Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2022/01977

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сары07 өдөр

181/ШШ2022/01977

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.У/РД: /,

 

Нэхэмжлэгч: Г.М/РД: /,

 

Нэхэмжлэгч Б.М/РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Э/РД: /,

 

Хариуцагч: С.О/РД: / нарт холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******/цахимаар/, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.*******, Г.Мөнх-Оргил, Б.Мишээл нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021.06.11-ний СБД-ийн шүүхийн шийдвэрээр СБД-ийн 13-р хороо, Хангайн 23-р гудамжны 70 тоот, гэр бүлийн хэрэгцээний 700 м2 газрыг Д.******* миний бие болон хүү*******,******* бид 3-ын өмчлөлд шилжүүлсэн. Бид Дорнод аймагт амьдардаг учир уг газраа хэрэглэдэггүй байсан.

Шүүхийн шийдвэр гарсны дараа уг газар дээрээ ирэхэд 2 гэр айл амьдарч байсан. Дуудаж уулзахад нэг айлын эзэн нь өөрийгөө******* гэж танилцуулсан. Тэгээд энэ газраа Бат-Эрдэнээс мөнгө зээлээд зээлийн барьцаанд алдчихсан, хажуу талд нь манай газар байгаа бид ах, дүүсээрээ энэ хашаанд амьдардаг байсан. Би ах, дүүсдээ хэлж байгаад намар энэ газрыг чинь чөлөөлөөд өгье гэж хэлсэн. Намар нь ирж уулзахад хавар чөлөөлөөд өгье гэх мэтээр хугацаа сунгаад байсан. Мөн үүнээс хойш түрээсийн төлбөр төлөөд амьдарч байя гэж хэлж байсан.

Би олон удаа ирж уулзсан боловч газрыг маань чөлөөлж өгөөгүй. Энэ хавар би өөрийн дүү Шинэбатынхыг уг газар дээрээ буулгах гэсэн боловч*******ынх болон*******ынх уг газрыг чөлөөлж өгөхгүйгээр барахгүй одоог хүртэл хаалга үүдээрээ ч оруулахгүй байна.

Одоо уг газар дээр С.Эрдэнэбатынх болон түүний дүү С.Отгонбатынх амьдарч байгаа. Иймээс уг газрыг хууль бусаар эзэмшээд байгаа С.Эрдэнэбат, С.Отгонбат нараас чөлөөлж өгнө үү. гэв.

 

Хариуцагч С.Эрдэнэбат, С.Отгонбат нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч С.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******ийн нөхөр болох С.Бат-Эрдэнэтэй зээлийн гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд С.Бат-Эрдэний хаан банкин дах дансруу С.Эрдэнэбат миний бие 15 хоног болгон зээлийн хүү болох 50,000 төгрөг шилжүүлдэг байсан. С.Бат-Эрдэнэ, Д.******* нар нь мөнгө хүүлдэг байсан тул тухайн үед зээлийн гэрээ гэж гарын үсэг зуруулсан. Миний эгч С.Оюунчимэг нь 600,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлнө, хаана байна гэхэд С.Бат-Эрдэнэ, Д.******* нар нь алга болсон.

Бид зээлийн гэрээний дагуу мөнгө төлөөд газраа суллаж авья гэж зөндөө шаардсан боловч ор сураггүй алга болж байгаад гэнэт газраа чөлөөл би авсан гэж гарч ирсэн. Тэгээд газрын албанд очиход нэр нь өөрчлөгдсөн байсан.

Тэгээд бид С.Бат-Эрдэнийн хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шуухэд хандсан боловч хаягтаа байхгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Д.*******, С.Бат-Эрдэнэ 2 нэгдмэл санаатайгаар биднийг залилсан болохыг хожим мэдсэн.

Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулж байгаа бөгөөд бидний газрын зээлийн гэрээний барьцаа хэлбэрээр авч байна гэтэл өмчлөлийг шилжүүлэн авч залилсан байна.

Газрын эзэмшлийн хувьд хууль ёсны бөгөөд шударга эзэмшигчид байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч С.Эрдэнэбат, С.Отгонбат нарын өмгөөлөгч М.Шаравнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1062 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.*******ийн гэр бүл цуцлах, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох н.Бат-Эрдэнийн нэр дээр байсан тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон байдаг. Тухайн шийдвэрийг хариуцагчийн зүгээс мэдэж байгаагүй. Ийм үйл явдал болсон талаар мэдээгүй. н.Бат-Эрдэнэ газрыг та бүхний нэр дээр шилжүүлнэ гээд яваад байдаг. Ингээд арга бараад 2014 оны 08 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17291 дугаартай Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч н.Бат-Эрдэнэ тус хаягтаа байхгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нэхэмжлэлийн шаардлага н.Оюунчимэгээс н.Бат-Эрдэнэд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах буюу 2009 оны Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай байгаа. Үүнийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хавтаст хэрэгт өгсөн. Улмаар 2021 онд шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэдэг үндэслэлээр хүлээж аваагүй. Тэгээд н.Оюунчимэг өөрийн оршин сууж буй хаягаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаад 2022 оны 07 сараас эрэн сурвалжлагдаж байгаа. Тухайн үед С.Эрдэнэбат хөдөөний хаягтай байсан учраас Улаанбаатар хотод газар олгогдохгүй байсан. Тийм учраас тухайн цаг хугацаанд Сүхбаатар дүүрэгт оршин сууж байсан өөрийн төрсөн эгч болох н.Оюунчимэгийн нэр дээр тухайн газрыг аваад Д.*******ийн салсан нөхөр н.Бат-Эрдэнээс 1,000,000 төгрөг зээлсэн байдаг. 1,000,000 төгрөгийг зээлэхэд н.Бат-Эрдэнийн зүгээс барьцаа болгож маргаан бүхий газрыг өөрийнхөө өмчлөлд шилжүүлчих мөнгөө төлөөд дуусчихвал буцаагаад өгчихнө гэсэн. Д.******* нь 2012 онд шүүхийн шийдвэрээр өмчлөгч болсноос хойш тухайн газарт өнөөдрийг хүртэл амьдардаггүй. Ямар нэгэн байдлаар хүрч ирж чөлөөл гэдэг зүйлийг ярьж байгаагүй. гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан №0000957305 дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000118811 дугаар Газар өмчлөх гэрчилгээний нотариатчаар гэрчүүлсэн хуулбар, 1461601465 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн нотариатчаар гэрчүүлсэн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1062 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчүүлсэн хуулбар, Хаан банкны Орлогын мэдүүлгийн нотариатчаар гэрчүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШЗ2021/14125 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатчаар гэрчүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2021/08793 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн нотариатчаар гэрчүүлсэн хуулбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17291 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатчаар гэрчүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/01510 дугаар шийдвэр, шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Хангайн 23-р гудамж, 70 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын хувийн хэргийн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.*******, Г.Мөнх-Оргил, Б.Мишээл нар хариуцагч С.Эрдэнэбат, С.Отгонбат нарт холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Хангайн 23-р гудамж, 70 тоот газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.Эрдэнэбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Хариуцагч С.Отгонбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1062 дугаар шийдвэрээр Д.******* болон С.Бат-Эрдэнэ нар 18643314375216 нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Хангайн 23-р гудамж, 70 тоот газрын өмчлөх эрхийг Д.*******, Б.Мишээл, Г.Мөнх-Оргил нарын өмчлөх эрхэд шилжүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсан болох нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1062 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1062 дугаар шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Хангайн 23-р гудамж, 70 тоот газрын өмчлөгчөөр Д.*******, Б.Мишээл, Г.Мөнх-Оргил нарыг бүртгэсэн болох нь 000118811 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:, 4.1.4үнэн зөв ... заавал биелүүлэх шинжтэй байх; гэж заасан.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4 дэх заалтад зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх ба нэхэмжлэгч Д.*******, Г.Мөнх-Оргил, Б.Мишээл нар нь 18643314375216 нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Хангайн 23-р гудамж, 70 тоот газрын өмчлөгч болох нь 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 000118811 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. гэж заасан.

 

Хариуцагч нар нь Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Хангайн 23-р гудамж, 70 тоот газарт амьдарч, уг газрыг чөлөөлж өгөхөөс татгалзаж байгаа болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нар нь Хангайн 23-р гудамж, 70 тоотыг газрыг чөлөөлж өгөхөөс татгалзаж байх тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын 70 тоот газрыг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхийг зөрчиж байна гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Эрдэнэбат, С.Отгонбат нарыг 18643314375216 нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Хангайн 23-р гудамж, 70 тоот газраас албадан чөлөөлөх үндэслэлтэй.

 

Хариуцагч нар нь Д.*******, С.Бат-Эрдэнэ нар залилсан гэх тайлбар бичгээр гаргасан байх боловч нэхэмжлэгч Д.******* нь Хангайн 23-р гудамж, 70 тоот газартай холбоотой гэм хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэл гаргасан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Эрдэнэбат, С.Отгонбат нарыг Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Хангайн 23-р гудамж, 70 тоот газраас албадан чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******, Г.Мөнх-Оргил, Б.Мишээл нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэбат, С.Отгонбат нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******, Г.Мөнх-Оргил, Б.Мишээл нарт олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Эрдэнэбат, С.Отгонбат нарыг Сүхбаатар дүүрэг, 13-р хороо, Хангайн 23-р гудамж, 70 тоот газраас албадан чөлөөлсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******, Г.Мөнх-Оргил, Б.Мишээл нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэбат, С.Отгонбат нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******, Г.Мөнх-Оргил, Б.Мишээл нарт олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ