Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/02532

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2022/02532 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу 18/1, Баянбогд плаза 1 давхарт байрлах, Э.Монголиа ХХК /РД:....................../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун 112 байр, 19 тоот хаягт байрлах, С.Групп ХХК /РД:..................../-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон хохирол 149 035 417,20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Э.Монголиа ХХК нь 2018 оны 5 сарын 15-ны өдөр С.Групп ХХК-тай бараа худалдах гэрээ байгуулан нийт 281 777 185 80 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдсан болно. Гэрээний дагуу гэрээний үнийн дүнгийн урьдчилгаа төлбөр болох 40 хувийг гэрээ зурагдсан даруй хийх байсан боловч хариуцагч 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эхний 30 сая төгрөгийн төлбөрийг бараа хүлээн авахаас өмнө хийсэн. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг бараа хүлээлгэн өгснөөс хойш 30 хоногийн дотор хийх байсан атал хариуцагч гэрээний төлбөрийг өнөөдрийн байдлаар гүйцэд хийгээгүй гэрээний үүргээ зөрчсөөр байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү асуудалд хүлээцтэй хандаж 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчид ямарваа нэг алданги тооцолгүйгээр тооцоо нийлэн үлдэгдэл төлбөрийг 168 156 980 төгрөгөөр баталгаажуулсан. Гэсэн ч үлдэгдэл төлбөрийг баталгаажуулснаас хойш мөн л төлбөрийг хийхгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс амаар болон бичгээр удаа дараа шаардсаны үр дүнд 7 удаагийн төлөлтөөр 71 000 000 төгрөг төлсөн. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелээгүйн улмаас манай компани уг асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа хайх зорилгоор хууль, эрх зүйн туслалцаа авах зэргээр зардал гарган улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Бараа худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 97 156 980.80 төгрөгийг 48 578 490.40 төгрөгийн алданги болон хохирол хуулийн зөвлөгөө авсан үйлчилгээний төлбөр болох 3 300 000 төгрөгийн хамт нийт 149 035 471.20 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 182/Ш32020/12160 дугаар захирамж гаргасан. Улмаар бид Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаснаар хариуцагчийн хаягийг тодорхойлж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Иймд хариуцагчаас бараа худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 97 156 980.80 төгрөгийг, алданги 48 578 490.40 төгрөг, хуулийн зөвлөгөө авсан үйлчилгээний төлбөр болох 3 300 000 төгрөгийн хамт нийт 149 035 471.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв...

 

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн бараа худалдах, худалдан авах гэрээ, харилцагч байгууллагатай тооцоо нийлсэн акт, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/1026 тоот төлбөр нэхэмжлэх тухай хариуцагчид хаягласан албан тоот, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 20/13 тоот, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 20/18 тоот хариуцагчид хаягласан мэдэгдэл хүргүүлэх нь гэх албан бичиг, С.Групп ХХК-иас өмгөөллийн Юстиэс консалтинг ХХН-д 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 01/26 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, төлбөрийн даалгавар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Алдангийн тооцоолол гэх баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2020/12160 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/00495 дугаар шийдвэр, эдгээр баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй болно. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Монголиа ХХК нь хариуцагч С.Групп ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон хохирол 149 035 471,20 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 121 446 226,20 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 27 589 245 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...барааны үлдэгдэл төлбөр 97 156 980,80 төгрөг, алданги 48 578 490,40 төгрөг, хууль зүйн зөвлөгөө авсан үйлчилгээний төлбөр буюу хохирол 3 300 000 төгрөг, нийт 149 035 471,20 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Э.Монголиа ХХК нь худалдан авагч С.Групп ХХК-ийн захиалгын дагуу нийт 351 745 787,80 барааг нийлүүлэх, худалдан авагч нь барааны төлбөрийн урьдчилгаа 40 хувь буюу 140 698 315,12 төгрөгийг гэрээ зурагдсаны дараа, 30 хувь буюу 105 523 736,34 төгрөгийг барааг хүлээн авахад, үлдэх 30 хувийн төлбөр 10 523 736,34 төгрөгийг барааг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор төлж барагдуулахаар тохирч, худалдан авагч нь тогтоосон хугацаанд төлбөр тооцоог хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд худалдагчид төлөхөөр тус тус тохиролцсон байна.

 

5. Талууд гэрээндээ гэрээний зүйлийг бараа гэж тодорхойлсныг шүүхээс тодруулахад нэхэмжлэгч төрөл бүрийн холхивч төмөр буюу техникийн эд анги гэж тайлбарласан ба уг тайлбар нь хариуцагч С.Групп ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 01/26 дугаар албан бичигт ...Манай компани нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр барааг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан талаар ямар нэгэн маргаан байхгүй. Гэрээний дагуу холхивч төмөр худалдан авч улмаар Төмөр замд нийлүүлсэн болно... гэснээр нотлогдож байна.

 

6. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаас үзэхэд худалдагч Э.Монголиа ХХК нь гэрээний дагуу нийт 351 745 787,80 төгрөгийг барааг худалдан авагч С.Групп ХХК-д нийлүүлэх үүрэгтэйгээс 281 777 185,80 төгрөгийн барааг нийлүүлсэн байна.

 

Худалдан авагч буюу хариуцагч С.Групп ХХК нь худалдан авсан барааны үнэд 184 620 205 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Үлдэгдэл 97 156 980,80 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тооцоо нийлсэн акт, С.Групп ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/26 дугаар албан бичиг зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-т худалдан авагч нь тогтоосон хугацаанд төлбөр тооцоог хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд худалдагчид нэмж төлнө гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэх хэдий ч нэхэмжлэгч дээр дүгнэсэнчлэн гэрээгээр тохирсон барааг хариуцагчид нийлүүлэх үүргээ бүрэн гүйцэтгээгүй, түүнчлэн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон нөхцөл байдлыг тус тус харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу алданги 48 578 490,40 төгрөгийг 50 хувь буюу 24 289 246 төгрөгөөр багасгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч хуулийн зөвлөгөө авсан үйлчилгээний төлбөр 3 300 000 төгрөгийн хохирол шаардсаныг хангах үндэслэлгүй. Тодруулбал нэхэмжлэгчээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч, өөрийн хүсэл зоригийн дагуу өөрийн эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал болох өмгөөллийн хөлс нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол гэдэгт хамаарахгүй болно.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.Алдармаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцсон бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн төлбөрийн даалгавар гэх баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс өмгөөллийн ЮСТИЭС консалтинг ХХН-д 3 300 000 төгрөгийг бараа хүлээн авсан буюу ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн гэх утгаар шилжүүлжээ. /хх-16/

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч С.Групп ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 97 156 980,80 төгрөг, алданги 24 289 246 нийт 121 446 226,20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Монголиа ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 589 245 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Групп ХХК-иас 121 446 226,20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Монголиа ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 589 245 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 903 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 765 182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Монголиа ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ