Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02034

 

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02034

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/01993 дугаар шийдвэртэй,

 

А-ын нэхэмжлэлтэй

Б-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 132,800,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанбуян, хариуцагчийн өмгөөлөгч С.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь Б-тай 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 2020/09/01 дугаартай Амины орон сууцны захиалгын эрхийг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам дахь нутаг дэвсгэрт баригдсан “Арцат таун” хотхоны ** метр квадрат бүхий ** давхар ** дугаар амины орон сууцны захиалгын эрхийг худалдсан.

1.2. Б- нь тухайн эрхийн төлбөрийг бартер болон зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээний 2 дугаар зүйлд тодорхой заасан бөгөөд захиалгын гэрээний эрхийг “М” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 220К Ресиденс 9Б байрны ** давхрын ** метр квадрат ** өрөө орон сууц, тус орон сууцны В1 давхрын ** дугаартай авто зогсоолыг гэрээ байгуулснаар шилжүүлэх, үлдэх 180,000,000 төгрөгийг нэг сарын 2 хувийн хүүтэй төлж барагдуулах талаар заасан болно.

1.3. 2021 оны 05 дугаар сард 8 сарын хүү болох 28,800,000 төгрөгийг үндсэн төлбөр 180,000,000 төгрөгийн хамтаар шилжүүлэх саналыг Б- гаргаж, түүний хүсэлтээр талуудын байгуулсан гэрээний 2.2 дугаар зүйлийн А хэсэгт төлбөрийн хугацааг оруулсан.

Дээрх төлбөрийн хэсгийг зохицуулсан заалтын дагуу Б- гэрээ байгуулснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, амины орон сууцанд дотоод засвар хийж, 2020 оны 12 сард нүүн орж, өөрөө амьдарч эхэлсэн боловч мөнгөн төлбөрийг огт төлөөгүй.

1.4. Б-гийн худалдан авсан амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарч, 07-ны өдөр түүнд өгөгдсөн бөгөөд тэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон атлаа өнөөдрийг хүртэл мөнгөн төлбөр, түүний хүүг өгөхгүй байна.

1.5. Иймд талуудын байгуулсан гэрээний 2.1, 2.2, 2.2-А, 6.2 дугаар заалтуудыг тус тус үндэслэн Б-гаас үндсэн төлбөр 180,000,000 төгрөг, хүү 28,000,000 төгрөг, алданги 104,000,000 төгрөг, нийт 312,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.6. Хариуцагч нь 180,000,000 төгрөгийг төлсөн тул нийт нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, үлдэх 132,800,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

2.1. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Амины орон сууцны захиалгын эрийг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан бөгөөд өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 220К Ресиденс 9Б байрны ** тоот ** өрөө, ** м.кв талбай бүхий орон сууцыг, авто зогсоолын хамт шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 180,000,000 төгрөгийг орон сууц ашиглалтад орох үед өгөхөөр тохиролцсон. Б- нийт 845,000,285 төгрөгийн гэрээ байгуулсны хүрээнд шилжүүлж өгсөн.

2.2. Гэрээг байгуулах үед тухайн амины орон сууц ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй байсан.

2.3. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Гэрээний дагуу 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрчилгээ гарсан эсэх талаар лавлаж, улмаар мөнгө шилжүүлэх талаар арга хэмжээ авах гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хугацаандаа гараагүй. Иймд мөнгө шилжүүлээгүй удсан.

2.4. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний  зориулалт нь аялал жуулчлалаар гарсан бөгөөд газрын гэрчилгээ гараагүй байхад 0,5 хувийн алданги тооцож байгааг зөвшөөрөхгүй.  Гэрээнд “бүрэн хүлээж авсан тохиолдолд хүчин төгөлдөр болно” гэсэн байгаа. Түүнчлэн алданги тооцох хугацаа тодорхойгүй бөгөөд алданги яаж тооцох нь нэхэмжлэгчийн эрх гэсэн асуудлыг ярьж байгаа боловч Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт шаардах эрхтэй холбоотой асуудлыг зохицуулсан. Энэ гэрээнд 0,1 хувь гэснээрээ тусгах ёстой байсан. Хэрэгт цугларсан нотлох баримт, бусад байдал, гэрээтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж үзээд алданги, хүүг шийдвэрлэх бүрэн боломжтой.

2.5. Гэрээний 4.4-т “гэрээний 2.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөгдөж дуусмагц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэн өгч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө” гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх үүрэг хүлээгээгүй, зөвхөн эрх шилжүүлсэн гэж байна. Гэтэл шаардах эрхийн гол үндэслэл болсон гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгө байгаа.

2.6. Орон сууц захиалгаар бариулах гэрээнд Б- гарын үсэг зураагүй. Гэрээний он, сарыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэж, ашиглалтад орох хугацааг 2021 оны 06 сар гэсэн байгааг нягтлах шаардлагатай. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-гаас нийт 111,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-од олгож, үлдсэн 21,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,766,950 төгрөгөөс 1,721,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,715,950 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 45,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А-од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хэргийг хянан хэлэлцэж, хариуцагчаас нийт 111,600,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ талуудын эрх тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

4.2. Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр "Амины орон сууцны захиалгын эрхийг зээлээр худалдах, худалдан авах тухай" гэрээ байгуулагдсан. Уг гэрээний зүйл болох орон сууцанд 780,285,000 төгрөг, автомашины зогсоолд 65,000,000 төгрөг, нийт 845,285,000 төгрөг буюу төлбөрийн 86 хувийг төлсөн.

4.3. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аман дахь "Арцат таун" хотхоны ** м.кв талбай бүхий амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2021 оны 05 дугаар сард гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан.

4.4. Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зориулалт нь гэрээгээр тохирсон амины орон сууцны зориулалтаар гаргаагүй, харин аялал жуулчлалын зориулалттай гэж гарсан нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй. Үүнээс гадна тухайн барилгын эзэмших, өмчлөх газрын эрх шилжиж гараагүй байна. Өөрөөр хэлбэл, захиалгын эрхийг шилжүүлж авсан тухайн барилгын зориулалт нь гэрээгээр тохирсноос өөрчлөгдсөн нь хариуцагчийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн.

4.5. Нэхэмжлэлийн шаардлага нь дээрх "Амины орон сууцны захиалгын эрхийг зээлээр худалдах, худалдан авах тухай" гэрээний үүрэгтэй холбоотой байх тул хариуцагч талаас мөн энэхүү гэрээний үүрэгтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан.

4.6. Маргаан бүхий гэрээний гол нөхцөл нь шаардах эрхээ шилжүүлж байгаатай холбоотой тул “Б” ХХК болон Ж. Оюунболд нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 20/38 тоот “Арцат таун” хотхоны амины орон сууцны захиалгын гэрээг нэхэмжлэгч А-оос нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй.

Үүнээс үүдэн талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд нийцсэн эсэх, нэг талыг барьсан болон давуу эрхийг олгосон эсэх, хугацаа хэтэрсэн нөхцөл байдалд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх зэргээр шалтгаан нөхцөлийг зөв олж, тогтоох ач холбогдолтой байсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж заасан. А- нь шаардах эрхээ шилжүүлэхдээ 20/38 тоот гэрээг гаргаж өгөөгүйгээс хариуцагч Б-гийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж, гэрээний талуудын чөлөөт байдал алдагдсан.

4.7. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын хүрээнд нотлох баримт гаргах, мэтгэлцэх зарчмын дагуу гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг мөн адил хангаагүй.

4.8. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21/12 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээнд Б-гийн гарын үсгийг хуурамчаар зурж, бүртгүүлснээс тухайн гэрээний үүрэгтэй холбоотой алдангийг шаардах боломжгүй болгосон эрсдэлийг шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний захиалгын эрхийг худалдаж байгаа тул А- гэрчилгээ гаргаж өгөх үүргийг биелүүлэх боломжгүй. Б- 2021 оны 01 дүгээр сард “Б” ХХК-тай захиалгын гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээнд заасан төлбөрөө бүрэн барагдуулаагүй байхад түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2021 оны 10 дугаар сард шилжүүлж өгсөн.

5.2. Тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аялал жуулчлалын зориулалтаар гарахыг Б- мэдэж байсан. Учир нь тухайн орон сууцыг анх очиж үзэхэд тусгай хамгаалалтын бүсэд баригдаж байгааг мэдсэн.

5.3. Талуудын байгуулсан гэрээнд газрын талаар болон газрыг өгөх талаар зүйл, заалт байхгүй.

5.4. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед 20/38 дугаартай гэрээг эх хувиар хариуцагчид өгсөн.

5.5. Нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлт нь энэ маргаантай шууд хамааралгүй байсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан гэрээний үүрэгт 132,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. А-, Б- нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Амины орон сууцны захиалгын эрхийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр худалдагч А- нь “Б” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 20/38 дугаартай Амины орон сууц захилгаар барьж худалдах, худалдан авах гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам дахь нутаг дэвсгэрт баригдсан “Арцат таун” хотхоны ** метр квадрат бүхий ** давхар *** тоот бүхий сингл хаус болон амины орон сууцны захиалгын эрхийг шилжүүлэх, төлбөр тооцоо дууссанаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх, худалдан авагч Б- гэрээний үнэд 845,285,000 төгрөгийг гэрээ байгуулснаар шилжүүлэх, 180,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд нэг сарын 2 хувийн хүүтэй, 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. 

 

4. Талууд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан шаардах эрхийг мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээг үндэслэн шилжүүлжээ.

 

5. Зохигчийн хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Амины орон сууцны захиалгын эрхийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ болон мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг тус тус агуулсан холимог гэрээ байна.

5.1. Талууд тус гэрээний 2.1-д “Гэрээний 1.1. дэх хэсэгт заасан захиалгын гэрээг “М” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 220К резиденс 9Б байрны ** давхрын ** тоот, ** өрөө, ** метр квадрат орон сууц /780,285,000 төгрөгийн үнэлгээтэй/, тус орон сууцны В1 давхрын ** дугаартай 12 метр квадрат автомашины зогсоол /65,000,000 төгрөгийн үнэлгээтэй/-ийг гэрээ байгуулснаар шилжүүлэх, 180,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай нэг сарын 2 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон” гэж зааснаас дүгнэвэл Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан байна.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж тодорхойлж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар хүү тохиролцсон гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах, худалдан авах болон зээлээр худалдах, худалдан авах холимог гэрээ байгуулагдсан байхад анхан шатны шүүх нэрлэгдээгүй гэрээ гэж буруу тодорхойлж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн талуудын гэрээгээр тохиролцсон хүүг тооцож шийдвэрлэснийг залруулна.

 

6. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам дахь нутаг дэвсгэрт баригдсан “Арцат таун” хотхоны ** метр квадрат бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хариуцагч Б-гийн нэр дээр гаргаж, өмчлөх эрхийг шилжүүлжээ.

 

7. Гэрээний 2.1-д “...180,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай нэр сарын 2 хувийн хүүтэй...”, 2.2.А-д “...хүүгийн төлбөр 28,800,00 төгрөгийн хамт төлнө” гэж талууд тохиролцсон нь хоорондоо зөрүүтэй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан үгийн шууд утгаар тайлбарлан 180,000,000 төгрөгийн нэг сарын 2 хувийн хүүг 6 сараар тооцон хариуцагчаас 21,600,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

8. Түүнчлэн талууд гэрээгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд анхан шатны шүүх алдангийг 90,000,000 /180,000,000*0,5%*168 хоног/ төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

9. Харин хариуцагч алдангийн хэмжээний талаар маргасан.

“Б” ХХК болон А- нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 20/38 дугаартай Амины орон сууц захилгаар барьж худалдах, худалдан авах гэрээний 7.1-д алдангийг 0,1 хувиар тохиролцсон байна. Энэ гэрээгээр орон сууц өмчлөлд шилжүүлэх эрхийг зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан шилжүүлэхээр 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Амины орон сууцны захиалгын эрхийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 20/38 дугаартай гэрээ үүргийн хувьд бие даасан тусдаа гэрээ тул анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу алдангийг 0,5 хувиар тооцсон нь хууль зөрчөөгүй байна.  

 

10. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, хүсэлтүүдийг өөрийн бүрэн эрхийн хэмжээнд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэж хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй. Иймд хариуцагчийн “сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/01993 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “189 дүгээр зүйлийн 189.1, 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4 дэх” гэснийг “262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                             Э.ЭНЭБИШ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА