Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02057

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02057

 

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/02915 дугаар шийдвэртэй, Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө ф и- ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 375,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранжаргал, түүний өмгөөлөгч Д.Майцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ө ф и- ХХК нь Б- ХХК-ийн охин компани болох Э- ХХК-ийг болон тус компанийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Жуулчны гудамж, 3333 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хамт худалдан авахаар гэрээ байгуулсан. Худалдах-худалдан авах гэрээний 2.2-т хөрөнгийн үнийг 2,700,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Ө ф и- ХХК нь 2,450,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 250,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл алданги 125,000,000 төгрөг, нийт 375,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ө ф и- ХХК нь Б- ХХК-аас Э- ХХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Жуулчны гудамж, 3333 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2,700,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2,450,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 250,000,000 төгрөгийг төлөөгүй. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор төлбөрийн чадваргүй болсны улмаас үлдэгдэл төлбөрийг 2021 онд төлөхөөр шийдвэрлэсэн боловч худалдан авсан газарт өөр барилгын бохир болон цэвэр усны шугам, худаг гарч ирсэн. Эдгээр цэвэр бохир усны шугамыг чөлөөлсөн тохиолдолд газрын үлдэгдэл төлбөр 250,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ө ф и- ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 375,000,000 /гурван зуун далан таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,032,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Ө ф и- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,032,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Ө ф и- ХХК нь Б- ХХК-ийн охин компани болох Э- ХХК-ийг болон тус өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Жуулчны гудамж 3333 тоот үл хөдлөх эд хөрөнгө газрын хамт худалдан авахаар гэрээ байгуулсан. Худалдах-худалдан авах гэрээний 2.2-т хөрөнгийн үнийг 2,700,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд харилцагч Ө ф и- ХХК нь 2,450,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл нь 250,000,000 төгрөг байсан бөгөөд анхан шатны шүүх алданги 125,000,000 төгрөг нэмж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хариуцагч талд илтэд хохиролтой шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч нэхэмжлэгчээс Э- ХХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Жуулчны гудамжинд байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг хувьцаа болгон шилжүүлж авсан. Гэтэл газар нь хувьцааны шаардлага хангаагүй. Газрыг шилжүүлэх үед газрын кадастрын зураг дээр ямар нэгэн шугам хоолой байхгүй гэсэн зураг үзүүлж, газрыг шилжүүлсэн нь нэг талаасаа хувьцааг бүрэн шилжүүлээгүй гэх үндэслэлтэй. Худалдан авагч тал газрыг худалдан авах үедээ газрын доор шугам сүлжээ байсныг мэдээгүй бөгөөд худалдагч тал газрын доор шугам сүлжээ байсан бодит байдлыг нуун дарагдуулсан. Мөн хариуцагч шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцсон учраас мэтгэлцэх, нотлох баримт, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг бүрэн эрхээ алдсан байгааг анхааран үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Иргэний хуульд заасны дагуу алданги нэхэмжилсэн. 2011 оноос хойш манайх ямар нэг шугам татуулахаар хувийн болон улсын байгууллагад зөвшөөрөл өгөөгүй, манайд шугам татах хүсэлт ирээгүй. Ийм учраас уг шугамыг манайхтай холбоотой гэж үзэхгүй байна. Мөн хариуцагч нь 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа энэ талаар хангалттай мэдээлэлтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч Ө ф и- ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 375,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 69-70/

3.а. Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Б- ХХК нь Э- ХХК-ийн 2,101,403 ширхэг энгийн хувьцааг Ө ф и- ХХК-д шилжүүлэх, Ө ф и- ХХК нь 2,000,000,000 төгрөгийг компанийн хувьцааг шилжүүлэн өгснөөс хойш ажлын 10 хоногийн дотор, 400,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 8 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хуваан төлөх, 300,000,000 төгрөгт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Төмөрчний гудамж 8 дугаар байр 510 тоот үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1хх 32-39 /

Дээрх гэрээний дагуу Б- ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Э- ХХК-ийн 2,101,403 ширхэг энгийн хувьцааг Ө ф и- ХХК-д шилжүүлж, Ө ф и- ХХК нь гэрээний зүйл болох хувьцааны үнээс 2,450,000,000 төгрөгийг төлж, үлдэх 250,000,000 төгрөгийг төлөөгүй үйл баримтад талууд маргаагүй.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.б. Хариуцагчийн төлөөлөгчийн худалдах-худалдан авах гэрээний зүйл болох компанийн хөрөнгөд бүртгэлтэй газар доголдолтой тул доголдлыг арилгасан тохиолдолд газрын үлдэгдэл төлбөр 250,000,000 төгрөгийг төлөх боломжтой. гэх агуулгатай тайлбар, татгалзал үндэслэлгүй.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлах тул талууд хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, хувьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байхад иргэний эрх зүйн бие даасан объект газар худалдан авсан гэж дэлгэрүүлэн тайлбарлах боломжгүй.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл нь Э- ХХК-ийн 2,101,403 ширхэг энгийн хувьцаа бөгөөд Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй.

Хариуцагч нь Э- ХХК-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Жуулчны гудамж, 3333 тоот хаягт байрлах газрын эрхийг хуульд заасан журмын дагуу худалдаж авах боломжтой байхад компанийн хувьцааг худалдан авах замаар компанийн хөрөнгийг хамт шилжүүлэн авч байгаа нь компанийн хөрөнгө буюу газрын доголдлын талаар маргах эрхийг үгүйсгэх үр дагавар үүсгэжээ.

Хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлэх бөгөөд компанийн хөрөнгийн өмчлөх эрхийг шууд нотлохгүй тул талуудын хооронд байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний хувьд газрын доголдлын талаар маргах эрх үүсэхгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.в. Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 2.3.2-т Худалдан авагч нь 400,000,000 төгрөгийг энэхүү гэрээ байгуулснаас хойш 8 сарын хугацаанд сар бүр тэнцүү хувааж төлнө. Төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Ө ф и- ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 250,0000,000 төгрөг, алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 125,000,000 төгрөг, нийт 375,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б- ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232,4, 232.6 дах хэсэгт тус тус заасанд нийцсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

4. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт, болон сөрөг нэхэмжлэл гаргаж байгаагүй, мөн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт нь маргааны зүйлтэй хамааралгүй байх тул нотлох баримт гаргуулах талаар гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхисон нь хариуцагчийн эрхийг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/02915 дугаар хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,032,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР