Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

 

            Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

            Улсын яллагч Э.Болор

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамц, А.Ган-Эрдэнэ

Гэрч Н.Туул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын  харъяат, 1972 оны 03 сарын 15-нд төрсөн, эрэгтэй, 45 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, 4 дүгээр баг 2 дугаар гудамж 17 тоотод оршин суудаг, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Нутаг боржигон овогт Халтарын Нарантунгалаг  /РД:ВЕ72031513/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын  харъяат, 1971 оны 03 сарын 15-нд төрсөн, эмэгтэй, 46 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, 4 дүгээр баг 2 дугаар гудамж 17 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Зааран овогт Нацагдоржийн Мөнхнасан /РД:ВЮ71031508/ нарт  холбогдох эрүүгийн 201725030861 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нар нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар- Эрээн чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 516 дугаар вагоны  5 дугаар купейнд зорчиж явахдаа хуульд заасны дагуу хориглосон бараа болох 5,286,40 гр алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Нарантунгалагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Эхнэр бид хоёр хуримтлуулсан мөнгөөрөө алт бага, багаар худалдан авсан. Тухайн үед Монгол банкинд тушаах гэхэд өндөр хувийн татвар төлдөг гэж сонсоод Эрээн хот руу худалдан борлуулахаар авч явж байгаад гаалийн шалгалтанд баригдсан. Гутлынхаа уланд хийсэн байсан. Гутлын уланд хийх санааг би гаргасан байсан юм. Улсын яллагчаас зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. 20 жил нойр хоолгүй зүтгэж, амьдралынхаа баталгаа болгож байсан зүйлээ өөрийн буруутай үйлдлээс болж маш хүнд байдалд орсондоо гэмшиж байна” гэсэн мэдүүлэг

 

Шүүгдэгч Н.Мөнхнасангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хилээр гаргах гэж байсан алт бол манай гэр бүлийн хэрэгцээний алт юм. Би дөрвөн хүүтэй, гэр бүл үр хүүхдүүддээ зарцуулна гэж  бага багаар худалдан авсан байсан. Манай 2 хүүхэд  БНХАУ-ын Эрээн хотод суралцдаг. Хүүхдүүд сургууль төгсөх, нөхрийн эмчилгээний зардал, мөн том хүү маань тусдаа гарах гээд мөнгөний хэрэгцээ их байсан юм. Ингээд цуглуулсан алтаа Эрээнд зарах санаатай авч явж байгаад баригдсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Зүйлчилсэн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна “ гэсэн мэдүүлэг

 

Гэрч Н.Туулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би 4 сарын 15-ны өдрөөс 4 сарын 30-ны өдрийг хүртэл Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын тушаалын дагуу Өргөн төмөр замын хяналтыг ахлан ажиллаж байсан. Улаанбаатараас Эрээний чиглэлийн галт тэрэг ирэх үед манай шалгалт дууссаны дараа 364 дугаартай н.Оюун байцаагч хяналт хийсэн байсан. Шалгалт дууссаны дараа эдийн засгийн төлөөлөгч н.Раднааханд гэж хүн ирээд мэдээлэлтэй дахин шалгалт хийх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд би Чимэдцэрэн байцаагчтайгаа хамт орсон. Вагоны 5 дугаар купенд байцаагч маань ороод шалгалт хийхэд илэрээгүй. Тэгээд би өөрөө гардаж шалгалт хийж, энэ эрэгтэй хүнээс гаалийн тухай хуулийн дагуу зөрчлийн деклорац дээр улсын хилээр хязгаарласан, хориглосон бараа байгаа эсэх талаар асуулт дээр байхгүй гэж мэдүүлгийг бичгээр өгсөн байдаг. Ингээд дараа нь би өөрөөс нь амаар дахин асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд би энэ хоёр хүнийг бие биенээ таних уу гэж асуухад танихгүй гэж хэлсэн. Тус тусдаа явж байгаа юм байна гэж ойлгосон. Байцаагч маань илрүүлээгүй учир би өөрөө нарийвчилсэн шалгалт хийн биет үзлэг хийгээд хамгийн сүүлд гуталд нь үзлэг хийхэд гутал нь маш хүнд байсан энэ юу вэ гэж асуухад дуугарахгүй байсан. Гутлыг өргөхөд хүнд байсан. Хоёр гутлыг нь тайлж үзэхэд скочоор боосон хүнд зүйл байсан. Хоёр гутал нь хоёулаа алттай байсан юм. Тэгээд хажуу тийшээ зогсоогоод дараагийн эмэгтэйд шалгалт хийхээс өмнө танд улсын хилээр хориглосон хязгаарласан бараа байна уу гэж асуухад байхгүй гэж хариулсан. Манай байцаагч гар цүнхийг нь үзсэн байсан. Гар цүнхнээс нь илрээгүй. Би дахин үзлэг хийж гутлаас нь эд зүйлс илрүүлсэн. Тэгээд хажуу талын хүмүүсээс энэ хоёр хүний талаар асууж тодруулахад хүмүүс вагон халуун байсан, энэ хоёр хүн гутлаа тайлахгүй байсан гэж хэлсэн. Эдийн засгийн төлөөлөгчтэй хамт зөрчлийг илрүүлсэн байгаа. Энэ хоёр хүнээс урьдчилж аман мэдүүлэг болон деклораци бөглүүлж авсан байгаа” гэсэн мэдүүлэг

 

 

Бараа тээврийн хэрэгсэл  саатуулах хуудас 0004026 /1-р хх-ийн 4/

 

Бараа тээврийн хэрэгсэл  саатуулах хуудас 0004025 /1-р хх-ийн 5/

 

Шүүгдэгч Н.Мөнхнасангийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 6-7/

 

Шүүгдэгч Х.Нарантунгалагийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 8-9/

 

Шүүгдэгч Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нарын  гаалийн мэдүүлэг /1-р хх-ийн 10-11/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 29-36/

 

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 47-49/

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 81-96/

 

ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 180,000 төгрөг зэргийг хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 97-98/

 

Эд мөрийн баримт болох 5 кг 286.4 грамм алтыг Монгол банкны Эрдэнэсийн  санд хадгалахаар тогтов, шүүгдэгч Н.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нараас хураагдсан  алтны сорьц, жинг тогтоолгох явцын камерын бичлэг, Монгол банкинд алт тушаасан явцыг  бичсэн камерын  бичлэг гэсэн бичигтэй саарал өнгийн  2 ширхэг  DVD-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 144/

 

 

Иргэний нэхэмжлэгч М.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн “2001 оны Улсын Их Хурлын баталсан 85 дугаар тогтоолоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2002 онд баримтлах үндсэн чиглэл батлагдсан байдаг. Үүний хүрээнд Монгол улсын Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 117 дугаартай тушаалаар “Алт олборлогч байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд татварын хяналт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” гэсэн журам, тушаал батлагдсан байдаг юм. Тухайн тушаалын 3-ын “а”-д зааснаар “Алт олборлодог иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд алтыг бие даан экспортлоход нь Улсын сорьцын хяналтын албаар сорьц тогтоолгож, татварын албатай нөөц ашигласны төлбөрийн тооцоо хийгдсэн нөхцөлд гаалийн бүрдүүлэлт хийж байх журам тогтоон мөрдүүлэх” гэсэн заалт байдаг. Тэгэхэд Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нар тухайн журамд зааснаар алтны сорьц тогтоолголгүй, татвар төлөлгүй, гаалийн бүрдүүлэлт хийлгүй алтыг улсын хилээр авч гарсан үйлдэл нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Дээрх тушаалаар алтыг заавал Монгол банк гадагшаа экспортлоно гэсэн заалт байхгүй, тэгэхлээр уг тушаалд заасны дагуу сорьц тогтоолгож, татвараа төлөн, гаалийн бүрдүүлэлт хийсэн тохиолдолд хувь хүн, аж ахуй нэгж байгууллага алт экспортлох боломжтой байгаа юм. Манай Монгол банкинд алт худалдаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох тушааж байгаа алтны 2,5 хувьтай тэмцэх төгрөгийг суутган авч улсын төсвийн зохих дансанд шилжүүлдэг байгаа.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 149-151/

 

Гэрч Н.Энхтайваны мөрдөн байцаалтад өгсөн “Би Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нарыг зүс танина, тэрнээс биш хамаатан садан, найз нөхдийн холбоо харилцаа байхгүй. 2016 онд Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нар ирж манай металл хайлуулах зууханд алт хайлуулж байсан. Тэгэхдээ би хэдэн грамм алт, хэзээ хайлуулсан цаг хугацааг нь санахгүй байна. Тэгэхдээ тухайн үед кг бол хүрээгүй, хэдэн зуун грамм л байсан болов уу гэж бодож байна. Би ямар нэгэн бүртгэл, тэмдэглэл хөтөлдөггүй, хүмүүс ирээд металлаа хайлуулаад төлбөр мөнгөө өгчихөөд л яваад өгдөг. Тэгэхдээ хувь хүн ирж металл хайлуулах нь цөөн байдаг бөгөөд ихэвчлэн тэр хавиар алт мөнгөний дархан хийдэг хүмүүс ирж металл хайлуулдаг. 300 грамм дотор 5,000 төгрөг, 500 грамм дотор 10,000 төгрөг түүнээс дээш хэмжээтэй хайлуулахаар бол хүмүүстэй нь ярилцаж тохироод хайлуулчихдаг юм. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны үдээс хойш Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан хоёр манай ажил дээр орж ирээд, алт хайлах уу гэж асуусан. Тэгээд 3-4 ширхэг санагдаж байна, эмний таглаатай хуванцар сав гаргаж ирээд дотроос нь нунтаг алт гаргаж ирсэн. Тэгээд тухайн алтыг хайлуулж гулдмайлахад уртаараа ойролцоогоор 10 см, өргөнөөрөө 5 см хэмжээтэй 4-5 ширхэг гулдмаа, нэг жижиг 100 гаран граммтай гулдмай нийт 6 ширхэг гулдмай болсон санагдаж байна. Тэр хоёр хүн ажлын хөлсөнд бэлнээр 100,000 төгрөг өгсөн. 8 ширхэг гулдмай болоогүй санагдаж байна, 5-6 ширхэг гулдмай л болсон санагдаж байна. Тухайн үед тэр хоёр хүний хайлуулж гулдмайлуулсан алтыг граммлаж үзэхэд 5 кг орчим алт болж байсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 160-161/

 

Гэрч П.Чимэдцэенгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний төрсөн хүү Х.Нарантунгалаг нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд эхнэр Мөнхнасангийн хамт хүнс, барааны дэлгүүр ажиллуулдаг, хажуугаар нь ноос, ноолуур, арьс, шир худалдан авч борлуулдаг. Бараа материалаа БНХАУ-ын Эрээн хот руу явж авчирдаг, хажуугаар нь машин, мотоциклын сэлбэг худалддаг санагдаж байна. 2016 оны 10-р сард Бөмбөгөр сумын иргэдийн хурлын даргаар томилогдож ажилласан. Тэрнээс өмнө 2-3 удаа сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож ажиллаж байсан...Манай хүү Х.Нарантунгалаг, бэр Н.Мөнхнасан нар нь алт худалдаж авдаг, тэрнээс биш өөрсдөө хувиараа алт олборлож байгаагүй гэж бодож байна. Манай хоёр хүү ойролцоогоор 3-4 жил хувь хүмүүсээс алт худалдаж авч байгаа гэж бодож байна, тэрнээс өмнө авч байсан эсэх талаар өөрсдөөс нь асуусан дээр байх...” гэсэн мэдүүлэг/ 1 хх-ийн 162-164/

 

Гэрч Н.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай хүргэн Нарантунгалаг манай дүү Мөнхнасан хоёр Бөмбөгөр суманд хувийн бизнес хийж эхэлсэн гэж бодож байна, тэр хоёр Бөмбөгөр суманд хүнс, барааны дэлгүүр ажиллуулдаг, ноос, ноолуур, малын түүхий эд болох арьс, шир худалдан авч борлуулдаг юм. Манай хоёр дүү өнөөдрийг хүртэл Бөмбөгөр сумандаа амьдарч, хувийн бизнесээ эрхэлж байгаа. Миний мэдэж байгаагаар манай хоёр дүү нилээн олон жил наймаа хийж байна даа, Эрээн хотоос бараагаа татдаг байх, сумандаа бол олны танил, ажил хэрэгч хүмүүс байгаа юм. Манай дүү Н.Мөнхнасан нь төлөв даруу дуу цөөнтэй, ажилд махруу, амьдрал, үр хүүхдүүдийнхээ төлөө гэж их л зүтгэж байгаа хүүхэд байгаа юм. Манай хүргэн Нарантунгалаг их бие муутай, элэгний өвчтэй хүн байгаа юм, манай дүү Мөнхнасан нь 1-2 жилийн өмнө санагдаж байна, машинтай явж байгаад аваарт орон нуруугаа хугалаж хагалгаанд орж байсан. Тэр хоёрыг байнга л эмчилгээ хийлгэж байгаа гэж сонсогддог” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 165-167/

 

            Гэрч Н.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай Бөмбөгөр суманд үйл ажиллагаа явуулж байгаа бүх дэлгүүрүүд алт худалдаж авдаг, 1 цэн буюу 37,5 грамм алтыг дунджаар 280,000-300,000 орчим мянган төгрөгөөр худалдаж авдаг. Х.Нарантунгалаг ах, Н.Мөнхнасан эгч хоёр Бөмбөгөр суманд олон жил хүнс, барааны дэлгүүр ажиллуулж байна. Тэр хоёр сумандаа хоёр давхар хүнс, барааны дэлгүүртэй, хажуугаар нь арьс, шир, ноос, ноолуур худалдаж авдаг. Мөн машин, мотоциклын сэлбэг худалдан борлуулдаг. Тэр хоёр алт худалдаж авдаг, харин алт олборлодоггүй, алтаа худалдаж аваад оронд нь бэлэн мөнгө болон шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг өгдөг. Би тэр хоёрт хэдэн удаа, хэдэн грамм алт худалдаж байснаа одоо бол санахгүй байна. Манай Бөмбөгөр сум ойролцоогоор 7-8 алт худалдаж авдаг дэлгүүр байдаг. Tэp дэлгүүрүүдийн нэг нь Х.Нарантунгалаг ах, Н.Мөнхнасан эгчийн дэлгүүр. Х.Нарантунгалаг ах, Н.Мөнхнасан эгчийн дэлгүүр Бөмбөгөр сумандаа томдоо орно, тэд арьс, шир, ноос, ноолуур авдаг учраас хүмүүс ихэвчлэн тэдний дэлгүүрээр үйлчлүүлдэг гэж хэлэхэд болно” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 183-185/

 

            Гэрч Н.Дондовчойжилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай аав, ээж хоёр сардаа 1-2 удаа Эрээн орж дэлгүүрийнхээ бараа, материалыг татаж авдаг. Тэгэхдээ Эрээнд ирэхдээ ихэвчлэн амралтын өдрийг дайруулж ирдэг бөгөөд дүү бид хоёр аав, ээжийн авсан бараа, материалыг зөөж өгч тусалдаг. Би аав, ээж хоёрыг хэдэн оноос эхлэн Эрээн хотоос бараа материалаа авч эхэлсэн талаар хэлж мэдэхгүй байна. Манай аав, ээж хоёр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд “Гурван чоно” нэртэй хүнс, барааны дэлгүүр ажиллуулдаг. Манай дэлгүүр сумандаа ерөнхийдөө том дэлгүүрт орно. Би аав, ээж хоёрыг хэдэн оноос эхлэн дээрх дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн талаар хэлж мэдэхгүй байна. Тэгэхдээ 10 гаруй жил болж байгаа байх гэж бодож байна. Мөн түүхий эд буюу арьс, шир, ноос, ноолуур Худалдаж авдаг. Мөн машин, мотоциклийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулдаг. Би тэр талаар нь хэлж мэдэхгүй байна. Аав, ээж хоёр сумынхаа иргэдээс алт худалдаж авдаг. Би тэр талаар нь хэлж мэдэхгүй. Худалдаж авсан алтаа хаана, зарж борлуулдаг талаар нь хэлж мэдэхгүй юм” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 189-191/

           

            Гэрч Р.Чимэдцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Тухайн үед анх уг вагоныг 365 дугаартай Оюун байцаагч шалгасан миний хувьд Улаанбаатар-Эрээний чиглэлийн галт тэрэгний ачаа тээшинд үзлэг шалгалт хийсэн. Гаалийн үзлэг шалгалт дуусаж байхад цагдаагийн алба хаагч 516-р вагонд дахин үзлэг шалгалт хийх шаардлагатай гэж мэдэгдсэн. Тухайн үед 365 дугаартай Оюун байцаагч 516-р вагонд үзлэг шалгалт хийгээд явсан байсан тул гаалийн хяналт шалгалт хариуцсан албаны даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ахлах байцаагч Н.Туулийн хамт 516-р вагонд орж дахин хяналт шалгалт хийсэн. Үзлэг, шалгалт хийх явцад 3-р купейны зорчигч нараас Монгол улсын нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааг биедээ авч яваа юу гэж асуухад купейнд 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүн байсан ба миний асуусан асуултанд бүгд байхгүй гэж хариулсан. Иргэн Мөнхнасангийн гар тээшинд үзлэг шалгалт хийхэд гар утас, ариун цэврийн цаас, хувцас, гоо сайхны хэрэгсэл байхаар нь өөр ачаа бараа байгаа юу гэж асуухад иргэн Мөнхнасан сандарсан байдалтай дугарахгүй байсан тул сэжигтэй санагдаж биед нь нарийвчилсан үзлэг хийхэд биед нь мэдэгдэх ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй тул гутлаа тайлахыг санал болоход гутлаа тайлахгүй байсан 2-3 удаа гутлаа тайл гэж хэлээд гутлыг нь тайлуулан гутлыг дээш нь өргөхөд маш хүнд байсан тул гутлын улавчийг авч үзэхэд 2 жижиг, 2 урт хар цаасаар битүү ороосон дөрвөлжин хэлбэртэй, хүнд зүйл байсан тэгэхээр нь би та хэнтэй яваа юм бэ гэж асуухад Мөнхнасан ганцаараа явж байгаа өөр алт байхгүй гэж хариулсан тул үзлэгийг цааш явуулсан. Тухайн үед купейнд явж байсан иргэн Нарантунгалаг нь гуталгүй хөл нүцгэн байсан тул гутал нь хаана байгаа талаар асуухад хариулахгүй дуугарахгүй байсан үзлэгийн явцад суудлын ачаа тээшний хажуу талд байх хөндийд гутлаа тавьсан байсан. Гутлыг гаргаж ирээд өргөж үзэхэд хүнд байсан ба ижил хэмжээ бүхий 2 ширхэг хүнд, хар гялгар уутаар ороосон дөрвөлжин зүйл гарч ирсэн. Тухайн үед хар гялгар уутыг задалж үзээгүй. Уг хоёр иргэнийг цагдаагийн байгууллагын ажилтан Раднаахандын хамт галт тэрэгнээс буулгаж Замын-Үүд гаалийн газрын албаны өрөөнд нарийвчилсан үзлэг, шалгалт хийсэн” гэсэн мэдүүлэг / 1хх-ийн 204-205/

 

            Алт шинжлүүлж, дээж авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 207-208/

 

            Үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1-р хх-ийн 214/

 

            Монгол банкны Эрдэнэсийн санд Эрүүгийн цагдаагийн газраас  алтан гулдмай хүлээн авсан тухай акт, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл   /1-р хх-ийн 211, 215-216 /

 

            Монгол банкны 2017 оны 06 сарын 08-ны өдрийн “ Монголбанкны  Эрдэнэсийн санд 2017 оны 05 сарын 17-ны өдөр хадгалуулсан 5,286.40 грамм алтны үнийг тооцоог хүргүүлэв. 2017 оны 04 сарын 29-ний өдөр нь ажлын бус өдөр байсан тул 04 сарын 28-ны өдрийн  Монголбанкны алт, мөнгө худалдан авах үнээр тооцсон” гэсэн  А-7/615 тоот, алтны нийт үнэ 467,540,602.13 төгрөг гэсэн хавсралт /2-р хх-ийн 19-20/

 

            Шүүгдэгч Х.Нарантунгалагийн Гэндэнсанжаа, Дашнамжил, Ёндонжамц, Дондовжойжил нарын төрсөний гэрчилгээний хуулбар  /2-р хх-ийн 33-36/

 

            Шүүгдэгч Х.Нарантунгалаг  нь урьд 2009 оны 02 сарын 21-нд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 17,280,00 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /2-р хх-ийн 26/ 

 

Шүүгдэгч Н.Мөнхнасан  нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /2-р хх-ийн 32/ 

 

Шүүгдэгч нарын эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон баримтууд /2-р хх-ийн 140-146/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 сарын 10-ны өдрийн 311 тоот шүүгчийн захирамж /2-р хх-ийн 202-204/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нар нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар-Эрээний чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 516 дугаар вагоны  5 дугаар купейнд зорчиж явахдаа 467,540,602.13 төгрөгийн үнэ бүхий 5,286,40 гр алтыг өөрсдийн өмсөж явсан гуталны уланд хийж, гаалийн үзлэг шалгалтаас нуун, гаалийн байцаагчийн авч яваа ачаа, тээшинд үзлэг хийхэд болон хориглосон хязгаарласан бараа байгаа эсэхийг асуухад байхгүй гэж хариулан, зорчигчийн гаалийн мэдүүлэг дээр авч яваа ачаа бараа бараагаа мэдүүлэлгүйгээр Монгол улсын хилээр нэвтрүүлсэн байна.

 

            Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн  этгээдэд олгох бөгөөд мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийг чулууг Монгол банкаар дамжуулан эскспортод гаргаж болно гэж, 

 

            Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар “ үнэт метал”  гэж алт... хэлнэ гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн агуулгаас үзэхэд  алтыг олборлогч этгээд Монгол Улсын хилээр гаргаж болохоор байна.

 

Шүүгдэгч нар нь үнэт металл буюу алтыг хуульд зааснаар олборлох тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд биш бөгөөд бусдаас хувиараа худалдан авсан алтаа гадаад улсад эскпортлох эрхгүй байна. Гэтэл шүүгдэгч нарыг хуулиар хязгаарлалт тогтоосон барааг буюу алтыг зохих зөвшөөрөлгүй Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн идэвхитэй үйлдэл хийсэн байна.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул тэднийг хуулийн дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, гэрч Н.Туулын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан бараа тээврийн хэрэгсэл  саатуулах хуудас 0004026 /1-р хх-ийн 4/, бараа тээврийн хэрэгсэл  саатуулах хуудас 0004025 /1-р хх-ийн 5/ шүүгдэгч Н.Мөнхнасан, Х.Нарантунгалаг нарын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 6-7, 8-9/, шүүгдэгч Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нарын  гаалийн мэдүүлэг /1-р хх-ийн 10-11/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 29-36/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 47-49/, эд мөрийн баримт болох 5 кг 286.4 грамм алтыг Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалахаар тогтов, шүүгдэгч Н.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нараас хураагдсан  алтны сорьц, жинг тогтоолгох явцын камерын бичлэг, Монгол банкинд алт тушаасан явцыг  бичсэн камерын  бичлэг гэсэн бичигтэй саарал өнгийн  2 ширхэг  DVD-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 144/, гэрч Р.Чимэдцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, алт шинжлүүлж, дээж авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 207-208/, үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1-р хх-ийн 214/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тэдний үйлдэлд тохирсон байна.

 

            Шүүгдэгч Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ санаатай нэгдэж үйлдсэн нь хэрэгт тогтоогддог тул шүүхээс тэдэнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 заасныг журамлах нь зүйтэй байна. Энэ нь шүүгдэгч нарын эрхзүйн байдлыг дордуулахгүй юм.

 

            Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна тэдний эрүүл мэндийн байдлыг харгалзаж тэдэнд торгуулийн ял сонгон хэрэглэсэн болно.

 

Шүүгдэгч Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нарыг 2017 оны 04 сарын 30-ны өдрөөс сэжигтнээр баривчилж,  2017 оны 05 сарын 02-ны өдрөөс 05 сарын 05 ны өдөр хүртэл сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүгдэгч нар нь нийт 5 цагдан хоригдсон байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар тэдний 5 хоног цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, тус бүрийн эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

 

            Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бусад байдлын талаар:

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь шүүгдэгч нарын гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд харин шүүгдэгч нарын улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 5 кг 286.4 грамм алтыг эд мөрийн баримтаар тооцоогүй, энэ нь тэдний  хөдөлмөрийн хөлсөөр худалдан авсан гэр бүлийн хөрөнгө юм, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргахад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад  шийдвэрлэнэ гэж хүсэлт хангахаас татгалзсан тул уг алтыг шүүгдэгч нарт буцаан олгож, Монгол банкинд тушаалгаж, татвар төлөх боломжоор хангаж өгнө үү гэж мэтгэлцсэн болно. Шүүх өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм. Учир нь: Хэдийгээр шүүгдэгч нар нь өөрсдийн хөдөлмөрийн үр шимээр, хуримтлуулсан мөнгөн хөрөнгөөр алт худалдан авсан боловч уг хөрөнгөө хэрхэн яаж, захиран зарцуулах нь тэдний эрх бөгөөд шүүгдэгч нар нь Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж ашиг олохоос өөрөөр худалдан борлуулах, өөрөөр хэлбэл Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй хууль, журамд заасны дагуу худалдан борлуулж, гэмт хэрэг үйлдэх, эрдсдэлд орохгүй байх нөхцөл байдал байсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16.4 дүгээр зүйлийн  1-т зааснаар эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл уналга, зэвсэг хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс... гэх мэт эд зүйлсийг тооцох бөгөөд шүүгдэгч нарын улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 5 кг 286.4 грамм алт нь “ үнэ бүхий зүйлд” хамаарах тул энэ хэргийн эд мөрийн мөн юм.

 

Тиймээс мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч нь эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол үйлдэн “ Эд мөрийн баримт болох 5 кг 286.4 грамм алтыг Монголбанкны Эрдэнэсийн  санд хадгалахаар тогтов” гэж эд мөрийн баримтаар тооцсон байна.

 

            Иймд уг эд мөрийн баримт болох 5 кг 286.4 грамм алтыг улсын орлого болгуулахаар  Монголбанкинд шилжүүлэх нь зүйтэй байх ба 5 кг 286.4 грамм алтыг Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалуулахаар Эрүүгийн цагдаагийн газраас  хүлээлгэн өгч тэмдэглэл /1-р хх-ийн 211, 215-216 / үйлдсэн байна. 

 

            Монголбанк нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн өдөр буюу 2017 оны 04 сарын 29-ний өдрийг ажлын бус өдөр байсан тул 2017 оны 04 сарын 28-ны өдрийн байдлаар 5,286.40 грамм алтны үнийг худалдан авах нийт үнийг 467,540,602.13 төгрөг гэж тодорхойлсон байна. /2-р хх-ийн 19-20/

 

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Н.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нараас хураагдсан  алтны сорьц, жинг тогтоолгох явцын камерын бичлэг, Монголбанкинд алт тушаасан явцыг  бичсэн камерын  бичлэг гэсэн бичигтэй саарал өнгийн  2 ширхэг  DVD-г эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан /1-р хх-ийн 144/ байх ба уг эд мөрийн баримтыг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор яллагдагч Х.Нарантунгалагийн өмчлөлийн 21-84 улсын дугаартай Тоёото Ланд Грузейр 50 маркийн  тээврийн хэрэгсэл, 6018 БНА улсын дугаартай  Mitsubishi Canter маркийн тээврийн хэрэгсэл, 8030 БНА улсын дугаартай Hino Ranger маркийн тээврийн хэрэгсэл /1-р хх-ийн 122-124/ зэргийг тус тус битүүмжилсэн,

мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарлах тогтоолоор яллагдагч Х.Нарантунгалагийн ХААН банкны  5234029982, 5234031356, 5234029971, Н.Мөнхнасангийн ХААН банкны 5234020316, 5234076397 дугаартай данснуудыг зарлагын гүйлгээг хааж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан /1-р хх-ийн 79/ байсныг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 сарын 10-ны өдрийн 311 тоот шүүгчийн захирамжаар  /2-р хх-ийн 202-204/ хүчингүй болгож, тухайн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг буцаан шүүгдэгч нарт буцаан олгож, шүүгдэгч Х.Нарантунгалагийн ХААН банк дахь 5234029982, 5234031356, 5234029971, Н.Мөнхнасангийн ХААН банк дахь 5234020316, 5234076397 дугаартай данснуудын захиран зарцуулах эрхийг сэргээсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

1-р хх-ийн 80 дугаар хуудсанд нэгжлэг хийж, хураан авах тогтоол үйлдэн, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын задгай 4 дүгээр баг, 2 дугаар гудамж, 17 тоотод байрлах Гурван чоно дэлгүүрт  нэгжлэг хийх явцдаа 180,000 төгрөгийг хураан авсан байна. Тухайн дэлгүүр нь шүүгдэгч нарын өмчлөлийн дэлгүүр болох нь хэрэгт тогтоогддог тул мөрдөн байцаагчийн хураан авах тэмдэглэл үйлдэж 180,000 төгрөг хураан авч Мөрдөн байцаах албаны барьцааны дансанд тушаасаныг буцаан гаргуулж, шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1.Шүүгдэгч Нутагборжигон овогт Халтарын Нарантунгалаг, Зааран овогт Нацагдоржийн Мөнхнасан нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан хуулийн дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Халтарын Нарантунгалаг, Нацагдоржийн Мөнхнасан нарыг тус бүрийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нарын цагдан хоригдсон 5 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож тус бүрийн эдлэх ялаас хасч тооцсугай.

            4.Шүүгдэгч Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 467,540,602.13 төгрөгийн үнэ бүхий 5 кг 286,40 грамм алтыг худалдан борлуулж улсын орлого болгохоор Монголбанкинд шилжүүлсүгэй

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн алтны сорьц, жинг тогтоолгох явцын камерын бичлэг, Монголбанкинд алт тушаасан явцыг  бичсэн камерын  бичлэг гэсэн бичигтэй саарал өнгийн  2 ширхэг  DVD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор яллагдагч Х.Нарантунгалагийн өмчлөлийн 21-84 улсын дугаартай Тоёото Ланд Грузейр 50 маркийн  тээврийн хэрэгсэл, 6018 БНА улсын дугаартай  Mitsubishi Canter маркийн тээврийн хэрэгсэл, 8030 БНА улсын дугаартай Hino Ranger маркийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус битүүмжилсэн, мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарлах тогтоолоор яллагдагч Х.Нарантунгалагийн ХААН банкны  5234029982, 5234031356, 5234029971, Н.Мөнхнасангийн ХААН банкны 5234020316, 5234076397 дугаартай данснуудыг зарлагын гүйлгээг хааж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсныг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 сарын 10-ны өдрийн 311 тоот шүүгчийн захирамжаар  хүчингүй болгож, тухайн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг шүүгдэгч нарт буцаан олгож, шүүгдэгч Х.Нарантунгалагийн ХААН банк дахь 5234029982, 5234031356, 5234029971, Н.Мөнхнасангийн ХААН банк дахь 5234020316, 5234076397 дугаартай данснуудын захиран зарцуулах эрхийг сэргээсэн болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 05-ны өдрийн нэгжлэг хийх хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэлээр 180,000 төгрөг хураан авч Мөрдөн байцаан албаны барьцааны дансанд тушаасаныг буцаан гаргуулж, шүүгдэгч нарт буцаан олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нарт тус бүр оногдуулсан 2,500,000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй  бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор  тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нарантунгалаг, Н.Мөнхнасан нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.         

ДАРГАЛАГЧ                                    А.ЦЭРЭНХАНД