөд манай хэлтсийн дарга миний өмнөөс гарын үсэг зуран хүлээн авсан байдаг болно.

Улмаар энэхүү мэдэгдэлдээ үндэслэн Гүйцэтгэх захирлын 2021 оны 08 сарын 09-ний өдрийн Б/291 тоот тушаалаар Компани тухай хуулийн 83.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.5, 42.1 43.1 дэх заалт,*******ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07-р сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоолыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан болно.

Дээрх шийдвэрийн нь дараах шалтгааны улмаас хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

а. Ажил олгогч нь мэдэгдэлдээ бүтэц, орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлж шийдвэрлэсэн гэсэн боловч тушаалдаа бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн гэж заасан байгаа нь орон тоо хасагдсан эсхүл цөөрүүлсэн гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд намайг ямар үндэслэлээр ажлаас халсан нь тодорхойгүй байна.

Мөн түүнчлэн миний ажиллаж байсан Хангамж, худалдан авалтын хэлтэс нь Хангамж, худалдан авалтын газар болж/дотроо Хангамжийн хэлтэс, Худалдан авалтын хэлтэс, Тээвэр, олон нийттэй харилцах хэлтэс/ өргөжсөн бөгөөд миний ажиллаж байсан албан тушаал хасагдаагүй, мөн цөөрөөгүй бөгөөд өөр хүн шилжин ажиллаж байгаа болно.

b. Хөдөлмөрийн хуулийн дагуу ээлжийн амралттай байхад албан тушаалыг хэвээр хадгалахын оронд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах мэдэгдлийг хэлтсийн даргад өгч /надад өгөөгүй бөгөөд хүлээн авсан гарын үсэг нь минийх биш болно/ улмаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

с. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07-р сарын 06-ны өдрийн 25 дугаар тус компанийн бүтэц, орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлж шийдвэрлэсэн гэх тогтоолын дагуу манай байгууллагаас олон хүн халагдсан болно. Иймд Хөдөлмөрийн хуулийн дагуу манай байгууллагаас олон хүн халагдсан болно. Иймд Хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мөн мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байна.

Иймд В.******* миний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08-р сарын 09-ний өдрийн Б/291 тоот шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон тул В.******* намайг урьд эрхэлж байсан Худалдан авалтын мэргэжилтэн-ий ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр хариуцагчид даалгаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч В.*******ын өмгөөлөгч Х.Мөнхнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хууль зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэг ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцалсан. Мөн 40.5 дахь хэсгийг дурдсан. Нотлох баримт шинжлэн судлах явцад Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хэлцэл гарч ирсэн. Хэлцлийг 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Энэ хэлцэл тушаалтай авцалдахгүй байдаг. Ажлаас халагдсаны тэтгэмж олгох тухай захирлын А72 дугаар тушаал дээр гүйцэтгэх захирлын 2021 оны Б281-Б314 дүгээр тушаал хүртэл дугааруудыг дурдсан байдаг. Үүнийг тоолоод үзвэл 27 тушаал байна. 27 хүний Хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 27 хүн нь нийтээр халагдсанд орно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг удирдлага болгосон бол 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Үүнийг мөрдөөгүй. Мөн  Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах нөхцөлийг заасан. Ээлжийн амралттай байгаа хүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах ёстой. Ээлжийн амралттай байсан гэдэг нь мэдэгдэл болон тушаалаар нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. Энэ зүйл, заалтыг зөрчиж ээлжийн амралттай байгаа ажилтныг албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Тийм учраас нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. Худалдан авалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Ажилгүй байсан нийт 14 сар, 272 хоног байна. 272 хоногоос ээлжийн амралтын хоног, Улсын баяр наадмын 5 хоног, хүүхдийн баярын 3 хоног, цагаан сарын 3 хоног, эх үрсийн баярын 1 хоног, Чингис хааны мэндэлсэн өдрийн баярын 1 хоног, тусгаар тогтнолын баярын 1 хоног гээд нийт 13 хоног дээрээс нь ээлжийн амралтын 18 хоногийг хасахаар 241 хоног ажилгүй байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаан дээр 5, 6, 7 сарын цалин хөлс тусгагдсан. Дундаж цалин хөлсийг тооцох журмаар сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийн дунджаар тооцдог. 5, 6, 7 сарын дундаж цалин хөлс 3,574,470 төгрөгөөр бодогдож байгаа. Үүнийг ажлын 22 хоногт хуваавал хоногийн 162,476.90 мөнгө байгаа. Үүнийг ажилгүй байсан 241 хоногоор үржүүлэхээр 39,156,745 төгрөг байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. гэв.

 

Хариуцагч Эрдэнэс силвер ресурс ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагын талаар хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Мэдэгдэл гардан аваагүй гэх үндэслэлийн талаар: В.******* нь Худалдан авалт, хангамжийн хэлтсийн Худалдан авалтын мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/291 дүгээр тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрсөнтэй холбогдуулан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

В.*******т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасны дагуу 2021 оны 07-р сарын 09-ний өдөр дараах байдлаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Тухайн үед В.******* нь ээлжийн амралттай байсан бөгөөд түүний утас руу хүний нөөцийн мэргэжилтэн Э.Мөнхгэрэл нь олон удаа залгасан боловч огт утсаа авахгүй байсан ба тухайн үед В.Мөнх-Очирын ажиллаж байсан хэлтэс болох Худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга Н.Сурагжавт мэдэгдэж, утсаа авахгүй байна яаж холбогдох вэ? гэж асууж байсан байдаг.

Гэтэл хэсэг хугацааны дараа Н.Сурагжав дарга хүний нөөцийн мэргэжилтэн Э.Мөнхгэрэлтэй ирж уулзсан байдаг. Ирж уулзахдаа В.******* надруу залгалаа, мэдэгдэлийг намайг ав, өөрөө лагер дээрээ байгаа гэж байна, ээлжийн амралтаа дуусгаад ирээд авна гэж байна гэж хэлэхэд нь хүний нөөцийн мэргэжилтэн Э.Мөнхгэрэл Н.Сурагжав даргад 2 хувь мэдэгдэлийг өгөөд Н.Сугаржав дарга ******* гэж бичээд 2 хувь мэдэгдлийн 1 хувийг нь хүний нөөцийн мэргэжилтэн Э.Мөнхгэрэл нь В.*******ын хувийн хэрэгт хавсаргасан байдаг.

Ингээд Худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга Н.Сугаржав нь В.*******ыг ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орж ирэхэд нь түүнд мэдэгдэлийн 1 хувийг гардуулсан байдаг.

В.*******той 2021 оны 08 дугаар сарын 9-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хэлцэл хийсэн байдаг. Уг хэлцлээр В.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж байгаа болохыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг./хэлцэлийг нотлох баримтаар хавсаргав/

В.*******той 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр*******ХХК-д ажлаас халагдсанын тэтгэмжийг 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр олгуулах тухай хүсэлт гаргасан байдаг, уг хүсэлтдээ ... /2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлийн дагуу/ гэж бичсэн байдаг, энэ хүсэлтийг үндэслэн компаниас түүнд 2021 оны 08-р сарын 18-ны өдрийн А/72 тоот тушаалаар 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг зөвшөөрсөн байдаг.

2021 оны 08-р сарын 11-ний өдөр орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтнууд ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг нэмж олгуулах тухай хүсэлт гаргасан байдаг ба уг хүсэлтэд В.******* нь мөн гарын үсэг зурсан байгаа нь ажлаас чөлөөлөгдөж байгаагаа мэдэж байсан, ажлаас чөлөөлөгдөж байгаагаа хүлээн зөвшөөрснийг илэрхийлж байгаа явдал юм.

Иймд компани Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг В.*******т мэдэгдсэн гэж үзэж байна.

Мөн В.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07-р сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоолоор тус компанийн бүтэц, орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлж шийдвэрлэсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад дурдсан аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн нөхцөл бий болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу худалдан авалтын мэргэжилтэн албан тушаалтай В.******* тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 08 сарын 09-ний өдрөөр дуусгавар болгож цуцлах болсоныг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл гарган ... гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ мэдэгдэлийн утга агуулгыг бүрэн гүйцэт бичсэн байгаа нь 2021 оны 07 сарын 09-ний өдрийн мэдэгдэлийн талаар нэхэмжлэгч нь мэдэж байсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэлдээ мэдэгдлийг хүлээн аваагүй гэсэн хэдий ч мэдэгдэлийн утга агуулгыг бүрэн мэдэж байгаа нь нэхэмжлэгчийг мэдэгдэлийг хүлээн авсан гэдгийг нотолж байх байна.

Иймд дээрх нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч мэдэгдэлийг хүлээн аваагүй учраас гүйцэтгэх захирлын 2021 оны 08-р сарын 9-ний өдрийн Б/291 тоот тушаалыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

2. Тушаал хууль зүйн үндэслэлгүй гэх үндэслэлийн талаар: Нэхэмжлэгч нь мэдэгдэл, тушаал 2-ын үндэслэл тодорхойгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

Компаниас түүнд гардуулсан мэдэгдэл болон тушаалын аль алиныг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслэн гаргасан нь өөрөө тушаалын хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлсон, өөрөөр хэлбэл мэдэгдэл болон тушаалд үгийн зөрүүтэй бичсэн байгаа нь тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

3. Ажиллаж байсан албан тушаал хасагдаагүй, мөн цөөрөөгүй, өөр хүн шилжин ажиллаж байгаа гэх үндэслэлийн талаар: Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Компанийн зохион байгуулалт, бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай 01 дүгээр тогтоолоор нийт 264 орон тоотой байхаар батлагдсан байдаг.

Дээрх тогтоолтой холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 26-ний өдөр гүйцэтгэх захирлын А/15 дугаартай Бүтцийн нэгжийн ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал гарсан. Уг тушаалын 1-р хавсралтаар ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан байдаг. Уг жагсаалтаар Худалдан авалт, хангамжийн хэлтэс нь худалдан авалтын мэргэжилтний 3 орон тоотойгоор 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдаг.

Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Компанийн зохион байгуулалтын, бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай 25 дугаар тогтоол гарч,*******ХХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц дэх орон тооны хязгаарыг 179 байхаар тогтоосон. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан ТУЗ-ийн 2021 оны 01-р сарын 07-ны өдрийн 01-р тогтоолыг хүчингүйд тооцсон.

ТУЗ-ийн 25-р тогтоолоор В.*******ын ажиллаж байсан Худалдан авалт, хангамжийн хэлтэс нь Худалдан авалт, хангамж, дэд бүтцийн газар болон өөрчлөгдөж, дотроо Хангамжийн хэлтэс, худалдан авалтын хэлтэс, тээвэр, дэд бүтцийн хэлтэс гэсэн 3 хэлтэстэй байхаар тогтоосон.

ТУЗ-ийн 25-р тогтоолтой холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2021 оны 08-р сарын 09-ний өдрийн тушаалын 1-р хавсралтаар ажил, албан тушаалын жагсаалт батлагдсан. Уг жагсаалтаар Худалдан авалтын хэлтэст худалдан авалтын мэргэжилтэн 2 болж цөөрсөн, өөрөөр хэлбэл өмнөх бүтцээр 3 орон тоотой байсан В.*******ын ажиллаж байсан худалдан авалтын мэргэжилтний орон тоо 2 болж цөөрсөн байдаг.

Иймд нэхэмжлэлд дурдсан ажиллаж байсан албан тушаал хасагдаагүй, мөн цөөрөөгүй, өөр хүн шилжин ажиллаж байгаа гэдэг нь үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдийн улмаас нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Худалдан авалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Компани 2021 оны 08 сарын бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрсөн зарим ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтнуудыг ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан, сахилгын шийтгэл авч байсан эсэх зэргийг харгалзан үзэж шийдвэр гаргасан байдаг.

В.******* нь ажиллаж байх хугацаандаа шууд удирдлага болон Захиргаа, хүний нөөцийн хэлтэст мэдэгдэлгүй 2021 оны 03 сарын 12-ны өдрөөс 2021 оны 03-р сарын 19-ний өдрийг хүртлэх хугацаанд ажилдаа ирээгүй тул гүйцэтгэх захирлын 2021 оны 03 сарын 23-ны өдрийн Б/172 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл, мөн Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байх үедээ 6,600,000 төгрөгийн үнэ бүхий Цахилгаанчны хамгаалалтын иж бүрэн хувцасыг няравт хүлээлгэж өгөөгүй, үрэгдүүлсэн нь тогтоогдсон тул 2021 оны 06 сарын 30-ны өдрийн А/59 дүгээр гүйцэтгэх захирлын тушаалаар эд хөрөнгийн хариуцлага ногдуулж байсан, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэхдээ үнэнч шударга, хариуцлагатай гүйцэтгээгүй, ажилдаа хайнга хандаж сахилгын шийтгэл болон эд хөрөнгийн хариуцлага хүлээж байсан, бусад худалдан авалтын 2 мэргэжилтэн нь ямар нэгэн зөрчил, дутагдалгүй ажиллаж байсан зэрэг нь В.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл байдал бий болсон, өөрөөр хэлбэл түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах шаардлыг хангахгүй болсон талаар дурдах нь зүйтэй. гэв.

 

Хариуцагч*******ХХК-ийн өмгөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэл, асуулт, хариулт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндсэн 2 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. 1. Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд нэхэмжлэл гаргах эрх В.******* гэдэг хүнд байна уу гэдэгт эргэлзэж байна. Цаг хугацааны дарааллаар бүгдийн шүүгээд үзэх юм бол 07 дугаар сарын 06-ны өдөр ТУЗ-ийн 25 дугаар тогтоолоор компанийн орон тоог цөөрүүлсэн. Мэдэгдлийг хэлтсийн дарга нь мэдэгдсэн юм байна. 07 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа очсон байна. 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Ингээд 08 дугаар сарын 09-ний өдөр тушаал гарсан. 08 дугаар сарын 11-ний өдөр хамт чөлөөлөгдсөн 14 хүнтэй нийлээд хүсэлт өгсөн. Мөн өөрийн биеэр тусгайлан хүсэлт өгсөн. 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан хэлцэл болон өөрийнх нь өгсөн хүсэлтийг үндэслээд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр А72 тоот тушаал гараад 2 сартай тэнцэх хэмжээний үндсэн цалинг олгохоор шийдвэрлэсэн. Ингээд бүх юм дуусгавар болсон. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хамгийн анх нэхэмжлэл гаргасан. 09 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийг тус шүүх 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингээд 09 дүгээр сарын 22-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн иргэний хэрэг үүсгэсэн маргааны нэхэмжлэл 09 дүгээр сарын 22-ны өдөр ирсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан журмыг хангахгүй байна. Яагаад гэвэл тушаал гарснаас хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэ хугацаа өнгөрсөн. Тасалдсан хугацааг тооцож үзэх юм бол 6 хоногийн хэтрэлттэй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хоёрдугаарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлага түүнд хавсаргасан нотлох баримт тодорхой байх ёстой. Хэнээс юу шаардаад байгаа юм, хууль зүйн үндэслэл нь юу юм одоог хүртэл тодорхойгүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр Мэдэгдэл, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/291 дугаар В.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №03/003 тоот Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын Б/19 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/40 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр Мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хэлцлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны А/72 дугаар Ажлаас халагдсаны тэтгэмж олгох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ажилчдын хүсэлт, В.*******ын Тэтгэмж олгуулах тухай хүсэлт, Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаар Компанийн зохион байгуулалт, бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай тогтоол болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/15 дугаар Бүтцийн нэгжийн ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ХХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоол болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/63 дугаар Бүтцийн нэгжийн ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/172 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/59 дугаар Эд хөрөнгийн хариуцлага ногдуулах тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 10 дугаар 25-ны өдрийн Хүний нөөцийн мэргэжилтэн Э.Мөнхгэрэлийн тайлбар, Худалдан авалтын хэлтсийн дарга Н.Сугаржавын тайлбар,*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/07 дугаар Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Ээлжийн амралтын мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/309 дугаар Ажилд томилох тухай тушаал болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар Журам батлах тухай тогтоол болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сахилгын шийтгэл ногдуулах хуудас,*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/26 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхээс хариуцагчийн хүсэлтээр бүрдүүлсэн Мобиком корпораци ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 4/6246 тоот албан бичиг, Н.Сугаржав, Э.Мөнхгэрэл нарын гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч В.******* хариуцагч*******ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Худалдан авалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 39,156,745/гучин есөн сая нэг зуун тавин зургаан мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч*******ХХК нь нэхэмжлэлд дурдсан ажиллаж байсан албан тушаал хасагдаагүй, мөн цөөрөөгүй, өөр хүн шилжин ажиллаж байгаа гэдэг нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Худалдан авалт, хангамжийн хэлтсийн Худалдан авалтын мэргэжилтний албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/40 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын болон №03/003 Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн компанийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөр цуцалсан болох нь 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/291 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 40.1.1аж ахуйн нэгж ... салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; гэж заасан.

 

Хариуцагчийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хариуцагчийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан болох нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоол болон түүний хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоол болон түүний хавсралтад зааснаар Худалдан авалт, хангамжийн хэлтсийг 2/хоёр/ хувааж, Хангамжийн хэлтэс, Худалдан авалтын хэлтэс болгон бүтцийн өөрчлөлтөд оруулж, хариуцагчийн нийт орон тоо 264/хоёр зуун жаран дөрөв/ байсныг 179/нэг зуун далан ес/ болгон цөөрүүлсэн болох нь ТУЗ-ийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаар тогтоолын болон түүний хавсралтын хуулбар, ТУЗ-ийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоолын болон түүний хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 17 дугаар тогтоолын хавсралтаар*******ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмыг баталсан болох нь*******ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмын хуулбараар тогтоогдож байна.

 

Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмын 2-ын 2.1-т Гүйцэтгэх захирал нь ... дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ., 2.1.4-т ... зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт багтаан ажлын байрны нэр, орон тооны жагсаалт ... тодорхойлолтыг батлах. гэжээ.

 

Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмын 2-ын 2.1, 2.1.4-т зааснаар хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/309 дугаар тушаал болон түүний хавсралтаар Худалдан авалтын мэргэжилтний орон тоо 3/гурав/ байсныг 2/хоёр/ болгон орон тоог цөөрүүлсэн болох нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/15 дугаар Бүтцийн нэгжийн ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаалын болон түүний хавсралтын хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Бүтцийн нэгжийн ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаалын болон түүний хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмын 1-ийн 1.2, 2-ын 2.1, 2.1.4-т зааснаар хариуцагчийн гүйцэтгэх захирал нь 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Б/291 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.5Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд ... бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж ... хэлэлцээ хийнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь худалдан авалтын мэргэжилтний орон тоо 3/гурав/ байсныг 2/хоёр/ болгон цөөрүүлсэн байх тул ажилтнуудыг бөөнөөр халсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэхэмжлэгчид нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа эдэлж байсан болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ээлжийн амралтын мэдэгдлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тухайн үед Худалдан авалт, хангамжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Сугаржавт нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр цуцлах тухай мэдэгдлийг гардуулсан болох нь зохигчийн тайлбар, Мэдэгдэл, Н.Сугаржавын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, Э.Мөнхгэрэлийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид өөрт нь мэдэгдэх журмыг зөрчсөн байх боловч хариуцагчийн Худалдан авалтын мэргэжилтний орон тоо 3/гурав/-с 2/хоёр/ болж цөөрч, нэхэмжлэгч нь адил чанарын өөр ажил, албан тушаалд тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэгчийг Худалдан авалтын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/291 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд/1999 он/ нийцсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас бусад нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн хүлээн авахаас татгалзсан болох нь тус шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2021/10174 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тогтоосон журмаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх ба нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг дахин гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч В.*******ын урьд эрхэлж байсан Худалдан авалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 39,156,745/гучин есөн сая нэг зуун тавин зургаан мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч В.*******ын урьд эрхэлж байсан Худалдан авалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 39,156,745/гучин есөн сая нэг зуун тавин зургаан мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч В.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ