Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/02002

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/02002

 

 

,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02532 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй ,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд 149,035,471 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн бараа худалдах худалдан авах гэрээгээр

1.а. Үлдэгдэл төлбөр 97,156,980 төгрөг

1.б. Алданги 48,578,490 төгрөг

1.в. Хохиролд буюу хуулийн зөвлөгөө авсан үйлчилгээний төлбөр болох 3,300,000 төгрөг, нийт 149,035,471 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-тай бараа худалдах гэрээ байгуулан нийт 281,777,185.80 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдсан. Гэрээгээр үнийн дүнгийн урьдчилгаа төлбөр болох 40 хувийг гэрээ зурагдсан даруй хийх байсан боловч хариуцагч 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эхний 30,000,000 төгрөгийн төлбөрийг бараа хүлээн авахаас өмнө хийсэн.

Гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг бараа хүлээлгэн өгснөөс хойш 30 хоногийн дотор хийх байсан атал хариуцагч төлбөрийг өнөөдрийн байдлаар гүйцэд хийгээгүй, үүргээ зөрчсөөр байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчид ямарваа нэг алданги тооцолгүйгээр тооцоо нийлэн үлдэгдэл төлбөрийг 168,156,980 төгрөгөөр баталгаажуулсан. Гэсэн ч үлдэгдэл төлбөрийг баталгаажуулснаас хойш мөн л төлбөрийг хийхгүй байсан тул амаар болон бичгээр удаа дараа шаардсаны үр дүнд 7 удаагийн төлөлтөөр 71,000,000 төгрөг төлсөн. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелээгүйн улмаас манай компани уг асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа хайх зорилгоор хууль, эрх зүйн туслалцаа авч, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан.

Улмаар Б.Ариунтуяаг Хан-Уул дүүргийн 17-р хороо, Маршал таун 112-19 тоот амьдардаг болохыг бидэнд мэдэгдсэн гэжээ.

 

2. Хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас 121,446,226.20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,589,245 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 903,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 765,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрээс зөвшөөрөхгүй байгаа дүгнэлт, хэсэг алданги 48,578,490.90 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

97,156,980.80 төгрөгийг төлөхдөө зуурмагаар төлөх саналтай байгаа ба нэхэмжлэгч алданги шаардсан шаардлагаасаа татгалзахаар тохиролцсон байсан.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь гэрээнд заасан бараа нийлүүлэх үүргээ бүрэн гүйцэт нийлүүлээгүй байж гэрээний хариуцлага шаардсан нь үндэслэлгүй.

Гэрээнд зааснаар үнийн дүнгийн 40 хувийг гэрээ байгуулагдсан үед, үлдэгдэл төлбөрийг барааг хүлээлгэн өгснөөс хойш төлөх үүргийг манай компани хүлээсэн. Урьдчилгаа 40 хувийн төлбөрийг тохирсон хугацаандаа төлж чадаагүй ч гэсэн төлсөн, харин барааг бүрэн нийлүүлээгүйгээс шалтгаалан үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг биелэгдээгүй.

Талууд гэрээг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бөгөөд 2019, 2020, 2021 онуудад дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай байсан бөгөөд гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн талаар тусгагдсан, энэ талаар талууд гэрээгээр харилцан тохиролцсон байсан. Шүүхийн аль ч үе шатанд эвлэрэх бүрэн боломжтой. Тооцоо нийлсэн актын хүрээнд нэхэмжлэгч талтай эвлэрэх бүрэн боломжтой гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,гийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал тайлбартаа эвлэрэх санал удаа дараа гаргасан гэж тайлбарлаж байгаа нь худал юм. Анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдаан хойшлох бүрд эвлэрэн хэлэлцэх санал байгаа эсэх талаар асууж байсан боловч санал гаргаж байгаагүй. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Энэ тооцоо нийлсэн актад хариуцагч талаас тодорхой хэмжээний барааг буцаан өгч гэрээ дуусгавар болсон гэж үлдэгдэл тооцоог баталгаажуулсан. Төлбөр төлөхгүй байгаатай холбоотой хуулийн зөвлөх үйлчилгээг авахдаа албан бичиг хариуцагчид хүргүүлсэн. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь албан бичгээр холховчийг худалдан авч төмөр замд нийлүүлсэн гэх хариу өгсөн. Үлдэгдэл төлбөр 97,156,980 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүйг ашиглан давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Алдангийг Иргэний хуулийн 242 дугаар зүйл, гэрээний 5.1-д заасны дагуу 0,5 хувиар тооцсон. Анхан шатны шүүх алдангийг их байна гэж үзэж өөрийн эрх хэмжээний хүрээнд бууруулсан. Уг гэрээ нь Ковид-19 цар тахлын өмнө байгуулагдсан, төлбөр тооцоо нь цар тахлын өмнө хийгдэх байсан боловч төлбөрөө төлөхгүй байсан тул шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Тэмдэгтийн хураамжийг буруу дансанд төлсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч тал алданги хасуулахаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн бараа худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 97,156,980 төгрөг, алданги 48,578,490 төгрөг, хохиролд буюу хуулийн зөвлөгөө авсан үйлчилгээний төлбөр болох 3,300,000 төгрөг, нийт 149,035,471 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан аваад тайлбар гаргаагүй байна.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь худалдан авагч ,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн захиалгын дагуу нийт 351,745,787.80 төгрөгийн барааг нийлүүлэх, худалдан авагч нь барааны төлбөрт урьдчилгаа 40 хувь буюу 140,698,315 төгрөгийг гэрээ зурагдсаны дараа, 30 хувь буюу 105,523,736 төгрөгийг барааг хүлээн авахад, үлдэх 30 хувийн төлбөр 10,523,736 төгрөгийг барааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлж барагдуулахаар тохиролцжээ.

Худалдан авагч нь тогтоосон хугацаанд төлбөр тооцоог хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд худалдагчид төлөхөөр гэрээнд заасан. /хх5-7/

Гэрээний зүйл болох барааг нэхэмжлэгч төрөл бүрийн холхивч төмөр буюу техникийн эд анги гэж тайлбарласан бол хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/26 дугаар албан бичигт Манай компани нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр барааг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан талаар ямар нэгэн маргаан байхгүй. Гэрээний дагуу холхивч төмөр худалдан авч улмаар төмөр замд нийлүүлсэн болно гэжээ./хх13-14/

2.б. Худалдан авагч буюу хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь худалдан авсан барааны үнэд 184,620,205 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэгдэл 97,156,980 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлсэн акт үйлджээ./хх9/

2.в. Анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 97,156,980 төгрөг, алданги 24,289,246 төгрөг нийт 121,446,226 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,589,245 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

3. Хариуцагч талаас.., алданги 48,578,490 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь гэрээнд заасан бараа нийлүүлэх үүргээ бүрэн гүйцэт нийлүүлээгүй, барааг бүрэн нийлүүлээгүйгээс шалтгаалж үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг биелэгдээгүй, 2019, 2020, 2021 онуудад дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахал буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн талаар давж заалдах журмаар гомдол гаргажээ./хх58-60/

3.а. Худалдагч ,,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь гэрээний дагуу нийт 351,745,787.80 төгрөгийг барааг худалдан авагч ,,,,,,,,,,,,,,,,,, ХХК-д нийлүүлэх үүрэгтэйгээс 281,777,185.80 төгрөгийн барааг нийлүүлж, ,,,,,,,,,,,,,,,,,, ХХК нь худалдан авсан барааны үнэд 184,620,205 төгрөгийг төлж, үлдэгдэл 97,156,980.80 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алддаг. Гэвч хэргийн баримтаас үзэхэд зохигчдын гэрээгээр хүлээсэн үүрэг Иргэний хуулийн 209 дүгээр зүйлд заасантай ижил харилцан нөхцөлдсөн үүрэг байсан гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь нийлүүлсэн барааныхаа үнийг шаардсан, хариуцагч уг хүлээн авсан барааныхаа үнийг төлж чадаагүй нь нэхэмжлэгчийн цаашид барааг бүрэн гүйцэт нийлүүлээгүйтэй холбоотой, уг барааг бүрэн гүйцэт нийлүүлээгүй үйлдэлтэй холбоотойгоор хариуцагч хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д худалдан авагч нь тогтоосон хугацаанд төлбөр тооцоог хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд худалдагчид нэмж төлнө гэж тохиролцсон./хх5-7/

Анхан шатны шүүхээс Ковид-19 цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон нөхцөл байдал, гэрээгээр тохирсон барааг нэхэмжлэгч хариуцагчид нийлүүлэх үүргээ бүрэн гүйцэтгээгүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээг 50 хувиар бууруулж, 24,289,246 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний хүрээнд байна.

Талууд нэгэнт гэрээндээ анзын талаар тохиролцсон, хариуцагч хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул анз тооцсоныг буруутгах боломжгүй.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02532 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД