Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00098

 

Г.М, Кд /К/ нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/02755 дугаар шийдвэртэй,

Г.М, Кд /К/ нарын нэхэмжлэлтэй “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК, “Ө” ХХК-д тус тус холбогдох,

орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,450,000 төгрөг гаргуулах хариуцагч “Ө” ХХК сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч “Ө” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангуа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: 1.1. Иргэн Г.Мөнгөндусал, Нидерланд улсын иргэн Кд /К/ нар 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 11/014 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ”-г хариуцагч “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-тай байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Муди резиденс /Mudi residence/ барилгын “Б” блок, 3 дугаар давхрын 15 тоотод байрлах 221 метр квадрат талбайтай, орон сууц, 18 метр квадрат талбайтай авто зогсоолыг захиалсан.

Гэрээний дагуу орон сууцны үнэ болох 640,900 ам.доллароос 100,000 ам.долларын хөнгөлөлтийг эдэлж, 540,900 ам.доллар, авто зогсоолын үнэ болох 7,023 ам.долларыг төлж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Ийнхүү захиалан бариулах явцдаа талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр болж, хариуцагч “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК болон “Ө” ХХК-иудын хооронд “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” байгуулагдсантай холбоотойгоор нэмэлт талбайн хэсгийн өмчлөх, захиран зарцуулах эрхийг “Ө” ХХК-д шилжүүлсний дагуу орон сууцныхаа талбайг 70 м.кв талбайгаар нэмж, 18 м.кв талбайтай автозогсоолыг урамшуулалд авсан. 

Нэхэмжлэгч нарын зүгээс гэрээний дагуу “Ө” ХХК-д орон сууцны 203,000,000 төгрөгийн төлбөрөөс урьдчилгаа 101,500,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бэлнээр, 50,750,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 20,300,000 төгрөгийг дансаар төлсөн. 

            Гэтэл хариуцагч нар өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримт бичгийг гаргаж өгөхгүй, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний дагуу барилгыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдийн дотор багтаан ашиглалтад оруулж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх ёстой байтал гаргаж өгөхгүй нэхэмжлэгч нарыг хохироож байна.

            Иймд нэхэмжлэгч нарыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Муди резиденс /Mudi residence/ хотхоны Б блок, 3 дугаар давхар, 50/2 дугаар байрны 15 тоотод байрлах нийт 291 м.кв талбайтай орон сууц болон барилгын В1 давхарт байрлах 18 м.кв талбайтай 2 автозогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

1.2. Хариуцагч “Ө” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр багтааж орон сууцыг ашиглалтад оруулж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа төлбөрийг бүрэн төлнө гэж гэрээгээр тохиролцсон.  Үлдэгдэл 30.450.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож 15,225,000 төгрөгийг хасаж тооцно.

1.3 Мөн орон сууцыг хүлээж авахад орон сууцны тагтыг дутуу хийсэн байсныг нэхэмжлэгч тал засаж бараа материал болон ажлын хөлсөнд 2,334,627 төгрөгийг зарцуулсан тул уг төлбөрийг мөн суутгаж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа үлдэх 12,890,373 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ. 

 

2. Хариуцагч “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу төлбөр тооцоо хийгдэж 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдсэн.  Уг акт дээр нэмж орон сууцны барилгын талбайд тооцоо нийлсэн.  Хэргийн материалд авто зогсоолын төлбөр тооцоог нийлж акт үйлдсэн, төлбөрийн баримт байхгүй. Авто зогсоолын төлбөрийг төлөөгүй харагдаж байгаа тул түүний өмчлөгчөөр тогтоолгохыг зөвшөөрөхгүй, байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байна гэжээ. 

 

3. Хариуцагч “Ө” ХХК-ийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани иргэн Г.Мөнгөндусалтай шууд утгаар “Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ” байгуулаагүй. Нэхэмжлэгчийн өмнө нь ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 1.1 дэх хэсэгт заасан орон сууцны үлдэгдэл 15 хувийн төлбөр болох 30,450,000 төгрөгийг гэрээний 2.2.1 дэх хэсэгт “захиалагч тал орон сууцны үнийг бүрэн төлж, хүлээн авсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримтыг бүрдүүлж өгнө” гэж заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Mudi residence” хотхоны “Б” блок, 3 дугаар давхар, 50/2 дугаар байрны 15 тоотод байрлах 291 метр квадрат талбайтай орон сууц, барилгын В-1 давхарт байрлах 18 метр квадрат талбайтай хоёр автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгч Г.Мөнгөндусал, Нидерланд улсын иргэн К нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Мөнгөндусал, Нидерланд улсын иргэн К нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлага худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 30,450,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Ө” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,248,591 төгрөг, хариуцагч “Ө” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 375,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 4,967,791 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 280,800 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж 375,500 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Ө” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч “Ө” ХХК-ийн  давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

5.1 Маргаан бүхий орон сууц болон 2 ширхэг автозогсоол нь “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа бөгөөд энэхүү барьцаатай холбоотой бичиг баримтууд бүгд хэрэгт авагдсан. Гэтэл анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийг эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гуравдагч этгээдээр татан оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

5.2 Анхан шатны шүүхийн шүүгч уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухайн маргаан бүхий эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч талын хүсэлтээр очиж үзэж, үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгт хариуцагч тал болох манай “Ө” ХХК-ийн төлөөлөгчийг уг үзлэгт оролцохоор очиход тус ажиллагаанд оролцуулалгүй үзлэгийг хийж гүйцэтгэсэн атлаа, хэргийн материалд үзлэгийн тэмдэглэлд үзлэгт оролцсон гэж гарын үсэг зуруулах гэсэн оролдлого хийсэн зэрэг нь уг хэргийг шийдвэрлэхэд процессийн томоохон ноцтой алдаа гаргасан, хариу талын хуулийн дагуу эдлэх эрхийг хангалттай эдлүүлээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гомдлын талаар гаргасан хариу тайлбарын агуулга: 6.1 Хариуцагч “Ө” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад зохигчдын хэн аль нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй. Шүүх санаачилгаараа гуравдагч этгээдийг татан оролцуулах хууль зүйн үндэслэл, зохицуулалт байхгүй. Мөн нэхэмжлэгч Г.Мөнгөндусал болон Кд /К/ нар нь хариуцагч “Ө” ХХК-ийг Үндэсний хөрөнгө оруулалтын банканд маргаан бүхий орон сууцыг барьцаанд тавихаас өмнө буюу 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах гэрээ байгуулсан гэдгийг шүүхээс анхаарах нь зүйтэй.

6.2 Мөн анхан шатны шүүхээс хэргийн оролцогч нарт үзлэг хийх талаар бүгдэд нь мэдэгдсэн. “Ө” ХХК-ийн төлөөлөгч үзлэгийн газарт хоцорч ирсэн байдаг ба үзлэгийн дундуур ирсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.6 дахь хэсэгт зааснаар “Ө” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд хоцорч ирсэн, нэгэнт үзлэг хийх газар байлцсаны хувьд тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурах үүрэгтэй байсан. Ийм учраас анхан шатны шүүхээс үзлэг хийх ажиллагаа явуулахдаа процессын ямар нэгэн ноцтой алдаа гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

7. Хариуцагч “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч “Ө” ХХК-ийн гаргасан гомдлыг зөвшөөрөхгүй зүйл байхгүй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж өгөхийг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч Г.Мөнгөндусал, Кд /К/ нар хариуцагч “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК, “Ө” ХХК-д тус тус холбогдуулан орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хариуцагч “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК нь нэхэмжлэлээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хүлээн зөвшөөрч, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг эс зөвшөөрч маргасан. Хариуцагч “Ө” ХХК нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,450,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

           

            3. Нэхэмжлэгч Г.Мөнгөндусал, Кд /К/ нар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Муди резиденс /Mudi residence/ барилгын “Б” блок, 3 дугаар давхрын 15 тоотод байрлах 221 метр квадрат талбайтай, орон сууц, В1 давхрын 18 метр квадрат талбайтай авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхтэй, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.

 

            3.1. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 7/6019 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Дүнжингарав гудамж 50/1 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга нь “Модерн сивилизейшн” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, дуусаагүй барилгыг 2016 оны 09 дүгээр сарыг 16-ны өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 22, 2017 оны 4 дүгээр сарын 13, 2017 оны 7 дугаар сарын 31, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус бүртгэлтэй гэжээ.

 

            2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцааны зүйлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 50/2 тоот хаягт орших 2200 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, “Ө” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө гэж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 50/1 тоот хаягт орших 80 хувийн гүйцэтгэлтэй, “Модерн сивилизэйшн” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө гэж тодорхойлжээ. 

 

            Эдгээр эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх, бүртгэлтэй бол хэний өмчлөлд бүртгэгдсэн байгаа гэх зэрэг нөхцөл байдал тодорхой бус байна.  

 

3.2. Барьцааны гэрээний зүйл болох 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 2200 м.кв талбайтай гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч талаас баримтаар гаргаж өгсөн “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээнд Б блокны 15 тоот орон сууцны нийт талбайг 221 м.кв гэж, “Ө”ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Зайсан 22” төслийн хүрээнд баригдаж буй “Мүди резиденс” орон сууцны хорооллоос орон сууц захиалан бариулах гэрээнд 50/2 дугаар байрны 3 давхарт байрлах орон сууцны талбайн хэмжээг 70 м.кв, автомашины зогсоолыг 18 м.кв гэж тус тус заажээ.

 

2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК болон “Ө” ХХК байгуулж Муди резиденс барилгыг барих ажилд хамтран ажиллахаар тохиролцсон байх ба хамтран ажиллах гэрээний үр дүн нэхэмжлэгч нартай байгуулсан 2014 оны гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд хүлээлгэн өгөх үүргийг хэн хүлээх талаар тодруулах байжээ. Өөрөөр хэлбэл, “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК нь 2014 оны гэрээний дагуу орон сууц өмчлөх эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлэх өгөх эрхтэй этгээд этгээд мөн эсэх нь тодорхой бус байна.

 

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар дээрх нөхцөл байдлыг тодруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/02755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ө” ХХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА