Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/03364

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., З...гийн Х... овогт Б....ын Ө...,

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, регистр ..., Х... овогт Гомбо-О....ын Н...,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр ..., Ж... ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:3 000 000 төгрөг гаргуулах, үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н...,  өмгөөлөгч Б.З...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө..., Г.Н... нар нь Ж... ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт байршилтай, караокены объектыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Талуудын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт байрлах 160 метр квадрат караокег 3 жилийн хугацаатай 1 сар бүрийн түрээсийн төлбөр 1 000 000 төгрөг байхаар тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан.Түрээслэгч тал нь гэрээ байгуулсан өдрөөс буюу 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 12 сар тус объектыг түрээсэлж байна.Үүний дагуу 12 сарын түрээсийн төлбөр 12 000 000 төгрөгийг түрээслүүлэгч талд төлсөн байх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд 9 000 000 төгрөг буюу 9 сарын түрээсийн төлбөр төлж, 2022 оны 1, 2, 3 дугаар саруудын түрээсийн төлбөрийг төлөөгүй тул гэрээний 5.1-т заасны дагуу түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөх үүрэгтэй.Гэтэл гэрээний үүргээ ноцтой зөрчиж түрээсийн төлбөрийг 3 сараар төлөөгүй тул түрээсийн гэрээний 4.3-т түрээсэлж буй эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, муутгасан, гэмтээсэн, түрээсийн төлбөрөө 1 сарын турш төлөөгүй бол түрээслүүлэгч нь гэрээг цуцлах эрхтэй гэж заасны дагуу түрээслүүлэгч тал гэрээ цуцлах болсноо 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдэж, мөн түрээсийн зүйлсийг чөлөөлж өгөхийг шаардсан.Гэвч түрээслэгч тал нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр миний нэхэмжилсэн мөнгийг бүрэн гүйцэд барагдуулсан тохиолдолд объектыг суллаж өгнө хэмээн ямар ч баримт нотолгоогүй, үндэслэлгүй 180 000 000 төгрөгийг 4 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахыг шаардсан бөгөөд дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйлийг султгаж, чөлөөлж өгөхгүй, хуулийн байгууллагад хандаж чөлөөлүүл гэдэг албан бичиг бидэнд ирүүлсэн.Бидний зүгээс ямар ч баримт нотолгоогүй, үндэслэлгүй 180 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй тул түрээслэгч талтай харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.Иймд хариуцагч Ж... ХХК-аас 2022 оны 1, 2, 3 дугаар саруудын түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 3 000 000 төгрөг гаргуулан авах, Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт байрлах караокены объектыг Ж... ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Талуудын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш цар тахал гарсан учраас манай байгууллагын үйл ажиллагаа саатсан, орлого тасалдсан гэх шаардлагыг бидэнд ирүүлээгүй, мөн түрээсийн төлбөрөөс чөлөөлүүлэх шаардлагыг бидэнд ирүүлээгүй.Цар тахлын сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсэн боловч түрээсийн төлбөрөөс аж ахуйн байгууллага нэгжийг чөлөөлөх талаар хуульд тусгаагүй, харин түрээсийн төлбөрийг нэмэхгүй байх заалт байгаа.Иймд манайх цар тахлын нөхцөл байсан гэх шалтгаанаар хариуцагч байгууллагыг түрээсийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл байхгүй.

Хариу тайлбартаа караокег ажиллуулж эхэлсэн өдрөөс түрээсийн төлбөр тооцох талаар талууд тохиролцсон гэдэг боловч 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0701 дугаартай түрээсийн гэрээнд караокег ажиллуулснаас эхэлж түрээсийн төлбөрийг тооцно гэх зохицуулалт байхгүй.

Караокены түрээсийн төлбөрийг гэрээний 3.2, 3.2.1-т заасны дагуу тооцно гэх зохицуулалт байгаа, гэрээтэй холбоотой асуудлыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасны дагуу агуулгын хувьд өөрсдөө тохиролцсоны хүрээнд гэрээний нөхцөлийн талаар гэрээндээ тусгаж байгуулсан.Тухайн гэрээтэй холбоотой асуудлаар, төлбөр төлөхтэй холбоотойгоор ямар нэг маргаан гараагүй.

Мөн шүүхэд гаргасан тайлбараа талууд нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1-т зааснаар тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй.

Иймд ямар нэг байдлаар караокены төлбөрийг 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл байхгүй, үлдэгдэл төлбөрийг тодруулбал талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.1-т заасны дагуу түрээсийн төлбөрийн урьдчилгаа, 6 сарын түрээсийн төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг 3 сараар нь урьдчилж төлөх нөхцөлтэй байгуулсан.

Гэрээ байгуулснаас хойш 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3 000 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөгийг төлсөн.Уг 6 000 000 төгрөг нь гэрээ байгуулснаас хойш буюу 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны төлбөр л төлөгдсөн, үүнээс хойш хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн, түрээсийн төлбөрөө шаардаж, нэхэж байсны дагуу 6 дугаар сарын үлдэгдэл түрээсийн төлбөрөөсөө 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөгийг төлсөн.Уг 3 000 000 төгрөг нь өмнөх оны буюу 2021 оны 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөрт төлөгдсөн.

Гэрээний үүргээ зөрчөөд байсан тул манайх гэрээгээ цуцалж байна гэх мэдэгдлийг өгснөөс үүдэж 4 дүгээр сард гэрээ цуцлагдсан.Гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд буюу 4 дүгээр сард 2020 оны 1, 2, 3 дугаар саруудын түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан.Улмаар манай түрээслүүлэгч байгууллага 2021 оны 4 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн, уг төлбөр нь 4, 5, 6 дугаар сарын түрээсийн төлбөрт тооцогдсон, 4, 5, 6 сард түрээсийн объектыг чөлөөлж өгөөгүй атлаа төлбөр төлөөгүй.Ийм учраас 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 3 000 000 төгрөгийг 4, 5, 6 дугаар сарын түрээсийн төлбөрт тооцогдсон.Харин 2022 оны 6 дугаар сараас хойш 7, 8, 9 сарын түрээсийн төлбөрийг буудал хүлээлгэж өгсөн гэрээний дагуу 3 000 000 төгрөгийг суутгаж, өмнөх буюу ашиглаж байсан хугацааны 3 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй үлдсэн, уг 3 000 000 төгрөгийг хариуцагч байгууллага нөхөж төлөөгүй.

Хариуцагч өмнөх шүүх хуралдаанд түрээсийн төлбөр төлсөн баримт гаргасан бөгөөд уг баримтаас 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн түрээсийн төлбөр гэх 3 000 000 төгрөгийн баримт байгаа.Уг баримт караокены түрээсийн төлбөрийг төлсөн баримт биш.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Ж... ХХК-ийн захирал М...ын Б...гтэй 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 27 минутад иргэд хоорондын буудал түрээслэх 0086 дугаартай гэрээ байгуулсан.Уг буудал түрээслэх гэрээний дагуу 2021 оны 01 27-ны өдөр буудлын түрээсийн төлбөр авах эрх Б.Ө..., Г.Н... нарт үүссэн.Үүний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 цаг 36 минутад 0086 дугаартай түрээсийн гэрээг байгуулснаас хойш 18 минутын дараа түрээслэгч  М.Б...гээс 3 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр авсан.Уг гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг гэрээний 3.3-т дэнчин байгаа.Дэнчин болгож 4 000 000 хүртэлх төгрөгийг 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр түрээслэгч тал түрээслүүлэгч талд өгнө гэх байдлаар гэрээ хийсэн.Уг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манайд төлсөн баримт буудлын түрээсийн гэрээний дагуу дэнчин болж орж ирсэн.

Караокены түрээсийн гэрээний хувьд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан, уг 0701 гэрээний дагуу караокены түрээсийн төлбөрийг шаардах эрх нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж үүссэн.Гэрээ байгуулагдсанаас өмнө бидэнд караокены төлбөрийг шаардах эрх байгаагүй тул 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн төлбөр караокены төлбөр биш.Гэрээ сүүлд байгуулагдсан тул өмнө төлөгдсөн байх боломжгүй.Ж... ХХК-ийн захирал М.Б...г иргэнээрээ буудал түрээслэх гэрээ, хуулийн этгээдээрээ караоке түрээслэх 2 гэрээ хийсэн.Тухайн үед 2 гэрээ хийсэн тул түрээслэгч талаас төлбөр төлөхдөө гүйлгээний утгаар төлбөрөө ялгаж хийдэг байсан тул караоке төлбөр төлөхдөө караоке түрээс гэх байдлаар хийснийг нь хэрэгт гаргаж өгсөн.Тухайн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 3 000 000 төгрөгийн баримтыг караокены түрээс гэж үнэлэх боломжгүй, 0701 дугаартай караокены түрээсийн гэрээ Ж... ХХК, Г.Н..., Б.Ө... нарын хооронд байгуулагдсан.Гэрээний дагуу хуулийн этгээд Ж... ХХК-аас түрээслүүлэгч Г.Н..., Б.Ө... нарт төлөх байсан.Гэтэл хариуцагч Ж... ХХК нь гэрээний дагуу Ж... ХХК-аас төлбөрөө төлөөгүй.Байгууллага иргэн хоёрын хооронд гэрээ хийсэн атлаа Б...г гэх хүн төлбөрийг хийсэн.Гэрээний зохицуулалт хуулийн этгээд иргэн нарын хооронд байгаа учраас энэ 2 үүргийн харилцаа хуулийн этгээд, иргэн хоёрын хооронд зохицуулагдах учиртай.

Хэрэв Б...г Ж... ХХК-ийн өмнөөс караокены төлбөрийг  2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөгийг караокены төлбөрт төлсөн гэж үзэж байгаа бол үүнийг тодорхойлсон бичгээ шүүхэд гаргаж өгч болох байсан.Тийм бол Ж... ХХК-ийн өмнөөс төлбөрийг төлсөн гэж нотлох баримт нь үнэлэгдэх боломжтой байсан.Гэтэл Б...г Ж... ХХК-ийн өмнөөс төлбөр төлсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.Иймд Ж... ХХК түрээсийн гэрээний төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл байхгүй, 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацааны 6 сарын төлбөрийн үлдэгдэлтэй бөгөөд гэрээний үүргээ 6 сарын хугацаанд зөрчсөн.Үүнээс 3 000 000 төгрөгийг нь зөрчсөн бөгөөд цаана нь 3 000 000 төгрөгийн үлдэгдэл байгаа тул үүнийг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн дагуу нөхөн гаргуулах эрхтэй.Мөн гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд гэрээ цуцлагдсан.Гэрээ цуцлагдсантай хариуцагч талаас маргаагүй.Тухайн үед манайх гэрээ цуцлагдах болсноо мэдэгдэхэд зөвшөөрсөн.Объект чөлөөлөхдөө мөнгө өг гэх шаардлагыг тавьсан учраас бид ойлголцоогүй.Иймд гэрээ цуцлагдсан бөгөөд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй, манайх өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч байгууллага саад учруулж байгаа учраас объектыг албадан чөлөөлүүлэх үндэслэлтэй гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэгчийн 2 шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Түрээсийн гэрээний төлбөрт 3 000 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд манайх түрээсийн төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд цаг хугацаанд нь төлж байгаа.2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан.Энэ гэрээ байгуулагдахад Ковид-19 цар тахалтай байсан буюу тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааг хориглосон байсан тул 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж караоке ажиллуулах тусгай зөвшөөрөл буюу караоке ажиллуулах зөвшөөрлийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас дүрэм журам гаргаж байж нээсэн байдаг.

Хариуцагч Ж... ХХК-аас 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3 000 000 төгрөгийг караокены төлбөрт төлсөн.Мөн оны 5 дугаар сарын 08-ны өдөр 3 070 000 төгрөгийг төлсөн.Караоке хэвийн ажиллаж эхлэх үеэс хоорондын тохиролцоо байсан.Хэвийн ажиллаж эхэлснээс эхлэн түрээсийн төлбөр тооцох тул урьдчилаад мөнгө хий гэсэн учраас эдгээр мөнгийг хийсэн, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарыг хүртэлх 6 сарын түрээсийн төлбөрийг 6 000 000 төгрөг гэж тооцсон, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Ж... ХХК-ийн захирал Б...г Б.Ө... руу шилжүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлага болох хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн тухайд Ж... ХХК-ийн захирал Б...г нэхэмжлэгч Б.Ө...тай тус объектын подвалын давхарт караоке, дээд давхарт зочид буудлын зориулалттайгаар бүрэн түрээсэлж ажиллуулна гэж тохиролцсон, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлж, буудлыг нь бүрэн тавилга, тохижилтын хамтаар хүлээлгэж өгсөн бөгөөд караокег цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон.Караокены 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийг буудлын мөнгөнөөс 3 000 000 төгрөгийг суутгаж, 26 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид буцааж өгсөн.Мөн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөө Б...г нэхэмжлэгч Б.Ө...ын данс руу 10, 11, 12 сарын түрээс болох 3 000 000 төгрөгийг урьдчилж шилжүүлсэн.Иймд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Бидний хооронд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний харилцаа, хугацаа үргэлжилж байна.Өнөөдрийн байдлаар 2022 оны 12 дугаар сарыг дуустал манай байгууллага түрээсийн төлбөрийг төлсөн. Гэрээний харилцаа үргэлжилж байгаа учраас хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага үндэслэлгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 3 000 000 төгрөг зочид буудлын түрээсийн төлбөр байгаа, үүнийг караокеных гэж андуурч хэлж гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч тайлбартаа:Түрээсийн гэрээний харилцаа үүссэн 4 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар улс оронд өндөржүүлсэн бэлэн байдалтай, караоке битгий хэл зарим хүнсний дэлгүүр цагийн хязгаарлалтад орсон нөхцөл байдалтай байсан.Гэтэл түрээсийн гэрээний харилцаа буюу аж ахуйн зориулалтаар ашиглах боломжтой эд зүйлийг биелүүлэх зүйлийг түрээслэгчид шилжүүлнэ гэх гэрээний зорилго хангагдахгүй байна.Уг түрээсийн гэрээг байгуулахдаа мөнгөний хэрэг болоод хариуцагчаас гуйсан байдаг.

Тухайн үед караокег хэзээ нээж ажиллуулна тэр хугацаанд нь бид түрээсийн төлбөрийг тооцож явъя гэх зүйлийг ярьдаг.Үүнийг ярьсан агуулга 2 талын фейсбүүк чатад хангалттай байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргах үеэр устгасан байсан.Цорын ганц үлдсэн төлбөр төлөхдөө харилцан тохиролцож байсан харилцсан баримтад үзлэг хийлгүүлэх хүсэлтийг хангасны дараагаар устгасан болохоор скрийншотыг судлуулсан.Ийм учраас түрээсийн гэрээний төлбөр төлөх нөхцөл 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн, энэ нь шүүхэд гаргаж өгсөн талуудын дансны хуулгаар нотлогдож байгаа.

Мөн 4 дүгээр сарын 01-ний өдөр 6 000 000 төгрөгийг төлж, 10 дугаар сарыг хүртэлх төлбөр дуусаж, дараах 6 сарын төлбөрийг нэхэмжилсэн чат харилцаагаар түрээсийн төлбөрийг төлөх нөхцөл харилцан тогтоогдож байгаа тул үндэслэлгүй байна.

Албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2022 оны 7 дугаар сарын 01-ний байдлаар талууд 7, 8, 9 дүгээр сарынхаа түрээсийн төлбөрийг суутгаж авсан.Мөн 10, 11, 12 дугаар сарын төлбөрийг 6 сарын төлбөрийг төлөх нөхцөлийн дагуу авсан.Уг бичгийг нь өөр нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өгсөн.Шүүхийн шийдвэрт бичгийн агуулга тусгагдсан байгаа.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа нь үнэн байлаа ч гэрээг цуцлаагүй.Талууд нэхэмжлэл гаргах үеэс хойш үлдэх төлбөрийг тохиролцоод авсан.Иймд албадан чөлөөлөх нөхцөл үүсээгүй. Түрээсийн гэрээний харилцаа цаашид үргэлжилж байгаа учраас 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэв.

Нэхэмжлэгчээс:Б.Ө..., Г.Н... нарын Ж... ХХК-тай 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний хуулбар, хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Ө..., Г.Н... нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт байршилтай, 814,04 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч нараас М.Б...гт 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн шаардлагын хуулбар, түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийн хуулбар, М.Б...гээс ирүүлсэн хариуг өгсөн. /хх 6-8, 9, 10, 12, 13, 14/

Хариуцагчаас:Хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Ж... буудал хүлээлцсэн баримт, Хаан банкин дах М.Б...гийн дансны хуулгыг шүүхэд өгсөн./хх 27, 28-30, 48, 49-50/

Зохигч талуудын хүсэлтээр цахим баримтад үзлэг хийсэн баримтыг шүүх бүрдүүлсэн байна./хх 57-58, 93/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Хариуцагч түрээсийн гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээ цуцлагдсан, 2022 оны 1, 2, 3 дугаар саруудын төлбөр 3 000 000 төгрөг гаргуулна, Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт байршилтай, караокены объектыг хариуцагч байгууллагын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Түрээсийн гэрээний төлбөрийг он дуустал бүрэн төлсөн, гэрээний харилцаа үргэлжилж байгаа, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн түрээсийн гэрээний хуулбар, хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт байршилтай, 814,04 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч нараас М.Б...гт 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн шаардлагын хуулбар, түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийн хуулбар, М.Б...гээс ирүүлсэн хариу, Жаргал буудал хүлээлцсэн баримт, Хаан банкин дах М.Б...гийн дансны хуулга, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт байршилтай, караоке ажиллуулах зориулалт бүхий байрыг ашиглах түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

Талууд Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт байршилтай, караокены түрээсийн 2022 оны 1, 2, 3 дугаар саруудын төлбөр 3 000 000 төгрөгийг төлсөн, тухайн караокены байрыг чөлөөлөхгүй гэж  хариуцагч маргаж байна.

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

            Талуудын хооронд түрээсийн гэрээ нь 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан боловч тухайн үед ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон байсан бөгөөд караоке ажиллуулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас гаргасан үеэс төлбөрийг төлөхөөр тохирсон гэх хариуцагчийн тайлбарыг үндэстэй гэж үзнэ.

            Түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгийг түрээслэгчид шилжүүлэх үүрэгтэй байна.

            Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний зорилго биелэгдэх боломжгүй буюу 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө караоке ажиллуулах боломжгүй байсан нөхцөл байдал нийтэд илэрхий үйл баримт байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Иймд түрээслэгч нь 2022 оны 1, 2, 3 дугаар саруудын түрээсийн төлбөр 3 000 000 төгрөгийг төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг 4 дүгээр сард цуцлагдсан гэж тайлбарлаж байх боловч түүнээс хойших хугацааны түрээсийн төлбөрийг түрээслэгчээс авсан, мөн түрээслэгч байгууллага нь тухайн байранд үйл ажиллагаа явуулж байгаа болох нь нотлогдож байна.

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.10-т гэрээний үйлчлэх хугацааг хойшлуулж болохоор талууд тохирсон байх ба хариуцагч байгууллага нь тухайн объектод үйл ажиллагаа явуулж, 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлсөн байхад түрээсийн гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан 3 000 000 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт байршилтай, караокены объектыг Ж... ХХК-ийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Б.Ө..., Г.Н... нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН