Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн

Шүүгдэгч А.Мөнгөнтулга нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж  ирүүлсэн А.Мөнгөнтулгад холбогдох 201718020145 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1984 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 33 настай, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сум 6 дугаар баг Дунд-Өлөнтийн 144 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, шунхлайд түгээгч хийж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй,

 

    Боржигон овогт Авирмэдийн Мөнгөнтулга /РД:МЗ84121876/ 

 

Шүүгдэгч А.Мөнгөнтулга нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хувийн таарамжгүй харьцаанаас болж иргэн Б.Анужинтай маргалдан түүнийг цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мөнгөнтулга мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би ээжийнхээ гадаа хүмүүстэй юманд явах гээд байж байсан чинь ээжийн утас дуугараад дүү аваад ярьсан тэгсэн цаанаас нь эмэгтэй хүн чанга дуугарч хэрэлдээд  тэр хүмүүс “Сэргээш” кафены гадаа хүрээд ир гээд манай дүү явж очсон. Тэгээд байж байтал манай гэрийнхэн намайг хойноос нь яваад оч гэхээр нь яваад очтол 4 эмэгтэй байсан. Эхлээд гуравтай нь учир зүйгээ олох гээд нэгнийгээ муухайгаар ингэж харааж болохгүй гэх мэтээр юм яриад байж байсан чинь Анужин гэдэг нь манай дүүг үсдчихсэн байсан. Тэгээд Анужинг уул нь дүүгээсээ салгачихсан чинь надруу гүйж ирээд салахгүй байхаар нь мөргөчихсөн юм гэжээ. 

Хэрэг бүртгэлтэнд хохирогч Д.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ: Би 2017 оны 05 дугаар сарын 16-ны орой ажлаа тараад над руу залгаад байдаг залуу руу залгасан чинь нэг эмэгтэй аваад уурлаж, намайг “Сэргээш кафены урд уулзая” гэсэн. Тэгээд очсон чинь Мөнгөнцоож гэх эгч намайг үсдэж доош нь дараад нүүр рүү 2-3 удаа өшиглөж газар чирээд байсан...Хэрэг болохоос 7 хоногийн өмнө нэг залуу над руу залгаад танилцья гээд ба 2-3 удаа утсаар ярьж байсан. Тухайн өдөр над руу залгах үед би ажилтай байсан ба орой нь залгачихсан чинь хэрүүл болсон...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /Хх-ийн 13 дугаар хуудас/

 

Хэрэг бүртгэлтэнд гэрч Н.Оюунжаргал мэдүүлэхдээ...... Тэр үед Мөнгөнцоож гэх эмэгтэй нь бид нар дээр ирээд “надтай утсаар ярьсан нь хэн бэ” гэсэн чинь Болор-Эрдэнэ “би ярьсан” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо барилцаж аваад үсдэлцээд байсан” гэх мэдүүлэг /Хх-ийн 19 дүгээр хуудас/

 

Хэрэг бүртгэлтэнд гэрч Б.Отгончимэгийн “...би дэлгүүрийн гадаа сууж байтал тэр 3 эмэгтэйгийн цаанаас нэг эмэгтэй ирээд тэд нарт хандаж “та нарын хэлснээр гэрээслэлээ бичээд авсаа бэлдээд ирчихлээ” гэж хэлээд “та нарын хэн чинь утсаар ярьсан бэ, яагаад манай нөхөр рүү залгаад байгаа юм” гээд байж байтал махлаг охин руу очоод “чи миний нөхрийн боовийг үзсэн юм уу” гэсэн чинь тэр махлаг охин үснээс зуураад авсан ба зууралдаад хэрэлдээд байж байтал нэг залуу хойноос гүйж ирээд тэр хоёрыг салгасан чинь наана сууж байсан 3-н эмэгтэй босож очоод анх ирсэн эмэгтэйтээ зууралдаад эхэлсэн” гэх мэдүүлэг,/Хх-ийн 20 дугаар хуудас/

Шинжээчийн №104 дугаартай “...Болор-Эрдэнийн биед тархи доргилт баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөлийн өвдгөнд зулгаралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /Хх-ийн 23 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Мөнгөнтулгийн хувийн байдлыг тодруулсан  баримт  багийн даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний  хуулбар, / Хх-ийн 38,40 дугаар хуудас /

Ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас / Хх-ийн 39 дүгээр хуудас /  бусад бичгийн  баримт зэрэг  болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч А.Мөнгөнтулга 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хувийн таарамжгүй харьцаанаас болж иргэн Б.Анужинтай маргалдан түүнийг цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна

 

Иймд шүүгдэгч А.Мөнгөнтулгыг бусдын бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.Анужин шүүгдэгч А.Мөнгөнтулгаас 1 061 500 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт хохирлын баримтаар 81 500 төгрөний баримт ирүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.мөнгөнтулгад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч А.Мөнгөнтулгад шинэ батлагдсан Эрүүгийн хуулийн 1.9.1 дэхь хэсэгт зааснаар “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж зааснаар шүүгдэгчид 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч А.Мөнгөнтулга нь Б.Анужингийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах, хохирогч  Б.Анужин нь гомдол саналгүй, шүүгчдэгчтэй эвлэрч байгаа учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдааны шатанд гарсан тул А.Мөнгөнтулгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

          1.Шүүгдэгч Боржигон овогт Авирмэдийн Мөнгөнтулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч А.Мөнгөнтулгыг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэ батлагдсан Эрүүгийн хуулийн 1.9.1 дэхь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан А.Мөнгөнтулгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3.Шүүгдэгч А.Мөнгөнтулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг  дурдсугай. 

            4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан онсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  А.Мөнгөнтулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ.