Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02009

 

 

 

 

 

 

 

2022 11 21 210/МА2022/02009

 

 

 

Ц.С , Ц.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/03296 дугаар шийдвэртэй,

Ц.С Ц.Б нарын нэхэмжлэлтэй

Я ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,786,646,357 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Ц.С , Ц.Б нар нь Я ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 530,000 ам.долларыг сарын 1.3 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатайгаар зээлсэн.

Зээлдэгч нь гэрээний хугацаа дуустал тодорхой хэмжээний мөнгийг төлсөн, гэрээний хугацаа 2019 онд 01 дүгээр сарын 07-ны өдөр дууссан. Зээлдэгч Я ХХК зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул талууд тохиролцож гэрээг 36 сараар сунгасан. Зээлийн гэрээний хугацаа сунгалт 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дууссан боловч хариуцагч байгууллага үүргээ биелүүлээгүй байна.

1.2 Анх шүүхэд үндсэн зээлийн төлбөр 530,000 ам.доллар, зээлийн хүү 490,020 ам.доллар, алданги 79,500 ам.доллар, нийт 1,099,520 ам.доллар буюу 3,431,118,131 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэл гаргах үед буюу 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.доллар 3,120.56 төгрөг байсан.

Хариуцагч нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх 96 сарын зээлийн хүүд 661,440 ам.доллар төлөх ёстойгоос зээлийн хүүд төлсөн 247,845 ам.долларыг хасаж зээлийн хүүгийн төлбөрийг 413,595 ам.доллар болгон багасгаж, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.доллар 3,236.29 төгрөг байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Иймд үндсэн зээл 530,000 ам.доллар, хүү 413,595 ам.доллар, нийт 943,595 ам.долларын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 240 хоногийн алданги 226,462 ам.доллар, нийт 1,170,057 ам.доллар буюу 3,786,646,357 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

1.3 Нэхэмжлэгч нар нь Я ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнөх санхүүгийн харилцааны буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр талууд харилцан гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар хэлцэл хүчин төгөлдөр болно гэх хуулийн шаардлагын дагуу уг зээлийн гэрээг байгуулсан.

1.4 Хариуцагчийн өгсөн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ц.С гийн зээлд тооцуулах 100,000,000 төгрөг төлөв гэсэн нотлох баримтаас зээлийн буцаан төлөлт хийсэн нь харагдаж байна. Зээлийн эргэн төлөлтийн хэд нь Ц.Б ынх, хэд нь Ц.С гийнх гэдэг нэхэмжлэгч нарын хоорондын асуудал тул нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй.

Иймд Я ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 3,786,646,357 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Я ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 530,000 ам.долларыг сарын 1.3 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгч Ц.С , Ц.Б нараас зээлсэн.

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 1 ам.долларыг 1,700 төгрөгөөр тооцож, зээлийн төлбөрт төлсөн төлөлтийг эхлээд үндсэн зээлээс хасаж тооцох, хүүг дараа нь төлөхөөр тохиролцсон.

2014 оноос хойш нэхэмжлэгчид хариуцагч талаас 593,800,000 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн тул үндсэн зээлээс 309,501.36 ам.доллар буюу 526,512,310 төгрөгийн үлдэгдэлтэй.

Хариуцагч нь 2018 оны зээлийн хүү 292,144.41 ам.доллар буюу 722,376,719 төгрөг, 2019 оны зээлийн хүү 82,257.75 ам.доллар буюу 219,129,719 төгрөг, 2020 оны зээлийн хүү 50,796.16 ам.доллар буюу 142,916,521 төгрөг, 2021 оны зээлийн хүү 33,651.35 ам.доллар буюу 95,882,441 төгрөг, нийт зээлийн хүүд 1,180,305,400 төгрөг төлнө.

Америк долларын жилийн хадгаламжийн хүү 5.4 хувиас 6.6 хувийн хооронд хэлбэлзэж байхад манай компани жилийн 15.6 хувийн хүү төлсөн тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэн эрхийн дагуу зээлийн хүүг багасгаж өгнө үү.

2.2. 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ хэрэгжээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх... үүргийг хүлээдэг.

Хариуцагч нь 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ц.Б аас 500,000,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ц.С гээс 400,000,000 төгрөг авсан. Төлбөр төлсөн баримтууд нь энэ зээлийн гэрээний төлбөрийг төлсөн баримтууд юм.

Харин 530,000 ам.долларыг хариуцагч зээлийн гэрээний дагуу аваагүй. Өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч компанийн зүгээс буруу мэдээлэл, тайлбар тул өмнөх тайлбаруудыг бүгдийг нь үгүйсгэж байна.

Мөн Ц.Б , Ц.С нарын нэхэмжлэлийн шаардлага буюу хэдэн төгрөг нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 3,297,888,942.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.С , Ц.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 488,757,414.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,091,181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,935,591 төгрөгийг нөхөж гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 16,647,393 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 530,000 ам.долларын 200,000 ам.доллар нь Ц.С гийнх, 330,000 ам.доллар нь Ц.Б ынх гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлснээс үзвэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй.

4.2. Зээлийн гэрээний дагуу 530,000 ам.долларыг шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх хариуцагчийг хүлээн авсан мэтээр дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Шүүх хуралдааны тэмдэглэлд Ц.Б гэрээ байгуулахаас өмнө өгсөн гэж, Ц.С би гадаад улсад байсан гэж тус тус тусгагдсанаас үзвэл мөнгийг Ц.С шилжүүлэн өгөөгүй болох нь тогтоогдоно.

4.3. Мөн шүүх хуралдаанд 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 500,000,000 төгрөг, 400,000,000 төгрөгийг зээлдүүлж байсан уу гэх асуултад Ц.Б зээлдүүлж байсан гэж, уг зээлээ авч дууссан уу гэх асуултад дууссан төлбөр тооцоо байхгүй гэж хариулсан.

Хариуцагч талаас хэргийн 94, 95 дахь талд 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 500,000,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 400,000,000 төгрөг хүлээн авсан тухай баримтыг гаргаж өгсөн ба нийт 900,000,000 төгрөгийн зээлийн харилцаа үргэлжилж төлбөр төлөгдөөд байна уу, эсхүл 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний дагуу 530,000 ам.доллар авсан гэдэг үйл баримтыг нэгтгэн дүгнээгүй, зээлийн тооцооллыг тодруулаагүй, нотлох баримтгүй, эргэлзээтэй байхад дүгнэлт хийж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт зээлийн эргэн төлөлт хийж байсан талаарх 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа төгрөгийг ам.долларт шилжүүлсэн нотолгоо, хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт оруулсан өөрчлөлт гэх баримтыг эргэлзээгүй байдлаар үнэлээгүй.

4.5. Нэхэмжлэгч нь 1 зээлийг 2 мэтээр шүүхэд тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь талд авагдсан. Учир нь Л.Санжаадорж нь иргэний хувиар Ц.С , Ц.Б нараас зээл авч байгаагүй.

4.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт зээлийн хүүгийн төлбөрт хариуцагчаас төлсөн 247,845 ам.долларыг гэж зөвхөн нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн баримтыг үндэслэн хүүг тооцсон нь хэргийн бодит байдлыг алдагдуулж, эргэлзээтэй байдлыг бий болгосон.

Шүүх хэргийн 29 дэх талд авагдсан тооцооллыг харгалзан үзэх ёстой байсан. Хариуцагчаас нэхэмжлэгчид 593,800,000 төгрөг өгсөн бөгөөд нэхэмжлэгч хүлээн авснаа зөвшөөрдөг.

Хариуцагч нь 2014 оноос хойш 900,000,000 төгрөгөөс 593,800,000 төгрөгийг төлөөд байхад дахин 3 тэрбум төгрөгийг төлөх нь хариуцагчид хохиролтой бөгөөд ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

2012 оноос хойш 900,000,000 төгрөг төлсөн, үүнээс 2014 оноос хойш үндсэн зээлд 220,049.64 ам.доллар, үндсэн зээлийн үлдэгдэл 309,501.36 ам.доллар, хүүд 107,679,67 ам.доллар төлсөн, хүүгийн үлдэгдэл 458,849.67 ам.доллар байгаа талаар тооцоолол хэргийн 29 дэх талд авагдсан.

Энэ тооцоолол 2014, 2017 оны зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиролцоог үндэслэн гаргасан бодит тооцоолол юм.

4.7. Шүүх 2012 оны зээлийн үйл баримт, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 21-ний зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт зэрэгт адил тэгш дүгнэлт өгөх ёстой.

Шүүх хариуцагчийн төлөлт хийсэн нөхцөл байдлыг дүгнэхдээ хүү, торгуулиас хасаж үндсэн зээлийн төлөлтөөс хасалгүй 530,000 ам.доллар гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад нийцэхгүй.

Нэхэмжлэгч нар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүгээс торгууль тооцоогүй, харин 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ үндсэн төлбөр, хүүг хооронд нь нэмж түүнээс торгууль тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.8. Шүүх 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэж хууль зүйн дүгнэлт хийхдээ хэргийн үйл баримтыг дүгнэн гэрээний нэмэлт өөрчлөлтөд ч мөн адил хууль зүйн дүгнэлт өгөх ёстой байсан.

Монгол банкны ханшийн лавлагаа нь нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшийн лавлагаа биш өмнөх өдрийн ханшийн лавлагаа байхад Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг зөрчиж тус ханшийн лавлагаагаар хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

4.9. Маргаан бүхий зээлийн гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн байхад шүүх хууль зөрчин дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1,591,431,232 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Я ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар зөрүүтэй тайлбар гаргаж, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараасаа татгалзсан.

Түүнчлэн, гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрсөн гэсэн атлаа сүүлийн хуудсанд 1,7 тэрбум төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

Үүнээс шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж харагдаж байна.

5.2. Бид Я ХХК-тай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан ба иргэн Л.Санжаадоржтой холбогдсон аливаа гомдол, нэхэмжлэл гаргаагүй болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ц.С , Ц.Б нар нь хариуцагч Я ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,786,646,357 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө 530,000 ам.долларыг хариуцагчид бэлнээр шилжүүлсэн тул гэрээний дагуу гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг 2012 оны 900,000,000 төгрөгийн зээлийг ам.долларт шилжүүлэн хожим байгуулсан, тус зээлийн гэрээний дагуу 530,000 ам.долларыг бодитоор хүлээн аваагүй, гэрээнд 2017 онд өөрчлөлт оруулж 1 ам.долларыг 1,700 төгрөгөөр тооцохоор тохиролцсон гэж тус тус тайлбарласан.

 

4. Хэрэгт Я ХХК-ийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 500,000,000 төгрөг, мөн оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 400,000,000 төгрөг нийт 900,000,000 төгрөгийн кассын орлогын ордер авагдсан. /хх95, 96/

 

4.а. Талууд 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ц.С , Ц.Б нар нь 530,000 ам.долларыг сарын 1,3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Я ХХК нь зээл, хүүгийн төлбөрийг тохиролцсоны дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх8-10/

 

4.б. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөд 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлж, зээлдүүлсэн 900,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд үндсэн зээлийг төлөх ам.долларын ханшийг 1,700 төгрөгөөр тооцож төлөх, зээлийн хүүг банкнуудын ам.долларын зээлийн хүүгийн дундаж ханшаар буюу сарын 1,3 хувиар тооцох... зэрэг нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх34/

 

4.в. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 36 сараар сунгасан байна. /хх11/

 

5. Түүнчлэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Ц.С ...өмнө авсан мөнгөн хөрөнгийг тооцож хэлцлээ хуулийн дагуу баталгаажуулсан, 2012 онд 500,000,000 төгрөг болон 400,000,000 төгрөг өгсөн, тухайн үед ам.доллараар тооцно гэж байсан, энэ хэлцлийг хуулийн дагуу 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан гэх, нэхэмжлэгч Ц.Б ...900,000,000 төгрөг зээлдүүлж байсан, уг зээлийг төлж дууссан, төлбөр тооцоо байхгүй гэх агуулга бүхий тайлбарыг тус тус гаргажээ.

 

5.а. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

 

5.б. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчид зээлийн гэрээний талаар илт зөрүүтэй тайлбар гаргасан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар 2014 оны гэрээний үүрэгт 900,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хамааралгүй гэж эргэлзээгүй үнэлэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүх хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт оруулсан өөрчлөлт гэх баримтыг эргэлзээгүй байдлаар үнэлээгүй гэх гомдол үндэслэлтэй.

 

6. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/03296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,115,110 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ