Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/02915

 

 

 

 

 

 

 

2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дугаар 102/ШШ2022/02915 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин байрлах *** ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт оршин байрлах *** ХХК /РД: *** /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 375,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.М

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч *** ХХК нь *** ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 375,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. *** ХХК нь *** ХХК-ийн охин компани болох *** ХХК-ийг болон тус компанийн өмчлөлийн *** тоот үл хөдлөх эд хөрөнгийн хамт худалдан авахаар гэрээ байгуулсан. Худалдах-худалдан авах гэрээний 2.2-т хөрөнгийн үнийг 2,700,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч *** ХХК нь 2,450,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 250,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл алданги 125,000,000 төгрөг төлөх үүрэгтэй.

 

2.Хариуцагч *** ХХК хариу тайлбартаа: *** ХХК нь *** ХХК-аас *** ХХК-ийн эзэмшлийн *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2,700,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2,450,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 250,000,000 төгрөгийг төлөөгүй. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор төлбөрийн чадваргүй болсны улмаас үлдэгдэл төлбөрийг 2021 онд төлөхөөр шийдвэрлэсэн боловч худалдан авсан газарт өөр барилгын бохир болон цэвэр усны шугам, худаг гарч ирсэн. Эдгээр цэвэр бохир усны шугамыг чөлөөлсөн тохиолдолд газрын үлдэгдэл төлбөр 250,000,000 төгрөгийг төлөх боломжтой.

 

3.Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *** ХХК-ийн дүрэм, *** ХХК, *** ХХК-ийн хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, *** ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоол, *** ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай хувьцаа эзэмшигчдийн тогтоол, *** ХХК, *** ХХК-ийн хооронд байгуулагдсан ажлын байрны түрээсийн гэрээ, *** ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ***8 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай албан бичиг, *** ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай албан бичиг, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, фото зураг, хариуцагчаас фото зураг зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгч, *** тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, тус газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэрэг, *** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэрэг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч *** ХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй.

3.Хариуцагч *** ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Худалдах-худалдан авах гэрээний зүйл болох компанийн хөрөнгөд бүртгэлтэй газар доголдолтой тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Талууд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох *** ХХК нь *** ХХК-ийн 2,101,403 ширхэг энгийн хувьцааг *** ХХК-нд шилжүүлэх, худалдан авагч тал болох *** ХХК хариу төлбөрт нь 2,000,000,000 төгрөгийг компанийн хувьцааг шилжүүлэн өгснөөс хойш ажлын 10 хоногийн дотор, 400,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 8 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хуваан төлөх, 300,000,000 төгрөгт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, төмөрчний гудамж 8 дугаар байр 510 тоот үл хөдлөх эд хөрөнгийг тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

4.2.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч *** ХХК-аас *** ХХК-нд 2,101,403 ширхэг энгийн хувьцааг худалдан авагчид шилжүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэг, талуудын тайлбараар тогтоогдож байна. Харин хариуцагч *** ХХК нь гэрээний зүйл болох хувьцааны үнээс 2,450,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 250,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

4.3.Худалдах-худалдан авах гэрээний зүйл болох *** ХХК нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын *** дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 896 м.кв талбайтай газар эзэмших эрхтэй болох нь аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн *** дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх ба хариуцагч *** ХХК нь *** ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдаж авснаар тус компанийн хөрөнгө болох дээрх газар эзэмших эрх давхар шилжсэн гэж үзнэ.

 

5.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

6.Хариуцагч талаас *** ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй дээрх газарт гуравдагч этгээдийн усан хангамжийн шугам хоолой дамжин өнгөрдөг бөгөөд уг шугамыг зайлуулсан нөхцөлд үлдэгдэл төлбөрийг төлнө гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

6.1.Талууд тухайн газраар бусдын усан хангамжийн шугам дамжин өнгөрч байгаа эсэх талаар маргаагүй. Харин худалдан авагч тухайн газрыг урт хугацаагаар түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан тул хувьцааг худалдан авах үед энэ талаар мэдэх боломжтой байсан гэж нэхэмжлэгч маргаж байна.

 

7.Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ., мөн зүйлийн 251.2-т хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ, мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ. гэж тус тус заасан.

 

7.1.Зохигчийн хооронд бичгээр байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд *** ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй газрын шинж чанарын талаар заагаагүй байх ба хариуцагч талаас *** ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй газраар бусдын усан хангамжийн шугам дамжин өнгөрснөөр тухайн газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших боломжгүй болсон гэж үзэх үндэслэлийг тодорхойлж, түүнийг баримтаар нотлоогүй.

 

7.2.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.

 

7.3.Хариуцагч *** ХХК нь *** ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй газрын хувьд гуравдагч этгээд хөршийн эрхийн талаар гомдлын шаардлага гаргахаар эрхийн доголдолтой гэж үзсэн нөхцөлд энэ талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан гомдлын шаардлага гаргах зургаан сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч *** ХХК нь *** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул худалдан авагчийн эд хөрөнгийн эрхийн доголдлыг арилгуулах, эд хөрөнгийн үнийг бууруулахыг тус тус шаардах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

 

8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч *** ХХК нь гэрээнд заасан *** ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч *** ХХК нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 250,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9.Худалдах-худалдан авах гэрээний 2.3.2-т Худалдан авагч нь 400,000,000 төгрөгийг энэхүү гэрээ байгуулснаас хойш 8 сарын хугацаанд сар бүр тэнцүү хувааж төлнө. Төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ. Энэхүү гэрээ байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 8 сарын дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойш алдангийн хэмжээг 250,000,000 төгрөгийн 0,5 хувиар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгчээс алдангийн хэмжээг хууль болон гэрээнд заасан хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 250,000,000 төгрөгийн 50 хувь болох 125,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

10.Дээрх үндэслэлээр хариуцагч *** ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 250,000,000 төгрөг, алданги 125,000,000 төгрөг, нийт 375,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *** ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 375,000,000 /гурван зуун далан таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-нд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,032,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч *** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,032,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ