Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00793

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00793

 

 

 

 

М.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19ий өдрийн 183/ШШ2022/00189 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Ж-д холбогдох,

Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,028,210 төгрөг гаргуулах, орон сууц болон автомашины зогсоолыг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: М.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Одмаа болон Ш.Ж- нар 2017 оны 12 дугаар сарын 01- ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, М.М-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Оргил стар хотхон, 57 дугаар байр, 25 тоот хаягт байршилтай, 164.6 м.кв талбайтай 4 өрөө, тавилгатай орон сууцыг авто зогсоолын хамт 1 сарын 1,300,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай Ш.Ж-д хөлслүүлэхээр тохирсон. Энэхүү гэрээний хугацааг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгасан. Ш.Ж- нь 2021 оны 01 дүгээр сараас хойш орон сууцны хөлс төлөөгүй.

Иймд 2021 оны 01 дүгээр сараас мөн оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны орон сууцны хөлс 13,000,000 төгрөг, гэрээнд заасан алданги 6,500,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Мөн гэрээнд зааснаар Ш.Ж- нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй байх тул СӨХ-ны төлбөр 1,133,142 төгрөг, ус цахилгаан, интернэтийн төлбөрт 395,068 төгрөг, нийт 21,028,210 төгрөгийг гаргуулах нэхэмжпэлийн шаардлагаа дэмжиж байна.

Гэрээний хугацаа дууссан үндэслэлээр орон сууц, авто зогсоолыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Ш.Ж- нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц, авто зогсоолыг М.М-т хүлээлгэн өгсөн. Гэрээ байгуулахад барьцаа 1,300,000 төгрөг өгсөн нь үнэн гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: М.М-тай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Оргил стар хотхон, 57 дугаар байр, 25 тоот хаягт байршилтай, 164.6 м.кв талбайтай 4 өрөө тавилгатай орон сууц, авто зогсоолыг 1 сарын 1,300,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай хөлслөх гэрээ байгуулсан. Ковид-19 цар тахал өвчний улмаас 2021 оны 01 дүгээр сараас хойшхи хугацааны орон сууцны хөлс төлөөгүй нь үнэн. Анх барьцааны төлбөрт төлсөн 1,300,000 төгрөгийг хасаж тооцуулна. Орон сууцыг 2021 оны 10 дугаар
сарын 10-ны өдөр чөлөөлсөн тул 9 сарын төлбөр 12,700,000 төгрөг төлөхийг хүлээн
зөвшөөрч байна.

Анх байгуулсан орон сууц хөлслөх гэрээг сунгасан гэж үзэхгүй тул
алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Ж- нь орон сууц, авто зогсоолыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр М.М-т хүлээлгэн өгсөн. СӨХ-ны төлбөр болон бусад зардлыг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй
гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 233 дугаар зүйлийн 233.3, 292 дугаар зүйлийн 292.3, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ш.Ж-гаас орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,153,210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ...орон сууц болон автомашины зогсоолыг буцаан гаргуулах тухай болон 4,875,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 307,557 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 97,270 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ж-гаас улсын тэмдэгтийн хураамжид 238,716 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талууд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орон сууц хөлслүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэтэл сунгасан гэх гэрээ нь түрээслэгч, түрээслүүлэгч гэх утга агуулгатай тул тус гэрээний үргэлжлэл гэж үзэх үндэслэлгүй. Уг гэрээний үүргийн дагуу Ш.Ж- нь урьдчилгаа төлбөрт 1,300,000 төгрөгийг төлсөн. Иймд түрээслэгч, түрээслүүлэгч гэсэн гарын үсэг бүхий баримтаар орон сууцны хөлс нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Мөн орон сууцны хөлсийг гэрээний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл төлж барагдуулсан. Харин хөлслөх гэрээг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойш сунгаагүй. Иймээс алданги нэхэмжилснийг анхан шатны шүүхээс хасч шийдвэрлэсэн боловч урьдчилгаа төлбөрт байршуулсан 1,300,000 төгрөгийг төлбөл зохих төлбөрөөс хасч тооцолгүйгээр шийдвэр гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Давж заалдах гомдол үндэслэлгүй. Орон сууц хөлслөх гэрээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нэг жилийн хугацаатай байгуулж, хэрвээ хөлслөгч хөлсөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээний 3.2-т тохиролцсон. Мөн гэрээний 4.3-т хөлслөгч нь гэрээний хугацаанд орон сууцны ашиглалтай холбоотой гарах зардлуудыг төлнө гэж тохиролцож байгуулсан. Гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан боловч Ш.Ж- орон сууцанд үргэлжлүүлэн амьдарч нэхэмжлэгч нь татгалзаагүй тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасан эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг. Талууд гэрээний 7.2-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ нь тус гэрээний нэгэн адил хүчинтэй байна гэж заасанд үндэслэж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд хугацааг гэрээнд нэмэлт оруулсан өдрөөс хойш нэг жил буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл сунгана гэж тохиролцож, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гэрээний дагуу алданги төлөх 2 нөхцөлийг баталгаажуулж гарын үсэг зурсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойшхи хугацааны алдангийг зөвшөөрөхгүй гэж маргадаг. 1,300,000 төгрөгийг төлбөл зохих төлбөрөөс хасаагүй гэж тайлбарладаг боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаар талд эд хөрөнгө ашигласны төлбөр 13,000,000 төгрөгийг хангасан. 17,453,210 төгрөгөөс төлсөн гэх 1,300,000 төгрөгийг хасч хангасан дүн 16,523,210 төгрөг байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М.М- нь хариуцагч Ш.Ж-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,833,236 төгрөг гаргуулах, орон сууц болон автозогсоолыг хариуцагчийн эзэмшлээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн дүнг 21,028,210 төгрөг болгон нэмэгдүүлж, үндэслэлээ гэрээний хугацааг сунгасан, гэрээгээр алданги тохирсон, орон сууцны ашиглалтын зардал болон СӨХ-ны төлбөр гэрээнд зааснаар төлөөгүй учир
төлбөрийг гаргуулна гэж тайлбарлажээ.

З. Хариуцагч Ш.Ж- нэхэмжпэлээс 12,700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч,
үлдэх хэсгийг 2021 оны 01 дүгээр сараас орон сууцны хөлс төлөөгүй, барьцаанд 1,300,000
төгрөг өгсөн уг мөнгийг хасч тооцоод хөлс төлөхөд татгалзахгүй, гэрээг сунгаагүй учир алданги төлөхгүй, ус, цахилгааны төлбөр төлж байсан баримтыг шүүхэд өгөөгүй гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

4. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу хөлслүүлэгч М.М- нь өөрийн өмчлөлийн орон сууцаа Ш.Ж-д шилжүүлж, хөлслөгч нь сар бүр хөлс 1,300,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд төлж байсан болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч Ш.Ж- нь орон сууцанд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд амьдарсан, 2021 оны 01 дүгээр сараас орон сууцны хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй гэдгээ зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргажээ. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцжээ.

5. Энэ үйл баримтад талууд маргаангүй, харин алданги шаардаж буй хууль зүйн үндэслэлийн талаар маргасан байна.

Талууд гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байгуулж, хөлслөгч Ш.Ж- нь орон
сууцны хөлсийг гэрээгээр баталсан хуваарийн дагуу төлөх, хэрвээ хөлслөгч хөлсөө цаг
тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги нэмж төлөхөөр
харилцан тохиролцжээ. /хх 10-12/ Тэрээр дээрх гэрээний хугацааг 2020 оны 05 дугаар сарын 19-ний
өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай сунгаж,
түрээсийн төлбөрийг хугацаа хоцорсон тохиолдолд гэрээний
дагуу алдангийг бүрэн төлөх нөхцлийг тусгасан нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд 2 тал гарын үсэг зурж, баталгаажуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээг чөлөөтэй байгуулах зарчим, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгийн анзын гэрээг бичгээр хийх журамд тус тус нийцсэн байна. /хх-13/ Иймд гэрээний хугацааг сунгаагүй, алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Хариуцагч Ш.Ж- нь 2021 оны 01 дүгээр сараас эхлэн хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй болохоо зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгч нь гэрээний 3.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, тэрээр алдангийг 2,925,000 төгрөгийн хэмжээнд багасгаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

 

7. Хариуцагч Ш.Ж- нь гэрээний үүргийн биелэлтийг хангах зарчмаар барьцаанд 1,300,000 төгрөг нэхэмжлэгч М.М-т өгсөн, орон сууцны хөлсөнд 13,000,000 төгрөг төлөөгүй үйл баримтад талууд маргаангүй. Мөн гэрээгээр тохирсоны дагуу орон сууцны ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд барьцаанд тавьсан 1,300,000 төгрөгийг орон сууцны хөлснөөс хасч гэрээний үүрэгт 16,153,210 төгрөг хариуцагч Ш.Ж-гаас гаргуулж нэхэмжпэгч М.М-т олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцсэн тул урьдчилгаа төлбөрт байршуулсан 1,300,000 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцоогүй гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах орхих нь зүйтэй.

8. Харин шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй хуулийн зохицуулалтыг буюу Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3, ,292 дугаар зүйлийн 292.2 дах хэсгийг тус тус баримталсан нь оновчгүй байгааг хасч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19ий өдрийн 183/ШШ2022/00189 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...233 дугаар зүйлийн 233.3, 292 дугаар зүйлийн 292.3... гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,716 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД