Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/02992

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дугаар 102/ШШ2022/02992 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух РД:***, *** овогт ***ын ***

Нэхэмжлэгч *** тоотод оршин суух ***, *** улсын иргэн *** нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин байрлах *** ХХК /РД:***/,

Хариуцагч: *** тоот хаягт оршин байрлах *** ХХК /РД: *** /-иудад холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ***-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.***

Нэхэмжлэгч Г.***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э***

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Н***

Хариуцагч *** ХХК-ийн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билгүүн

 

Хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.***, *** улсын иргэн *** нар нь *** ХХК, *** ХХК-нд холбогдуулан *** тоотод байрлах нийт 291 м.кв талбайтай орон сууц болон барилгын В1 давхарт байрлах 18 м.кв талбайтай 2 автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Иргэн Г.***, *** улсын иргэн *** нар 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *** дугаартай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ-г хариуцагч *** ХХК-тай байгуулан, *** тоотод байрлах 221 метр квадрат талбайтай, орон сууц, 18 метр квадрат талбайтай авто зогсоолыг захиалсан. Гэрээний дагуу орон сууцны үнэ болох 640,900 ам.доллароос 100,000 ам.долларын хөнгөлөлтийг эдэлж, 540,900 ам.доллар, авто зогсоолын үнэ болох 7,023 ам.долларыг төлж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Ийнхүү захиалан бариулах явцдаа талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр болж, хариуцагч *** ХХК болон *** ХХК-иудын хооронд Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулагдсантай холбоотойгоор нэмэлт талбайн хэсгийн өмчлөх, захиран зарцуулах эрхийг *** ХХК-д шилжүүлсний дагуу орон сууцныхаа талбайг 70 м.кв талбайгаар нэмж, 18 м.кв талбайтай автозогсоолыг урамшуулалд авсан.

Нэхэмжлэгч нарын зүгээс гэрээний дагуу *** ХХК-д орон сууцны 203,000,000 төгрөгийн төлбөрөөс урьдчилгаа 101,500,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бэлнээр, 50,750,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 20,300,000 төгрөгийг дансаар төлсөн. Гэтэл хариуцагч нар өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичгийг гаргаж өгөхгүй, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний дагуу барилгыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдийн дотор багтаан ашиглалтад оруулж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх ёстой байтал гаргаж өгөхгүй нэхэмжлэгч нарыг хохироож байна.

 

2.Хариуцагч *** ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Г.***, *** нарын нэхэмжилж байгаа хөрөнгө *** ХХК-ийн өмчлөлд байхгүй боловч тэднийг орон сууц, хоёр автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.

 

3.Хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *** ХХК иргэн Г.***тай шууд утгаар үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй.

 

4.Хариуцагч *** ХХК-аас нэхэмжлэгч Г.***, *** нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30,450,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан ***-ны өдрийн *** дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээний 1.1 дэх хэсэгт заасан орон сууцны үлдэгдэл 15 хувийн төлбөр болох 30,450,000 төгрөгийг гэрээний 2.2.1 дэх хэсэгт захиалагч тал орон сууцны үнийг бүрэн төлж, хүлээн авсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримтыг бүрдүүлж өгнө гэж заасны дагуу нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

5.Нэхэмжлэгч Г.***, *** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд хариуцагч *** ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр багтааж ашиглалтад оруулж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа төлбөрийг бүрэн төлнө гэж гэрээгээр тохиролцсон. Үлдэгдэл 30,450,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож 15,225,000 төгрөгийг хасаж тооцно. Мөн орон сууцыг хүлээж авахад орон сууцны тагтыг дутуу хийсэн байсныг нэхэмжлэгч тал засаж бараа материал болон ажлын хөлсөнд 2,334,627 төгрөгийг зарцуулсан тул уг төлбөрийг мөн суутгаж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа үлдэх 12,890,373 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. гэсэн тайлбарыг гаргасан.

 

6.Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** -ны өдрийн *** дугаартай шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1147 дугаартай албан бичиг, *** ХХК болон Г.***, *** улсын иргэн *** нарын хооронд байгуулагдсан ***-ны өдрийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ, ***-ны өдрийн уг гэрээтэй холбоотой тэмдэглэл, ***-ны өдрийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Мүди ресиденс барилгын захиалагч Г.***тай тооцоо нийлсэн баримт, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ, *** ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, бэлэн мөнгөний орлогын баримт, Г.***аас татвар төлсөн баримт, орон сууцны талбайн хэмжилтийн тайлан, Г.***ын Худалдаа хөгжлийн банк дахь харилцах дансны хуулга, фото зураг, *** ХХК болон Г.***, *** улсын иргэн *** нарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, Г.***аас н.*** , Г.*** нарт Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримтуудыг, хариуцагч *** ХХК-аас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, *** ХХК-ийн дүрэм, *** ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дугаартай Үндэсний хөрөнгө оруулалтын банканд, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст тус тус гаргасан хүсэлт, *** ХХК болон *** ХХК-ийн хооронд байгуулагдсан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай *** ХХК-д албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, *** ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст лавлагаа мэдээлэл хүсэх тухай албан бичиг, *** ХХК болон *** ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ, *** ХХК болох Д.Ц нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан *** дугаартай зохиогчийн хяналт хийх талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн гэрээ, Онцгой байдлын ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт, магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн хавсралт, Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх талуудын хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон *** ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон *** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, *** ХХК, *** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, С.А, С.*** нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *** ХХК-ийн дүрэм, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай С.*** ы улсын хилийн лавлагаа, Ө.Э, Ө.Б, Д.Г, Э.А, Т.А, Ө.Б, Д.Ц, Б.Г, С.А, Б.Ц, Б.Ц, Б.Г, Я.Э, С.*** , Д.Б, С.А, С.Ц, Д.Ц, С.Д, С.О, С.А, С.Д, Д.Ч, Д.Х нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ***  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, *** давхар 520 м.кв талбайтай автозогсоол, 293 м.кв талбайтай зоорийн давхрын, 2200 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *** тоот хаягт байршилтай 2200 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *** тоот байрны В1 зоорийн давхрын план зураг зэрэг баримтуудыг бүрдүүлж, үзлэг хийсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.***, *** улсын иргэн *** нар нь гэрээгээр хүлээсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ гүйцэтгэсэн бөгөөд хариуцагч *** ХХК, *** ХХК үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй.

 

3.Хариуцагч *** ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар маргаагүй.

 

4.Хариуцагч *** ХХК татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Г.***, *** улсын иргэн *** нар орон сууцны үлдэгдэл төлбөр 30,450,000 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэгч нартай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулаагүй тул тэдний өмнө үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлаж, орон сууцны үлдэгдэл төлбөр 30,450,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

5.Нэхэмжлэгч талаас хариуцагч *** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т *** ХХК орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөх үүрэгтэй гэж зааснаар орон сууцны үлдэгдэл төлбөр 30,450,000 төгрөгөөс *** ХХК-ийн төлбөл зохих алданги 15,225,000 төгрөгийг харилцан тооцож, үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэх үндэслэлээр няцаасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Нэг талаас Г.***, *** улсын иргэн ***, нөгөө талаас *** ХХК 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ гэх гэрээ байгуулж, уг гэрээгээр *** ХХК нь *** тоот 221 м.кв талбайтай орон сууцыг, тус байрны В1 давхарт байрлах автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамт 2015 оны 03 дугаар улиралд Г.***, *** улсын иргэн *** нарын өмчлөлд шилжүүлэх, Г.***, *** нар хариу төлбөрт нь 547,023 ам.долларыг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

6.2.Нэхэмжлэгч Г.***, *** нар нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч *** ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ гэх гэрээ байгуулж, уг гэрээгээр *** ХХК нь *** орон сууцны хорооллын 50/2 дугаар байрны 3 давхарт байрлах 70 м.кв талбай бүхий орон сууцыг, 18 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамт 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор Г.***, *** нарын өмчлөлд шилжүүлэх, Г.***, *** нар хариу төлбөрт нь 203,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

7.Нэхэмжлэгч Г.***, *** улсын иргэн *** нар нь хариуцагч *** ХХК-тай, мөн *** ХХК-тай тус тус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

8.Дээрх гэрээний дагуу худалдан авагч тал болох Г.***, *** нар худалдагч тал болох *** ХХК-нд орон сууцны хэлэлцэн тохиролцсон үнэ 547,023 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан, *** ХХК-нд орон сууцны хэлэлцэн тохиролцсон үнэ 203,000,000 төгрөгөөс 172,550,000 төгрөг төлж, үлдэгдэл 30,450,000 төгрөгийг төлөөгүй,

хариуцагч *** ХХК, *** ХХК нь *** тоот 221 м.кв болон 70 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлсэн байх боловч өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг өгөх үүргээ биелүүлээгүй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

9.Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай *** тоот хаягт байршилтай 2200 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр *** ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд 2017 оны Чингисхаан банк ХХК-тай байгуулсан, 2016 оны Чингис хаан банк ХХК-тай байгуулсан ***, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-тай байгуулсан *** дугаартай барьцааны гэрээ тус тус бүртгэлтэй байна.

 

10.Хариуцагч *** ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр *** ХХК-тай Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ гэх гэрээ байгуулж, уг гэрээгээр *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-ийн хэрэгжүүлж буй 2 блок бүхий *** орон сууцны хорооллын төслийн ажлыг *** ХХК өөрийн санхүүжилтээр бүрэн хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх, *** ХХК орон сууцны зориулалттай 2340.5 м.кв талбай, 16 ширхэг автомашины зогсоолын хамт, *** ХХК орон сууцны зориулалттай 1519.5 м.кв талбайг өмчлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

 

11.Нэхэмжлэгч Г.***, *** нарын хариуцагч *** ХХК болон *** ХХК-тай тус тус байгуулсан гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь зохион байгуулалтын хувьд хоорондоо нэгдмэл буюу нэг үл хөдлөх эд хөрөнгийн талбай болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар хариуцагч *** ХХК-тай байгуулсан гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хожим *** ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хөрөнгийн хэмжээг 70 м.кв талбайгаар нэмэгдүүлжээ.

 

12.Хариуцагч *** ХХК нь *** орон сууцны хорооллын төслийн ажлыг өөрийн санхүүжилтээр бүрэн хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөхөөр хариуцагч *** ХХК-тай харилцан тохиролцсон байхаас гадна тухайн барилга хариуцагч *** ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байдал, мөн нэхэмжлэгч Г.***, *** нар нь *** ХХК-тай гэрээ байгуулж, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч *** ХХК нь *** ХХК-ийн маргаан бүхий 221 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 1 ширхэг автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч тал болох Г.***, *** нарын өмчлөлд шилжүүлэх үүргийг шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.

 

13.Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Хариуцагч *** ХХК нь *** ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны хорооллын төслийн ажлыг өөрийн санхүүжилтээр бүрэн хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх үүргийг шилжүүлэн авсан, энэ үүргийг шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгүүлэгч Г.***, *** нар нь *** ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тухайн хөрөнгийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

14.Хариуцагч *** ХХК-аас нэхэмжлэгч нар үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 30,450,000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзлын хувьд, *** ХХК-аас Г.***, *** нартай байгуулсан гэрээний 1.2.1-т ...хөлснөөс 15 хувийг орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ гарахад үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэнэ гэж заасан байх ба Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар гэрээний зүйлийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих талаар зохигчид харилцан тохиролцоогүй, харин өмчлөх эрхийг шилжүүлснээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

 

15.Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т зааснаар хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагчаас орон сууцыг шилжүүлэхийг шаардах эрхтэйгээс гадна ийнхүү эд хөрөнгийг шилжүүлэн авсны дараа үлдэгдэл төлбөрийг төлөх эрхтэй байна.

 

16.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

17.Хариуцагч *** ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байх тул Г.***, *** нарыг *** тоот 291 м.кв талбайтай орон сууцны, В1 давхарт байрлах тус бүр 18 м.кв талбайтай 4, 5 дугаарлалт бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч *** ХХК-нд даалгаж, мөн хариуцагч *** ХХК нь гэрээний 1.2.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлснээр худалдан авагч талаас шилжүүлсэн хөрөнгийн хэлэлцэн тохиролцсон үнийн үлдэгдэл төлбөр 30,450,000 төгрөгийг төлөхийг шаардах эрхтэй бөгөөд талууд үүргээ нэгэн зэрэг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Г.***, *** нараас үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 30,450,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

18.Нэхэмжлэгч тал худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 30,450,000 төгрөгт талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т зааснаар хариуцагч *** ХХК хөрөнгө шилжүүлэх үүргээ хугацаа хэтрүүлсэн тул алданги 15,225,000 төгрөгийг харилцан тооцохоор маргасан боловч нэхэмжлэгч тал алданги гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул үүргийг харилцан тооцох үндэслэлгүй байна.

 

19.Хариуцагч *** ХХК нь дээр дурдсанчлан *** ХХК-нд өрийг шилжүүлснээр нэхэмжлэгч Г.***, *** нартай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч *** ХХК-нд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

20.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлах Хан-Уул дүүргийн хороо, хаалганы дугаарлалт тус тус өөрчлөгдсөн, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг тогтоосон дугаарлалтыг гэрээгээр тодорхойлоогүй боловч талууд дөрөв болон тав дугаартай гэж тайлбарлаж, энэ талаар маргаагүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

21.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг хөрөнгө тус бүрд 70,200 төгрөг, 4 хөрөнгөд 280,800 төгрөгөөр, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг 375,000 төгрөгөөр тус тус тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийг хангагдсан тул хариуцагч *** ХХК-аас үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох, мөн сөрөг нэхэмжлэл хангагдсан тул нэхэмжлэгч нараас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж хариуцагч *** ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4,967,791 төгрөгийг буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 124 дүгээр зүйлийн 124.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.***, *** улсын иргэн *** нарыг *** дугаар байрны 4 тоот 291 м.кв талбайтай орон сууцны, тус байрны В1 давхарт байрлах тус бүр 18 м.кв талбайтай 4, 5 дугаарлалт бүхий хоёр ширхэг автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэхийг хариуцагч *** ХХК-нд даалгаж, нэхэмжлэгч Г.***, *** улсын иргэн *** нараас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 30,450,000 /гучин сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж *** ХХК-нд олгож, хариуцагч *** ХХК-нд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөг, хариуцагч *** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,500 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4,967,791 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 280,800 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Г.***, *** улсын иргэн *** нарт олгож, нэхэмжлэгч Г.***, *** улсын иргэн *** нараас улсын тэмдэгтийн хураамжид 375,000 төгрөг гаргуулж хариуцагч *** ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ