Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/03296

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/03296

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоот хаягт оршин суух, Б овогт Ц-ын С /РД: .../,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот хаягт оршин суух, Ц овогт Ц-ийн Б /РД: .../,-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, өөрийн байр, Я ХХК /РД: .../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,786,646,357 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.С, Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвням,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Т.Ууганбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга H.Назгүль.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.С, Ц.Б нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлдүүлэгч талаас Ц.С, Ц.Б нар нь зээлдэгч Я ХХК-д 5,300,000 ам.долларыг сарын 1.3 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дуустал тодорхой хэмжээний мөнгийг төлж явсан. Гэрээний хугацаа 2019 онд 01 дүгээр сарын 07-ны өдөр дууссан боловч зээлдэгч Я ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ биелүүлээгүй тул талууд тохиролцож зээлийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үндсэн зээлийн бүх нөхцөлийн дагуу 36 сараар сунгасан. Уг зээлийн сунгалтын хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дууссан. Үндсэн зээл, зээлийн сунгалтын хугацаа дууссан боловч хариуцагч байгууллага зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Анхлан тус шүүхэд үндсэн зээлийн төлбөр 530,000 доллар, зээлийн хүүнд 490,020 доллар, алдангид 79,500 доллар, нийт 1,099,520 доллар буюу 3,431,118,131 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Тухайн үед 1 ам.долларыг Монголбанкны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ханшаар буюу 3,120.56 төгрөгөөр тооцсон. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2-3 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2014 оны 01 дүгээр сарын 08-наас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх 96 сарын зээлийн хүүнд 661,440 доллар төлөх ёстойгоос хариуцагчаас гаргасан нотлох баримтуудыг үндэслээд тус компанийн зээлийн хүүнд төлсөн 247,845 долларыг хасч зээлийн хүүгийн төлбөрийг 413,595 доллар болгон багасгаж байна. Харин үндсэн зээл 530,000 доллар, хүүнд 413,595 доллар, нийт 943,595 долларын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 240 хоногийн алдангид 226,462 доллар, нийт 1,170,057 доллар буюу 3,786,646,357 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Монголбанкны ханшаар 1 ам.доллар 3,236.29 төгрөгийн ханштай байна.

 

Хариуцагч талын татгалзсан тайлбарт дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд, Хариуцагч талаас 530,000 ам.доллар аваагүй гэх асуудлыг гаргаж байна. Бидний зүгээс Я ХХК-тай олон жил санхүүгийн харилцаатай байсан. Хариуцагч талаас зарим нотлох баримтыг гаргаж ирсэн. Бидний зүгээс 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнөх санхүүгийн харилцааны буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй. Тухайн хэлцлийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр талууд харилцан гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан. Хариуцагч талаас 2012 оны асуудлыг ярьж байна. Бидний зүгээс 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнөх ямар нэг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлээгүй бөгөөд тооцоонд ч оруулаагүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар хэлцэл хүчин төгөлдөр болно гэх хуулийн шаардлагын дагуу уг зээлийн гэрээг байгуулсан. Мөн хариуцагч тал Ц.Сгээс ямар нэгэн мөнгө аваагүй гэж байна. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтаас иш татвал 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ц.Сгийн зээлд тооцуулах 100,000,000 төгрөг төлөв гэж мөнгө төлсөн байна. Надаас ямар нэг мөнгө аваагүй юм бол яагаад надад 100,000,000 төгрөг төлсөн бэ? Ийм маягаар миний нэртэй хэд хэдэн удаагийн төлбөрийн баримт байгаа. Уг үнийн дүнгийн хэд нь Ц.Бынх, хэд нь Ц.Сгийнх гэдэг нь иргэн бидний хоорондын асуудал. Уг асуудал өнөөдөр хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал биш гэв.

 

2. Хариуцагч Я ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатарын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвням, өмгөөлөгч Б.Баатарсайхан, Т.Ууганбаярын нарын гаргасан тайлбарт: Манай компани 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 530,000 ам.долларыг сарын 1.3 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгч Ц.С, Ц.Б нараас зээлж авсан. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 1 ам.долларыг 1,700 төгрөгөөр тооцох, зээлийн төлбөрт төлсөн төлөлтийг эхлээд үндсэн зээлээс хасч тооцох, хүүг дараа нь төлөх гэж тохиролцсон. 2014 оноос хойш нэхэмжлэгч Ц.С, Ц.Б нарт хариуцагч Я ХХК нь 593,800,000 төгрөгийг үндсэн зээл, хүүгийн төлбөрт төлсөн байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 309,501.36 ам.доллар буюу 526,512,310 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хариуцагч нь 2018 оны зээлийн хүү 292,144.41 ам.доллар буюу 722,376,719 төгрөг, 2019 оны зээлийн хүү 82,257.75 ам.доллар буюу 219,129,719 төгрөг, 2020 оны зээлийн хүү 50,796.16 ам.доллар буюу 142,916,521 төгрөг, 2021 оны зээлийн хүү 33,651.35 ам.доллар буюу 95,882,441 төгрөг, нийт зээлийн хүүнд 1,180,305,400 төгрөг төлөхөөр болоод байна. Америк долларын жилийн хадгаламжийн хүү 5.4 хувиас 6.6 хувийн хооронд хэлбэлзэж байхад манай компани жилийн 15.6 хувийн хүү төлж байсан. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар шүүхийн бүрэн эрхийн дагуу зээлийн хүүг багасгаж өгнө үү.

 

Нэхэмжлэгч нар 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Я ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардаж байна гэж ойлголоо. Энэ зээлийн гэрээ хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч нар хариууцагчид 530,000 ам.доллар өгсөн гэх боловч хариуцагчид 530,000 долларыг бодитоор өгөөгүй. Нэхэмжлэгч нарыг зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа, нэхэмжлэгч нар 530,000 доллар өгсөн гэдгээ нотлох ёстой. Бид 2012 оноос хойших баримтыг хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө өгсөн. Я ХХК 2012 оны 05 дугаар дугаар сарын 04-ний өдөр иргэн Ц.Баас 500,000,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 400,000,000 төгрөг авсан. Төлбөр төлсөн баримтууд бол энэ зээлийн гэрээний төлбөрийг төлсөн баримтууд юм Харин уг 530,000 ам.долларыг хариуцагч зээлийн гэрээний дагуу аваагүй. Өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгчид компанийн зүгээс буруу мэдээлэл, тайлбар өгсөн. Одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх тайлбаруудыг бүгдийг нь үгүйсгэж байгаа. Ц.Б, Ц.С нарын нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, өөрөөр хэлбэл Ц.Б хэдэн төгрөг, Ц.С нь хэдэн төгрөг нэхэмжилж байна вэ. Иймд нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний сунгалтыг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтаар хавсарган гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь хариу тайлбарын хамт компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Ц.С, Ц.Б нарын зээлийн тооцоолол, 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн кассын зарлагын ордер, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн кассын зарлагын ордер, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн төлбөрийн даалгавар, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн кассын зарлага, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн кассын зарлага, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн кассын зарлага, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн кассын зарлага, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн кассын зарлага, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн кассын зарлага, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтыг хавсаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2012 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн кассын орлогын ордер, 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн кассын орлогын ордер, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагааг нотлох баримтын шаардлага хангуулан гарган өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.С, Ц.Б нар нь хариуцагч Я ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,786,646,357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нар дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлдүүлэгч талаас Ц.С, Ц.Б нар нь зээлдэгч Я ХХК-д 5,300,000 ам.долларыг сарын 1.3 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дуустал тодорхой хэмжээний мөнгийг төлж явсан. Гэрээний хугацаа 2019 онд 01 дүгээр сарын 07-ны өдөр дууссан боловч зээлдэгч Я ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ биелүүлээгүй тул талууд тохиролцож зээлийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үндсэн зээлийн бүх нөхцөлийн дагуу 36 сараар сунгасан. Уг зээлийн сунгалтын хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дууссан. Үндсэн зээл, зээлийн сунгалтын хугацаа дууссан боловч хариуцагч байгууллага зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзсан тайлбар гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзсан ба татгалзлын үндэслэлээ. Үүнд: Манай компани 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 530,000 ам.долларыг сарын 1.3 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгч Ц.С, Ц.Б нараас зээлж авсан. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 1 ам.долларыг 1,700 төгрөгөөр тооцох, зээлийн төлбөрт төлсөн төлөлтийг эхлээд үндсэн зээлээс хасч тооцох, хүүг дараа нь төлөх гэж тохиролцсон. Америк долларын жилийн хадгаламжийн хүү 5.4 хувиас 6.6 хувийн хооронд хэлбэлзэж байхад манай компани жилийн 15.6 хувийн хүү төлж байсан. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар шүүхийн бүрэн эрхийн дагуу зээлийн хүүг багасгаж өгнө үү. Энэ зээлийн гэрээ хэрэгжээгүй. Нэхэмжлэгч нар хариууцагчид 530,000 ам.доллар өгсөн гэх боловч хариуцагчид 530,000 долларыг бодитоор өгөөгүй. Нэхэмжлэгч нарыг зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа, нэхэмжлэгч нар 530,000 доллар өгсөн гэдгээ нотлох ёстой. Я ХХК 2012 оны 05 дугаар дугаар сарын 04-ний өдөр иргэн Ц.Баас 500,000,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 400,000,000 төгрөг авсан. Төлбөр төлсөн баримтууд бол энэ зээлийн гэрээний төлбөрийг төлсөн баримтууд юм. Иймд нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нар нь хариуцагчид 530,000 ам.долларыг сарын 1.3 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, зээлийн гэрээний хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 36 сараар сунгажээ. Хариуцагч зээлийн гэрээ хэрэгжээгүй, 530,000 ам.долларыг хүлээж аваагүй гэх боловч нэхэмжлэгч нар гэрээний үүргээ биелүүлж 530,000 ам.долларыг хариуцагчид хүлээлгэж өгсөн болох нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатарын ... Манай компани 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 530,000 ам.долларыг сарын 1.3 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгч Ц.С, Ц.Б нараас зээлж авсан гэх тайлбар, зээлийн гэрээний сунгалт, 2014 оны 06 дугаар сарын 11-ний, 2014 оны 06 дугаар сарын 06-ны, 2014 оны 07 дугаар сарын 07-ны, 2014 оны 07 дугаар сарын 09-ний, 2020 оны 02 дугаар сарын 06-ны, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн төлбөрийн даалгавар, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн кассын зарлагын ордер, 2016 оны 02 дугаар сарын 24-ний, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2019 оны 12 дугаар сарын 19-ний, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн кассын зарлага, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн кассын зарлага, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн кассын зарлага, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн кассын зарлага, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар тогтоогдож байна.

 

6. Нэхэмжлэгч Ц.С, Ц.Б, хариуцагч Я ХХК-иудын дээрх тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгч үндсэн зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй.

 

7. Хариуцагч Я ХХК нь зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нараас 530,000 ам.долларыг хүлээж авсан нь, мөн үндсэн зээлийн төлбөр 530,000 ам.долларыг төлж барагдуулаагүй болох тогтоогдсон ба үндсэн нэхэмжлэгч нар нь хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн бэлэн мөнгөний зарлагын баримт, орлогын ордер, кассын баримтыг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт буюу зээлийн хүүгийн төлбөрт хариуцагчаас төлсөн 247,845 ам.долларыг хүүнд нэхэмжилсэн 661,440 ам.доллароос хасч хүүгийн төлбөрт 413,595 ам.доллар нэхэмжилсэн нь үндэслэлтэй болжээ. Зээлийн гэрээний 6.3-т Зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам төлөх төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх торгууль төлнө гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг шаардах эрхтэй ба нэхэмжлэгч нар 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 240 хоногийн торгуульд 226,462 ам.долларыг нэхэмжилсэн нь үндэслэл муутай ба хариуцагч нарын гүйцэтгээгүй үүрэг нь үндсэн зээл 530,000 ам.доллар, хүү 413,595 ам.доллар, нийт 943,595 ам.доллар болж байх бөгөөд энэ төлбөрийн /0.1 хувь/ 240 хоногийн торгуульд 113,231 ам.доллар төлөх үүрэгтэй байна.

 

8. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Я ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөртй 530,000 ам.доллар, хүүнд 413,595 ам.доллар, торгуульд 113,231 ам.доллар, нийт 1,056,826 ам.доллар буюу 3,297,888,942.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С, Ц.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 488,757,414.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 1 ам.долларыг 3,120.56 төгрөгөөр тооцсон болно

 

9. Хариуцагч нь зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нараас 530,000 ам.доллар аваагүй гэж маргасан боловч хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх дурдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нар үүргээ гүйцэтгэж, зээлийн хөрөнгийг хариуцагчид хүлээлгэж өгсөн нь тогтоогдсон болно.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,091,181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,935,591 төгрөгийг нөхөж гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 16,647,393 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Я ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 3,297,888,942.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.С, Ц.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 488,757,414.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,091,181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,935,591 төгрөгийг нөхөж гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 16,647,393 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР