Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/02042

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сары14 өдөр

181/ШШ2022/02042

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.И/РД: /-т холбогдох,

 

26,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч Х.Ижилцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.******* өөрийн үеэл дүү болох Ш.Жаргалыг 2001 оноос өөрийн *******тай дэлхий эмнэлгийн гүйцэтгэх захирал албан тушаалд ажиллуулж, ажил амьдралын хувьд ойр дотно байсан ба Ш.Жаргалын мөнгийг өөрийн найдвартай танилуудад зээлүүлж мөнгийг нь өсгөж, түүний мөнгийг хадгалж өгдөг байсан байна.

Т.******* нь 2014 онд Я.Цэрэндэндэв нь гэгчтэй ажил хэргийн журмаар танилцсан байсан бөгөөд Я.Цэрэндэндэв нь түүнээс машин угаалгын газар, Налайх дүүрэгт байх хөнгөн бетоны үйлдвэр зэргийг зээлээр худалдан авахаар тохиролцож зарим нэг хөрөнгийг шилжүүлэн авсан байсан.

2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Я.Цэрэндэндэвийн эхнэр Х.Ижилцэцэг/Т.******* нь түүнийг танихгүй бөгөөд нөхрийн ярьж байснаар мэдэх болно/ Т.******* руу утсаар ярьсан Манай нөхөр Я.Цэрэндэндэв нь Цагдаагийн байгууллагад шалгагдаж цагдан хоригдчихоод байна, хохирлын төлбөрийг төлж гаргах гээд мөнгө хэрэгтэй байна мөнгө зээлж туслаач гэж гуйсан байдаг.

Тухайн үед Т.******* Я.Цэрэндэндэвт их хэмжээний эд хөрөнгө компаниа зээлээр өгчихөөд, түүнээс авсан зүйл байхгүй байсан тул өөрийн зүгээс мөнгө зээлэх боломжгүй, харин барьцаа хөрөнгө байвал өөр хүнээс мөнгө авч өгөх боломжтой хэмээн хэлэхэд Х.Ижилцэцэг нь өөрийн төрсөн дүү Х.Бат-Эрдэнийн 52 м.кв талбайтай орон сууцыг барьцаанд тавьж 30,000,000 авья гэж ярьсан.

Т.******* нь үеэл дүү болох Ш.Жаргал руу ярьж чи хүнд мөнгө зээлэх үү, барьцаа хөрөнгөтэй юм байна гэхэд Ш.Жаргал нь богино хугацаатай тэгээд хүүтэй бол зээлж болно гэж хэлсэн.

Ингээд Ш.Жаргал нь Х.Бат-Эрдэнэтэй 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс Х.Бат-эрдэний өмчлөлийн БГД, 1-р хороо, Алтай хотхон, 16-р байр, 60 тоот 52 м.кв орон сууцыг 2015 оны 04 сарын 21-ний өдөр барьцааны гэрээ байгуулж Улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.

Ш.Жаргалын Зээлийн гэрээний дагуу эхлэн гүйцэтгэх ёстой үүрэг болох 30,000,000 төгрөг нь эгч Т.*******д байсан учир энэ үүргээ тэрээр Т.*******гаар дамжуулан гүйцэтгүүлсэн. Ингээд зээлдэгч Х.Бат-Эрдэнэий төлсөн эгч Х.Ижилцэцэг нь уг мөнгийг Т.*******гаас очиж авсан байдаг.

Ингээд Ш.Жаргал, Х.Бат-Эрдэнэ нарийн хооронд Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш Х.Бат-Эрдэнэ нь нэг ч төгрөгийг төлбөр төлөөгүй бөгөөд сар бүр төлөх ёстой хүүг мөн төлөөгүй тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ш.Жаргал нь Х.Бат-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн анхны шүүх хуралдаан 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутад товлогдож Х.Бат-Эрдэнэ нь өмгөөлөгч авна гэснээр шүүх хуралдаан хойшилсон бөгөөд тэрээр шүүх хурал дээр эвлэрье авсан мөнгөнийхөө оронд Land cruiser 100 маркийн автомашин өгье гэж байсан бөгөөд өмгөөлөгч авснаар дээрх хэлсэн зүйлээсээ буцаж би мөнгө аваагүй хэмээн тайлбарлаж эхэлсэн.

Х.Бат-Эрдэнийн хүсэлтэйгээр түүний эгч Х.Ижилцэцэг шүүхэд гэрчээр оролцож би дүүгээ мөнгө авахаас өмнө Т.*******гаас 26,500,000 төгрөг авсан миний дүү аваагүй гэж мэдүүлэг өгсөн.

Анхан шатны шүүх нь Х.Ижилцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Ш.Жаргал нь Х.Бат-Эрдэнэд мөнгө зээлүүлэх үйл явдал болохоос өмнө нэхэмжлэгчийн үеэл Т.*******, хариуцагчийн эгч Х.Ижилцэцэгт 26,500,000 төгрөгийг бичгээр үйлдсэн зээлийн гэрээгүйгээр,барьцаагүйгээр зээлдүүлсэн байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба давж заалдах болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Ингээд Х.Ижилцэцэгийн гэрчийн мэдүүлэгт тулгуурлан шүүхийн шийдвэр гарсан ба Ш.Жаргал нь Зээлийн гэрээний дагуу Х.Бат-Эрдэнэд зээлүүлсэн 30,000,000 төгрөгийг авч чадахгүй болсон.

Нэгэнт иргэн Х.Ижилцэцэг нь Т.*******гаас дээрх 26,500,000 төгрөгийг зээлсэн тухайгаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ш.Жаргалын нэхэмжлэлтэй Х.Бат-Эрдэнэд холбогдох иргэний хэрэгт гэрчээр оролцож Т.*******гаас 26,500,500 төгрөг зээлсэн, уг мөнгийг эгүүлэн төлнө хэмээн мэдүүлэг өгч, шат шатны шүүх түүний хэлсэн зүйлийг нотлох баримтаар үнэлсэн байх бөгөөд Т.******* нь Х.Ижилцэцэгт 26,500,000 төгрөгийг бичгээр үйлдсэн зээлийн гэрээгүйгээр, барьцаагүйгээр зээлдүүлсэн тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн түүнээс дээрх мөнгийг нэхэмжилж байна. Х.Ижилцэцэгээс 26,500,000 төгрөгийг гаргуулсан Т.*******д олгуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Х.Ижилцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүрэлбаатар овогтой******* миний бие Т.*******гийн нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй ба үүнтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна.

Т.******* бид нарын хооронд 2013 оноос эхлэн эд хөрөнгө, мөнгө төгрөгийн харилцаа авлага өглөгтэй байсан. Энэ нь *******гийн өөрийн дураар бүхнийг шийддэг олны танил нэр хүндээрээ далайлгаж хүчээр тулгаж өөртөө ашигтай байдлаар хүний хөрөнгийг хуу хамж авдаг өөдгүй зальжин хүн чанаргүй зангаас болж бидний хооронд үл ойлголцол үүсч 2016 оноос эхлэн цагдаа шүүхийн байгууллагаар явж өнөөдрийг хүртэл дуусаагүй явж байна.

Миний бие Жаргал гэж хүнийг огт танихгүй энэ хүнийг мөнгийг *******гаар дамжуулан авсан огт байхгүй бөгөөд Жаргал болон ******* нарт ямар нэгэн өр төлбөр байхгүй харин *******гаас байр орон сууц болон мөнгөний авлагатай бөгөөд энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлж бүр мөсөн цэглэх хүсэлтэй байна. Мөн энэ хүмүүс миний дүү Бат-эрдэнэийг 30 сая төгрөгийн зээл авсан гэж дайрч байснаа одоо Х.Ижилцэцэг нь 26 сая 500-г авсан гээд байгаа нэхэмжлэхийг нь ердөө ойлгохгүй байна. Ямар нэгэн аргаар л дахин дахин мөнгө авах шуналын сэдлээр ийм юм хийгээд байна гэж харж байна.

******* нь миний машин болон орон сууцнууд, миний нөхрөөр ажил гүйцэтгүүлээд хөлс хүчийг нь өгөөгүйгээр барахгүй бидэнд байсан бүх хөрөнгө мөнгийг өөртөө болон өөрийн хөрөнгөнд хөрөнгө оруулалт болгож наачаад энэ муухай үйлдэлээ далдлах гэж цагдаагийн байгуулагад өөрийн нэр хүнд танил талаа ашиглаж зориуд хэрэг үүсгүүлээд шорон орон ярьж дарамталж байгаад миний хөрөнгийг дээрэмдэж авсан.

Ийм байтал надад өгөх ёстой мөнгөө өгөх гэж бодох нь бүү хэл өөрөө надаас авлагатай мэт шүүхэд хандаж байгаад гомдолтой байна. Иймд *******гийн нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Х.Ижилцэцэгийн өмгөөлөгч Н.Жамъян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ижилцэцэг болон Т.******* нарын хооронд Зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж хариуцагч Х.Ижилцэцэг хэлж байна. Хэрэгт авагдсан баримтаар ийм үйл баримт тогтоогдсон гэж хариуцагчийн өмгөөлөгчөөс үзэж байна. 2013 оноос Т.*******гийн гэр бүл болон Я.Цэрэндэндэвийн гэр бүлийн хооронд тодорхой хэлцлүүд хийгдсэн гэж ойлгож болно. Хэлцэлд гарын үсэг өрхийн тэргүүн Я.Цэрэндэндэв зурж байсан боловч нэгэнт зарцуулагдаж байгаа хөрөнгө гэр бүлийн дундын өмчлөлийнх байгаа.

Т.*******гаас тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгээд маргаад цуцлагдсан гэдгээ хэн хэн нь мэдүүлж байна. Өр, авлага байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдаж байна. Х.Ижилцэцэгийн нэр дээр байсан тодорхой хөрөнгүүдийг зайсанд байрлалтай 3 өрөө орон сууцыг худалдаж авахын тулд шилжүүлж байсан гэдгийг Я.Цэрэндэндэв болон Х.Ижилцэцэг нар мэдүүлж байна.

Ийм учраас Х.Ижилцэцэг нь Т.*******гаас тодорхой хэмжээний авлагатай байсан. 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө 26,500,000 төгрөгийг авлагад авсан гэж ойлголоо. Иргэний хуулийн 281.1, 282.4-т зааснаар шаардсан. Энд зааснаар Зээлийн гэрээ байгуулагдаагүй байна. Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадал, тогтоол дээр маш тодорхой дурдсан байгаа. Т.Жаргал гэдэг хүн мөнгөө Х.Бат-эрдэнэд зээлдүүлсэн Зээлийн гэрээний асуудал яригддаг. Х.Ижилцэцэг болон Т.******* нарын хооронд бичгээр хийсэн Зээлийн гэрээ байхгүй. Хүү, алдангийн асуудал яригдаагүй. Т.******* нь манай дүү Т.Жаргалын мөнгө байсан юм аа гэж тайлбарлаад байдаг.

Авлагад тооцуулж өгсөн 26,500,000 төгрөгөө хожим хийгдсэн Зээлийн гэрээнд оруулж тооцож гаргуулах гэсэн зүйл харагдаж байна. Зээлийн гэрээ гэж үзэх юм бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. 2015 оноос хойш 3 жилийн хугацаанд Х.Ижилцэцэгийг хариуцагчаар татаж шаардсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн хариуцагчаа буруу тодорхойлж буй үндэслэл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолоход саад болохгүй. Хариуцагч Х.Ижилцэцэгийн тайлбараар энэ бол Зээлийн гэрээний үүрэг биш ээ, өр авлагад 26,500,000 төгрөгийг авсан гэдэгт санал 1 байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан шаардах эрхгүй байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/03111 дугаар шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/00468 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2019/13657 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02667 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2478 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч талаас баримтаар гаргасан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 201625021719 дугаар Прокурорын тогтоолын хуулбар, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 10 сарын 07-ны өдрийн 676 дугаар Хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлсон тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 10 сарын 07-ны өдрийн 697 дугаар Хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлсон тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2022/04705 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.******* хариуцагч Х.Ижилцэцэгт холбогдуулан 26,500,000/хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Х.Ижилцэцэг нь надад өгөх ёстой мөнгөө өгөх гэж бодох нь бүү хэл өөрөө надаас авлагатай мэт шүүхэд хандаж байгаад гомдолтой байна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэн Ш.Жаргал, Х.Бат-Эрдэнэ нар нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан байх боловч Зээлийн гэрээнд зааснаар зээлдүүлэгч Ш.Жаргал нь зээлдэгч Х.Бат-Эрдэнэд 30,000,000/гучин сая/ төгрөгийг шилжүүлж өгөөгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02667 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2478 дугаар магадлалын болон Улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 00468 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэн Ш.Жаргал, Х.Бат-Эрдэнэ нар нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулахаас 2-3 хоногийн өмнө нэхэмжлэгч нь хариуцагчид 26,500,000/хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг зээл хэлбэрээр шилжүүлж өгсөн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02667 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2478 дугаар магадлалын болон Улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 00468 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 26,500,000/хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг зээлж аваагүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар иргэн Ш.Жаргал, Х.Бат-Эрдэнэ нар нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулахаас 2-3 хоногийн өмнө нэхэмжлэгч нь хариуцагчид 26,500,000/хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02667 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2478 дугаар магадлалын болон Улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 00468 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас зээлийн төлбөрт 26,500,000/хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх ба зохигчид Зээлийн гэрээ байгуулсан болох нь дээр дурдсан үндэслэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавиагүй учир зохигчийн байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол ... ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж үзнэ.

 

Зохигчид Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоосон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаас 26,500,000/хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байх боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13657 дугаар шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зохигчид Зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас 26,500,000/хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай болон хариуцагч Х.Ижилцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн тус тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 26,500,000/хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч нь төлөөгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 26,500,000/хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь 26,500,000/хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг авлагадаа өгсөн гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчид 26,500,000/хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг өглөгтэй болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ижилцэцэгээс нийт 26,500,000/хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ижилцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 290,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ижилцэцэгээс нийт 26,500,000/хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ижилцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 290,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ