Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2022/01993

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сары 08 өдөр

181/ШШ2022/01993

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.О/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Ж/РД: /-д холбогдох,

 

132,800,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Д.Жамъян, хариуцагчийн өмгөөлөгч С.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* миний бие Д.Жамъянтай 2020 оны 09 дүгээр сарын 14-нд №2020/09/01 дугаар Амины орон сууцны захиалгын эрхийг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам дахь нутаг дэвсгэрт баригдсан Арцат таун хотхоны 264 метр квадрат бүхий 3 давхар №А5 дугаар амины орон сууцны захиалгын эрхийг худалдсан

Д.Жамьян нь тухайн эрхийн төлбөрийг бартер болон зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээний 2 дугаар зүйлд тодорхой заасан захиалгын гэрээний эрхийг Макс Өргөө ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 хороонд байрлах 220К Ресиденс 9Б байрны 3 давхрын 141,7 метр квадрат 4 өрөө орон сууц, тус орон сууцны В1 давхрын №13 дугаартай авто зогсоолийг гэрээ байгуулснаар шилжүүлэх, үлдэх 180,000,000 төгрөгийг нэг сарын 2 хувийн хүүтэй төлж барагдуулах талаар заасан болно.

Тухайн үед 2021 он гарснаар мөнгө орж ирэхгүй учир 2021 оны 05 дугаар сар гэхэд 8 сарын хүү болох 28,800,000 төгрөгийг үндсэн төлбөр 180,000,000 төгрөгийн хамтаар шилжүүлэх саналыг Д.Жамьян гаргаж түүний хүсэлтээр талуудын байгуулсан гэрээний 2.2 дугаар зүйлийн А хэсэгт төлбөрийн хугацааг оруулсан байдаг.

Дээрх төлбөрийн хэсгийг зохицуулсан заалтын дагуу Д.Жамьян нь гэрээ байгуулснаар үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, амины орон сууцанд дотоод засвар хийж, 2020 оны 12 сард нүүн орж өөрөө амьдарч эхэлсэн боловч мөнгөн төлбөрийг огт төлөөгүй, Д.Жамьяны худалдан авсан амины орон сууцанд дотоод засвар хийж 2020 оны 12 сард нүүн орж өөрөө амьдарч эхэлсэн боловч мөнгөн төгрөгийг огт төлөөгүй, Д.Жамьяны худалдан авсан амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарч, 07-ны өдөр түүнд өгөгдсөн бөгөөд тэрбээр тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон атлаа өнөөдрийг хүртэл мөнгөн төлбөр түүний хүүг өгөхгүй байна.

Д.Жамьян нь Макс групп ХХК-д захирлын албан тушаалтай бөгөөд, түүний ах ерөнхийлөгч Д.Ганбаатар нь хүү өгч чадахгүй гэж хэлсэн, мөн манай санхүүгийн алба газрын гэрчилгээ өгөхөөр мөнгө өгнө гэж шаардаад байна гэх үндэслэлээр тайлбарлаж байгаа харамсалтай миний зүгээс иргэн Д.Жамъянтай гэрээ байгуулсан болохоос Макс групп ХХК түүний ерөнхийлөгч Д.Ганбаатар, түүний санхүүгийн албатай гэрээ байгуулаагүй болно.

Иймд талуудын байгуулсан гэрээний 2.1, 2.2, 2.2-А, 6.2 дугаар заалтуудыг тус тус үндэслэн Д.Жамъянаас үндсэн төлбөр 180,000,000 төгрөг хүү 28,000,000 төгрөг, алданги 104,000,000 төгрөг, нийт 312,800,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Тус шүүхэд Ж.*******ын нэхэмжлэл бүхий Д.Жамъянд холбогдох амины орон сууцны захиалгын эрхийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл нийт 312,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан болно.

Хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдөр өдөр 180,000,000 төгрөгтөлсөн тул нийт нэхэмжлэлийн шаардлагаас 180,000,000 төгрөгийг хасч, үлдэх 132,800,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйл, 260, 262 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж байна. Хууль зүйн үндэслэлийн дагуу шийдвэрлэж өгөөч ээ гэж хүсч байна. гэв.

 

Хариуцагч Д.Жамъян шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.*******ын зүгээс хариуцагч Д.Жамьянд холбогдуулж, нийт 132,800,000.00/нэг зуун гучин хоёр сая найман зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн аваад, үл хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч талын хувьд нэхэмжлэгчтэй 2020 оны 09-р сарын 14-ний өдөр Амины орон сууцны захиалгын эрийг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ-г байгуулсан бөгөөд өөрийн өмчлөлийн СБД-ийн 1 дүгээр хороонд байрлах 220К residence 9Б байрны 303 тоот 4 өрөө/141.87 мкв/ байрыг автограшийн хамт шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 180 сая төгрөгийг байр ашиглалтад орох үед өгөхөөр тохиролцсон.

Гэрээг байгуулах үед тухайн амины орон сууф ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй байсан.

Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2021 оны 10 сарын 05-ны өдөр гарсан. Гэрээний дагуу миний зүгээс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрчилгээ гарсан эсэх талаар лавлаж, улмаар мөнгө шилжүүлэх талаар арга хэмжээ авах гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хугацаандаа гараагүй.

Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна.

Гэрчилгээ гараагүй учраас мөнгө шилжүүлэг дээр жаахан удсан. 02-р сард гарсан бол мөнгөө шууд шилжүүлчих байсан. Аялал жуулчлалаар гэрчилгээ гарсан. Гэрээнд бүрэн хүлээж авсан тохиолдолд хүчин төгөлдөр болно гэсэн байгаа. Гэтэл газрын гэрчилгээ гараагүй байгаа. 0.5 хувийн алданги бодно гэсэн. гэв.

 

Хариуцагч Д.Жамъянгийн өмгөөлөгч С.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон эсэхэд анхаарлаа хандуулах ёстой. Эд хөрөнгийн доголдолгүй байх үүрэг худалдагчийн талд үүсдэг. Сая цэвэр усны асуудлыг ярьчих шиг боллоо. 08 сар байгаа 06 сар гэдэг нь техникийн алдаа гэсэн зүйл байж болохгүй. Өөрт ашигтай байдал бий болгосон. Гэрээний 4.4-т гэрээний 2.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөгдөж дуусмагц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэн өгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй зөвхөн эрх шилжүүлсэн гэсэн зүйл ярьж байна. Гэтэл шаардах эрхийн гол үндэслэл болсон гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгө байгаа. Жам ёсны асуудал нэлээн зөрчилтэй. Хоёрдугаарт Д.Жамъян гэдэг хүний гарын үсэг биш шүү. Гэрээний он, сарыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гээд ашиглалтад орох хугацааг 2021 оны 06 сар гээд тавьсан. Нэлээн зөрчилтэй, нягтлах асуудал байгаа. Гэрээнд алданги тооцох хугацааг тодорхой тавиагүй байгаа. Алданги яаж тавих нь миний эрх гэсэн асуудлыг ярьж байгаа боловч Иргэний хуулийн 123.8-т шаардах эрхтэй холбоотой асуудлыг зохицуулсан. Энэ гэрээнд 0.1 хувь гэснээрээ тусгах ёстой байсан. Тэгж байж зөрчилгүй, тэгш эрх хангагдана. Хэрэгт цугларсан нотлох баримт, бусад байдал, гэрээтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж үзээд алданги, хүүг шийдвэрлэх бүрэн боломжтой. Д.Жамъянгийн хувьд нийт 845,000,285 төгрөгийг гэрээ байгуулсны хүрээнд шилжүүлж өгсөн. Гэрчилгээ зориулалтын бус гарсан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Амины орон сууцны захиалгын эрхийг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Би Эй И ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрий №21/0132 Хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №21/12 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Д.Жамъянд холбогдуулан хүүнд 28,800,000/хорин найман сая найман зуун мянга/ төгрөгийг, алдангид 104,000,000/нэг зуун дөрвөн сая/ төгрөгийг, нийт 132,800,000/нэг зуун гучин хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Жамъян нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч байна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр №2020/09/01 Амины орон сууцны захиалгын эрхийг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан болох нь №2020/09/01 Амины орон сууцны захиалгын эрхийг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№2020/09/01 Амины орон сууцны захиалгын эрхийг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний 1-ийн 1.1, 2-т зааснаар нэхэмжлэгч нь Би Эй И ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №20/38 дугаар Амины орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам дахь Арцат таун хотхоны 264 м.кв бүхий 3 давхар №А5 тоот бүхий амины орон сууцны захиалгын эрхийг хариуцагчид худалдах, хариуцагч нь бартер/эд хөрөнгө/ болон зээлээр төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь №2020/09/01 Амины орон сууцны захиалгын эрхийг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д ... шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах эрхээ хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөр төлөх үүргийг хүлээсэн өвөрмөц агуулга бүхий тус гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул Нэрлэгдээгүй гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг үүргийн тухай нийтлэг үндэслэлээр шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Би Эй И ХХК-тай №20/38 Амины орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь Гэрээний хуулбар, 000912581 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т ... шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт нийцсэн болох нь Би Эй И ХХК хариуцагчтай №21/12 Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан болон 000912581 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 4-ийн 4.4-т зааснаар хариуцагч нь төлбөрийг төлж дуусмагч нэхэмжлэгч захиалгын гэрээний эрхийг шилжүүлэн өгч үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээжээ.

 

Гэрээний 2-ын 2.1, 2.2, 2.4-т зааснаар хариуцагч нь амины орон сууцны захиалгын эрхийг худалдан авах төлбөрт 780,285,000/долоон зуун наян сая хоёр зуун наян таван мянга/ төгрөгийн үнэлгээтэй Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 220К резиденс, 9б байр, 3-р давхар, 303 тоот, 4 өрөө, 141,87 м.кв орон сууц, тус орон сууцны В1 давхрын 65,000,000/жаран таван сая/ төгрөгийн үнэлгээтэй №13 дугаартай 12 м.кв автомашины зогсоолыг гэрээ байгуулснаар шилжүүлэх, 180,000,000/нэг зуун наян сая/ төгрөгийг 6/зургаа/ сарын хугацаанд нэг сарын 2/хоёр/ хувийн хүүтэйгээр 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулах үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 303 тоот, 4 өрөө, 141,87 м.кв орон сууц, №13 дугаартай 12 м.кв автомашины зогсоолыг шилжүүлсэн боловч 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор 180,000,000/нэг зуун наян сая/ төгрөгийг, түүний 6/зургаа/ сарын хүүгийн хамт төлж барагдуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид 180,000,000/нэг зуун наян сая/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн багасгасан шаардлагаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй тул 180,000,000/нэг зуун наян сая/ төгрөгийг, хүүгийн хамт 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлөөгүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь Гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч нь Гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй ба хариуцагч нь Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй болно.

 

Хариуцагч нь Гэрээний 2-т заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчид №20/38 Амины орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээний шаардах эрхийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, 000912581 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №21/12 Орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хүүнд 28,800,000/хорин найман сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ., 222 дугаар зүйлийн 222.5Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 2-ын 2.2-ын А-д зааснаар хүүгийн төлбөрт 28,800,000/хорин найман сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарлаж байх боловч Гэрээний 2-ын 2.1-т зохигчид 180,000,000/нэг зуун наян сая/ төгрөгийг 6/зургаа/ сарын хугацаатай нэг сарын 2/хоёр/ хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах тул Гэрээний 2-ын 2.1-т зааснаар хариуцагчаас 180,000,000/нэг зуун наян сая/ төгрөгийн 6/зургаа/ сарын хүүг гаргуулж, үлдсэн 2/хоёр/ сарын хүүг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хүүнд нийт 21,600,000/180,000,000х2%=3,600,000, 3,600,000x6=21,600,000/ /хорин нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 7,200,000/28,800,000-21,600,000=7,200,000/ /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 104,000,000/нэг зуун дөрвөн сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Гэрээний 6-ийн 6.2-т алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5/тэг аравны тав/ хувиар тогтоосон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь алдангийг тооцохдоо үндсэн төлбөр болох 180,000,000/нэг зуун наян сая/ төгрөг дээр түүний хүүгийн төлбөрийг нэмсэн дүнгээс тооцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон нэхэмжлэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6Хүүгээс анз тооцохгүй., 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.6-д ... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар хүүгээс анз тооцох үндэслэлгүй байх тул 180,000,000/нэг зуун наян сая/ төгрөгөөс анз тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 90,000,000/180,000,000x0.5%=900,000, 2021.05.14-2021.10.29=168, 900,000x168=151,200,000, 180,000,000:2=90,000,000/ /ерэн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 14,000,000/104,000,000-90,000,000=14,000,000/ /арван дөрвөн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 111,600,000/21,600,000+90,000,000=111,600,000/ /нэг зуун арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******од олгож, үлдсэн 21,200,000/132,800,000-111,600,000=21,200,000/ /хорин нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Жамъянгаас нийт 111,600,000/нэг зуун арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******од олгож, үлдсэн 21,200,000/хорин нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,766,950 төгрөгөөс 1,721,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,715,950 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 45,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Жамъянгаас нийт 111,600,000/нэг зуун арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******од олгож, үлдсэн 21,200,000/хорин нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,766,950 төгрөгөөс 1,721,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жамъянгаас улсын тэмдэгтийн хураамжид 1,715,950 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 45,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.*******од олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

даргалагч, шүүгч С.ХИШИГБАТ