Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/00189

 


 

2022 оны 01 сарын 19 өдөр

          Дугаар 183/ШШ2022/00189

                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Т овогтой, М.Мн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Д овогтой, Ш.Ж холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.028.210 төгрөг гаргуулах, орон сууц болон автомашины зогсоолыг буцаан гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.С нар оролцов.

Нэхэмжлэгч М.М-ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.М  нь Ш.Ж д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.028.210 төгрөг гаргуулах, орон сууц болон автомашины зогсоолыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Одмаа болон Ш.Ж  нар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээг байгуулж, М.М ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, О хотхон, 57 дугаар байр, 25 тоот хаягт байршилтай, 164.6 м.кв талбайтай 4 өрөө тавилгатай орон сууц болон авто зогсоолыг нэг сарын 1.300.000 төгрөгөөр нэг жилийн хугацаатай Ш.Ж д хөлслүүлэхээр тохирсон. Уг гэрээний хугацааг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан бөгөөд Ш.Ж  нь өнөөдрийг хүртэл хугацаанд уг орон сууцанд амьдарч байгаа. Ш.Ж  нь 2021 оны 01 дүгээр сараас хойших хугацааны орон сууцны хөлс төлөөгүй байгаа. Иймээс 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны орон сууцны хөлс 13.000.000 төгрөгийг, гэрээнд заасан дагуу алдангид 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн гэрээнд зааснаар Ш.Ж  нь сууцны өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй байх тул СӨХ-ны төлбөрт 1.133.142 төгрөг, байрны төлбөр болох ус цахилгаан, интернэтийн төлбөрт 395.068 төгрөг, нийт 21.028.210 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээний хугацаа дууссан тул орон сууц, авто зогсоолыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий боловч хариуцагч Ш.Ж  нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц, авто зогсоолыг М.М т хүлээлгэн өгсөн байгаа. Гэрээ байгуулахад барьцаа 1.300.000 төгрөгийг өгсөн нь үнэн гэв.

 

Хариуцагч хариу тайлбартаа: М.М тай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, О хотхон, 57 дугаар байр, 25 тоот хаягт байршилтай, 164.6 м.кв талбайтай 4 өрөө тавилгатай орон сууц, авто зогсоолыг нэг сарын 1.300.000 төгрөгөөр нэг жилийн хугацаатай хөлслөхөөр тохирсон нь үнэн. Ш.Ж  нь 2021 оны 01 дүгээр сараас хойших хугацааны орон сууцны хөлс төлөөгүй нь үнэн. Мөн гэрээний хугацааг сунгасан гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч гэрээний хугацааг сунгаж байгаагүй юм. Ш.Ж  нь орон сууц, авто зогсоолыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр М.М т хүлээлгэн өгсөн. Иймд орон сууц хөлсөнд 13.0000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрөөс гэрээнд заасан урьдчилгаа 1.300.000 төгрөгийг хасаж өгөхийг хүсэж байна. Мөн СӨХ-ны төлбөр төлөөгүй нь үнэн, харин байрны төлбөр болох ус, цахилгааны төлбөр төлсөн байгаа боловч холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хасаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс М.М , Ш.Ж  нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”, М.М ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, О хотхон, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 164.6 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, уг орон сууцны зоорийн давхрын 12, 20 тоот авто зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга, О СӨХ-ны тодорхойлолт, Төлбөрийн нэхэмжлэх, “Б ” ХХК-ийн цэвэр ус, халуунус, дулааны хураамжийн Төлбөрийн нэхэмжлэх, хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц хүлээлцсэн акт гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.М ын орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.028.210 төгрөг гаргуулах, орон сууц болон автомашины зогсоолыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 16.153.210 төгрөгийг хангаж, үлдсэн 4.875.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, орон сууц болон автомашины зогсоолыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 302 дугаар зүйлийн 302.1, 294 дүгээр зүйлийн 294.1.1, 292 дугаар зүйлийн 292.3-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал 10 сарын хугацааны тохирсон хөлс 13.000.000 төгрөг, хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн алданги 6.500.000 төгрөг, СӨХ-ны төлбөрт 1.133.142 төгрөг, байрны төлбөр болох ус цахилгаан, интернэтийн төлбөрт 395.068 төгрөг, нийт 21.028.210 төгрөгийг гаргуулах. Мөн гэрээний хугацаа дууссан тул орон сууц болон автомашины зогсоолыг буцаан гаргуулах.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны тохирсон хөлс 13.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийн хэмжээ хэт их байгаа тул алдангийг хасаж өгнө үү. СӨХ-ны төлбөрт 1.133.142 төгрөгийг төлөөгүй нь үнэн, харин байрны төлбөр болох ус цахилгаан, интернэтийн төлбөрийг төлсөн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн М.М , Ш.Ж  нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”, М.М ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, О хотхон, 57 дугаар байр, 25 тоот хаягт байршилтай, 164.6 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, уг орон сууцны зоорийн давхрын 12, 20 тоот авто зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга, О СӨХ-ны тодорхойлолт, Төлбөрийн нэхэмжлэх, “Б ” ХХК-ийн цэвэр ус, халуунус, дулааны хураамжийн Төлбөрийн нэхэмжлэх, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц хүлээлцсэн акт гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

М.М , Ш.Ж  нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулагдсан, уг гэрээний дагуу хөлслүүлэгч М.М  нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, О хотхон, 57 дугаар байр, 25 тоот хаягт байршилтай, 164.6 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, уг орон сууцны зоорийн давхрын 12, 20 тоот авто зогсоолыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, хөлслөгч Ш.Ж  нь эд хөрөнгө ашигласны хөлсөнд 1 сарын 1.300.000 төгрөгөөр тооцон төлөхөөр тохирсны дагуу 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны 13.000.000 төгрөгийг төлөөгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т “хөлслөгч нь гэрээний хугацаанд орон сууцны ашиглалттай холбогдон гарах зардал /байрны талбайн, цэвэр бохир ус, цахилгаан, дулаан, хог, СӨХ, интернэт, кабель, ТВ гэх/ төлөх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд хөлслөгч Ш.Ж  нь орон сууцыг эзэмшиж, ашиглаж байх хугацааны буюу 2021 оны 10 дүгээр сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрт 1.133.142 төгрөг төлөөгүй, 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааны байрны төлбөр буюу ус, дулааны төлбөрт 395.068 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдсон.

 

 Гэрээний 3.2-т “хөлслөгч хөлсөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг нэмж төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.М  нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон 6.500.000 төгрөгийг хариуцагч Ш.Ж гаас шаардах эрхтэй хэдий боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу алдангид 2.925.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэл болох “эд хөрөнгө ашигласны хөлсөнд 13.000.000 төгрөг, алдангид 2.925.000 төгрөг, нэмэлт зардал буюу СӨХ-ны төлбөрт 1.133.142 төгрөг, ус, дулааны төлбөрт 395.068 төгрөг, нийт 17.453.210 төгрөг”-өөс гэрээний 1.4, 3.3-т зааснаар барьцаа /дэнчин/-д урьдчилан өгсөн 1.300.000 төгрөгийг хасаж тооцон, 16.153.210 төгрөгийг хариуцагч Ш.Ж гаас гаргуулан нэхэмжлэгч М.М т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.875.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Харин нэхэмжлэгчийн “...орон сууц болон автомашины зогсоолыг буцаан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь хариуцагч Ш.Ж  уг орон сууц, авто зогсоолыг нэхэмжлэгч М.М т 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.М аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 307.557 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 97.270 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ж гаас улсын тэмдэгтийн хураамжид 238.716 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 233 дугаар зүйлийн 233.3, 292 дугаар зүйлийн 292.3, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Ж гаас орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.153.210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “...орон сууц болон автомашины зогсоолыг буцаан гаргуулах” тухай болон 4.875.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.М аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 307.557 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 97.270 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ж гаас улсын тэмдэгтийн хураамжид 238.716 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД