Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02063

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02063

 

 

 

 

 

Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02688 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т ын

 

Хариуцагч Иргэний Нисэхийн ерөнхий газарт холбогдох,

 

Докторын зэргийн нэмэгдлийг 2020 оны 06 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд үндсэн цалингийн 20 хувиар тогтоож, дутуу олгосон нэмэгдэл 9,116,910 төгрөг гаргуулах, 2022 оны 10 дугаар сараас эхлэн доктор (Ph.D) эрдмийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 30 хувиар тогтоолгох, хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга П, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч нарын зүгээс Т ыг илт ялгаварлан гадуурхаж эрхийг нь хязгаарласан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1. а. 2020 оны 06 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарыг дуусах хүртэл хугацаанд үндсэн цалингийн 20 хувиар докторын зэргийн нэмэгдлийг тогтоолгох,

1.б. Дутуу олгогдсон 9,116,910 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

1.в. Иргэний нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих хамтын хэлэлцээрийн 3.8.1-д заасныг үндэслэн доктор (Ph.D) эрдмийн зэргийн нэмэгдлийг 2022 оны 10 дугаар сараас эхлэн үндсэн цалингийн 30 хувиар тогтоолгох,

1.г. Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга П, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч нарын зүгээс Т ыг илт ялгаварлан гадуурхаж эрхийг нь хязгаарласан болохыг тогтоолгохоор шаардсан.

Т нь Иргэний нисэхийн салбарт 1989 оноос өнөөг хүртэл 32 дахь жилдээ ажиллаж, Шинжлэх Ухаан технологийн Их Сургуулийн эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхий зохицуулалтын нисэх онгоцны хэрэглээг өргөжүүлэх стратеги, менежментийн асуудал сэдвээр доктор (Ph.D) зэрэг хамгаалсан. Гэтэл Т д 2021 оны 07 дугаар сараас эхлэн үндсэн цалингийн 10 хувиар докторын зэргийн нэмэгдэл олгож, өмнөх хугацааны нэмэгдлийг нөхөн олгоогүй нь тус газрын Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга П, санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч нар илт ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. Тус байгууллагад ажилладаг мэргэшсэн нягтлан бодогч, мэргэшсэн аудиторын зэрэгтэй олон хүнд үндсэн цалингийн 15 хувийн нэмэгдэл олгодог. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн докторын зэргийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрч байна. Иргэний нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих хамтын хэлцлийн 3.8.1-д заасан мэргэжлийн зэргийн нэмэгдлийг харьяалах үндсэн цалингийн 10-30 хувь хүртэлх хэмжээгээр олгох асуудлыг тухайн байгууллагын хамтын гэрээ болон хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тусгаж хэрэгжүүлнэ гэж хөдөлмөрийн дотоод журамд заасан. Иргэний Нисэхийн ерөнхий газар түүний албан хаагчдыг төрийн албан хаагч гэж үздэггүй боловч эрдмийн зэрэг цолтой ажилтнууддаа төрийн албан хаагчид олгодог нэмэгдлийг олгодог. Нэхэмжлэгчийн хувьд 10 хувийн нэмэгдэл авч байгаа. Хэрэв шүүхээс хуульд заасны дагуу нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзвэл цалинг нь нэмэгдүүлж олгоход татгалзах зүйлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 128 дугаар зүйлийн 128.1.1-т зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 3,591,510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т д олгож, нэхэмжлэлээс 5,525,400 төгрөг гаргуулах, докторын зэргийн нэмэгдлийг 2020 оны 06 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд үндсэн цалингийн 20 хувиар тогтоож, 2022 оны 10 дугаар сараас эхлэн Доктор (Ph.D) эрдмийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 30 хувиар тогтоолгох, Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга П, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч нарын зүгээс Т намайг илт ялгаварлан гадуурхаж эрхийг хязгаарласан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,357 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72,415 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Нотлох баримтыг бодитой, үнэн зөв талаас нь үнэлээгүй тухайд

а. Докторын зэргийн нэмэгдлийг 2022 оны 09 дүгээр сарыг хүртэл хамтын хэлэлцээрт өмнө нь огт тусгаж байгаагүй ба Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Хөдөлмөрийн дотоод журамд маш бүрхгээр Төрийн албан хаагчийн эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журамд заасан нэмэгдэл олгоно гэсэн заалт нэмж оруулсан. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаас бусад ажилтан төрийн албан хаагч биш. Үүнийг хариуцагчийн төлөөлөгч зөвшөөрсөн. Энэ нь нэхэмжлэгчид докторын зэргийн нэмэгдлийг 2020 оны 06 дугаар сараас эхлэн үндсэн цалингийн 20 хувиар, 2022 оны 10 дугаар сараас 30 хувиар тогтоолгох үндэслэл нь нотлогдож байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2-т заасныг зөрчин ТББ-ын дэргэдэх 24-42 цагийн хөтөлбөрт суусан дотоод аудитын албан тушаалтнууд, мөн 3 долоо хоногийн сургалтад сууж Мэргэшсэн нягтлан бодогч зэрэг авсан нягтлан бодогч, мэргэшсэн инженер нарт үндсэн цалингийн 15 хувиар, 6 сарын сургалтад суусан зөвлөх инженер-ийн зэрэг авсан хүмүүст үндсэн цалингийн 20 хувийн нэмэгдэл олгож байгаа атлаа тус газрын хэмжээнд эрдмийн зэрэг хамгаалсан намайг ялгаварлан гадуурхаж, бусдаас дорд үзэж, бусдад давуу байдал тогтоож байгааг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөөр байтал шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн докторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар, 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд

б. Нэхэмжлэгчийн докторын ажлын эрдэм шинжилгээний бүтээл нь зохиогчийн эрхийн гэрчилгээтэй. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газраас докторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувь, 30 хувиар олгохгүй хохироож байна. Шүүх Үндсэн хуулийг мөрдлөг болгон ажиллаж хариуцагчаас нэхэмжлэгчид учруулсан хохирол болох 5,525,400 төгрөгийг гаргуулж, 2022 оны 10 дугаар сараас эхлэн докторын нэмэгдлийг 30 хувиар тогтоож өгөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Хариуцагч талаас шүүхээс хуульд заасны дагуу нэхэмжлэгчид нэмэгдэл олгох нь зүйтэй гэж үзвэл нэхэмжлэгчийн цалин хөлсийг нэмэгдүүлж олгоход татгалзахгүй гэсэн. Иймд хариуцагчаас 5,525,400 төгрөг гаргуулж, докторын зэргийн нэмэгдлийг 2020 оны 06 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд үндсэн цалингийн 20 хувиар, 2022 оны 10 дугаар сараас үндсэн цалингийн 30 хувиар тус тус тогтоож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хариуцагч талаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээж, найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан докторын зэргийн нэмэгдлийг 2020 оны 06 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд үндсэн цалингийн 20 хувиар олгох, дутуу олгосон нэмэгдэл 9,116,910 төгрөг гаргуулах, 2022 оны 10 дугаар сараас эхлэн доктор /Ph.D/ эрдмийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 30 хувиар тус тус тогтоолгох, тус газрын хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга П, санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч нар нь нэхэмжлэгчийг илт ялгаварлан гадуурхаж эрхийг нь хязгаарласан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх 176/

3. Нэхэмжлэгч нь ... Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2-т заасныг хариуцагч зөрчин ... 24-42 цагийн сургалтад суусан дотоод аудитын албан тушаалтнууд, 3 долоо хоногийн сургалтад сууж Мэргэшсэн нягтлан бодогч зэрэг авсан нягтлан бодогч, мэргэшсэн инженер нарт үндсэн цалингийн 15 хувиар, 6 сарын сургалтад суусан зөвлөх инженер-ийн зэрэг авсан хүмүүст үндсэн цалингийн 20 хувийн нэмэгдэл олгож байгаа атлаа тус газрын хэмжээнд эрдмийн зэрэг хамгаалсан намайг ялгаварлан гадуурхаж ... байгааг шүүх анхаарч нэхэмжлэгчийн докторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 ... 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар гомдол гаргажээ.

3.а. Нэхэмжлэгч Т д Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн менежментийн ухааны докторын зэргийг тус сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаар тушаалаар олгожээ. Энэхүү шийдвэрийг үндэслэн хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн докторын зэргийн нэмэгдлийг сар бүр үндсэн цалингийн 10 хувиар тооцон олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй гэж шүүх зөв дүгнэжээ. /хх 16-23, 61/

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь зохигчдын хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүссэн маргаанд холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан үндэслэлтэй болжээ.

3.б. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт Төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгох журмын 4-т энэ журмын 2-т зааснаас бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа шинжлэх ухааны докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 15 хувиар, боловсролын докторын зэрэгтэй төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувиар тооцож, докторын зэргийн нэмэгдэл олгоно гэж заасан. Энэ үндэслэлээр хариуцагч, нэхэмжлэгчийн докторын зэргийн нэмэгдлийг олгожээ. /хх 25-26/

3.в. Дээрх журмын 2-т Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль тогтоомжоор заасан байгууллагад сургалт, эрдэм шинжилгээ, туршилтын ажил эрхэлдэг, эрдэм шинжилгээний байгууллагад болон судалгаа шинжилгээ, туршилтын үндсэн үйлдвэрлэл дээр ажилладаг эрдмийн зэрэг, цолтой төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр нэмэгдэл олгож байна гэж заасан нь нэхэмжлэгчид хамаарахгүй, түүний докторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 15 болон 20 хувиар тооцон олгох үндэслэлгүй байна.

4. Түүнчлэн анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн докторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 ... 30 хувиар тогтоон шийдвэрлэх боломжтой гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

4.а. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно гэж хуульчилсан. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Иргэний нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих хамтын хэлэлцээр-ийн 3.8-д ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг үндэслэн ажилтанд /мэргэшсэн, зөвлөх, доктор/ мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох ажлын байрны жагсаалт гаргаж мөрдөн ажиллана, 3.8.1-д уг мэргэшлийн зэргийн нэмэгдлийг харьяалах үндсэн цалингийн 10-30 хүртэл хувь хэмжээгээр олгох асуудлыг тухайн байгууллагын хамтын гэрээ болон хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж хэрэгжүүлнэ гэж тусгажээ. /хх 169-176/

4.б. Хариуцагч мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох ажлын байрны жагсаалтаа баталж, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох харилцааг хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаагүй, энэ талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй байна. Иймд хөдөлмөрийн харилцааны талууд хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаараа тухайлан зохицуулахаар хуульчилсан харилцааг талууд тогтоогоогүй гэх үндэслэлээр шүүх тогтоох, хувь хэмжээг нь өөрчлөх эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн докторын зэргийн нэмэгдлийг олгохдоо докторын зэрэг хамгаалсан 2020 оны 06 дугаар сараас хойших 13 сарын нэмэгдлийг олгоогүй байгааг шүүх хангаж хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 3,591,510 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд нийцсэн үндэслэлтэй, энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга П, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч нарын зүгээс Т ыг илт ялгаварлан гадуурхаж эрхийг нь хязгаарласан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль зүйн нэр томьёо, найруулгын алдаа гаргасныг залруулж энэ хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02688 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Хууль эрх зүйн дүрмийн боловсруулалтын газрын дарга П, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч нарын зүгээс Т намайг илт ялгаварлан гадуурхаж эрхийг минь хязгаарласан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг ... Хууль эрх зүй дүрмийн боловсруулалтын газрын дарга П, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч нар нь хөдөлмөрийн харилцаанд ажилтан Т ыг илт ялгаварлан гадуурхаж эрхийг нь хязгаарласан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Э.ЭНЭБИШ