Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/ма2022/01954

 

 

 

 

 

 

 

 

2022 11 04 210/МА2022/01954

 

 

О.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02541 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.А-ийн хариуцагч Ж.Д-д холбогдуулан гаргасан 324,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1 Ж.Д- нь Голден пен барилгын 5 давхрын нэг өрөөнд түрээсийн төлбөр төлөлгүй, хамтран ажиллах санал тавьсныг зөвшөөрч орсон. Тухайн үед өөрийн Сан Таун үйлчилгээний төвийн барилгыг худалдан борлуулахдаа н.Э аас 60,000 ам.доллар авсныг О.Б мэдэж байсан. Тэр үед Ж.Д- 40,000 ам.доллар зээлээч гэхээр нь зээлсэн боловч дахин 20,000 ам.доллар, нийт 60,000 ам.доллар авсан. Бид ах дүүгийн харилцаатай учраас түүнд итгэж зээлдүүлсэн.

1.2 Хэнтий аймгийн Ямаатын орд гэх газрыг Ж.Д- авсан, мөнгө хэрэгтэй байна гээд 5,000 ам.доллар, мөн Ж.Д-ийн эх хагалгаанд орох болсон гэж 3,500 ам.доллар зээлүүлсэн. Түүнчлэн, миний Лексус-300 маркийн автомашиныг авч, Рэнж ровер маркийн автомашиныг өгч зөрүү 18,000,000 төгрөг надаас авсан. Мөн 2010 онд Ж.Д- надад 84,500 ам.доллараар Тоёота Ланд-200 маркийн автомашин худалдан авч өгөхөөр нь хоёр автомашины шаардлагагүй гэж өмнөх Ренж ровер автомашиныг буцааж өгсөн. 2011 онд 2 контейнер жонш авахдаа н.Цэвэгээгээс 50.000 ам.доллар, 10 хувийн хүүтэй, Ланд Крузейр-200 маркийн автомашиныг барьцаалан зээлж авсан. Уг мөнгийг Ж.Д- төлөөгүй учраас 60.000 ам.доллар төлж, автомашинаа чөлөөлж авсан. Түүний дараа Шунхлай группийн н.Б-ээс авлагад 50.000 ам.долларт тооцож, Ланд Крузейр-105 маркийн автомашиныг өөрийн хүүдээ авсан боловч н.Б-оос Вольфрамын орд газар худалдаж авах гэж байгаа, тэрний үнэд тооцуулья гэхээр нь итгээд өгсөн. Гэтэл мөнгө дутсан 60,000,000 төгрөг зээлээч гэхээр нь өөрийн жолооч О.Б аар дамжуулан Ж.Д-д өгсөн. Гэтэл энэ үед Ж.Д- нь ОХУ-ын хүмүүс мөнгө өгөх хэрэгтэй гэж өмгөөлж байсан өмгөөлөгч н.Оюунбаатарт 40,000 ам.доллар, уурхайд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь н.Нямдаваагаас 100.000 ам.доллар, Сингапур улсад тааралдаж 5,000 сингапур доллар, 2014 онд Хэнтий аймгийн Норовлин сумын сангийн аж ахуйд мөнгө хэрэгтэй гэхээр нь 200,000 хонг конг доллар, Ж.Д-ийн гэр бүлийн хүнд 5,000 сингапур доллар, Ж.Д-д 10,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг тус тус өгсөн.

1.3 Ж.Д- Гэгээнтэн хотхонд 400,000,000 төгрөгийн орон сууц, Зайсан виллаж хотхонд 4 өрөө орон сууц авч өгнө гэхээр нь түүнд итгээд мөнгө зээлүүлсэн. Гэтэл надад худал хэлж, миний итгэлийг эвдэж, надаас авсан зээлээ одоог хүртэл өгөөгүй. Энэ хугацаанд удаа дараа мөнгөө өгөхийг шаардсан боловч төлөхгүй, надаас зугтаах болсон. Ингээд би түүнийг эрж хайж 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бид өр авлагын тооцоог хамт хийж, нийт үлдэгдэл 120,000 ам.доллар /ханшийг 2,700 төгрөгөөр тооцсон/ буюу 324,000,000 төгрөг болсон.

1.4 Төлбөр барагдуулах бичигт Ж.Д- нь надад 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөгийн үнэ бүхий хайрга дайрга өгнө гэж тохиролцож, тооцооны хуудаст гарын үсгээ зурж баталгаажуулсан. Үлдэгдэл 124,000,000 төгрөг бүхий орон сууц авч өгнө гэж амаар тохиролцсон боловч энэ тухай тооцооны хуудаст бичээгүй орхигдуулсан. Ингээд 7 хоногийн дотор дээрх тооцооны хуудсыг нотариатаар баталгаажуулна гэж тохиролцсон боловч надаас зугтаад, төлбөрөө барагдуулаагүй. Иймд зээлийн төлбөр барагдуулах бичигт төлөхөөр хүлээн зөвшөөрч 100,000,000 төгрөг, 5,000 м.куб хайрга, дайргын үнэ 100,000,000 төгрөг, орон сууцны үнэ болох 124,000,000 төгрөг, нийт 324,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Д-ээс гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: О.А ээс 318,500 ам.доллар, 88,000,000 төгрөг, 10,000 сингапур доллар, 200,000 хонгконг доллар зэргийг хүлээн аваагүй. Ж.Д- өөрөө гарын үсэг зурсан эсэх, эх хувь мөн эсэх, агуулгын хувьд зээлийн гэрээний төлбөр барагдуулах талаар бичигдсэн эсэх нь эргэлзээтэй баримтыг үндэслэн өр авлагын тооцоог хийж, гарын үсэг зурсан мэтээр нэхэмжлэлдээ дурдан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Д-ээс 200,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.А эд олгож, 124,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,777,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид 1,157,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.А эд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч 124,000,000 төгрөгийн шаардлагыг хангаагүй тул дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэргийн материалын 14 дүгээр талд авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн баримтад үлдэгдэл мөнгө 120,000 ам.доллар буюу тухайн өдрийн ам.долларын ханшаар 324,000,000 төгрөг хэмээн тооцож, 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөгийн үнэ бүхий 5,000 м.куб хайрга дайргыг өгнө гэж тохиролцож талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан.

4.2 Мөн 1596877498381649 дугаар ярианы бичлэгийн хэсэг, 1596877497733674 дугаар ярианы бичлэгийн хэсэг, 1596877497409677 дугаар ярианы бичлэгийн хэсэгт гэж үлдэгдэл 124,000,000 төгрөгт тооцон авах орон сууцны талаар бичигдсэн. Анхан шатны шүүх дээрх бичлэгүүдэд үзлэг хийсэн. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2, 51.5 дах хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх сиди бичлэгийн үзлэгт дүгнэлт хийгээгүй, үзлэгийн тэмдэглэлийг үнэлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1 Хэрэгт авагдсан сиди бичлэг нь эх хувь мөн эсэх, дундуур нь засвар орсон эсэх талаар шүүхээс ямар нэг ажиллагаа хийгээгүй. О.А өмгөөлөгчийн хамт орж ирж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О ын хамт оролцож байсан. Сиди бичлэгт үзлэг хийхэд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар бүгд оролцсон. Энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үйл баримт байна. Гэрч Т.Б ыг асуухад энэ ажиллагаа давтагдсан. Шийдвэр гаргасан шүүх хуралд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна гэх хүсэлтийг гаргаж үүний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дангаар оролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ажиллагаагаар хийгдсэн нотлох баримтыг үнэлэх боломжгүй. Ж.Д- нь О.А-ийн биед хөнгөн хохирол учруулаад ял шийтгэгдсэн. Уг хэрэгт 324,000,000 төгрөгийг төлөх ёстой гэсэн дүгнэлт хийгдээгүй гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг зээлийн гэрээ гэж тодорхойлсон. Мөн хуульд зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтад О.А , Ж.Д- нар ямар нэг үйл ажиллагаанаас ашиг олох, эсхүл тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр нэгдсэн, хамтарсан нөхцөл байдал тогтоогдоогүй.

6.2 Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6728 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснээс биш нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөр буюу 358,000 ам.доллар, 200,000 хонконг доллар, 78,000,000 төгрөгийг өгөлцөж авалцсаныг тогтоогоогүй.

6.3 Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Д-ээс 200,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.А эд олгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1 Анхан шатны шүүхэд сиди бичлэгийг дүгнүүлсэн атлаа одоо буруу гэж ярьж болохгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.О оролцож, ажиглагчаар О.А оролцсон. Бид нэхэмжлэл гаргахдаа тооцоо нийлсэн, зээлийн харилцаа байж болно, шаардлагын үндэслэл нь юу ч байж болно гэж тайлбарласан. Харин зээлийн гэрээ байгуулагдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөр хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан.

7.2 Бодит байдалд Ж.Д- нь ахаа өргөдлөө татчих гэсний дагуу татаж, эвлэрчихээд дараа нь иргэний журмаар нэхэмжлэл гаргахад прокурорын тогтоол буруу, хэмжээг нь заагаагүй гэж байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой асуудлыг шүүх хууль хэрэглээний хувьд зөвтгөж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зохигчдын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хяналаа.

1.1 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2. Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Ж.Д-д холбогдуулан 324,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай ах, дүүсийн харилцаатай учраас түүнд итгэж мөнгө зээлдүүлсэн, зээлсэн мөнгөө төлөөгүй тул тооцоо нийлсэн баримт үйлдэж, уг баримтын үндсэн дээр мөнгөө гаргуулан авна гэж, хариуцагч тайлбар татгалзлын үндэслэлээ ...зээлийн гэрээний төлбөр барагдуулах талаар бичигдсэн эсэх нь эргэлзээтэй баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан. /хх1-5, 45/

 

3. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст О.А нь Ж.Д-ийг мөнгө залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр өргөдөл гаргасныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6728 дугаар тогтоолоор ...О.А , Ж.Д- нар сайн дурын үндсэн дээр мөнгө төгрөг өгч, авч байсан нь иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан байх тул иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн харилцааны талаар хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

 

5. Хэрэгт О.А , Ж.Д- нар үйлдсэн бичгийн баримт авагдсан ба уг баримтад ...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дашдэмбэрэл бид 2 тооцоо хийж дуусгав. Үүнд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөгийг өгнө, мөн оны 06 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөгийн хайрга, дайрга өгнө гэж тохиролцов. Энэ 7 хоногт нотариатаар орохоор болов. гэж, мөн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ж.Д- нь ...О.А ахад 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 5,000 м.куб хайрга өгөхөөр зөвшөөрч байна, 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 100,000,000 төгрөг өгнө. гэж тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /хх-14/

 

5.1 Дээрх бичгийн баримтад хариуцагч Ж.Д- гарын үсэг зураагүй гэж марган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрыг томилж, шинжээчийн дүгнэлтээр ...уг бичгийн баримтад зурагдсан гарын үсэг Ж.Д-ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна. гэж дүгнэжээ. /хх-83-101/

 

5.2 Улмаар уг бичгийн хэлцэлд оролцогч талуудын нэр, хэзээ хэдэн төгрөг төлөхийг зөвшөөрч илэрхийлсэн төлбөрийн үүргийн талаар тодорхой дурдсан, зохигчдын хооронд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон төлбөртэй холбоотой үүрэг үүсгэсэн хэлцэл хийгдсэн, үүргийн харилцаа үүссэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

5.3 Талуудын тохиролцооны бичгийн баримт нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч О.А нь хариуцагч Ж.Д-ээс үүрэг гүйцэтгүүлэхийг шаардах эрхтэй байна.

 

6. Иймд анхан шатны шүүх хариуцагч Ж.Д-ээс 200,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.А эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 124,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцсэн. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.1 Хэрэгт авагдсан талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр О.А-ийн гаргасан тайлбар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6728 дугаар тогтоол, сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг авагдсан баримтуудад зохигчид орон сууц авч, өгөх эсэх асуудал тусгагдсан байх боловч 124,000,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн агуулга бүхий баримтад мэдээлэл тусгагдаагүй, хэлцэл гэх баримтын ар талд 324,000,000 төгрөг гэсэн хэсэгт талууд хэн аль нь гарын үсэг зураагүй байна. /хх18-21, 22, 144-145/ Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

6.2 Анхан шатны шүүх хариуцагч Ж.Д-ээс 200,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.А эд олгож шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүрэг үүсээгүй, Ж.Д-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш болсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг болгож өөрчлөлт оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02541 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 777,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,157,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.ЦОГТСАЙХАН