Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02031

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02031

 

 

Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02042 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Тгийн хариуцагч Хт холбогдуулан гаргасан,

 

26,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Т 2014 онд Я тэй танилцсан ба тэрээр Тгаас машин угаалгын газар, хөнгөн бетоны үйлдвэр зэргийг зээлээр худалдан авахаар тохиролцож зарим хөрөнгийг шилжүүлж авсан. 2015.04.11-ний өдөр Я ийн эхнэр Х нь Т руу утсаар ярьж нөхөр Я цагдаагийн байгууллагад шалгагдаж цагдан хоригдсон учир хохирлын төлбөр төлж гаргахад мөнгө хэрэгтэй гэж мөнгө зээлдүүлэхийг гуйсан. Т нь дүү Шын мөнгийг зээлдүүлэхээр, Х нь дүү Х орон сууцыг барьцаалж 30,000,000 төгрөг зээлж авахаар болж Ш, Х нар 2015.04.21-нд зээл, барьцааны гэрээ байгуулж, Ш нь 30,000,000 төгрөгийг эгч Тгаар дамжуулан өгсөн. Зээлдэгч Х гэрээний үүргээ биелүүлээгүй учир Ш шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х гэрчээр оролцож би дүүгээ мөнгө авахаас өмнө Тгаас 26,500,000 төгрөг авсан миний дүү аваагүй гэж мэдүүлснийг шүүх үнэлж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу Хээс 26,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Т, Х нар нь 2013 оноос эхлэн эд хөрөнгө, мөнгөний харилцаа, авлага өглөгтэй байсан. Энэ нь Тгийн өөрийн дураар бүхнийг шийддэг, ааш зангаас болж талуудын хооронд үл ойлголцол үүсэж 2016 оноос эхлэн цагдаа, шүүхээр өнөөдрийг хүртэл явж байна. Х нь Шыг танихгүй, түүнээс Тгаар дамжуулан мөнгө аваагүй, ямар ч өргүй. Энэ хүмүүс миний дүү Бат-Эрдэнийг 30.0 сая төгрөгийн зээл авсан гэж дайрч байснаа одоо Х 26,500,000 төгрөг авсан гэж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч Хээс 26,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Тд олгож, нэхэмжлэгчийн төлсөн 290,450 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 290,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Т, Хт 26,500,000 төгрөг шилжүүлсэн гэдэгт маргахгүй боловч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Х өмнө нь Тгаас авах ёстой байсан авлага буюу хөнгөн блокийн үйлдвэр, машин угаалгын газарт оруулсан хөрөнгө оруулалтын тооцоотой холбоотойгоор 26,500,000 төгрөгийг авсан. Гэтэл шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлохгүй нэхэмжлэгч хариуцагчид мөнгө шилжүүлсэн нь тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн өөр хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийг үндэслэл болгон Т, Х нарын хоорондын асуудлыг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзсэн нь үндэслэлгүй. Тус шүүхийн шийдвэрээр Ш, Х нарын хоорондын маргааныг шийдвэрлэсэн болохоос Т, Х нарын асуудлыг шийдвэрлээгүй.

4.2. Т 2015.04.21-ний өдөр Хт мөнгө шилжүүлснийг дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх буюу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг анхаарч, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1д заасныг харгалзаж үзээгүй.

4.3. Хариуцагч нь анхнаасаа талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа биш худалдах худалдан авах болон арилжааны гэрээний харилцаа байсан гэдгийг тайлбарлаж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Улмаар хариуцагч нь энэ асуудлаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэг асуудлаар хоёр шүүхэд иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь буруу юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Т хариуцагч Хт холбогдуулан 26,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 102/ШШ2017/02667 дугаартай шийдвэрээр Хд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 89,250,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Шын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2478 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 001/ХТ2018/00468 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээжээ. Тус шийдвэрээр Ш, Х нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан хэдий ч зээлдүүлэгч гэрээнд заасан 30,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлээгүй үндэслэлээр Ш зээлийн гэрээний үүргийг Хэс шаардах эрхгүй болохыг, харин тус зээлийн гэрээг байгуулахаас өмнө Х нь 26,500,000 төгрөгийг Тгаас бичгээр үйлдсэн зээлийн гэрээгүй, барьцаагүйгээр зээлдэн авсан болохыг тус тус тогтоожээ. Энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй. /хх 8-10, 13-17/

4. Хариуцагч Х нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа нэхэмжлэгч Ттай үл хөдлөх эд хөрөнгийн бизнесийн асуудлаар маргаантай, 26,500,000 төгрөгийг авлагадаа авсан, мөнгө зээлээгүй гэж үндэслэл заан татгалзлаа илэрхийлсэн боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон тул талуудын хүсэл зоригийн илэрхийллийг дахин тогтоохгүй. Зээлийн гэрээний дагуу хариуцагч Х нь 26,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Тд буцааж төлөх үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч уг мөнгийг хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

5. Зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй тохиолдолд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

6. Арилжааны гэрээ цуцалснаас үүсэх үүрэгт 180,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүрэгт 26,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй, зээлийн гэрээнд холбогдох эрх зүйн маргаанд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн хэлцлийн үүргийг буцаан шаардах шаардлага хамааралгүй гэж хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг зөрчөөгүй байна. /хх47-50/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Э.ЭНЭБИШ