Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/02541

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/02541

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

  Хариуцагч: 

  324 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцочид:

 

  нэхэмжлэгчийн төлөөлөгч А.О, өмгөөлөгч Т.Б,

хариуцагчийн төлөөлөгч Ш.Г,

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О_А нь хариуцагч Ж.Дд холбогдуулан 324 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...Миний бие О-ийн А хариуцагч Ж.Дтэй 2010 онд танилцсан. Тэр үед би Залуучууд зочид буудлын оффисын өрөөг түрээслэн хувийн компанийхаа үйл ажиллагааг явуулдаг байсан юм. Тэгэхэд Ж.Д надтай ирж уулзаад Бөхийн өргөөний хажууд Голден пен барилгыг хүмүүстэй хамтарч барьсан, тэр барилгын 5 давхар нь өөрийнх нь гэж хэлсэн. Намайг түрээсийн төлбөр төлөлгүй хамт оффистоо ажиллая гэдэг санал тавьсан. Би тэр саналыг зөвшөөрөөд БЗД-ийн 15-р хороо, Бөхийн өргөөний зүүн талд байрлах Голден пен барилгын 5 дугаар давхрын оффисын нэг өрөөнд орсон. Ж.Д өөрөө тэндээ бас оффистой байсан. Би Баянгол дүүргийн 3-р хороололд байрлах Сан Таун үйлчилгээний төвийн барилгыг 2009 онд худалдан борлуулаад, тухайн үед их мөнгөтэй байсан юм. Энэ оффист би дөнгөж нүүж ирээд Энхбатаас 60.000 ам.долларын авлагатай байсан учраас авсан. Энхбатын дүү болох залуу авчирч өгсөн. Би оффисоос гарч авахдаа жолооч Баярбаатарыг дагуулж гарч авсан. Баярбаатар намайг хүнээс 60.000 ам.доллар авсныг мэдэж байгаа. Тэгтэл Ж.Д надтай уулзаад ахаа. 40.000 ам.доллар хэрэгтэй байна, та зээлээч гэхээр нь би нөгөө 60.000 ам.доллароосоо 40.000 ам.долларыг өгсөн. Үүнээс 2-3 хоногийн дараа дахиад 20.000 ам.доллар өгсөн. Тэр үед Ж.Д жонш гаргана гэж мөнгө зээлсэн. Би тухайн үед өөрийгөө Ж.Д-ийн ах, дарга нь болсон мэтээр л бодож явсан. Бид ах дүүгийн харилцаатай болсон гэж бодож, түүнд маш их итгэж байсан үе юм. Би Ж.Дийн хийж байгаа бизнест анхаарлаа хандуулж чадахгүй, өөрийн хийж байгаа бизнестээ анхаарлаа хандуулж, тухайн үед миний бизнес маш амжилттай, мөнгө их олдог байсан. Тэгтэл Ж.Д Би Хэнтий аймгийн Ямаатын орд гэх газрыг авсан, тэр газрыг БНХАУ-ын хүмүүст үзүүлнэ гэхэд би хамт явсан юм. Тэр орд газрыг өмнө нь оросууд ашиглаж байсан орд газар байсан. БНХАУ-ын хүмүүс нь миний танил хүмүүс байсан учраас би хамт явсан юм. Буцаад Улаанбаатар хотод ирээд манай гэрийн гадаа Ж.Д мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би 5.000 ам.доллар зээлүүлсэн. Гэтэл Ж.Дийн ээж нь хөлний мэс засалд орохоор болоод надаас бас 3.500 ам.доллар зээлсэн. Би тухайн үед Лексус-300 маркийн автомашин унадаг байсан. Гэтэл Ж.Д нь Та яагаад суудлын машин унаад байгаа юм бэ, жийп унах хэрэгтэй гээд Рэнж ровер маркийн машин надад өгөөд, миний Лексус-300 машиныг аваад зөрүүнд нь 18.000.000 төгрөг надаас авсан. Би тухайн үед Лексус-300 машиныг 30.000 ам.долларт бодож авсан. Би өөрийн унаж байсан Лексусээ өгчхөөд Ж.Дээс зөрүү өгч авсан Рэнж ровер машинаа унаж байхад 2010 оны сүүлээр Ж.Д надад 84.500 ам.доллараар хар өнгийн шинэ Тоёота Ланд-200 маркийн машин худалдаж авч өгсөн. Тэгэхээр нь би хоёр машинаар яахав гээд нөгөө Ренж ровер машиныг нь буцаагаад өгсөн. Буцааж өгөхдөө ямар нэгэн тооцоо хийгээгүй юм. Ингээд 2011 оны хавар Д надаас таны танил хятадууд жоншны үйлдвэртэй юм байна, тэндээс нь үйлдвэрийн аргаар боловсруулсан 2 контейнер жонш буюу 40 тонныг авч өгөөч гэхээр нь би нөгөө хятадуудтай яриад 2 контейнер нунтаг жонш авахаар болсон. Гэтэл жонш авах мөнгө нь Д-д байхгүй байсан. Тэр нунтаг жонш нь тийм амархан олддоггүй учраас ямар ч байсан авна гээд мөнгө хэрэг боллоо гээд чиний танил Цэвэгээ ах /99118595/-тай Ж.Д бид 2 хамт уулзаад Цэвэгээ ахаас 50.000 ам.долларыг би өөрийнхөө унаж байсан Ланд Крузер-200 машинаа барьцаанд тавиад 10 хувийн хүүтэй авсан. Энэ 50.000 ам.доллараар жоншоо авсан. Энэ жоншоо ОХУ-руу экспортолсон. Гэвч Ж.Д нь энэ мөнгөө Цэвэгээ ахад буцааж төлөөгүй удаад байсан учраас би өөрийнхөө машиныг чөлөөлж авахын тулд хүүтэй нь нийлүүлээд 60.000 ам.доллар өгч өөрийн машинаа чөлөөлж авсан. Түүний дараа Шунхлай группын Б-с авлагадаа 50.000 ам.долларт тооцож, Ланд Крузер-105 маркийн машиныг өөрийн хүүдээ авсан. Хүү минь 2-3 хоног унаж байхад Ж.Д надад танай хүү залуу хүүхэд, ийм том машинаар яах юм бэ, би дараа нь дуртай машиныг нь авч өгье, энэ машинаа надад өгчих, би Б гэдэг хүнээс Вольфрамын орд худалдаж авах гэж байгаа, тэрнийхээ үнэд энэ машиныг өгч тооцуулъя гэсэн. Тэгээд би Ж.Дд мөн л итгээд хүүдээ авч өгсөн машинаа түүнд өгсөн. Тэгтэл ахиад мөнгө дутлаа гээд надаас 60.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би өөрийн жолооч Баярбаатараар Ж.Дд өг гээд оффистоо өгсөн. В орд газар нь Төв аймгийн Б суманд байдаг. Гэтэл энэ үед Ж.Д нь ОХУ-ын хүмүүсээс мөнгө аваад буцааж өгөөгүй гээд мөнгийг нь буцааж өгөх хэрэгтэй боллоо гэхээр нь оросуудыг өмгөөлж байсан өмгөөлөгч От Ч-р дамжуулаад 40.000 ач.долларыг би өгсөн. Түүний дараа Ж.Д нь надад уурхайд мөнгө хэрэгтэй байна гэж ярьж байсан. Гэтэл Д, миний дүү уурхай нээх гээд яваад байгаа хэрнээ өөрөө мөнгөгүй яваад байхаар нь эи өөрийн танил Н ахтай уулзаад Н ахаас 100.000 ам.долларыг аваад Ж.Дд өгсөн. Н ах Ж.Дээр мөнгө өгсөн авсан гээд гарын үсэг зуруулж авч үлдсэн. Энэ мөнгийг Н ахын оффис дээр буюу Төв цэнгэлдэх хүрээлэнд өгөлцөж авалцсан юм. 2013 оны өвөл шинэ жилээр би гэр бүлтэйгээ хамт Сингапур улсад амраад явж байтал Ж.Д тааралдаж 5.000 сингапур доллар авсан. 2014 онд Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт байгаа сангийн аж ахуй дээрээ мөнгө хэрэгтэй байна, 36.000.000 төгрөг зээлээч тхэд нь надад байсан 200.000 Хонг Конг долларыг зээлүүлсэн. Тухайн үед Хонг Конг долларын ханш 230 төгрөг байсан. Би Дд уг мөнгийг өгсний дараа Сингапур улс руу явсан. Тухайн үед Дийн гэр бүлийнхэн Сингапур улсад амьдардаг байсан. Та очихдоо манай эхнэрт 5.000 сингапур доллар өгчихөөрэй гэхээр нь би эхнэрт нь 5.000 сингапур доллар өгсөн. Би Сингапурт 7 хоноод буцаад ирэхэд Ж.Д нь надтай уулзаад 10.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би өөрийнхөө зүүж байсан алтан гинжийг өгөөд энэ гинжийг зараад иэнгө болго гээд дээрээс нь 2.000.000 төгрөг нэмж өгсөн. Ж.Д нь надад Гэгээнтэн хотхонд 400 гаруй сая төгрөгийн байр авч өгнө гэж, дараа нь Зайсан виллаж хотхонд 4 өрөө байранд намайг дагуулж очиж үзүүлж, танд авч өгнө гэж хэлдэг байсан болохоор нь түүнд итгээд мөнгө зээлүүлсэн юм. Гэтэл надад худал хэлж, миний итгэлийг олж, надаас авсан зээлээ одоог хүртэл өгөөгүй. Энэ хугацаанд би удаа дараа төлбөрөө өгөхийг шаардсан боловч ажил удахгүй бүтэх гээд байна түр хүлээж бай, нэгдэх өдөр мөнгө өгнө гээд нэгдэх өдөр болохоор гуравдах өдөр, гуравдах өдөр болохоор тавдах өдөр гэж хэлж мйнга хойшлуулдаг байсан. Би өөрийн дүү шиг санаж явдаг байсан болохоор зээлсэн мөнгөө өгчих байх гэж найдан олон жил болсон. 2016 оны 5-р сарын 12-ны өдөр би Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст Дд их хэмжээний мөнгөө залилуулсан тухай өргөдөл гаргасан. 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус хэлтсийн ахлах мөрдөн байцаагч У.А надаас мэдүүлэг авсан. Би болсон үйл явдлыг хэлж, мэдүүлэг өгсөн. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 6728 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолд Дээрх асуудалд нь иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан байх тул иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Миний бие 2010 оноос хойш олон удаагийн зээлээр нийт 318.500 ам.доллар, 88.000.000 төгрөг, 10.000 сингапур доллар, 200.000 хонгконг доллар зээлсэн бөгөөл мөнгөө авахаар олон удаа шаардсан боловч удаа дараа хойшлуулж, өгөх юм шиг удахгүй өгнө ажил бүтэж байна, танд байр авч өгнө гэх мэтээр надад итгэл төрүүлж, эцэст нь маргаан болж холбоо барихгүй, зээлсэн мөнгөө өгөхгүй, надаас зугтаж байдаг болсон. Ингээд би түүнийг эрж хайж 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бид өр авлагын тооцоог хамт хийж, нийт үлдэгдэл 120.000 ам.доллар /ханшийг 2700 төгрөгөөр тооцсон/ буюу 324.000.000 төгрөг болсон. /төлбөр барагдуулах бичигт тооцоолон бичсэн/. Төлбөр барагдуулах бичигт Д нь надад 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөг, 2020 оны 06 гугаар сарын 15-ны өдөр 100.000.000 төгрөгийн үнэ бүхий хайрга дайрга өгнө гэж тохиролцож, тооцооны хуудаст гарын үсгээ зурж баталгаажуулсан. Үлдэгдэл 124.000.000 төгрөг бүхий байр орон сууц авч өгнө гэж амаар тохиролцсон боловч энэ тухай тооцооны хуудаст бичээгүй орхигдуулсан. Ингээд 7 хоногийн дотор дээрх тооцооны хуудсыг нотариатаар баталгаажуулна гэж тохиролцсон боловч надаас зугтаж, түүнтэй холбоо барьж чадахгүй, уулзах аргагүй болж, нотариатад очиж чадаагүй. Үүнээс хойш 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр түүний хаана байгаа сургийг гаргаж, олж очоод өөрөөр нь өр төлбөр барагдуулах бичиг хийлгүүлж баталгаажуулсан. Төлбөр барагдуулах бичгийг хавсаргаж өгсөн. Ж.Дээс удаа дараа төлбөрөө шаардсан боловч, надад олдохгүй надаас зугтаад, төлбөрөө барагдуулаагүй. Зээлсэн мөнгөө эргүүлж авч чадахгүй байгаагаас болж олон жил сэтгэл санааны дарамтад орж, хүнд хагалгаанд орж, бие, эрүүл мэндээрээ хохироод байна. Энэ талаараа Ж.Дд олон удаа хэлж сануулж, эмчилгээний мөнгөгүй болсон талаар хэлж, өр төлбөрөө барагдуулахыг шаардсан. 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би Ж.Дийн гэрт нь очиж, уулзаж ярилцах гэтэл гэрийнхээ гадаа намайг зодож, миний биед гэмтэл учруулсан. Би хагалгаанд ороод сарын хугацаа өнгөрөөгүй байхад түүнийг мэдэж байж намайг барьж авч хэд хэдэн удаа хүчтэй цохисон. Энэ талаар би Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, мэдүүлэг өгч, мөн шүүх хурал дээр би бүх болсон зүйлийг дэлгэрэнгүй ярьж хэлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүх хурал болж, шүүхийн шийтгэх тогтоолоор Ж.Дийг гэм буруутайд тооцсон. Гэсэн ч одоог хүртэл зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, хайрга дайргын мөнгийг өгөөгүй, байр орон сууц алийг нь ч өгөөгүй байгаа болно. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т ...эхсүл үүрэг хүлээсэн этгээд... баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр тасалдана, 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж, 82 дугаар зүйлийн 82.2-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж тус тус заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шижүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 283 дугаар зүйлийн 283.1 Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэжээ. Иймд зээлийн төлбөр барагдуулах бичигт төлөхөөр хүлээн зөвшөөрч заасан 100.000.000 төгрөг, 5000 м.куб хайрга, дайргын үнэ 100.000.000 төгрөг, орон сууцны үнэ болох 124.000.000 төгрөг, нийт 324.000.000 төгрөгийг хариуцагч Ж.Дээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч Ш.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ж.Д нь О_Аээс нийт 318 500 ам доллар, 88 000 000 төгрөг, 10 000 сингапур доллар, 200 000 хонгконг доллар, 88 000 000 төгрөг, 10 000 сингапур ам доллар, мөнгө, сингапур доллар, хонгконг доллар зэргийг Ж.Дд хүлээлгэн өгсөн зүйл байхгүй. Ж.Д нь өөрөө гарын үсэг зурсан эсэх, эх хувь мөн эсэх, агуулгын хувьд зээлийн гэрээний төлбөр барагдуулах талаар бичигдсэн эсэх нь эргэлзээтэй баримтыг үндэслэн нэхэмжлэл гарган, түүнийгээ өр авлагын тооцоог хамт хийж тооцоо гаргаж, гарын үсэг зурсан мэтээр нэхэмжлэлдээ дурдан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд О_Аийн нийт 324 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Дээс гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс 2020.09.20-ны өдрийн С.Ц-ын тайлбар, 2021.03.11-ний өдрийн О.Б-ын тайлбар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.08-ны өдрийн 2014.04.08-ны өдрийн ******** дугаар шүүхийн тогтоол, 2020.02.03-ны өдрийн тооцооны хуудас, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2016.05.16-ны өдөр гаргасан өргөдөл, 2016.05.20-ны өдрийн тайлбарын тэмдэглэл, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016.06.21-ний өдрийн***** дугаар Прокурорын тогтоол, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016.07.22-ны өдрийн ****** дугаар мэдэгдэх хуудас, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016.07.22-ны өдрийн *** дугаар Прокурорын тогтоол, 2021.09.07-ны өдрийн О.Б-ын тайлбар, 2021.06.08-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/*** магадлал, зэргийг ирүүлсэн. /хх-ийн 9-25, 52-56, /

4. Хариуцагчаас Ж.Дийн тээврийн хэрэгслийн лавлагаа гэх баримтыг ирүүлсэн байна./хх-ийн 171,172/

5. Талуудын хүсэлтээр гэрчээр Т.Б, О.Б, Ч.Ч нарыг асууж, хариуцагч талын хүсэлтээр шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, 2022.03.21-ний өдөр 724 дугаар дүгнэлт гаргаж ирүүлсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газраас С.Ц нас барсан талаарх мэдээллийг, Хил хамгаалах ерөнхий газраас Т.Нгийн Монгол Улсын хилээр гарсан лавлааг тус тус гаргуулж, О_А Ж.Д нарын хоорондоо утсаар ярьсан бичлэгийн СД-д үзлэг хийж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байна. /хх-ийн 83-101, 143-145,149-152,162, 168/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 000 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 124 000 000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч Ж.Дтэй 2010 оноос танилцаж, сайн ах, дүүгийн харилцаатай байсан бөгөөд энэ хугацаанд бизнес хийж, хамтарч ажиллахаар хоорондоо мөнгө, төгрөгний асуудлаар холбогдсон. ...Бид 2020.01.21-нд тооцоо нийлж нийт 324 000 000 төгрөгийг төлөхөөр бичиж өгсөн бөгөөд энэ мөнгөө төлөхгүй өдийг хүрсэн гэж тайлбарлав.

3. Хариуцагч төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...агуулгын хувьд зээлийн гэрээний төлбөр барагдуулах талаар бичигдсэн эсэх нь эргэлзээтэй баримтыг үндэслэн нэхэмжлэл гарган, түүнийгээ өр авлагын тооцоог хамт хийж тооцоо гаргаж, гарын үсэг зурсан мэтээр нэхэмжлэлдээ дурдан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016.06.21-ний өдрийн **** дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Прокурорын тогтоолд ...Ж.Д нь 2010 оноос хойш ...О_Аээс 358 000 ам.доллар, 200 000 хонконг доллар, 78 000 000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэх материалыг хянаад О_А, Ж.Д нар нь сайн дурын үндсэн дээр мөнгө төгрөг авч өгч байсан болох нь О_А, Ж.Д нарын тайлбар, болон материалд авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна. Дээрх асуудал нь иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан байх тул ...эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, шийдвэрлэсэн гэжээ. /хх-ийн 22-25/

Дээрх прокурорын тогтоолд дурдсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, СД-ны бичлэг зэргээс нэхэмжлэгч О_А, хариуцагч Ж.Д нарын хооронд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөртэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт гомдол гаргаж шалгуулсан нь хэргийн үйл баримтад хамааралтай байна.

Хавтаст хэргийн 14-р талд нэхэмжлэгч О_А Д бид 2 тооцоо хийж дуусгав. 2020-01-21-нд гэсэн баримтыг эх хувиар нь ирүүлсэн байх ба уг баримтад ...үүнд 100 000 000 төгрөгийг 2020-02-15 нд өгнө. 2020.06.15-100 000 000 төгрөгийн хайрга дайрга өгнө гэж тохиролцов. Энэ 7 хоног нотариатаар орохоор болов. О_А/гарын үсэг/ Ж.Д/гарын үсэг/

1/ О_А ахад 2020 оны 06.15 с хойш 5000м3 хайрга өгөхөөр зөвшөөрч байна.

2/ 2020.02.15-наас 100 000 000 төгрөг өгнө. Ж.Д /гарын үсэг/ 2020.02.03 гэж бичигджээ.

5. Дээрх баримтад зурсан Ж.Дийн гарын үсгийг хариуцагч тал өөрийн гарын үсэг биш гэж маргаж, уг баримтад шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангасан байна.

Шинжээчийн дүгнэлтээр ...Ж.Д гэсний ард хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Дтийн гарын үсгийн загваруудтай тохирч байна. гэж тогтоосон байна./хх-ийн 83-101/

6. Дээрхээс дүгнэхэд талууд дээрх бичгээр үйлдсэн баримтын хүрээнд өмнө үүссэн өр, авлагыг баталгаажуулсан гэх үндэслэлтэй байх ба энэ нь зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй бөгөөд харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй. гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг 200 000 000 төгрөгийн хэмжээнд хангах үндэслэлтэй.

Харин орон сууцны үнэ болох 124 000 000 төгрөгийг хангах үндэслэлгүй байх ба уг баримтаар дээрх төлбөрийг төлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байх ба Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана., 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаандаа байна.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Дээс 200 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О_Аэд олгож, илүү нэхэмжилсэн 124 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 777 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Дашдэмбэрээс улсын тэмдэгтийн хураамжинд 1 157 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О_Аэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ