Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/03417

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/03417

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, ерөнхий шүүгч Р.Алтантуяа, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар давхарт байрлах, М.Д ХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... тоот хаяг байрлах, Н.Ф ХХК /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,130,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Оргил,

Иргэдийн төлөөлөгч Г.Халиун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Д ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компанийн Эд хөрөнгийн даатгалын ... тоот гэрээт даатгуулагч О.Б-ийн ... дүүргийн ... хороо, ... тоот орон сууцанд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дээд давхарын 24 тоот орон сууцны халаалтын далд шугамд гэмтэл гарч ус алдсаны улмаас даатгуулагчид нийт 1,330,600 төгрөгийн хохирол учруулсан байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга, байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна, мөн 14.7-д Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна, мөн 40.1.8-д Барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах гэж заасны дагуу тус барилгын гүйцэтгэгч компани хохирлыг барагдуулах үүрэгтэй. Ослын улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан 1,130,040 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч М.Д ХК барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагчид учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутайг этгээдээс нэхэмжлэх эрхтэй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар даатгуулагч О.Б-ийн эд хөрөнгөд учирсан хохирол 1,130,040 төгрөгийг тухайн барилгын халаалт, цэвэр, бохир усны системийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн хариуцагч Н.Ф ХХК-иас гаргуулж гэв. 

 

2. Хариуцагч Н.Ф ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэгийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай компани нь ... дүүргийн ... хороо, ...  дүгээр байрны халаалт, цэвэр, бохир усны системийн угсралтын ажлыг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Г.Б.К ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн хүрээнд барилгын норм, дүрэм, стандартын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэж 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээт ажлыг гүйцэтгэхэд материал ханган нийлүүлэгчээр Д.Х ХХК-г сонгон хамтран ажилласан. Улсын комисст хүлээгэн өгсний дараа ашиглагч байгууллага болох Д.Д.П ХХК-д ашиглалтыг бүрэн хүлээлгэн өгсөн. Уг барилгын халаалт, агааржуулалт, цэвэр, бохир усны ажлыг гүйцэтгэгч байгууллага нь манай байгууллага мөн боловч тухайн ус алдалт нь ямар шалтгааны улмаас бий болсон нь тодорхойгүй байхад манай компанийг хариуцагч хэмээн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч М.Д ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хамт компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 26ж-1/2 726 дугаартай албан бичиг, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000748541 тоот гэрчилгээ, О.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Д.Д.П ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21/87 дугаар албан бичиг, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ3635132962 тоот орон сууцны зээлийн гэрээ, Х.Ү ХХК-ийн 2021 оны 59 тоот үнэлгээний тайлан, Хаан банк ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Болорцэцэгийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өргөдлийг гаргасан.

 

4. Хариуцагч Н.Ф ХХК нь хариу тайлбарын хамт улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг шүүхэд гарган өгсөн.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Д ХК нь хариуцагч Н.Ф ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 1,370,187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч М.Цэлмэгт шүүх хуралдааны товыг шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 

3. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай компанийн даатгуулагч О.Б-ийн ... дүүргийн ... хороо, ... тоот орон сууцанд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дээд давхарын 24 тоот орон сууцны халаалтын далд шугамд гэмтэл гарч ус алдсаны улмаас даатгуулагчид нийт 1,330,600 төгрөгийн хохирол учруулсан байна. Ослын улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан 1,130,040 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч М.Д ХК барагдуулсанаар Иргэний хууль, Даатгалын тухай хуульд зааснаар шаардах эрхийг шилжүүлэн авч буруутайг этгээдээс нэхэмжлэх эрхтэй байна. Иймд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, 14.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шаардаж байна гэжээ.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манай компани нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд резиденс хорооллын 404 дүгээр байрны халаалт, цэвэр, бохир усны системийн угсралтын ажлыг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Г.Б.К ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн хүрээнд барилгын норм, дүрэм, стандартын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэж 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээт ажлыг гүйцэтгэхэд материал ханган нийлүүлэгчээр Д.Х ХХК-г сонгон хамтран ажилласан. Тухайн ус алдалт нь ямар шалтгааны улмаас бий болсон нь тодорхойгүй байхад манай компанийг хариуцагч хэмээн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, ... дүүргийн ... хороо, ... тоот орон сууцны өмчлөгч О.Б нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр М.Д ХК-тай ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж орон сууцаа даатгуулсан, мөн дээрх орон сууцанд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ус алдсаны улмаас өмчлөгчид 1,130,040 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг М.Д ХК нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хаан банк ХХК дахь О.Б-ийн ... тоот дансанд шилжүүлж барагдуулсан болох Х.Ү ХХК-ийн 2021 оны ... тоот үнэлгээний тайлан, Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн баримтаар тус тус нотлогдсон ба зохигчид энэ талаар маргахгүй байна.

 

7. Нэхэмжлэгч М.Д ХК нь шаардах эрхийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагчид учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. гэж зааснаар даатгуулагчид учирсан хохирлыг барагдуулснаар шаардах эрх шилжсэн тул буруутай этгээд буюу тухайн орон сууцны барилгын цэвэр, бохир усны системийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн тус компаниас хохирлоо шаардаж байна гэж тодорхойлоод хариуцагч Н.Ф ХХК-ний гэм буруутайг нотлохоор Д.Д.П ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Ус алдсан тухай, Манай компани нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Ханбогд хорооллын 404 дүгээр байрны ашиглалтыг хариуцан ажилладаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө тухайн байрны 1 дүгээр орцны 24 тоотын халаалтын далд шугамд гэмтэл гарч, доод айл буюу 19 тоот руу ус алдсан нь үнэн болно гэх 21/87 дугаар албан бичгийг хавтаст хэрэгт гарган өгчээ. Гэвч дээрх баримтаар Н.Ф ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь 24 тоот орон сууцны халаалтын далд шугамд гарсан гэмтэл нь халаалтын шугамын буруу угсралтын улмаас бий болж ус алдсан эсэх, эсхүл материал ханган нийлүүлсэн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас буюу сантехникийн шугамын материалын чанаргүй байдлаас шалтгаалж ус алдсан эсэх, эсхүл гадны хүчин зүйлийн улмаас гэмтэж ус алдсан эсэх нь тодорхойгүй буюу хариуцагч Н.Ф ХХК-г тухайн халаалтын шугамын гэмтэлд шууд буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт биш байна. Нэхэмжлэгч нь ус алдахад хүргэсэн буруутай этгээд гэж Н.Ф ХХК-ийг хариуцагчаар татсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ буюу хариуцагчийн гэм бурууг нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

8. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Г.Халиуны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хариуцагч буруугүй гэж үзэж байна гэх дүгнэлт үндэслэл бүхий болсныг дурдах нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний талуудын бие биедээ тавих шаардлагыг зохицуулсан Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг шаардлагынхаа нэг үндэслэл болгож, хариуцагчаар Н.Ф ХХК-ийг тодорхойлсон нь үндэслэл муутай, бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шаардахад тухайн зохицуулалт хамааралгүй юм.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нэхэмжлэгч М.Д ХК-ийн хариуцагч Н.Ф ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол төлбөрт 1,130,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,671 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА