Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2022/00579

 

 

 

 

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00536/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... байрны ... тоотод оршин суух ... овогт Б.Д /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сумын ... баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух ... овогт Б.З /РД: .../-т холбогдох,

 

"Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Цэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Л.и ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөг зээлдүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандан шийдвэрлүүлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчийн 101/Ш32017/21655 тоот захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсаар 2,900,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Л.и ХХКомпанийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороололд байрлах 144-н айлын ... байрнаас 1660,56 м.кв талбай бүхий 28 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Хариуцагч болох Б.З нь ... байрны ... тоот 1 өрөө орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаа бөгөөд өнөөдрийн хүртэл надад нэг ч төгрөг төлөөгүй сууж байгаа болно. Ийнхүү хариуцагч Б.З нь миний өмчлөх эрхийг зөрчиж байна. гэжээ.

 

Хариуцагч Б.З шүүхэд гаргасан тайлбартаа:

Б овогтой З миний бие 2 жилийн өмнө ... сумын ... баг Л.т-ы ...-ын .. тоот байрыг ямар ч засваргүйгээр авч, зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн засвар хийж орсон. Уг байрны эзэмшигч нь тогтоогдохгүй 2-3 хүний нэр дээр маргаантай байгаа болно. Уг байрны төлбөрийг төлөхөө шийдэж чадахгүй, төлбөр төлсөн тохиолдолд алдах эрсдэлтэй байна. Шийдвэр нь аль нэг тал дээр тогтоогдвол төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.З-т холбогдуулан ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот, 1 өрөө, 41,3 м.кв орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай гэрчилгээгээр ... овогт Б.Д нь ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, .. байрны ... тоот, 1 өрөө, 41,3 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч Б.З нь .. овогтой З миний бие 2 жилийн өмнө ... сумын ... баг Л.т-ы ...-ын ... тоот байрыг ямар ч засваргүйгээр авч, зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн засвар хийж орсон. Уг байрны эзэмшигч нь тогтоогдохгүй 2-3 хүний нэр дээр маргаантай байгаа болно. Уг байрны төлбөрийг төлөхөө шийдэж чадахгүй, төлбөр төлсөн тохиолдолд алдах эрсдэлтэй байна. Шийдвэр нь аль нэг тал дээр тогтоогдвол төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй болно. гэж тайлбарладаг болно.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Б.Д нь ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот, 1 өрөө, 41,3 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн байна гэж үзнэ.

 

Хариуцагч Б.З нь тус орон сууцанд оршин сууж байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хариуцагч Г.Б нь шүүхэд ирж нэхэмжлэлийг гардаж авахдаа шүүхэд мэдэгдсэн түүний одоогийн оршин суугаа хаягийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан тухай баримтад тэмдэглэсэн байдал зэргээр тогтоогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Д-ий ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот, 1 өрөө, 41,3 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.З-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулан, хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан, хариуцагч Б.З-т шүүх хурлын тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа ...хариуцагч шүүх хуралд оролцохгүй, байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Б.З нь Б овогтой З миний бие 2 жилийн өмнө ... сумын ... баг Л.т-ы ...-ын ... тоот байрыг ямар ч засваргүйгээр авч, зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн засвар хийж орсон... гэж тайлбарладаг боловч энэ хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргаагүй, цаашид засварын зардалтай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байрны ... тоот, ... өрөө, 41,3 м.кв орон сууцны зориулалттай, ... дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.З-ын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС