Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01399

 

 

 

.....-ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/01656 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....-ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ....-ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 1,130,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо 404 дүгээр байрны 19 тоот хаягт байрлах орон сууцанд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дээд давхрын 24 тоот орон сууцны халаалтын далд шугамд гэмтэл гарч ус алдсаны улмаас даатгуулагчид 1,330,600 төгрөгийн хохирол учирсан. Уг орон сууц нь .....-ХК-ийн даатгуулагч О.Бат-Эрдэнийн өмчлөлийн орон сууц болно. Манай компани даатгуулагчид учирсан хохирлыг төлсөн. Тухайн барилгын сантехникийг ....-ХХК хариуцан гүйцэтгэсэн юм байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар хохирлыг хариуцах үүрэгтэй. Хуульд зааснаар барилгын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна. Энэ хугацааны дотор барилгын далд шугамд задарч ус алдсан. Иймд даатгуулагчид учирсан хохирол 1,330,600 төгрөгөөс даатгуулагчийн өөрийн хариуцах 10 хувь болох төлбөрийг хасаад даатгуулагчид 1,130,040 төгрөгийг олгосон тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Манай компани Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо 404 дүгээр байрны сантехникийн ажлыг гүйцэтгэсэн. Тус барилгын ерөнхий гүйцэтгэгч Уранбилэг констракшн ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Уг шугам задарсанд манай компанийг буруутай эсэхийг тогтоосон баримт байхгүй. Тухайн барилгын шугам задрах болсон шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй. Тухайн үед ашиглалтад орсон 5 барилгаас 4 барилгын халаалтын шугам хагарч ус алдсан. Тухайн 4 барилгын сантехникийн шугамыг 4 өөр байгууллага өөр өөр материалаар хийсэн. Гэтэл тухайн 4 барилгад адил гэмтэл гарсан. Дулаанаас болж халаалтын шугам задрах магадлал өндөр. Тиймээс халаалтын шугамд задарсанд манай компани холбоогүй. Манай тухайн шугамын усны температур, даралт зэргийг зохицуулах, хангах үйл ажиллагаанд оролцоогүй. Ди ди прогресс ХХК усны температур, даралт зэрэг ашиглалтыг хариуцан ажилладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтийн агуулга:

....-ХХК-ийг гэм буруугүй гэж үзэж байна. .....-ХК нь тухайн барилгыг хариуцсан компанитай учраа олох нь зүйтэй. Шугам задарсанд ....-ХХК-ийн гүйцэтгэсэн ажил дээр биш олон газарт гарсан байна. Тиймээс ашиглалтын буруу үйлдэл байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч ....-ХХК-аас 1,130,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .....-ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,671 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....-ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 31,671 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .....-ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Сантехникийн шугам задарсан асуудал олон янзын нөлөөллөөс шалтгаалан задрах, гэмтэх, цуурах зэрэг тохиолдол гарч болно. Шугам задарсан шалтгаан нөхцөлийг бүрэн тодорхойлсны үндсэн дээр буруутай этгээдээр хохирлыг арилгуулах ёстой. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 хэсэг нь хэвийн ашиглалтын үед үүссэн гэмтлийг ойлгох болохоос хэвийн бус ашиглалтын горим, заавар, дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас гарсан хохирлыг захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөв зохиогч нар шууд хариуцна гэсэн ойлголт биш юм. Ди ди прогрес ХХК-ийн албан бичигт тухайн байрны далд шугамд гарсан гэмтлийн улмаас О.Бат-Эрдэнийн өмчлөлийн 19 тоот орон сууцанд ус алдсан талаар тодорхойлсон. Гэтэл гэмтэл юунаас гарсан нь тодорхойгүй. Гэмтэл юунаас болж гарсныг тодруулахаар хариуцагчийн зүгээс үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан.

Шугам юунаас болж задарсныг тодорхойлсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэх юм. Тухайн байрнуудын сантехникийн ажлыг олон компани өөр өөрийн сонгосон материалаар гүйцэтгэсэн байхад бүгд шугам задарсан гэмтэл гарсан нь ус дулаан түгээгч байгууллага норм, дүрэм зөрчиж шахсан буруутай үйлдэлтэй холбоотой байж болзошгүй байгааг шүүх анхаараагүй. Тухайн орон сууцанд гэмтэл гарах үед Ди ди прогрес ХХК ус дулааныг ямар даралтаар шахсан, дулааны температур хэд байсан, тухай өдрийн ээлжийг ямар ажилтан хариуцаж байсан зэрэг нь тус компанийн архивт хадгалагдаж байгаа нь тодорхой.

Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Даатгалын компанийн хувьд мэргэжлийн байгууллагын тодорхойлтыг үндэслэн даатгалын тохиолдол байсан уу, түүнд нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэдэг. Даатгуулагчийн орон сууцны контороор Ди ди прогресс ХХК ажилладаг. Энэ байгууллагын зүгээс далд шугам хоолойн гэмтлийн улмаас ус алдсан гэж тодорхойлсон. Далд шугам хоолой буюу сантехникийн ажлыг ....-ХХК гүйцэтгэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй. Бусад байгууллагуудын хийж гүйцэтгэсэн сантехникийн шугам хоолой задарч ус алдсан талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч .....-ХК нь хариуцагч ....-ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 1,130,040 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... гэм хорын хохиролд манай компани хамааралгүй... ус алдсан гэм буруутай болохыг тогтоогоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ... гэж маргасан.

 

.....-ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 404 дүгээр байрны 24 тоот орон сууцны халаалтын далд шугамд гэмтэл гарч ус алдсанаас манай компанийн даатгуулагч О.Бат-Эрдэнийн өмчлөлийн 19 тоот орон сууцад 1,330,600 төгрөгийн хохирлоос даатгагч компани 1,130,040 төгрөг төлсөн тул далд шугамын ажлыг гүйцэтгэсэн ....-ХХК-аас гаргуулна... гэж тайлбарлажээ.

2. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хорооллын 404 дүгээр байрны 1 дүгээр орцны 24 тоот орон сууцны халаалтын далд шугамд гэмтэл гарч 19 тоот орон сууц руу ус алдсан болохыг тус байрны ашиглалтыг хариуцдаг Ди ди прогресс ХХК нь тодорхойлсон. Гэвч тухайн орон сууцны далд шугамаас ус алдсан шалтгаан, үүнд хариуцагч буруутай болох нь бүрэн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

3. Түүнчлэн, анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний талуудын харилцан бие биедээ тавих шаардлагыг зохицуулсан Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг эд хөрөнгөд учирсан гэм хорын маргаанд хамааруулж хэрэглэсэн нь буруу болжээ.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгчийн ... далд шугамд ус алдсан шалтгааныг тогтоолгохоор шинжээч томилуулах... хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШЗ2022/06964 дугаар захирамжаар хангахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. (хх-ийн 35, 40)

 

Харин хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх мэтгэлцэх зарчим зөрчсөн гэсэн гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/01656 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 31,680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ