Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02062

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/02062

 

 

 

Б, Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/03364 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б, Г нарын

 

Хариуцагч Жа ХХК-д холбогдуулан гаргасан

 

Түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, хариуцагчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

а. Жа ХХК-аас түрээсийн үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөг гаргуулах, БББ дүүргийн 00 дүгээр хороо, Алтайн 27 гудамж, 000 тоот хаягт байрлах объектыг хууль бус эзэмшлээс нь чөлөөлүүлэх тухай.

б. Талуудын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр БББ дүүргийн 00 дүгээр хороо, Алтайн 27 гудамж, 000 тоотод орших 160 м.кв талбайтай караокег 3 жилийн хугацаатай сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулагдсан. Түрээслэгч нь гэрээний зүйлийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд түрээсэлсэн. Түрээсийн төлбөрөөс 9,000,000 төгрөг төлж 2022 оны 03 дугаар сарын төлбөрийг төлөөгүй тул түрээслүүлэгч нь гэрээний 4.3-т зааснаар гэрээг цуцлах талаар 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдэж, талбайг чөлөөлөхийг шаардсан. Түрээслэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр албан бичиг ирүүлсэн ба шаардсан 180,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

в. Цар тахалтай холбоотойгоор түрээсийн төлбөр чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байгаагүй гэрээнд заагаагүй ба түрээсийн төлбөрийг нэмээгүй. Иймд хариуцагч түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй. Хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 31, 05 дугаар сарын 08-ний өдөр тус тус 3,000,000 төгрөг төлж үүнээс хойш гэрээний үүргээ зөрчсөн ба үүргээ биелүүлэхийг шаардахад 6 сарын үлдэгдэл төлбөрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2021 оны 12 дугаар сарын төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн. Гэрээний үүргийг хариуцагч удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлж 2020 оны 04 дүгээр сард гэрээг цуцалсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг төлсөн нь объектыг чөлөөлж өгөөгүй тул 2022 оны 04 дүгээр сарын 06 сарын түрээсийн төлбөрт тооцогдсон. 2022 оны 07-09 сарын түрээсийн төлбөрийг буудал хүлээлгэж өгсөн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг өмнөх хугацааны 3 сарын түрээст суутгасан гэжээ.

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байгаа. 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдахад Ковид-19 цар тахалтай байсан, караоке ажиллуулахыг хориглосон ба 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зөвшөөрлийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас нээсэн. Манайх 2021 оны 03 дугаар сарын 31, 05 дугаар сарын 08-нд нийт 6,070,000 төгрөг төлж 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын буюу 6 сарын түрээсийн төлбөр гэж тооцсон. Үйл ажиллагаа хэвийн ажиллаж эхэлснээр түрээсийн төлбөр тооцохоор тохиролцсон тул урьдчилж дээрх төлбөрийг төлсөн. 2022 оны 04 дүгээр сарын 01-нд 3,000,000 төгрөг төлж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буудал хүлээлгэхдээ караокены 7-9 дүгээр сарын түрээсийн төлбөр 3,000,000 төгрөгийг буудлын мөнгөнөөс суутгасан. Мөн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10-12 сарын түрээсийг төлж урьдчилж төлсөн. Түрээсийн гэрээ үргэлжилж байгаа Өнөөдрийн байдлаар 2022 он дуустал түрээсийн төлбөрийг төлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Жа ХХК-иас 3,000,000 төгрөг гаргуулах, БББ дүүргийн 00 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамж, 000 тоотод оршин байх караокены объектыг хариуцагч Жа ХХК-ийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б, Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

а. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль зүйн дүгнэлт хийгээгүй тухайд

Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол байна. Шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн тайлбар ямар ч үндэслэлгүй байсан. Тэрээр гаргасан тайлбараа нотлох үүрэгтэй, тайлбар нь үндэслэл бүхий баримтаар нотлогдоогүй. Талууд түрээсийн гэрээний төлбөр төлөх хугацааг хойшлуулахаар тохиролцоогүй. Энэхүү төлбөр төлөх хугацааг хойшлуулахаар тохирсон нь баримтаар нотлогдоогүй. Баримтаар нотлогдоогүй үйл явдлыг үндэслэж шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан бүрд хэдэн сарын түрээсийн төлбөр төлөөгүй талаар өөр өөр хугацаа хэлдэг. Караокег тусгай зөвшөөрлөөр ажиллуулдаг ба цар тахлын үед хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сард нээгдсэн, энэ хугацаанаас эхэлж түрээсийн төлбөрийг тооцсон гэж үзэж байна. 2022 оны 04 дүгээр сар хүртэл 6,000,000 төгрөг төлсөн. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зочид буудлыг хүлээлгэн өгч, авах зөрүү авах мөнгөнөөс караокены 7-9 дүгээр сарын түрээсийн төлбөрийг суутгаж авсан. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.    Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.    Нэхэмжлэгч Б, Г нар хариуцагч Жа ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг гаргуулах, БББ дүүргийн 00 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамж, 000 тоот хаягт орших объектыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.    Нэхэмжлэгч нарын өмчлөлийн БББ дүүргийн 1000р хороо, Алтайн 27-р гудамж 000 тоотод орших 160 м.кв талбай бүхий хувийн сууцыг хариуцагч караоке-ны зориулалтаар 3 жилийн хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг байхаар тохиролцон түрээсийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д нийцсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Тус 814,04 м.кв талбайтай хувийн сууцны 160 м.кв талбай бүхий хэсэгт зохигч гэрээ байгуулсан нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага үүсгэхгүй. /хх 6-11/

 

4.    Хариуцагч 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-нйи өдрийн хугацаанд 4 удаагийн гүйлгээгээр 12,070,000 төгрөг, мөн 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн бөабөаб буудал хүлээлцэх баримтаар нэхэмжлэгчээс авах авлагаасаа 3,000,000 төгрөгийг караокены түрээсийн төлбөрт суутган төлж, нийт 15,070,000 төгрөг төлсөн болон түрээсийн зүйлийг хариуцагч эзэмшилдээ байлган ашиглаж байгаа талаар зохигч маргаагүй. /хх 48-50, 60, 70, 73/

 

5.    Түрээсийн гэрээний хугацаагаар төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй, төлбөрийн хугацааг хойшлуулахаар талууд тохиролцоогүй үндэслэлээр хариуцагчаас 2021 оны 01-03 дугаар сарын түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ. Учир нь:

а. Караокены үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээд 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн олгосон тул түрээсийн төлбөрийг мөн хугацаанаас эхэлж төлөхөөр талууд тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн нь зохигчийн Жаргал буудал хүлээлцэх тухай 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн баримтаар нотлогдож, уг баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. /хх 48/

б. Тус баримтаар талууд зочид буудал түрээслэх гэрээг цуцалж нэхэмжлэгч зөрүү 30,000,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөс 3,000,000 төгрөгийг караокены 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөрт суутгахаар тохиролцсоноос үзвэл хариуцагч нь 2022 оны 07 дугаар сараас өмнөх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн, хариуцагчид төлөх төлбөрөөсөө 2022 оны 07-09 дүгээр сарын караокены түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч суутган авчээ.

6.    Хариуцагч түрээсийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй учир 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг өгснөөр түрээсийн гэрээ цуцлагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Хариуцагч нь дээрх Жаргал буудал хүлээлцэх тухай баримт, 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 3,000,000 төгрөг төлсөн баримтуудаар 2022 оны 07-12 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлжээ. Тус төлбөрүүд нь 2022 оны 04-06 дугаар сар болон өмнөх саруудын төлбөр гэх нэхэмжлэгчийн тайлбар хэргийн бусад баримтаар нотлогдохгүй, бодит байдалд нийцсэн гэж үзэхээргүй байна.

7.    Иймд БББ дүүргийн 00 дүгээр хороо, Алтайн 27 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах объектыг хариуцагч Жа ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй, түрээсийн гэрээний харилцаа хүчин төгөлдөр үргэлжилж байгаа гэж дүгнэв.

 

8.    Хариуцагчийн тайлбар нотлогдоогүй, шүүх тогтоогдоогүй үйл баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/03364 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Э.ЭНЭБИШ