Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 184

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0193/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн, 

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Хохирогч З.Лхамсүрэн, В.Алтанцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Насанд хүрээгүй хохирогч Б.Баясгалангийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,

Шүүгдэгч Д.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Даваадоржийн Золбоод холбогдох 20179000167 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг 89 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Даваадоржийн Золбоо, РД:М369022402.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч Д.Золбоо нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цагааннуур гэх газарт Сэлэнгэ явах замд Тоёота Приус маркийн 05-28 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 2.3 /б/-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэснийг зөрчсөнөөс замын хажуу руу онхолдож зорчигч В.Алтангэрэлийн амь насыг хохироосон, зорчигч Б.Баясгалангийн биед хүнд зэргийн гэмтэл, зорчигч С.Улаанхүүхэний биед хөнгөн зэргийн гэмтэл, Д.Төгөлдөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 05-28 ДАР улсын дугаартай автомашинд нийт 2,870,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Золбоо нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цагааннуур гэх газарт Тоёота Приус маркийн 05-28 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнөөс замын хажуу руу онхолдож зорчигч В.Алтангэрэлийн амь насыг хохироосон, зорчигч Б.Баясгалангийн биед хүнд, зорчигч С.Улаанхүүхэний биед хөнгөн, Д.Төгөлдөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 05-28 ДАР улсын дугаартай автомашинд нийт 2,870,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Д.Золбоогийн “...Дарханаас гарч явахад Алтангэрэл намайг “ус уух уу” гэж асуухад би “ууя” гэж хэлээд баруун гараараа усаа автал машин донслох шиг болсон. Тэгээд машины жолоо нөгөө тийш дарагдаж замын хажуу руу орчихсон, онхолдсон байсан. Би машинаас гараад иртэл Алтангэрэл машины хажууд хагас суучихсан, дүүгийн хүүхэд Баясгалан, манай ээжийн цаад талд замын хажууд хэвтэж байсан. Нөгөө дүү болох Гантулга зам дээр машин зогсоох гээд зогсож байсан. Би  Алтангэрэл дээр явж очоод нүүр амных нь цусыг цаасаар арчиж өгөхөд надад “би чамайг баллаад хаячихлаа”  гэж хэлэхэд нь “чиний баллах яах вэ, би чамайг баллаад хаячихлаа” гэсэн..., Алтангэрэлийг аваад Дархан руу эмнэлэг явсан. Тэгээд Дарханы 103-н эмнэлэг дээр ирээд 20 минут болоод Алтангэрэл нас барсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас/,

 

...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, оршуулгын зардлаас 6,000,000 төгрөг төлсөн, 9,661,940 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, үлдэх 3,661,940 төгрөгийг төлж барагдуулна” гэх мэдүүлэг,

 

Хохирогч З.Лхамсүрэнгийн “...2017 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед би Солонгос улсад байж байхад миний утас дуугарч манай найз хүүхэн Дэлгэр гэдэг эмэгтэй надад Алтангэрэл нас барчихлаа, сэтгэлээ бариарай гэж хэлсэн. Солонгос улсаас 2017 оны 03 дугаар сарын 07-ны орой Монгол улсад ирсэн. Гэртээ ирээд нөхөр Алтангэрэлийг зам тээврийн осолд өртөж нас барсан гэдгийг мэдсэн. 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би нөхөр Алтангэрэлтэй Солонгосоос ярихад Улаанбаатар хотод явж байна, группээ сунгуулах гэж явж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”... Шүүгдэгчийн зүгээс 6 сая төгрөг хохиролд төлсөн, нийт оршуулгын зардал 9,661,940 төгрөгийн баримт гаргаж өгсөн, үүнийг нэхэмжилнэ, мөн сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг нэхэмжилнэ, маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг,

 

Хохирогч В.Алтанцэцэгийн “...2017 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед манай төрсөн ах Вандан овогтой Аптангэрэл нь Дарханаас Сэлэнгэ явах замд зам тээврийн осолд орж нас барсан юм. Миний төрсөн ах В.Алтангэрэл нь Золбоо гэдэг эмэгтэйн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд нь Улаанбаатар хотоос Сэлэнгэ рүү дайгдаж явж байсан юм байна лээ. Миний төрсөн ах В.Алтангэрэлийг тэр Золбоо гэдэг эмэгтэй гэр орноор нь эргэлдэж Улаанбаатар хот руу авч явж өөр лүү нь залгаж Улаанбаатар хот руу ямар ч шаардлагагүй байхад нь авч явж байгаад зам тээврийн осолд өртүүлж амь насыг нь хохироосонд би их гомдолтой байна” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Маш их гомдолтой байна, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч С.Улаанхүүхэний “...15 цагийн үед Сэлэнгэ явах болоод тэгээд явсан. Тэгээд явахаас өмнө Золбоо нэг хүн дайгдаж Сэлэнгэ явъя гээд байна, 3-р эмнэлэг дээр байна гэнээ гэж хэлээд тийшээ явсан. Тэгээд 3-р эмнэлгийн гадаа очиход нь би тэр залууд бид нар замаараа Сэлэнгийн Орхон сум орж ахтайгаа золгоно ш дээ гэж хэлэхэд тэр залуу зүгээрээ, би машинд сууж байнаа гэж хэлсэн. Бид нар хөдлөөд явж байхдаа Сэлэнгийн Орхон орохоо болиод шууд Сэлэнгэ явахаар болсон юм. 19 цагийн үед Дархан өнгөрч явж байгаад Цагааннуур гэдэг газар арай хүрээгүй явж байхад гэнэт машин замын хажуу руу ороод онхолдсон. Би ухаан алдчихсан байсан. Нэг сэрсэн чинь хүмүүс орилолдоод ёололдоод байж байсан, охиноосоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Баясгалангийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэгийн “...манай охин Б.Баясгалан нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны орой миний төрсөн эгч Д.Золбоогийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж яваад зам тээврийн осолд өртөж бие, эрүүл мэндээрээ хохирсон юм. Би охин Б.Баясгаланг зам тээврийн осолд өртөх үед нь Дарханы Нэгдсэн эмнэлгийн гэмтэл согогийн тасагт хэвтэн эмчлүүлж элэгний болон эгэмний хугарлын хагалгаанд оруулж эмчлүүлсэн. Миний охины биеийн байдал одоо ч тийм сайнгүй байгаа. Надад охиноо эмчлүүлэхэд өөрийн зүгээс нилээдгүй зардал мөнгө чирэгдэл гарсан. Энэ гарсан зардал болон төлбөрийг өөрийн эгч Д.Золбоогоос гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...”Эгчээсээ эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Баясгалангийн “...Би 2017 оны 03 дугаар сарын О6-ны орой нагац эгч Д.Золбоо, Гантулга, эмээ Улаанхүүхэн, бас нэг танихгүй ахын хамт Улаанбаатар орчихоод буцаж явсан юм. Манай нагац эгч Д.Золбоо машин барьж явсан. Бид нар Дархан өнгөрөөд Сэлэнгэ рүү явах замд явж байгаад замын хажуу руу онхолдож зам тээврийн осолд орсон. Би юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би машинаас гараад тэр хавиар гар утсаа хайж байсан. Тэр танихгүй ах машинаас зайтай газар сууж байсан. Тэгээд Золбоо эгчтэй юм ярьж байхыг би сонсож байсан, ...зам тээврийн осол болох үед миний нүүр, ам шалбарч дотуур цус алдсан байсан. Мөн зүүн эгэм хугарч, элэг бяцарсан байсан гэж Нэгдсэн эмнэлэг дээр хүлээн авч үзсэн эмч хэлж байсан. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж хагалгаанд орсон” гэсэн мэдүүлэг/ хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/.

 

Гэрч Д.Төгөлдөрийн “...2017 оны 03 дугаар сарын 05-ны орой манай хадам ээж Д.Золбоо надаас миний эзэмшлийн 05-28 ДАР улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг эмээ чинь Улаанбаатар хот руу ах дүү нартайгаа золголт хийе гэнээ, машинаа өгч байгаач, чиний машинтай эмээг чинь аваад яваад ирье гэж хэлсэн. Тэгээд би машинаа хадам ээж Д.Золбоод өгч явуулсан юм. Би тэр үед Сэлэнгэд ажилтай байсан болохоор өөрийнхөө машинтай очсон байсан юм. Надаас хадам ээж Д.Золбоо 2017 оны 03 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед авч явсан юм. Тэгээд хадам ээж Д.Золбоо эмээ Улаанхүүхэн, хадам ээжийн дүүгийн хүүхэд Баясгалан, мөн хадам ээжийн дүүгийн хүүхэд болох Гантулга нарын хамт явсан. 2017 оны 03 дугаар сарын 06-ны орой хадам ээж Д.Золбоо намайг ажлаасаа буугаад гэртээ байж байтал утасдаж ээж нь Дарханаас Сэлэнгэ орох замд замын хажуу руу орж аваарт орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би хадам ээж Д.Золбоог миний машиныг унаж яваад зам тээврийн осолд орчихлоо гэдгийг мэдсэн, хадам ээж Золбоогоос 05-28 ДАР улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн хохирлын талаар нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 57 дугаар хуудас/.

 

Насанд хүрээгүй гэрч С.Гантулгын “...2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн үед би Золбоо эгчийн машинтай эмээ Улаанхүүхэн, Баясгалан эгч, нэг танихгүй ах бид нар Улаанбаатараас Сэлэнгэ явж байгаад Дархан өнгөрөөд явж байгаад замд машин онхолдсон юм. Машиныг Золбоо эгч жолоодож явсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн ийн 58 дугаар хуудас/.

 

Нас барсны гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

 

Шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай “...Ж.Золбоо нь Тоёота приус 05-28 ДАР улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ МУ-ын ЗХ Дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 2.3 /б/-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хавтаст хэргийн 29-33 дугаар хуудас/,

 

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2017 оны 3-р сарын 07-ны өдрийн 26 дугаартай “ ...цээж хэвлийн хавсарсан гэмтэл, зүүн талын 4-7-р хавирганы хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн авчилт, элэг язрал, ... гэмтлийн шок, ... талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас/

 

“С.Улаанхүүхэний биед гавал тархины битүү гэмтэл, тархи няцрал, нэг хавирганы битүү хугарал, цээжний хэсэг, баруун, зүүн хөхний цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлий үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 353 дугаартай дүгнэлт,

 

“Б.Баясгалангийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний урагдал , хэвлийн хөндийн сул цус, дотуур цус алдалтын дараах цус багадал, хэвлийн арын гялтангийн цус хуралт, эгэм ясны битүү хугарал, нүүр, бүсэлхий, нуруу гарын сарвуун дахь зулгаралт тогтоогдлоо, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаартай дүгнэлт,

 

Б.Баясгалангийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хавтаст хэргийн 78-126 дугаар хуудас/  зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдсан, хэрэгт хамааралтай байна.

 

Шүүгдэгч Д.Золбоо гэм буруугийн талаар маргаагүй ба зорчигч В.Алтангэрэлийн амь насыг хохироосон, зорчигч Б.Баясгалангийн биед хүнд, зорчигч С.Улаанхүүхэний биед хөнгөн, Д.Төгөлдөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 05-28 ДАР улсын дугаартай автомашинд 2,870,000 төгрөгийн хохирол учруулсныг хамгийн хүнд хэсгээр зүйлчлэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Талийгаачийн эхнэр хохирогч З.Лхамсүрэн нь оршуулгын зардалд 9,661,940 нэхэмжилснээс шүүгдэгч Д.Золбоо 6,000,000 төгрөг төлсөн байх ба үлдэх төлбөрийг төлөхөө шүүхийн хэлэлцүүүлэгт илэрхийлж, 9,661,940 шаардлагын талаар маргаагүй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Баясгалангийн эмчилгээний зардал 2,533,240 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэг нэхэмжилж байсан боловч 2,000,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлжээ.

 

Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол хүлээсэн шүүгдэгч Д.Золбоогийн ээж С.Улаанхүүхэн, хүргэн Д.Төгөлдөр нар иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Шүүгдэгч Д.Золбоо нь хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохиролд  9,661,940 нэхэмжилснээс төлөгдөөгүй үлдсэн 3,661,940 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 230-р зүйлд ... Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

Хуульд эдийн бус гэм хорыг арилгах арга зам, сэтгэл санааны хохирлын хэмжээг хэрхэн яаж тогтоох талаар зохицуулаагүй боловч хохирогч З.Лхамсүрэн сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг буруутгах аргагүй ба оршуулгын зардлыг төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс оршуулгын зардалд нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1-р зүйлд зааснаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 Нөгөөтэйгүүр “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэдэгт нийт төлбөрийг хэрхэн, хэдий, хугацаанд төлөхөө хохирогчтой харилцан тохиролцож зөвшилцөлд хүрсэн байхыг ойлгох ба “төлнө” гэсэн үгийг ойлгох нь учир дутагдалтай болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.5, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Д.Золбоогоос 3,661,940 төгрөг гаргуулан хохирогч З.Лхамсүрэнд олгуулахаар шийдвэрлэсэн ба нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 50,000,000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.4-р зүйлд зааснаар нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох баримтаа бүрдүүлэн дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага бусад байдлын талаар:

Шүүгдэгч Д.Золбоод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Д.Золбоо нь “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх, оногдуулах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.Золбоод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн ба дээрхи байдлуудыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг  дурдаж, мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн зурагт, хөргөгч зэргийг хохирол төлбөрт тооцуулахаар, Д.Золбоогийн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах шийтгэлийг биелүүлэх зорилгоор тогтоолын хамт тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овгийн Даваадоржийн Золбоог автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Золбоод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/  сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Золбоод оногдуулсан 1 жил /нэг жил/, 6 сарын /зургаан сар/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар хорих ял эдэлж дууссаны дараа эрх хасах ялын хугацагааг тоолох болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Д.Золбоогоос 3,661,940 төгрөг гаргуулан хохирогч З.Лхамсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 50,000,000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.4-р зүйлд зааснаар нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох баримтаа бүрдүүлэн дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг  дурдаж, мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 4-р сарын 21-ний өдөр  зурагт, хөргөгч битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хохирол төлбөрт тооцуулахаар, Д.Золбоогийн 240876 дугаартай жолооны үнэмлэхийг эрх хасах шийтгэлийг биелүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Золбоод өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД