Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2017/ДШМ/69

 

 

Х.Н, Н.М нарт холбогдох

                                                               эрүүгийн хэргийн тухай                                                                                               

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Э.Болор,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Санжаажамц, Т.Даваажав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Н, Н.М нарт холбогдох, эрүүгийн 201725030861 дугаартай, 2 хавтас, 496 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Х.Н, Н.М нарын өмгөөлөгч С.Санжаажамцийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харъяат, 1972 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, 45 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, 4 дүгээр баг, 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Нутаг боржигон овогт Х.Н /РД: ВЕ72031513/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харъяат, 1971 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, 46 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум, 4 дүгээр баг 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Зааран овогт Н.М /РД: ВЮ71031508/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Х.Н, Н.М нар нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 516 дугаар вагоны 5 дугаар купейнд зорчиж явахдаа хуульд заасны дагуу хориглосон бараа болох 5.286.40 гр алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Н, Н.М нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан хуулийн дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Н Н.М нарыг тус бүрийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х.Н, Н.М нарын цагдан хоригдсон 5 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож тус бүрийн эдлэх ялаас хасч тооцож,

Шүүгдэгч Х.Н, Н.М нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 467,540,602.13 төгрөгийн үнэ бүхий 5 кг 286,40 грамм алтыг худалдан борлуулж улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн алтны сорьц, жинг тогтоолгох явцын камерын бичлэг, Монгол банкинд алт тушаасан явцыг бичсэн камерын бичлэг гэсэн бичигтэй саарал өнгийн  2 ширхэг  DVD-г хэрэгт хавсарган үлдээж,

Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор яллагдагч Х.Н-ийн өмчлөлийн 21-84 улсын дугаартай Тоёото Ланд Крузейр 50 маркийн  тээврийн хэрэгсэл, 6018 БНА улсын дугаартай  Mitsubishi Canter маркийн тээврийн хэрэгсэл, 8030 БНА улсын дугаартай Hino Ranger маркийн тээврийн хэрэгсэл зэргийг тус тус битүүмжилсэн, мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө захиран зарцуулах эрх хязгаарлах тогтоолоор яллагдагч Х.Нийн ХААН банкны  5234029982, 5234031356, 5234029971, Н.М-гийн ХААН банкны 5234020316, 5234076397 дугаартай данснуудыг зарлагын гүйлгээг хааж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсныг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 сарын 10-ны өдрийн 311 тоот шүүгчийн захирамжаар  хүчингүй болгож, тухайн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг шүүгдэгч нарт буцаан олгож, шүүгдэгч Х.Н-ийн ХААН банк дахь 5234029982, 5234031356, 5234029971, Н.М-гийн ХААН банк дахь 5234020316, 5234076397 дугаартай данснуудын захиран зарцуулах эрхийг сэргээсэн болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 05-ны өдрийн нэгжлэг хийх хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэлээр 180,000 төгрөг хураан авч Мөрдөн байцаах албаны барьцааны дансанд тушаасныг буцаан гаргуулж, шүүгдэгч нарт буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Н, Н.М нарт тус бүр оногдуулсан 2,500,000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Х.Н, Н.М нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н, Н.М нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамц давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Х.Н, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Н, Н.М нарыг тус бүр хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны даргалагч шүүгч эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бусад байдлын талаар дүгнэхдээ эд мөрийн баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс ... гэх мэт эд зүйлийг тооцох бөгөөд шүүгдэгч нарын улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 5 кг 286,4 гр алт нь үнэ бүхий зүйлд хамаарах тул энэ хэргийн эд мөрийн баримт мөн гэж үзэж эд мөрийн баримтыг шийдвэрлэхдээ шүүхийн шийтгэл тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тухай хуулийн заалтыг зөрчсөн буруу шийдвэр гаргасан. 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Х.Н, Н.М нарт холбогдуулан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 467540602,13 төгрөгийн үнэ бүхий 5,286,40 гр алтыг худалдан борлуулж улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлсүгэй гэж Эрүүгийн хуульд байхгүй зүйл, хэсэг, заалтыг хэрэглэж эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ материаллаг хууль болох Эрүүгийн хууль, процессын хууль болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг алдагдуулсан байна. Учир нь анхан шатны шүүх материаллаг болон процессын хуулийн зүйл анги, заалтыг буруу хэрэглэсэн, эд мөрийн баримт болох 5,286,4 гр алтыг ... гэмт хэргийн замаар олсон үнэ бүхий зүйл гэж үзэн эд мөрийн баримтаар тооцсон нь хуулийн үндэслэлгүй юм.

Хавтаст хэрэгт авагдсан яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч нарын тайлбараар 5,286,40 гр алтыг гэмт үйлдлийн замаар олсон үнэ бүхий зүйл гэдэг нь тогтоогддоггүй. Харин шүүгдэгч нар олон жилийн турш өөрсдийн гэр бүлийн шударга хүч хөдөлмөрөөр, хүнс барааны дэлгүүр ажиллуулан түүхий эдийн наймаа хийж бага бага хэмжээгээр олон жил нутгийн иргэдээс алт худалдан авч хуримтлал бий болгосон нь тогтоогддог, хавтаст хэрэгт ч сум орон нутгийн захиргаа, ард иргэдээс нь шүүгдэгч нарыг шударгаар бизнес эрхэлж, дэлгүүр хоршоо ажиллуулж ирсэн гэдгийг нотолсоор байтал шүүх бүрэлдэхүүн хураагдсан 5,286,40 гр алтыг эд мөрийн баримтаар тооцож гэмт хэргийн замаар олсон үнэ бүхий зүйл гэж үзэж алтыг худалдан борлуулж орлогыг улсын орлого болгохоор Монгол банкинд шилжлүүлэх шийдвэр гаргаж, хуулийн үндэслэлгүй заалт баримталж шийдвэрлэсэн нь хэт яллах талын байр сууринаас хандсан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг тул хэргийн эд мөрийн баримт болох 5,286,40 гр алтыг ялтан нарт ашигтайгаар шийдвэрлэж Монгол банкны Эрдэнэсийн санд шилжүүлсэн алтыг миний үйлчлүүлэгч нарт буцаан олгох хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж өгнө үү гэв. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Даваажав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоол нь хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан. Тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг хэрэгсэл, үнэ бүхий зүйлийг тооцох бөгөөд шүүгдэгч нарыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 5 кг 286,04 гр алт нь үнэ бүхий зүйлд хамаарах тул эд мөрийн мөн болно гэж бичсэн байгаа. Баримт гэж бичээгүй байна. Тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16.4 дүгээр зүйл буюу хүүхдээр гуйлга гуйлгах гэсэн зүйл заалтыг баримталж, эд мөрийн баримтыг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Монгол банкны эрдэнэсийн санд хадгалахаар тогтов гэж байгаа. Яллах дүгнэлтэнд холбогдсон хэргийн талаар улсын хилээр нэвтрүүлсэн, анхан шатны шүүх хязгаарлалт тогтоосон бараа гэж бичсэн байдаг. Тэгэхээр яллах дүгнэлт хүртэл буруу бичигдсэн. Үүнийг шүүх зөвтгөөгүй. Тогтоох хэсэгт 5.286.40 гр алт гэж бичсэн. 04 гр чинь 4 гр болчихсон. Шийтгэх тогтоол маш их алдаатай. Алтыг худалдан борлуулж, орлогыг Монгол банкинд шилжүүлэх заалтаа бичихдээ гэрч, орчуулагч, хохирогч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэсэн заалтыг бариад биччихсэн. Миний хувьд шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Яагаад гэхээр нэг гэр бүлийн 2 хүнийг 5 сая төгрөгөөр торгосон. Эдгээр хүмүүс нь 5 хүүхэдтэй, насаараа цуглуулсан эд зүйл нь хураагдсан, амьдралын боломж тийм хангалттай биш.  Өмгөөлөгчийн зүгээс улсын хил нэвтрээгүй учраас завдсан гэж үзэж байгаа. Гаалийн шалгалт хийгдээд, зөрчилгүй хүнийг хил нэвтрүүлэх үүрэг хүлээсэн бүхэл бүтэн байгууллага ажиллаж байгаа. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, шалгаагүй мөртлөө штамба дарсны дараа нэвтэрсэнээр тооцож яллах дүгнэлт үйлдсэн. Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан журамд энэ хөрөнгийг улсын орлого болгох заалт байхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэрэв хууль хэрэглэхэд эргэлзээ төрвөл яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг хэрэглэж өгнө үү. Прокурорын яллах дүгнэлтэнд хориглосон бараа, шүүхийн шийтгэх тогтоолд хязгаарласан бараа гэж зөрүүтэй бичигдсэн байгаа. Хориглосон бараанд алтын талаарх асуудал байгаа. Хязгаарласан бараанд алт байхгүй. Прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоол зэрэг эргэлзээтэй байгаа учраас эдгээр хүмүүсийг гэм буруугүй гэж үзээд цагаатгаж өгнө үү гэв.

Прокурор Э.Болор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 5.286.4 гр алт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тухайн алтыг Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа үйлдэл дээрээ яригдаж байгаа юм. Түүнээс биш 5.286.4 гр алтыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол нь хэргийн материалд авагдсан. Хуульд зааснаар ямар, ямар эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох талаар заагаад өгчихсөн байгаа. Тухайн үедээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн замаар олсон үнэ бүхий зүйл, бусад зүйлс гээд орчихсон байгаа. Шүүх шийтгэх тогтоолдоо үнэ бүхий зүйл гэж дүгнэсэн. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн эд мөрийн баримт 5.286.4 гр алт мөн юм гэж үзэж байна. Алтыг шүүгдэгч нарт буцаан олгох боломжгүй. Монгол улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулж болно гээд заагаад өгчихсөн байгаа. Гадаад худалдаанд оруулахыг хориглосон учраас Монгол банк улсын орлого болгож өгөхийг хүссэн тул улсын орлого болгуулахаар Монгол банкинд шилжүүлсэн шүүхийн заалт нь зөв. Харин шүүх тогтоолдоо Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийг баримталсан нь буруу байна гэж үзэж байна. Үүнд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж өмгөөлөгч нар мэтгэлцэж байна. Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор галт тэрэг ирэхэд хилийн цэргийн ажилтнууд хяналт шалгалт хийдэг, энэ нь Монгол Улсын хилд тооцогддог учраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэж үзнэ. Завдсан гэж үзэх үндэслэлгүй. Өмгөөлөгч хориглосон, хязгаарласан барааг зааглаагүй гэж байна гэж байна. Яллах дүгнэлтэнд хориглосон гэж бичсэн учраас шүүх хуралдаан дээр прокурор хязгаарласан бараагаар дүгнэсэн. Яагаад гэхээр Валютын зохицуулалтын тухай хуульд хязгаарласан бараанд орно гэж байгаа. Ялын шүүмжлэл дээрээ хязгаарласан бараагаар явсан учраас шүүхийн шийдвэр хязгаарласан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү  гэв.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамцын гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл: 

Шүүгдэгч Х.Н, Н.М нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай буюу шүүгдэгч нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хуулиар хязгаарлалт тогтоосон бараа буюу 5286,4 гр алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /1-р хх 4-5/, шүүгдэгч Х.Н, Н.М нарын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 6-7, 8-9/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд  /1-р хх 29-36/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 47-49/, 5286,4 гр алтыг эд мөрийн баримтаар тооцож эрүүгийн хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх 1-р хх-144/, гэрч Н.Туул /1-р хх 200-201/, Б.Оюун /1-р хх 202-203/, Р.Чимэдцэрэн /1-р хх 204-205/ нарын мэдүүлэг, алт шинжлүүлж дээж авсан тэмдэглэл /1-р хх 207-208/, шүүгдэгч нарын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх 240-250, 1-14/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

Харин анхан шатны шүүх энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5286,4 гр алтыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь буруу биш боловч гагцхүү ийнхүү шийдвэрлэхдээ үндэслэсэн хуулийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт болон тогтоох хэсэгт буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан алдаа гаргасан байх бөгөөд энэхүү алдааг тогтоолд өөрчлөлт оруулах замаар давж заалдах шатны шүүхээс залруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д нийцэх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг эд мөрийн баримтад тооцох бөгөөд энэ хэргийн хувьд улсын хилээр нэвтрүүлэхээр бэлдсэн алтыг хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий гэмт хэргийн ул мөр агуулсан эд зүйл буюу эд мөрийн баримт гэж үзнэ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг улсын орлогод оруулж шийдвэрлэх талаар нарийвчлан зохицуулаагүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн барааг буюу эд хөрөнгийг хураах ял хэрэглэхээр заагаагүй хэдий ч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхээр заасан ба 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгө орлогыг улсын төсөвт шилжүүлэхээр тогтоосон байна. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Н, Н.М нар нь 5286,4 гр алтыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд шүүгдэгч нарт энэхүү хөрөнгийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-т нийцэхийн гадна Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай. 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамцын “алтыг шүүгдэгч нарт буцаан олгох” тухай агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй болно. 

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Даваажавын давж заалдах шатны шүүхэд гаргасан “улсын яллагчаас улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх ... хязгаарласан ... гэж дүгнэсэн”, “алтны хэмжээг 5286,4 гр, 5286,40 гр гэх мэтээр буруу бичсэн”, “шүүгдэгч нар гэмт хэргийг үйлдэхээр завдсан”, “шүүгдэгч нарт хүнд ял оногдуулсан” гэсэн агуулга бүхий тайлбарыг давж заалдах шатны шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзэв. 

Учир нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Н, Н.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч нарыг хуульд заасны дагуу хориглосон бараа болох 5286,40 гр алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж заасан хэдий ч шүүх хуралдаанд оролцсон прокурор Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч нарыг хязгаарласан бараа болох алтыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж яллаж, улмаар шүүх шүүгдэгч нарыг хуулиар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчимд нийцсэн, хэргийн бодит байдлыг тогтоох журмыг зөрчөөгүй байна. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нь хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснээр төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд шүүгдэгч Х.Н, Н.М нар нь 5286,4 гр алтыг хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр биедээ авч яваад гаалийн хилийн бүсэд гаалийн хяналт шалгалтаар илэрсэн нь тэднийг дээрх гэмт хэргийг төгс үйлдсэн гэж үзэх үндэслэл болох ба тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж үзэх үндэслэлгүй. 

Энэ нь Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзэхээр заасан тул гэмт хэрэг гаалийн хилийн бүсэд илэрсэн нь Монгол Улсын хилийг нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэл болох юм.

Улмаар анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т нийцсэн байх ба Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын дээд хэмжээ болох 5400000 төгрөгөөс доогуур хэмжээгээр буюу тэднийг тус бүрийг 2500000 төгрөгөөр торгосон нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх” тухай зарчимд нийцжээ.

Мөн шийтгэх тогтоолд алтны хэмжээг 5286,4 гр, 5286,40 гр гэх мэтээр өөрөөр бичсэн  буюу таслалын оронгийн ард тэг нэмж бичсэн нь  математик аргачлалын хувьд алдаанд тооцогдохгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамцын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 467,540,602.13 төгрөгийн үнэ бүхий 5 кг 286,4 грамм алтыг худалдан борлуулж улсын орлого болгохоор Монгол банкинд шилжүүлсүгэй” гэснийг,

 

 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн /2015 оны/ 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 467540602,13 төгрөгийн үнэ бүхий 5286,4 грамм алтыг улсын төсөвт шилжүүлэхээр Монгол банкинд олгосугай.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамцын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                        Н.БАТЧИМЭГ