Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02079

 

 

*.*ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/01924 дугаар шийдвэртэй,

*.*ын нэхэмжлэлтэй

*** ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *** ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Пүү хариуцсан оператораар ажилд орж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Худалдан авалт, хангамжийн хэлтсийн Худалдан авалтын мэргэжилтнээр ажилласан.

Намайг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 28-ны хооронд ээлжийн амралттай байх хугацаанд ажил олгогчоос Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлэхээр шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны тоог цөөрүүлсэн нөхцөл бий болсон тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болгож цуцлах болсон талаар мэдэгдэл гаргасан.

Миний бие ээлжийн амралттай байсан тул энэхүү мэдэгдлийг хүлээн аваагүй бөгөөд манай хэлтсийн дарга миний өмнөөс гарын үсэг зурж хүлээн авсан.

1.2. Ажил олгогч нь мэдэгдэлдээ бүтэц, орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлж шийдвэрлэсэн гэсэн боловч тушаалдаа бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн гэж заасан нь намайг ямар үндэслэлээр ажлаас халсан нь тодорхойгүй байна.

1.3. Хангамж, худалдан авалтын хэлтэс нь Хангамж, худалдан авалтын газар болж өргөжсөн бөгөөд миний ажиллаж байсан албан тушаал хасагдаагүй, цөөрөөгүй өөр хүн шилжин ажиллаж байна.

1.4. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ээлжийн амралттай байхад албан тушаалыг хэвээр хадгалахын оронд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах мэдэгдлийг хэлтсийн даргад өгч хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан нь хууль зөрчсөн.

1.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар тус компанийн бүтэц, орон тоог хасаж, ажилтны тоог цөөрүүлж шийдвэрлэсэн тогтоолын дагуу манай байгууллагаас олон хүн халагдсан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мөн мэдэгдэх ёстой байсан.

*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/*** тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан Худалдан авалтын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *.* нь Худалдан авалт, хангамжийн хэлтсийн Худалдан авалтын мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/*** дүгээр тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрсөнтэй холбогдуулан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

*.*т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн.

Тухайн үед *.* нь ээлжийн амралттай байсан ба залгахад утсаа авахгүй байсан тул Худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга *.*д мэдэгдэж, тэрээр * гэж бичээд авсан.

Ингээд Худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга *.* нь *.*ыг ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орж ирэхэд нь түүнд мэдэгдлийг гардуулсан.

2.2. *.*той 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хэлцэл хийсэн. Уг хэлцлээр *.* нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж байгааг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

*.* ажлаас халагдсаны тэтгэмжийг 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр олгуулах тухай хүсэлтдээ ...2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлийн дагуу гэж бичсэн. Энэ хүсэлтийг үндэслэн компаниас түүнд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/** тоот тушаалаар 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон.

2.3. 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтнууд ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг нэмж олгуулах тухай хүсэлт гаргасан байдаг ба уг хүсэлтэд *.* нь мөн гарын үсэг зурсан нь ажлаас чөлөөлөгдөж байгаагаа мэдэж байсан, ажлаас чөлөөлөгдөж байгаагаа хүлээн зөвшөөрснийг илэрхийлнэ.

Мөн *.* нэхэмжлэлдээ мэдэгдлийн утга агуулгыг бүрэн гүйцэт бичсэн нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлийг мэдэж байсныг нотолж байна.

Иймд компани Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг *.*т мэдэгдсэн гэж үзнэ.

2.4. Компаниас түүнд гардуулсан мэдэгдэл болон тушаалын аль алиныг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн гаргасан нь тушаалын хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлсон, өөрөөр хэлбэл мэдэгдэл болон тушаалд үгийн зөрүүтэй бичсэн нь тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

2.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Компанийн зохион байгуулалтын, бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталж, *** ХХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц дэх орон тооны хязгаарыг 179 байхаар тогтоож, *.*ын ажиллаж байсан Худалдан авалт, хангамжийн хэлтэс нь Худалдан авалт, хангамж, дэд бүтцийн газар болон өөрчлөгдөж, дотроо Хангамжийн хэлтэс, худалдан авалтын хэлтэс, тээвэр, дэд бүтцийн хэлтэс гэсэн 3 хэлтэстэй болсон.

Дээрх тогтоолтой холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан жагсаалтаар Худалдан авалтын хэлтэст худалдан авалтын мэргэжилтэн 2 болж цөөрсөн.

Иймд нэхэмжлэлд дурдсан ажиллаж байсан албан тушаал хасагдаагүй, мөн цөөрөөгүй, өөр хүн шилжин ажиллаж байгаа гэдэг нь үндэслэлгүй.

2.6. Компани 2021 оны 08 сарын бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрсөн зарим ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтнуудыг ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байсан, сахилгын шийтгэл авч байсан эсэх зэргийг харгалзан үзэж шийдвэр гаргасан байдаг.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *.*ын урьд эрхэлж байсан Худалдан авалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 39,156,745/гучин есөн сая нэг зуун тавин зургаан мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *.*ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. *.*той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчиж ээлжийн амралттай байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалаагүй ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхгүй.

4.2. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд өгөөгүй болох нь хэргийн баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр нотлогддог.

Шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. *.* 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралтаа бүрэн эдэлж ажилдаа орж, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажиллаж, хөдөлмөрийн харилцаа энэ өдрөөр дуусгавар болсон.

Үүгээр нэхэмжлэл болон гомдолд дурдсан ээлжийн амралттай байхад ажил үүргээс чөлөөлсөн гэх ойлголт үгүйсгэгддэг.

5.2. Нэхэмжлэгчийг ажлаас халах тухай мэдэгдлийг түүнийг ээлжийн амралттай байсан тул нэгжийн удирдлагад өгсөн тухай баримт хэрэгт авагдсан.

Энэ баримт гэрч нарын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тухайн үед надтай холбогдоход даргаар дамжуулан авъя, би ээлжийн амралтаа дуусгаад даргаасаа биечлэн очиж авъя гэх тайлбараар тогтоогддог.

Хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болгох талаар нэхэмжлэгчид 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэж, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халах шийдвэр гаргасан.

5.3. Нэр бүхий 11 ажилтан 08 дугаар сарын 11-ний өдөр ажлаас халагдсаны тэтгэмжийг 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор болгох тухай хүсэлт өгснийг хэлэлцээд боломжгүй тухай хариу өгсөн.

Энэ өдөр ажилтан *.* 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олговол ажлаас чөлөөлөгдөх тухай шаардлага тавьсныг хүлээн зөвшөөрнө гэх хүсэлт гаргасныг үндэслэн 08 дугаар сарын 18-ны өдөр түүнд 2 сартай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгосон.

2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шинэ хэлцэл бий болсон буюу *.* нь өнгөрсөн үйл явдлыг хүлээн зөвшөөрч 2 сарын хугацааны тэтгэмж авахыг хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 39, 49, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт хэлцлийг үг үсэг агуулгаар нь тайлбарлана гэсний дагуу шинэ үйл явдал бий болж, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон.

Мэдэгдлийг өөрөө аваагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэл үүгээр үгүйсгэгдэнэ.

5.4. Мөн нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байхад халсан гэж үзэж байна уу, эсхүл мэдэгдлийг зохих журмын дагуу өгөөгүй гэж гомдол гаргаж байгаа эсэх нь эргэлзээтэй.

5.5. Байгууллагын орон тоо бодитойгоор цөөрсөнтэй нэхэмжлэгч тал маргаагүй. Хэрэв маргасан бол ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу тухайн чиглэлийн өөр ажил албан тушаалд дүйцүүлж шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх байсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 39,156,745 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. *** ХХК, *.* нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, *.* нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс тус байгууллагын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн худалдан авалтын мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 16, 18, 19, 20, 35/

 

4. *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг баримтлан компанийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн үндэслэлээр *.*той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлжээ. /хх 35/

 

5. Нэхэмжлэгч *.* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гомдлоо шүүхэд гаргасан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6. *** ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталж нэхэмжлэгчийн ажиллаж байсан Худалдан авалт, хангамж, дэд бүтцийн газрын хангамжийн мэргэжилтний орон тоог 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн байна. /хх 63, 67/

 

6.а. Хариуцагч байгууллага орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор *.*той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдлийг Худалдан авалтын хэлтсийн дарга *.*т 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн болох нь гэрч *.*ын ...*.* зуслан дээр байгаа хот орж чадахгүй тул мэдэгдлийг миний өмнөөс нэр бичээд авчих гэсний дагуу * гэж бичээд авсан гэх, гэрч Э.Мөнхгэрэлийн ...бүтцийн өөрчлөлт гараад бүх ажилчдад мэдэгдэл өгөх талаар удирдлагаас чиглэл өгсөн, тухайн үед * ээлжийн амралттай байсан тул утсаа аваагүй болохоор хэлтсийн дарга *.*д мэдэгдлийг өгөөд *.*ын нэрийг бичүүлж авсан гэх мэдүүлэг болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх159, 161/

 

6.б. Нэхэмжлэгч *.* нь уг мэдэгдлийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан байна. /хх 159/

 

Иймээс хариуцагч *** ХХК-ийг нэхэмжлэгч *.*т хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

 

7. Талууд ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулиар тогтоосон журмыг баримталсан эсэх талаар маргаж байна.

 

7.а. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр зохицуулсан.

 

Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан сарын өмнө мэдэгдэх гэснийг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулна гэж тайлбарлажээ.

 

7.б. Анхан шатны шүүх ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд өөрт нь мэдэгдэх журмыг зөрчсөн гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч адил чанарын өөр ажил, албан тушаалд тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах замаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч *.*ын ажиллаж байсан Худалдан авалт хангамжийн хэлтэс нь Худалдан авалт, хангамж, дэд бүтцийн газр болж өөрчлөгдсөн байх тул 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *.*ыг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт дахь 3, 4, 5 дугаар сарын цалин хөлсний дундаж 2,425,151 төгрөгийг түүний ажилгүй байсан 15 сар 3 хоногийн хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааны олговорт 36,715,658 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,441,087 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов. /хх7/

 

9. Мөн нэхэмжлэгчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байхад хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь буруу гэх гомдол үндэслэлгүй тул хангахгүй.

 

Учир нь нэхэмжлэгч *.* 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 27-ны өдрүүдэд ээлжийн амралттай байсан болох нь хэргийн 163 дахь талд авагдсан ээлжийн амралтын мэдэгдлээр тогтоогдож байх ба ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарах үед ажилтан ээлжийн амралтаа дуусгаж ажилдаа орсон байна.

 

11. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 341,528 төгрөг гаргуулж улсын орлогод оруулна.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/01924 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *.*ыг Худалдан авалт хангамжийн газарт өмнө эрхэлж байсан албан тушаалтай адил чанарын өөр албан тушаалд томилохыг хариуцагч *** ХХК-д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 36,715,658 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,441,087 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...57 дугаар зүйлийн 57.1, 57.3 гэснийг ...56 дугаар зүйлийн 56.2, 60.1 гэж, ...дурдсугай. гэснийг ...дурдаж, хариуцагч *** ХХК-аас 341,528 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *.*ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ