Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00057

 

*******ий нэхэмжлэлтэй
 иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00536/и

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 15-ны өдрийн 579 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

   Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, *******, 1 өрөө, 41,3 м.кв орон сууцнаас албадан гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Цэрмаа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Ласти интернешнл” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 2,500,000,000 төгрөг зээлдүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчийн 101/Ш32017/21655 тоот захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсаар 2,900,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу “Ласти интернешнл” ХХК-аас Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******д байрлах 144-н айлын 10Б байрнаас 1660,56 м.кв талбай бүхий 28 айлын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Хариуцагч болох ******* нь ******* 1 өрөө орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаа бөгөөд өнөөдрийн хүртэл надад нэг ч төгрөг төлөөгүй сууж байна. Иймд ******* нь өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие 2 жилийн өмнө Дархан сумын 11-р баг Ласти тауны 10б-ын 33 тоот байрыг ямар ч засваргүйгээр авч, зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн засвар хийж орсон. Уг байрны эзэмшигч нь тогтоогдохгүй 2-3 хүний нэр дээр маргаантай байгаа учраас байрны төлбөрийг төлөхөө шийдэж чадахгүй, төлбөр төлсөн тохиолдолд алдах эрсдэлтэй юм. Иймд шүүхийн шийдвэрээр эзэмшигч нь тогтоогдвол төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, *******, 1 өрөө, 41,3 м.кв орон сууцны зориулалттай, 000674799 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, *******, 1 өрөө, 41,3 м.кв орон сууцыг бүрэн засварлаж дуусаагүй байхад өөрийн хөрөнгөөр хаалга, обой зэрэг бүх засварыг хийж дуусган цаашид худалдан авах хүсэл зоригтой байсан. Өмчлөгчийн маргаантай асуудлаар олон айл өрхүүд маргаан үүсэг явж байсан учраас хууль ёсны жинхэнэ өмчлөгчтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулж төлбөрийг төлөхөөр хойшлуулсан.

Мөн шүүх хурлаас өмнө өмгөөлөгч авч Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч *******өөс өөр өмчлөгч байгаа эсэх болон өмчлөлд нь бүртгэлтэй хэвээр эсэхийг тодруулах хүсэлтийг шүүх хуралдаанд өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, *******, 1 өрөө, 41,3 м.кв орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч байрыг анх ямар ч засваргүйгээр авч, зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн засвар хийж орсон. Уг байрны эзэмшигч нь тогтоогдохгүй 2-3 хүний нэр дээр маргаантай байгаа учраас байрны төлбөр төлсөн тохиолдолд мөнгө алдах эрсдэлтэй. Харин шүүхийн шийдвэрээр эзэмшигч нь тогтоогдвол төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ.

Гомдолдоо шүүх улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч *******өөс өөр өмчлөгч байгаа эсэх талаар лавлагаа гаргуулах хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэж хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй гэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль буюу гэрээний үндсэн дээр шилжих иргэний эрх зүйн үндсэн дүрмээс гадуур маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх нь хүчин төгөлдөр шүүхийн захирамж, шийдвэр, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үүссэн бөгөөд *******д өмчлөх эрх улсын бүртгэлийн газрын бүртгэлээр баталгаажжээ. /хх 4-8/

Мөн Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ. Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, *******, 1 өрөө, 41,3 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн байна гэж үзнэ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ.

Үл хөдлөх нэг объектыг өмчлөх эрх нь дангаараа нэг этгээдэд байгаа нь тогтоогдсон гэж үзвэл өөр этгээдийн өмчлөгчтэй байгуулсан аливаа гэрээ хэлцэлгүйгээр эзэмшиж байгаа асуудал нь хууль ёсны эзэмшил байх боломжгүй юм.

Шүүх өмчлөх эрхтэй этгээд нь ******* байна гэж дүгнэсэн тохиолдолд *******ыг хууль бусаар эзэмшиж байна гэж дүгнэсэн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ******* нь хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагчийн гаргасан  давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 15-ны өдрийн 579 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

        

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.БАЙГАЛМАА

                                  ШҮҮГЧИД                                       Г.ДАВААРЕНЧИН

                                                                 Л.АМАРСАНАА