Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 148/ШШ022/00411

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 148/ШШ2022/00411

Сэлэнгэ аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Б.Мөнхзул, Ц.Ариунзул нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Гүн ******* ХХК /РД: 3751244/-ын нэхэмжлэлийн шаардлагаа багасган 2016 оны 11 дүгээр сарын 07-ноос 2021 оны 07 дугаар сарын 21-нийг хүртэл үйл ажиллагаа зогссоны улмаас олох байсан орлого нийт 109,867,000 төгрөгийн төрөөс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Прокурор Б.Сүрмандах, иргэдийн төлөөлөгч А.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гүн ******* ХХК -нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..Манай Гүн-Мөрөн ХХК нь иргэн Батболд, Мөнх-Од нартай харилцан ажиллах гэрээ байгуулж, 2016-04-05-аас 2016-10-15 хүртэл 6 сар хамтран ажиллахдаа Монгол Улсын татварын албанд 14,520,000 төгрөгийн орлого олсон талаар мэдүүлж 500.000 төгрөгийн татвар төлж байсан. Дээрх хугацаанд Сэлэнгийн цагдаагийн газрын зарим албан хаагч нар манай ААН-г Д.Батбаатартай холбогдуулан хууль бусаар тагнаж чагнаж, хуурамч мэдээлэл цуглуулж 2016 оны сүүлээр АТГ-руу шилжүүлсэн. АТГ-н мөрдөгч Ганхуяг нь 12 ААН адилхан үйл ажиллагаа явуулсан байхад Гүн-Мөрөн ХХК-г ялгаварлан гадуурхаж, санхүүгийн тамга тэмдгийг хууль бусаар хураан авч манай аав Д.Батбаатарт ял өгөх.ажил албан тушаалыг нь булаан авах зорилгоор 'Д.Батбаатартай бүлэглэн ААН-н бараанд давхар үзлэг шалгалт хийж, гаалийн үйлчилгээний хураамж нэрийдлээр 14,520,000 төгрөг хураан авч ААН-г хохироосон" гэж гэрчүүдийг хууран мэхлэх, холбогдох бичиг баримтыг устгах, хуурамч нотлох баримт бүрдүүлэх зэрэг аргаар 201618000366-р тоот зохиомол хэрэг үүсгэн, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч. 2017-03-26 өдөр Эрүүгийн хуулийн 263.1 дэх, 254.1 дэх хэсгээр ялласан.

Харин дээрх хэргийг Сэлэнгэ аймаг дахь прокурорын 2017-04-07-ны 12-р тогтоолоор хянаад: 'Д.Батбаатартай бүлэглэж хэрэг үйлдээгүй гэж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208-р зүйлийн 208.1.1 дэх, 24-р зүйлийн 24.1.1 дэх хэсгийг үндэслэн Эрүүгийн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр надад холбогдох хэсэг гэгчийг хэрэгсэхгүй болгосон, мөн Сэлэнгэ аймаг дахь шүүхийн 2021-07-21-ны 2021\ШЦТ\88-р тогтоолоор: Д.Батбаатарт хамааралгүй, ААН хувь хүмүүсийн хоорондын асуудал гэж дүгнэн 201618000366-р хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргасан байх тул:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дахь хэсгийн 2.3 дахь, мөн хуулийн 45.3 дахь хэсгийн 1.2 дахь, 45.5 дахь хэсгийн 1 дэх, 45.8 дахь хэсгийн 1 дэх ,6 дахь, 45.9 дэх хэсгийн 1 дэх хэсгийг үндэслэн 2016-2021 он хүртэлх хугацаанд манай ААН-н олох байсан орлого болох 145,200,000 төгрөгийг Монгол Улсын төрөөс гаргуулан өгнө үү...гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тухай / 2 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь талд ... Манай Гүн ******* ХХК-ийг АТГ-ын мөрдөгч н.Ганхуяг гэгч этгээд нь 2016 оны 12 сараас эхлэн хууль бусаар мөрдөн шалгаж, адилхан үйл ажиллагаа явуулсан 12 ААН-с онцлон, ялгаварлан гадуурхаж, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхэд халдаж ирлээ.

1.2017.02.02-нд Гүн ******* ХХК-ын орлогын баримт дугаарлагчийг хураан авсан.

2. 2017.02.20-нд Гүн ******* ХХК-ын санхүүгийн тамга тэмдгийг хураан авсан.

3. 2017.03.06-нд Гүн ******* ХХК-ын санхүүгийн анхан шатын баримт, өнгөн хувь болох 837 ширхэг нэг бүр нь 20,000 төгрөгийн орлого бичсэн нийт 16,000,000 төгрөгийн орлогын баримтыг хураан авсан.

4. 2017.03.13-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

5. Үүнээс хойш сэжигтэн яллагдагчаар татагдсан.

6. 2017.04.07-нд прокурорын 12-р тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосон.

7. Прокурорын 2017.10.31-ний 02-р тогтоолоор тамга тэмдгийг буцаан олгох шийд гарч байсан боловч уг тогтоол хүчингүй болж байв.

8. 2018.08.06-ны 07-р тогтоолоор мөн л тамга тэмдгийг буцаан олгох шийд дахин гарсан боловч тамга тэмдгийг олгоогүй байж байгаад уг тогтоол 2020 онд мөн хүчингүй болсон.

9. 2021.07.21-нд Гүн ******* ХХК-д холбоотой хэрэг хэрэгсэхгүй болж Цагаатгах тогтоол гарсан тул эд мөрийн баримтаар хураагдсан тамга тэмдгийг буцаан авах нөхцөл бүрдсэн юм.

Гүн ******* ХХК нь гэмт хэрэгт шалгагдаж эхлэхээс өмнө буюу 2016.04.15-наас 2016 оны 11.07 хүртэл 8 сарын дотор нийт 15,420,000 төгрөгийн орлого олж байв. Өөрөөр хэлбэл сард дунжаар 1,927,000 төгрөгийн орлого олж байв.

Хууль бусаар мөрдөгдөж, ААН-н тамга тэмдгийг хураан авснаас шалтгаалан тодорхой үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, компанийн үйл ажиллагааг 2016.11.07-ноос эхлэн 2021.07.21 хүртэл зогссон тул энэ хугацааны олох байсан 109,867,000 төгрөгийн орлогыг ЭХХШТ хуульд заасан заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэл гаргаж байгаа болно...гэх.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчээс гаргасан анхны нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан 2 дахь тайлбартай танилцаж тайлбараа бичгээр гаргасан. Энэ дээр нэмж хэлэхэд эхний нэхэмжлэлийн шаардлагын хугацаа, мөнгөн дүн өөр байсан. 2 дахь нэхэмжлэлийн шаардлагад хугацаа болон үнийн дүн өөрчлөгдсөн ч шаардлагын хувьд олох ёстой байсан орлогыг шаардсан байдаг. 5 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр нотлох баримт гаргаж өгсөн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагаа ярина гэж бодож байна. Сүүлд гаргасан шаардлагаар хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр буюу цагаатгах тогтоол гарах хүртэл нэхэмжилсэн. Нэгдүгээрт үйл ажиллагаанаас олох байсан орлогын талаар хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлагын хугацааны талаар нотлох баримттай холбогдуулж тайлбар хэлье. Нэгдүгээрт олох ёстой байсан орлогын хувьд энэ компани нь эрүүгийн хэрэгтэй холбогдож шалгагдсан. Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас олох ёстой орлогоо олсон гэх шаардлагыг тавьж байгаа цаад агуулгын хувьд. Тэгэхээр Д.Батбаатарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Гүн ******* ХХК гэх охиных нь компанийг сэжигтнээр татаж захирал Б.Халиунааг шалгасан. Ингэж шалгахдаа 12 хоногийн хугацаанд эрүүгийн хэрэгт шалгасан байдаг. Өөрөөр хэлбэл 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Б.Халиунааг яллагдагчаар татаж, 04 дүгээр сарын 07-ны өдөр үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Хэрвээ компани эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсанаас олох ёстой орлогоо олоогүй гэж байгаа бол эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан болон хэрэгсэхгүй болгосон хугацааг шаардахаас биш нэхэмжлэлийн шаардлага дээр байгаа хугацааг их хэмжээгээр тооцох үндэслэлгүй байна. Үйл ажиллагааны орлогын хувьд бол компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээнд захирал Б.Халиунаа гэсэн бүртгэлтэй. 2 дахь тэмдэглэгээг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хийхдээ ачих буулгах үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг шинээр бүртгэлээ гэсэн байдаг. Энэ компанийн хэрэгт шалгагдах болсон гол баримт нь энэ үйлчилгээ юм. Тэгэхээр энэ компани ачих, буулгах үйлчилгээний зөвшөөрлийг бүр сүүлд авсан байдаг. Үүгээр тухайн компани нь уг үйлчилгээг явуулах зөвшөөрөлгүй байсан нь харагдана. Улсын бүртгэлийн гэрчилгээний зөвшөөрөл нь гадаад худалдаа л гэсэн байдаг. Тэгэхээр 12 хоногийн хугацаанд эрүүгийн хэрэгт татагдаж хэрэгсэхгүй болгосон баримт байгаа учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хоёрдугаарт хугацааны асуудал байна. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэдгийг яаж тодруулсан болохыг мэдэхгүй. Ямар үйл баримтыг үндэслэж, яг ямар баримтаар нотолж байгаа нь тодорхойгүй байна. Мөн дуусах хугацааг Д.Батбаатарт холбогдох хэргийн цагаатгах тогтоолын хугацааг тооцсон байна. Энэ цагаатгах тогтоолоор Д.Батбаатарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн болохоос Гүн ******* ХХК-ийн асуудлыг шийдээгүй. Тиймээс хугацааны хувьд мөн адил үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн 2 дахь тодруулсан тайлбарт тэмдэг буюу дардсыг дугаарлагчийн хамт хураан авч одоог хүртэл цагаатгах тогтоол гарсны дараа авсан үгүй нь мэдэхгүй юм шиг асуудлыг ярьж байна. Тэгэхээр энэ асуудалтай холбоотой өмнөх шүүх хуралдааныг хойшлуулж эрүүгийн хэргээс баримт авч ирсэн. Уг баримтад 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 07 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд тамга, тэмдгийг буцаан олго гэж заасан ч энэ тогтоолд гомдол гарсан учраас гомдол хэлэлцэгдэх хугацаанд гардуулагдаагүй байгаа. Харин яг хэзээ хүлээж авсан гэдэг асуудлыг яривал эрүүгийн хэргээс архивын нэгж бүхий бүртгэлийг харвал Гүн ******* ХХК-ийн дардас, тэмдэг өгсөн гэж тодорхой бичээгүй ч хамт шалгагдаж байсан бусад компанийн тамга, тэмдгийг хурааж авч хамт бичигдсэн харагдаж байгаа юм. Тэгэхээр Гүн ******* ХХК-ийнх биш гэж асуудал ярьж болно. Гэхдээ тухайн үед Б.Халиунаа гэдэг хүн өөрийнхөө юмыг мэдээд авсан байдаг. Өнөөдөр Б.Халиунаа шүүх хуралдаанд ирэхгүй байна. Тэгэхээр Б.Халиунаа гэдэг хүн гарын үсэг зураад авсан. Хэрвээ өөр компанийн тэмдэг байсан бол Б.Халиунаа авахгүй байсан. Прокурорын архивын ажилтан хайхрамжгүй байдлаас болж андууран Гүн ******* ХХК-ийн санхүүгийн тэмдгийг өөр компанийн тэмдэгтэй хамт явуулсан байсан. Тийм учраас энэ асуудал зөвтгөгдөж, шийдэгдсэн процесс болсон байна. Цагаатгах тогтоолд Гүн ******* ХХК-ийн тэмдэг ирээгүй болох нь харагдана. Тиймээс өмнө нь тэмдгээ хүлээн авсан байна. Нэмж хэлэхэд анхны нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэлийн үндэслэлээ ...манай Гүн ******* ХХК иргэн н.Батболд, н.Мөнхболд нартай харилцан ажиллах гэрээ байгуулж ийм хугацаанд 14,520,000 төгрөгийн орлого олсноо мэдүүлж, 500,000 төгрөгийн татвар төлсөн. Улмаар энэ хугацаанд бид хохирол амслаа гэдэг. Гэтэл эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтад н.Батболд, н.Мөнхболд нарын гэрчээр өгсөн мэдүүлгээр энэ хүмүүс Гүн ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй талаар хэлсэн байдаг. Нэхэмжлэгч талаас улирал бүрийн татварын тайлан гаргаж өгсөн. Тэгвэл эдгээр баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь энэ хугацаанд ийм орлого олж, татвар төлсөн гэдэг ч ямар үйл ажиллагаагаар орлогоо олсон болох нь харагдахгүй байна. Би сая хэлсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ачих, буулгах үйл ажиллагаагаа авсан. Тэрнээс өмнө гадаад худалдаа л хийж байсан. Тэгвэл одоо нэхэмжилж байгаа орлого нь ямар үйл ажиллагааных вэ? Тэгэхээр гадаад худалдаа эрхэлж байсан компани олох ёстой орлогоо алдаж байгаа нь эрүүгийн хэрэгтэй огт хамааралгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэргээр гадаад худалдаатай холбогдуулж шалгаагүй. Ачиж, буулгах үйл ажиллагаа нь зөвшөөрөлгүй явагдсан байна гэж харахаар байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, цугларсан нотлох баримтууд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Ийм учраас бичгээр өгсөн тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ... Гүн ******* ХХК-ийн нэхэмжилсэн орлого нь тодорхой бус, нотлох баримт он, сар, өдөр байхгүй, ня-бо гарын үсэг зураагүй, 109,839,000 төгрөг ямар үйл ажиллагаанаас олсон орлого нь тодорхой бус наад зах нь ня-бо бүртгэлийн хуулийг дагаж мөрдөөгүй байна гэж дүгнэлээ. Иймд шаардлага хангахгүй нэхэмжлэл байна гэж үзэж байна...гэх.

 

Гүн ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шаардлагаа багасгасан тухай нэхэмжлэл, зохигч, түүний өмгөөлөгч, Прокурор нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

 

Гүн ******* ХХК-ийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа багасган / 2 дугаар хавтаст хэргийн 1 -2 дахь тал /... 2016 оны 11 сарын 07-ноос 2021 оны 07 сарын 21-нийг хүртэл үйл ажиллагаа зогссоны улмаас олох байсан орлого нийт 109,867,000 төгрөгийн төрөөс гаргуулах-аар шаарджээ.

Зохигч түүний төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд; Хавтаст хэргийн 26 68 дахь талд авагдсан сэжигтнийг яллагдагчаар татсан 2017 оны 03 сарын 26, мөн оны 3 сарын 27-ны өдрийн Прокурорын тогтоолууд, мөн оны 4 сарын 07-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор зарим яллагдагчийн үйлдлийг хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ хугацаанд дээрх компанийг шалгасан гэж үзэхээр байх боловч хэргийн 83 -101 дэх талд авагдсан тус сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 2021/шцт/88 дугаартай цагаатгах тогтоолоор Д.Батбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн хэргийн 200 - 202 дахь талд авагдсан 2017 оны 02 сарын 20-ны өдрийн эд мөрийн баримт хураан авч хадгалах тухай тогтоол-оор тус компанийн санхүүгийн тэмдгийг хураан авсан тухай баримт авагдсан бөгөөд уг санхүүгийн тэмдгийг эрх бүхий этгээдээс эзэмшигчид нь буцаан албан ёсоор хүлээлгэн өгсөн гэх баримт хэрэгт алга байна. Иймд энэхүү хугацаанаас эхлэн 2021 оны 07 сарын 21-нийг хүртэл нийт 52 сар дээрх компанийн үйл ажиллагаа нь зогссон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 221 дүгээр талд авагдсан ... тус компанийн тайланд жилийн 14,520,000 төгрөгийн орлого олсон талаар татварт тайлагнажээ. Дээрх 14,520,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд олсон орлого гэж тайлагнасан тул уг үнийн дүнг 12 сард хувааж, нэг сард 1,210,000 төгрөгийн орлого олох байсан гэж үзэхээр байна.

Гүн ******* ХХК-ийн санхүүгийн тамга тэмдгийг дээрх хугацаанд хурааснаас хойш цагаатгах тогтоол /Д.Батбаатар/ гаргах хүртэл нийт /52 сар *1,210,000/ 62,920,000 төгрөгийг олох байсан орлогод тооцож, төрөөс энэхүү хохирлыг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 46,947,000 төгрөгийн шаардлагаа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т тус тус зааснаар ... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг нотлоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Оролцсон Прокуророос дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахыг зөвшөөрөхгүй гэж үзэн, 2 дугаар хавтаст хэргийн 7-16 дахь талд ... гаалийн газрын жолооч Д.Батболдын гаргасан санхүүгийн тайлан, гэрч М.Мөнхболд, Д.Батболд нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг шүүхэд ирүүлсэн боловч энэхүү баримтууд нь тухайн этгээд / Б.Халиунаа /-ийн эрүүгийн хэргийн гэм буруугийн талд хамаарах баримтууд байх бөгөөд нэхэмжлэгчийн дээрх хохирол нэхэмжилсэн шаардлагад хамааралгүй баримт байна гэж үзэхээс гадна, хэргийн 19,20 дахь талд авагдсан баримт нь энэхүү хэрэгт хамаарахгүйгээс гадна, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна.

Мөн тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т тус тус зааснаар ... нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогоо төрөөс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлоогүй, энэ талаарх няцаасан баримтаа шүүхэд ирүүлээгүй байна гэж үзэв.

Оролцсон иргэдийн төлөөлөгчөөс дүгнэлтдээ... орлого нь тодорхой бус, ... шаардлага хангахгүй нэхэмжлэл байна гэж үзсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хангах боломжгүй гэж үзэж байгаагаа хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тодорхой дүгнээгүй нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тус тус зааснаар засгийн газрын нөөцийн сангаас 62,920,000 төгрөгийг гаргуулж Гүн ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46,947,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН

 

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЗУЛ

 

 

Ц.АРИУНЗУЛ