Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/02688

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2022/02688 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4-147 тоот хаягт оршин суух, ................. овогт Т............... Б................ /РД:................./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа, өөрийн байранд байрлах, Иргэний нисэхийн ерөнхий газар /РД:.................../-т холбогдох

 

Докторын зэргийн нэмэгдлийг 2020 оны 6 сараас 2022 оны 09 сарыг дуустал хугацаанд үндсэн цалингийн 20 хувиар тогтоож, дутуу олгосон нэмэгдэл 9 116 910 төгрөг гаргуулах, 2022 оны 10 сараас эхлэн Доктор (Ph.D) эрдмийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 30 хувиар тогтоолгох, Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга П.Ариунболд, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нямсүрэн нарын зүгээс Т.Б намайг илт ялгаварлан гадуурхаж эрхийг минь хязгаарласан болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Миний бие Иргэний нисэхийн салбарт 1989 оноос өнөөг хүртэл 32 дахь жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаагаас захиргааны хэлтсийн мэргэжилтэн, менежер, хэлтсийн дарга, Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалд 2000 оноос өнөөг хүртэл ажиллахдаа ямар нэгэн алдаа зөрчил гаргалгүй, шударгаар хөдөлмөрлөж ирсэн. Би үндсэн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа эзэмшсэн мэргэжил, туршлага, олон жилийн ажиглалт судалгаан дээр тулгуурлан эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж Шинжлэх Ухаан технологийн Их Сургуулийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд 2020 оны 6 сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхий зохицуулалтын нисэх онгоцны хэрэглээг өргөжүүлэх стратеги, менежментийн асуудал сэдвээр Доктор (Ph.D) зэрэг хамгаалсан юм. Ийнхүү би ажил үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ эрдмийн зэрэг горилогч залуу судлаачдын зөвлөх багийн гишүүнээр томилогдон ажиллаж, их, дээд сургууль, нисэхийн сургалтын төвд цагаар хичээл зааж, мөн асуудал дэвшүүлсэн судалгаа шинжилгээний өгүүллэг, нийтлэл өдөр тутмын сонин, сэтгүүлд хэвлүүлэх зэрэг эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлж байгаа. ИНЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга П.Ариунболд, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нямсүрэн нарын зүгээс Т.Б намайг илт ялгаварлан гадуурхан 2021 оны 7 дугаар сараас эхлэн үндсэн цалингийн 10 хувиар докторын зэргийн нэмэгдэл олгож эхэлсэн. Өмнөх хугацааны нэмэгдлийг нөхөн олгоогүй. Тус байгууллагад ажилладаг мэргэшсэн нягтлан бодогч, мэргэшсэн аудиторын зэрэгтэй гэгдэх олон хүнд үндсэн цалингийн 15 хувийн нэмэгдэл олгож байгаа. Би шүүхэд гаргасан 2021 оны 4, 6, 7 сарын дутуу олгосон цалин, үр дүнгийн нэмэгдэл 4 033 756 төгрөг гаргуулах, ИНЕГ-ын ёс зүйн зөвлөлд гаргасан Т.Б миний гомдлыг шийдвэрлэсэн тус зөвлөлийн шийдвэрийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан. Докторын зэргийн нэмэгдлийг 15 хувиар тогтоолгох гэсэн шаардлагаа 20 хувиар тогтоолгох гэж өөрчилсөн. Иймд 2020 оны 6 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд үндсэн цалингийн 20 хувиар докторын зэргийн нэмэгдэл бодож 3 315 240 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 01-нээс 2022 оны 9 сарыг дуустал хугацаанд дутуу олгогдсон 5 801 670 төгрөгийг буюу нийт 9 116 910 төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулах, Иргэний нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих Хамтын хэлэлцээр 3.8.1 заалтыг үндэслэн Доктор (Ph.D) эрдмийн зэргийн нэмэгдлийг 2022 оны 10 дугаар сараас эхлэн үндсэн цалингийн 30 хувиар тогтоолгох шаардлагаа дэмжинэ. Мөн Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга П.Ариунболд, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нямсүрэн нарын зүгээс Т.Б намайг илт ялгаварлан гадуурхаж эрхийг минь хязгаарласан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгыг буюу докторын зэргийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Чухам ямар хувь хэмжээгээр олгох вэ гэдэгт иргэний нисэхийн салбарт 2022 оноос 2024 онд хэрэгжих хамтын хэлцлийн 3.8.1 дэх заалтыг хариуцагч үндэслэж хэлээд байна. Гэтэл энэ заалтад уг мэргэжлийн зэргийн нэмэгдлийг харъяалах үндсэн цалингийн 10-30 хүртэлх хэмжээгээр олгох асуудлыг тухайн байгууллагын хамтын гэрээ болон хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тусгаж хэрэгжүүлнэ гэж хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн дотоод журмын 11 дэх хэвлэлд байсан. Энэ 11 дэх хэвлэлийн 6.2.12 хэсэгт авагдсан эрдмийн зэрэг цолтой ажилтан төрийн албан хаагчийн эрдмийн зэрэг олгох журамд заасны дагуу нэмэгдэл олгоно гэсэн байна. Иргэний нисэхийн ерөнхий газар түүний албан хаагчдыг төрийн албан хаагч гэж үздэггүй. Хэдий тийм боловч эрдмийн зэрэг цолтой ажилтнууддаа төрийн албан хаагчид олгодог нэмэгдлийг олгоод явдаг. Нэхэмжлэгчийн хувьд 10 хувийн нэмэгдэл авч байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлээд, энэ өдрөөс хойш 30 хувиар тооцуулна гэсэн байна. Үнэхээрийн шүүхээс хуульд заасны дагуу нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзвэл бид цалинг нэмэгдүүлж олгоход татгалзах зүйл байхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас 2021.12.02-ны өдрийн №3 дугаар ИНЕГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэр, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.03.09-ний өдрийн 06/385 дугаар ИНЕГ-ын албан тоот, Хөдөлмөрийн дотоод журам, ШУТИС-ын докторын диплом, 2020.06.15-ны өдрийн А/92 дугаар ШУТИС-ын захирлын тушаал, 2021.02.05-ны өдрийн ИНЕГ-ын даргад гаргасан өргөдөл, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, 2013.02.07-ны өдрийн Их хурлын тогтоол, түүний хавсралт, Эмнэлгийн хуудас, 2021.06.10-ны өдрийн Цалингийн тодорхойлолт, 2021.01.13-ны өдрийн А/04 дугаар ИНЕГ-ын даргын тушаал, 2020.12.24-ний өдрийн А/492 дугаар ИНЕГ-ын даргын тушаал, Ажилтны ирцийн мэдээ, Цалингийн мэдээ, 2021.06.17-ны өдрийн А/106 дугаар ШУТИС-ын захирлын тушаал, 2020.09.01-ний өдрийн 25 дугаар Их Засаг ОУИС-ын цагийн багштай хийх хөлсөөр ажиллах гэрээ, 2020.11.06-ны өдрийн 69/20 дугаар Цагаар багшлуулах гэрээ, МУБИС-ын Боловсролын судлалын сургуулийн Сертификат, 2021.07.06-ны өдрийн Б/56 дугаар ИНЕГ-ын даргын тушаал, Ажилтанд ээлжийн амралт олгох хуудас, 2021.03.09-ний өдрийн Б/21 дугаар ИНЕГ-ын даргын тушаал, 2021.02.10-ны өдрийн 02 дугаар ИНЕГ-ын даргын Зөвлөлийн хурлын шийдвэр, Ажилтанд листний мөнгө олгосон бүртгэл, 2012.04.12-ны өдрийн 3833 дугаар Улсын онцгой комиссын шуурхай штабын албан тоот, Эмнэлгийн хуудас, Ажилтны ирцийн мэдээ, Бүх нийтийн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд ажлын байранд ажиллах ИНЕГ-ын ажилтнуудын хуваарь, Ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, 2021.07-р сарын Үр дүнгийн нэмэгдэл хөлс тооцож олгох хуудас, 2021.04.22-ны өдрийн 12 дугаар ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах түр штабын хурлын шийдвэр, 2021.03.26-ны өдрийн А/42/44 дугаар Зам тээврийн хөгжлийн сайд, сангийн сайдын хамтарсан тушаал, ИНЕГ-ын 2021 оны Орлого, зарлагын төлөвлөгөө, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд ажлын байранд ажиллах ИНЕГ-ын ажилтнуудын хуваарь, 2021.05.14-ний өдрийн 27 дугаар ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газрын албан тоот, 2020.05.08-ны өдрийн А/280 дугаар ИНЕГ-ын даргын тушаал, түүний хавсралт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2021.07.29-ний өдрийн 35 дугаар ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын албан тоот, Гадны сургалтын байгууллагад 2021 онд зохион байгуулагдах дотоод сургалтын төлөвлөгөө, 2019.01.23-ны өдрийн А/52 дугаар ИНЕГ-ын даргын тушаал, 2019.08.14-ний өдрийн А/653 дугаар ИНЕГ-ын даргын тушаал, 2017.05.31-ний өдрийн А/345 дугаар ИНЕГ-ын даргын тушаал, 2017.11.17-ны өдрийн А/759 дугаар ИНЕГ-ын даргын тушаал, 2018.07.20-ны өдрийн А/418 дугаар ИНЕГ-ын даргын тушаал, Өргөдөл гомдлын хяналтын карт, 2021.10.15-ны өдрийн ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид гаргасан хүсэлт, 2021.04.19-ний өдрийн ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах түр штабын хурлын шийдвэр, 2021.04.08-ны өдрийн ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах түр штабын хурлын шийдвэр, 2021.04.08-ны өдрийн 91 дугаар Засгийн газрын тогтоол, Ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, 2021.07.27-ны өдрийн ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын товч тайлан, Захиргаа, удирдлагын газрын 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүн, Даргын зөвлөлийн 2021 оны 10 дугаар хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, 2022.02.09-ний өдийн 02-06-080/04 дугаар Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлан байцаагчийн акт, түүний хавсралт,

Хариуцагч талаас, 2022.08.22-ны өдрийн Иргэний Нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих хамтын хэлэлцээр зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан Докторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувиар тогтоолгох, 2020 оны 6 сараас 2021 оны 7 сар хүртэлх хугацаанд олгогдоогүй нэмэгдэл 5 3 87 265 төгрөгийг нөхөн гаргуулах, 2021 оны 7 дугаар сараас докторын зэргийн дутуу олгосон 5 хувийн зөрүүг тооцон гаргуулах, 2021 оны 4, 6, 7 сарын дутуу олгосон цалин, үр дүнгийн нэмэгдэл 4 033 756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргаснаар шүүх иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гурван удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, эцсийн байдлаар Докторын зэргийн нэмэгдлийг 2020 оны 6 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд үндсэн цалингийн 20 хувиар тогтоож, дутуу олгосон нэмэгдэл 9 116 910 төгрөг гаргуулах, 2022 оны 10 дугаар сараас эхлэн Доктор (Ph.D) эрдмийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 30 хувиар тогтоолгох, Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга П.Ариунболд, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нямсүрэн нарын зүгээс Т.Б намайг илт ялгаварлан гадуурхаж эрхийг минь хязгаарласан болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин бусад шаардлагаасаа татгалзсан болно.

 

3. Нэхэмжлэгч Т.Б нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гомдол гаргасан ба шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 дотор гомдол гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэн, няцаагаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан гэж үзэн, харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авч хэлэлцэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

4. Т.Б нь Шинжлэх Ухаан технологийн Их Сургуулийн захирлын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/92 тоот тушаалаар Менежментийн ухааны докторын зэрэг хамгаалсан болох нь F202001609 дугаар Докторын диплом болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

5. Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.12-т эрдмийн зэрэг, цолтой ажилтанд Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журам-д заасны нэмэгдэл олгоно гэж, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт Төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгох журмын 4-т ...боловсролын докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувиар тооцон, докторын зэргийн нэмэгдэл олгоно... гэж тус тус зохицуулжээ.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно. гэж заасан бөгөөд ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2021 оны 07 сарын 06-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Б-д докторын зэргийн нэмэгдлийг сар бүрийн үндсэн цалингийн 10 хувиар тооцон 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцон олгохоор шийдвэрлэснийг шүүх буруутгах үндэслэлгүй.

 

Тодруулбал, тухайн төрлийн нэмэгдэл олгох эсэх, хувь хэмжээг тогтоох нь хуульд зааснаар хамтын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдах асуудал бөгөөд талууд өөрсдийн эрх ашиг сонирхлоо гэрээ, хэлэлцээрт чөлөөтэй, эрх тэгш илэрхийлэх, тусгах, гэрээ хэлэлцээрийг биелүүлэх үед хяналт тавих, нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах зэрэг эрхээр хангагддаг. Эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар хориглосон байдаг тул нэхэмжлэгч Т.Батжаргалын Докторын зэргийн нэмэгдлийг шүүхээр тогтоолгох шаардлага нь үндэслэлгүй байна.

 

7. Харин ажил олгогч нь ажилтанд докторын зэрэг хамгаалсан 2020 оны 6 сараас хойш даруй 13 сар өнгөрсний дараа буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.12, Төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгох журмын 6-т заасантай нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч Т.Батжаргалын үндсэн цалин 2 762 700 төгрөгөөс докторын нэмэгдлийг 10 хувиар тооцон 13 сарын нэмэгдэл 3 591 510 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгчийн Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга П.Ариунболд, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нямсүрэн нарын зүгээс Т.Б намайг илт ялгаварлан гадуурхаж эрхийг минь хязгаарласан болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй. Тодруулбал тухайн шаардлагын хувьд хариуцвал зохих этгээд нь Иргэний нисэхийн ерөнхий газар биш байх тул уг шаардлагын тухайд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

9. Дээрх үндэслэлээр 2020 оны 6 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэлх олгогдоогүй нэмэгдэл 3 591 510 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 525 400 төгрөг гаргуулах, докторын зэргийн нэмэгдлийг 2020 оны 6 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд үндсэн цалингийн 20 хувиар тогтоож, 2022 оны 10 сараас эхлэн Доктор (Ph.D) эрдмийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 30 хувиар тогтоолгох, Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга П.Ариунболд, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нямсүрэн нарын зүгээс Т.Б намайг илт ялгаварлан гадуурхаж эрхийг минь хязгаарласан болохыг тогтоох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 128 дугаар зүйлийн 128.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 3 591 510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 525 400 төгрөг гаргуулах, докторын зэргийн нэмэгдлийг 2020 оны 6 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд үндсэн цалингийн 20 хувиар тогтоож, 2022 оны 10 дугаар сараас эхлэн Доктор (Ph.D) эрдмийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 30 хувиар тогтоолгох, Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга П.Ариунболд, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Нямсүрэн нарын зүгээс Т.Б намайг илт ялгаварлан гадуурхаж эрхийг минь хязгаарласан болохыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 357 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаа улсын тэмдэгтийн хураамжид 72 415 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод тушаахыг даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ