Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2022/00089

 

“Гүн мөрөн” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  05 дугаар сарын 24-ний өдрийн 411 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Гүн мөрөн” ХХК-н захирал *******гийн нэхэмжлэлтэй,

“2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа зогссоны улмаас олох байсан орлого нийт 109,867,000 төгрөгийг төрөөс гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг прокурор Б.Сүрмандах, нэхэмжлэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд прокурор Б.Сүрмандах /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

“Гүн-Мөрөн” ХХК нь иргэн Батболд, Мөнх-Од нартай харилцан ажиллах гэрээ байгуулж, 2016 оны 04 дүгээр сарын 05-аас 2016 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл 6 сар хамтран ажиллахдаа Монгол Улсын татварын албанд 14,520,000 төгрөгийн орлого олсон талаар мэдүүлж 500,000 төгрөгийн татвар төлж байсан.

Дээрх хугацаанд Сэлэнгийн цагдаагийн газрын зарим албан хаагч нар манай аж ахуйн нэгжийг *******тай холбогдуулан хууль бусаар тагнаж чагнаж, хуурамч мэдээлэл цуглуулж 2016 оны сүүлээр Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Ганхуяг нь 12 ААН адилхан үйл ажиллагаа явуулсан байхад “Гүн -Мөрөн” ХХК-г ялгаварлан гадуурхаж, санхүүгийн тамга тэмдгийг хууль бусаар хураан авч манай аав *******т ял өгөх ажил албан тушаалыг нь булаан авах зорилгоор *******тай бүлэглэн ААН-н бараанд давхар үзлэг шалгалт хийж, гаалийн үйлчилгээний хураамж нэрийдлээр 14,520,000 төгрөг хураан авч ААН-г хохироосон" гэж гэрчүүдийг хууран мэхлэх, холбогдох бичиг баримтыг устгах, хуурамч нотлох баримт бүрдүүлэх зэрэг аргаар *******-р тоот зохиомол хэрэг үүсгэн, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч. 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгээр ялласан.

Харин дээрх хэргийг Сэлэнгэ аймаг дахь прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хянаад *******тай бүлэглэж хэрэг үйлдээгүй гэж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсгийг үндэслэн Эрүүгийн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр надад холбогдох хэрэг гэгчийг хэрэгсэхгүй болгосон,

Мөн Сэлэнгэ аймаг дахь шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 2021\ШЦТ\88-р тогтоолоор *******т хамааралгүй, ААН хувь хүмүүсийн хоорондын асуудал гэж дүгнэн *******-р хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийн 2.3 дахь, мөн хуулийн 45.3 дахь хэсгийн 1.2 дахь, 45.5 дахь хэсгийн 1 дэх, 45.8.1, 45.8.6 дахь, 45.9.1 хэсгийг үндэслэн 2016-2021 он хүртэлх хугацаанд манай а ахуйн нэгжийн олох байсан орлого болох 109,867,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үүнийг төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Прокурорын  татгалзал, тайлбарын агуулга:

“Гүн мөрөн” ХХК-ийн захирал *******г тус компаний үйл ажиллагаатай нь холбогдуулан эрүүгийн хэрэгт 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар татан шалгаж, түүнд холбогдох хэргийг прокуророос 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 12 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэлд хавсрагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “Гүн мөрөн” ХХК-ийн захирал *******г 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 12 хоногийн хугацаанд эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгажээ.

Гэтэл нэхэмжлэлд дээрх 2016-2021 оны хүртэл хугацааны буюу 6 жилийн хугацааны олох байсан орлого 145,200,000 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 109,839,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь  хугацааны хувьд тохирохгүй, ямар үйл ажиллагаанаас олсон орлого гэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тус тус зааснаар засгийн газрын нөөцийн сангаас 62,920,000 төгрөгийг гаргуулж “Гүн мөрөн” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46,947,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

  1. Прокурор Б.Сүрмандахын давж заалдах гомдлын агуулга: 

Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн нөхцөл байдал болон болсон үйл баримттай нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь “Гүн мөрөн ХХК-н захирал *******г *******т холбогдох эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан, шалгахдаа 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар татаж, 12 хоногийн хугацаанд шалгаад, *******д холбогдох хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Гэтэл нэхэмжлэлд дээрх эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас 2016-2021 он хүртэлх хугацааны буюу 6 жил орчмын хугацааны олох байсан орлого 109,867,000 төгрөгийг нэхэмжилсний зарим хэсгийг шүүх  хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

           Нэхэмжлэгч талаас хэрэгт гаргаж өгсөн тус компаний санхүүгийн тайлан болон бусад баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн нотолж чадаагүйг шүүх үнэн зөв дүгнээгүй, ...хэрэгт прокуророос гаргаж өгсөн архивын баримтыг үнэлээгүй, нэхэмжлэлийн дүнгийн хугацааг хамааралгүй хугацаа болох 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

            Иймд Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            5. Гүн мөрөн ХХК-н захирал ******* давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

            Компаний тамга тэмдгийг нотлох баримт болгон хураан авч, буцаан олгохгүй байсаар уг хэрэг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэрээр цагаадах хүртэл ямар ч орлогогүй байсныг Сэлэнгэ аймгийн татварын албанд гаргаж өгсөн тайлангаар тогтоогдоно. 2016 онд олж байсан орлого нь ААН орлогын баримт, авилагтай тэмцэх газрын хураан авсан 785 ширхэг буюу 16,000,000 төгрөгийн орлогын баримтаар нотлогдоно.    

            Нэхэмжлэлд дурдсан 109,867,000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07 өдрийг хүртэл 8 сарын хугацаанд 15,420,000 төгрөг олсон, сард 1,927,500 төгрөг бөгөөд тамга тэмдэг байхгүй үйл ажиллагаа зогссон 52 сард 100,520,000 төгрөгөөр хохирсон.

            Мөн 2016 оны 11-12 сарын хооронд олсон 900,000 төгрөгийн орлого үүнд ногдох 90,000 төгрөгийн татварыг 2018 оны тайланд тусгасан, 2016 оны 14,520,000 төгрөгийн орлогыг 2017 оны тайланд төлнө гэжээ.

            6. Гүн мөрөн ХХК-н захирал *******гийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх 2017-2021 оны 07 дугаар сарын 21-н хүртэлх орлогыг тооцохдоо нэг сард 1,210,000 төгрөг байхаар тооцсон нь бодит байдалтай нийцэхгүй,

Компани 2016 оны 04-р сарын 15-нд анх байгуулагдаж  энэ өдрөөс хойш буюу 2016 оны 12 дугаар сар гартал 8 сар ажиллахдаа 14,520,000 төгрөгийн орлого олж, сард дунджаар 1,927,000 төгрөг, 52 сард 109,867,000 төгрөгийн орлого олохоор байгаа тул үүнийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3. Прокурор “... анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн нөхцөл байдал болон болсон үйл баримттай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь “Гүн мөрөн ХХК-н захирал *******г *******т холбогдох эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан, шалгахдаа 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар татаж, 12 хоногийн хугацаанд шалгаад, *******д холбогдох хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 12 тоот прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Гэтэл нэхэмжлэлд дээрх эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас 2016-2021 он хүртэлх хугацааны буюу 6 жил орчмын хугацааны олох байсан орлого 109,867,000 төгрөгийг нэхэмжилсний зарим хэсгийг шүүх  хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч талаас хэрэгт гаргаж өгсөн тус компаний санхүүгийн тайлан болон бусад баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн нотолж чадаагүйг шүүх үнэн зөв дүгнээгүй, ...хэрэгт прокуророос гаргаж өгсөн архивын баримтыг үнэлээгүй, нэхэмжлэлийн дүнгийн хугацааг хамааралгүй хугацаа болох 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах ” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байх ба уг гомдлыг хүлээн авах үндэслэлтэй,

Харин Гүн мөрөн ХХК-н захирал *******гийн “... анхан шатны шүүх 2017-2021 оны 07 дугаар сарын 21-н хүртэлх орлогыг тооцохдоо нэг сард 1,210,000 төгрөг байхаар тооцсон нь бодит байдалтай нийцэхгүй, компани 2016 оны 04-р сарын 15-нд анх байгуулагдаж  энэ өдрөөс хойш буюу 2016 оны 12 дугаар сар гартал 8 сар ажиллахдаа 14,520,000 төгрөгийн орлого олж, сард дунджаар 1,927,000 төгрөг, 52 сард 109,867,000 төгрөгийн орлого олохоор байгаа тул үүнийг гаргуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэл хэргээс тогтоогдохгүй байна гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь хэргээс судлан үзвэл:

4. Гүн мөрөн ХХК-н захирал *******гийн “...аж ахуйн нэгжийн олох байсан орлого  109,867,000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай  нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан “онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт” гэж ойлгох ба энэ үндэслэлээр анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн гэж үзлээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үндэслэл, журмын дагуу прокурорыг төрийн нэрийн өмнөөс оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна.

5. Нэхэмжлэгч Гүн мөрөн ХХК-ийн захирал *******:   “Гүн мөрөн ХХК нь иргэн Батболд, Мөнх-Од нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2016 оны 04 дүгээр сарын 05-наас 10 дугаар сарын 15-н хүртэл 6 сар хамтран ажиллахдаа Монгол Улсын татварын албанд 14,520,000 төгрөгийн орлого олсон талаар мэдүүлж, 500,000 төгрөгийн татвар төлж байсан.

Дээрх хугацаанд манай аж ахуйн нэгжийг *******тай холбогдуулан мэдээлэл цуглуулж, 2016 оны сүүлээр АТГ-т шилжүүлсэн. ...Сэлэнгэ аймаг дахь прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар тогтоолоор надад холбогдох хэрэг гэгчийг хэрэгсэхгүй болгосон, мөн Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн /нэхэмжлэлд бичсэнээр тусгасан/ 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/88-р тогтоолоор “*******т хамааралгүй, аж ахуйн нэгж хувь хүмүүсийн хоорондын асуудал” гэж дүгнэн ...дугаар хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргасан байх тул  2016-2021 он хүртэлх хугацаанд манай аж ахуйн нэгжийн олох байсан орлого болох 145,200,000 төгрөгийг төрөөс гаргуулах” гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  /1-р боть 1-2/

Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын дүнгээ 109,867,000 төгрөг болгон багасгасан байна. /2-р боть-10/

6. Дээрх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас үзэхэд : Гүн мөрөн ХХК-н захирал ******* нь хуулийн этгээдэд учирсан хохирол гэх 109,867,000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн  2.3, 45.3 дугаар зүйлийн 1.2, 45.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэл болгон тодорхойлсон байна.

Өөрөөр хэлбэл, өөрт учирсан хохирол бус, Гүн мөрөн ХХК-д холбоотой хэрэг хэрэгсэхгүй болсон, хууль бусаар мөрдөгдөж, аж ахуйн нэгжийн тамга, тэмдгийг хураан авснаас тодорхой үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, компаний үйл ажиллагаа 2016 -2021 оны 07 дугаар сарын 21-н хүртэл зогссон, тус аж ахуйн нэгжийн энэ хугацаанд олох байсан орлого нь 109,867,000 төгрөг тул үүнийг гаргуулах гэсэн агуулга илэрхийлсэн  байна.

7. Нэхэмжлэгч ******* нь хохирол учирсан гэх хугацааг шүүхэд анх гаргасан нэхэмжлэлд 2017-2021 он гэж, нэмэгдүүлсэн  шаардлагадаа 2016-2021 оны 07 дугаар сарын 21-н гэж  өөр өөр тусгасан байх тул тэрээр хэдийгээс  хэдий хүртэлх хугацааны хохирол шаардаж буй нь тодорхойгүй.

Гэтэл анхан шатны шүүх 2017 оноос 2021 оны 7 дугаар сарын 21-нийг хүртэл нийт 52 сар ... үйл ажиллагаа нь зогссон гэж үзсэн нь ойлгомжгүй.

8. Гүн мөрөн ХХК-ний захирал ******* нь иргэн Батболд, М.Мөнх-Од нартай  хамтран ажиллаж байсан гэх ба хэрэгт  “харилцан ажиллах гэрээ“ авагдсан байх боловч уг гэрээгээр талууд ямар ажил үйлчилгээ гүйцэтгэхээр тохирсон нь тодорхойгүй  байдаг./хэргийн1-р боть 5-8/

9. Хэргийн 1-р боть 4-р талд  улсын бүртгэлийн 000072243 тоот гэрчилгээ авагдсан байх ба үүнээс үзвэл Гүн мөрөн ХХК нь гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж байх бөгөөд уг гэрчилгээний нэмэлт өөрчлөлт оруулсан хэсэгт ачих, буулгах үйлчилгээ эрхлэх  үйл ажиллагааг шинээр 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн байна.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-т  “Монгол улсын иргэн,...нь мөрдөгч,прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх,..., сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон...бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж заасан.

Харин ямар ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.5 дахь заалтад нэрлэн зааж уг ажиллагааны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгахыг, мөн ямар тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсч болохыг дээрх зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.4 дэх заалтад тус тус хуульчлан зохицуулсан.

11. Гүн мөрөн ХХК-н захирал *******г мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн хэрэгт сэжигтнээр тооцон шалгах үндэслэлтэй гэж 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр түүнд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ  авсан. /1-р боть 25/

Мөн 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ...Гүн мөрөн ХХК-н захирал *******г  /2002 оны/ Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж  яллагдагчаар татсан. /хэргийн 1-р боть 26-39/

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн12 дугаар прокурорын тогтоолоор яллагдагч *******гийн үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна./1-р боть 57-58/

Энэ нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татсан гэж үзэх  үндэслэл болохгүй байна.

12. Дээрх үндэслэлүүдээр Гүн мөрөн ХХК-н орлого тодорхой бус, мөн ямар хохирол учирсан, ямар учраас 109,867,000 төгрөгийн орлого олох байсан гэж үзэж байгаа, энэ нь ямар үйл ажиллагаанаас олсон орлого болох, ******* гэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасантай уг нэхэмжлэл ямар холбоо, хамааралтай зэрэг нь тодорхойгүй.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3, 45.3 дугаар зүйлийн 1.2, 45.5 дугаар зүйлийн 1 дэх заалт,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.4 дэх хэсгүүдэд  заасан үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 62,920,000 төгрөгийг засгийн газрын нөөцийн сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

13. Иймд  анхан шатны шүүх  хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг  хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Сэлэнгэ  аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 411 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Гүн мөрөн ХХК-н захирал *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д  зааснаар прокурор болон нэхэмжлэгч  ******* нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

       

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Л.АМАРСАНАА

                                                        ШҮҮГЧИД                                  Я.ТУУЛ

                                                                        Х.БАЙГАЛМАА