Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
Хэргийн индекс | 135/2022/00029/И |
Дугаар | 135/ШШ2022/00767 |
Огноо | 2022-05-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 135/ШШ2022/00767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2022/00029/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо ажилчдын гудамж ХААДСАА /утас .../-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сум, ... дугаар баг, ... гудамж ... тоотод оршин суух ... овогт Н.Б /рд: ..., утас: .../-д холбогдох,
2.250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААДСАА-гийн ажлын алба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н овогтой Б нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар ... тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн 1 ширхэг FT-250 маркын бага оврын трактор зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Зээлийн төлөлтийг одоо хүртэл төлж барагдуулаагүй тул 2,250,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ХААДСААгийн ажлын албаны нэхэмжлэлтэй нэхэмжлэлийн шаардлага болох 2,250,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,500,000 төгрөг байгаа боловч гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Б.Д нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан. ХААДСААгийн ажлын алба байгуулагдаад орон тооны хязгаарыг тогтоосон байдаг. Энэ тогтоолоор Санхүүгийн тайланд бүхэлдээ хөрөнгө өглөг, авлагыг хуульд заасан хугацаанд буюу Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шаардах үүсэж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэжээ.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээний хуулбар, Өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-134 дугаартай ХААДСААд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тушаалын хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХААДСААгийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаартай тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААДСААгийн ажлын алба нь хариуцагч Н.Б-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 1,500,000 төгрөг, алданги 750,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллага нь хэрэгт авагдсан ТЭДС болон Н.Б нарын хооронд 2014 оны 07 сарын 31-ний өдөр байгуулагдсан ... дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ-ний үүргийг хариуцагчаас шаардсан байна.
Дээрх гэрээгээр ТЭДС нь нэг бүрийн 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-250 маркийн тракторыг өрхийн аж ахуйг дэмжиж, хөгжүүлэх зориулалтаар Н.Б-гийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Н.Б нь гэрээний үнийн дүнгийн 70% болох 3,500,000 төгрөгийн тракторыг хүлээн авахдаа төлөх, үлдэх 30% болох 1,500,000 төгрөгийг 2015-2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд жил бүр 500,000 төгрөг төлж барагдуулах, ийнхүү төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.
Гэрээний зүйлийг хүлээн авсан боловч гэрээний дагуу жил бүр 500,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-134 тоот тушаалаар ТЭДС-гийн авлагыг ХААДСАА-д шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь өмнө дурдсан 2014 оны 07 сарын 31-ний өдрийн ... дугаар гэрээтэй холбоотой шаардлагыг гаргах эрхтэй этгээд байна.
Хариуцагч Н.Б нь 2017 оны 07 сарын 31-ний өдөр төлбөр төлж дуусгах үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч нь шүүхэд анх 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХААДСААгийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаартай тогтоол батлагдсан өдрөөс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, ТЭДСгийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу ХААДСААд шилжүүлэхийг дээрх тогтоолын 3 дахь заалтаар зааснаас үзвэл ХААДСАА байгуулагдсан үеэс шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг үндэслэж гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Н.Бгээс авсан тракторын үнэ 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан боловч гэрээгээр тохиролцсон алдангийг хангах хууль зүйн үндэслэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хариуцагч Н.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өмгөөлөгч Ө.Өлзиймаа хариуцагчийг байлцуулахгүй хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Б-гээс 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААДСАА-гийн ажлын алба-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС