Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 141/шш2022/00212

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар “....” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б, Б.Б нарт холбогдох “Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөр 9,945,222 төгрөг, зээлийн хүү 659,205 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,323, нотариатын зардал 6,250  төгрөг, нийт 10,617,000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, хариуцагч Л.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “..” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Л.Б, хамтран зээлдэгч Б.Б нар нь банктай 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1400024794 дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, 1400024794-1 дугаартай ипотекийн гэрээг байгуулан 13,500,000 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь зээлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлдэгч Л.Б-ийн Хас банк дахь 5000582016 дансанд шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь банктай байгуулсан 1400024794 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс буюу олголт хийсний дараагийн сараас эхлэн зээлийн гэрээний зүйл заалтыг удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг төлөхгүй, дутуу төлж хугацаа хэтэргэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 105 хоног хугацаа хэтрүүлснээр зээл хэвийн бус ангилалтай чанаргүй зээл болсон байна. Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж, утсаар холбогдож, биечлэн уулзаж байсан хэдий ч зээлдэгч болон хамтран зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 1400024794 тоот дансны үндсэн зээлд 3,554,779 төгрөг, зээлийн хүүд 1,811,240 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,154 төгрөгийг төлсөн. 1400024794 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээгээр Л.Б, Б.Б нарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0905001432, ГД-000501740 дугаартай Завхан, Тосонцэнгэл сумын 1-р багийн 4 гудамж 47/4a тоот хаягтай 64 м2 талбайтай хувийн сууц, Л.Б, Б.Б нарын эзэмшлийн Завхан, Тосонцэнгэл сум, 1-р баг, 4 гудамж 47/4а хаягтай 000669702 гэрчилгээний дугаартай 67 м2 газрын хамт барьцаалсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4, 5.1.5 дахь заалтуудыг үндэслэн банк санаачлан гэрээг цуцлан 1400024794 дугаартай барьцааны гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 9,945,222 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаарх хүү 659,205 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,323, нотариатын зардал 6,250  төгрөг, нийт 10,617,000 төгрөгийг Л.Б, Б.Б нараас гаргуулах, зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурдсан барьцааны үл хөдлөх хөрөнгүүдээс болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү. Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүү болон зээл төлүүлэхтэй холбоотой бусад зардлыг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийн байдлаар хариуцагч нар нь зээлийн төлбөрт 2,074,250 төгрөг төлсөн. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 8,863,720 төгрөг, нотариатын зардал 6,250 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 255,022 төгрөг, нийт 9,124,992 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

Хариуцагч Л.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Хас банканд төлөх нийт зээлийн төлбөр 10,617,100 төгрөгөөс 2,074,250 төгрөг төлсөн. Үлдэгдэл зээлийн төлбөрийг 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл буюу 10 сарын хугацаанд хуваан төлөх боломж олгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний Хас банканд төлөх зээлийн төлбөрийг 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл буюу 10 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд “...” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 3-р тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4-5-р тал/, “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-314 дугаартай шүүхэд төлөөлөх эрх олгосон тушаалын хуулбар /хх-ийн 6-р тал/, “...” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн В/134 дугаартай С.Ж-г албан тушаалд жинхлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар /хх-ийн 7-р тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 8-р тал/, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №1400024794 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 9-12-р тал/, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №1400024974-1 дугаартай ипотекийн гэрээний хуулбар /хх-ийн 12-14-р тал/, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №1400024974-2 дугаартай барьцааны зээлийн гэрээний хуулбар, барьцаа хөрөнгийг жагсаалт /хх-ийн 15-17-р тал/, зээлийн мэдэгдлийн хуудас, зээл олгох шийдвэр /хх-ийн 18-р тал/, дансны хуулга /хх-ийн 19-22-р тал/, зээлдэгч Л.Б, Б.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 23-24-р тал/, Б.Б газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Б.Б, Л.Б нарын үл хөдлөх гэрчилгээний хуулбар /хх-ийн 25-26-р тал/-ыг тус тус хавтаст хэрэгт авагдсан байна.

Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно...” гэж тус тус заасан байна.

“...” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А-314 дугаартай тушаалаар .. банкны салбар, тооцооны төвийн захиралд ...банктай байгуулсан зээлийн ...гэрээний үүргийг хангуулахтай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах, ...тухайн нэхэмжлэл, хүсэлтэд гарын үсэг зурж холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд банкийг шүүхэд төлөөлөх эрхийг олгосон байна.

“...” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн В/134 дугаартай тушаалаар С.Ж-ыг Завхан салбарын харьяа Тосонцэнгэл сум дахь Тооцооны 40 дүгээр төвийн захирлын албан тушаалд 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон байна.

Иймд “..” ХХК нь салбар, тооцооны төвийн захирлуудад шүүхэд төлөөлөх эрх олгож, уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байх тул С.Ж нь “...” ХХК-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд оролцох эрхтэй байна.

Нэхэмжлэгч “...” ХХК-ний шүүхэд гаргасан хариуцагч Л.Б, Б.Б нартай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийн 1400024794 тоот, ипотекийн 1400024794-1 тоот, барьцааны 1400024794-2 тоот гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг нийт 9,124,992 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “...” ХХК нь хариуцагч Л.Б, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг болох 10,617,100 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар зээлийн төлбөрт 2,074,250 төлсөн тул нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хариуцагч нараас зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 8,863,720 төгрөг, нотариатын зардал 6,250 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 255,022 төгрөг, нийт 9,124,992 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “...” ХХК нь шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлд 2022 оны 07 дугаар сарын 22-ний өдөр иргэний хэрэг үүсгэж нэхэмжлэлийн хувийг хариуцагч Л.Б-д 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, хариуцагч Б.Б-д 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус тус гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шидвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Б-г 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор, хариуцагч Б.Б-г 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус тус хариу тайлбараа ирүүлэхийг даалгасан байна.

Гэвч хариуцагч Л.Б нь хариу тайлбараа 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, хариуцагч Б.Б нь хариу тайлбараа 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус тус ирүүлсэн бөгөөд шүүхээс даалгасан хариу тайлбар ирүүлэх хугацааг хэтрүүлж тус бүр тайлбараа ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болно. Хариуцагч нь хуульд заасан дээрх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тохиолдод мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байдаг тул хариуцагч Л.Б, Б.Б нарыг нэхэмжлэгч “...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Л.Б, Б.Б нар нь зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 9,124,992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 1400024794 тоот зээлийн гэрээ, 1400024794-1 ипотекийн гэрээ, 1400024794-2 тоот барьцааны тус тус байгуулагдаж, уг гэрээгээр Л.Б-д  13,500,000 төгрөгийн зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар, жилд 19,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх 9-22-р тал/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон хариуцагч Л.Б, Б.Б нарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0905001432, ГД-000501740 дугаартай Завхан, Тосонцэнгэл сумын 1-р багийн 4 гудамж 47/4a тоот хаягтай 64 м2 талбайтай хувийн сууц,

Б.Б-ы эзэмшлийн Завхан, Тосонцэнгэл сум, 1-р баг, 4 гудамж 47/4а хаягтай 000669702 гэрчилгээний дугаартай 67 м2 газрыг барьцаалсан гэрээ байгуулсан байна. /хх-ийн 12-17-р тал/

Шүүх дээрх гэрээ тус бүрийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон шаардлагыг хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар дээрх зээлийн гэрээний дагуу 13,500,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж, зээлийн гэрээний 3.2.1-т “...зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар  зээлдэгч нь зээлээ төлөх үүргийг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийг шүүхэд хандах хүртэлх хугацаанд 105 хоногийн хугацаа өнгөрсөн байна.

            Түүнчлэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7.1-д “зээлдэгч нь зээл болон хүүг 2.2-т заасан үндсэн болон эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд тухайн хугацаанд гүйцэтгээгүй үндсэн зээлийн дүнгээс 2.4-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцно” гэж, 2.4-т “Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүү /үндсэн болон хэтэрсэн хугацааны/-гийн 20% байна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.1.1-т “зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол банк санаачлан гэрээг цуцалж зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч нарыг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

            Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, хуулийн 156.2 дахь “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх...” гэж тус тус заажээ.

            Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээг байгуулсан, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 14000247941, 1400024974-2 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

 Мөн барьцааны зүйл болох Л.Б, Б.Б нарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0905001432, ГД-000501740 дугаартай Завхан, Тосонцэнгэл сумын 1-р багийн 4 гудамж 47/4a тоот хаягтай 64 м2 талбайтай хувийн сууц,

Б.Б-ы эзэмшлийн Завхан, Тосонцэнгэл сум, 1-р баг, 4 гудамж 47/4а хаягтай 000669702 гэрчилгээний дугаартай 67 м2 газрын гэрчилгээнүүдийн хуулбар хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. /хх-ийн 25-26-р тал/,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” гэж зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй,барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “...” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй байна.

Иймд Нэхэмжлэгч “...” ХХК хариуцагч Л.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1400024794 тоот зээлийн, 1400024794-1 тоот ипотекийн, 1400024794-2 тоот барьцааны гэрээг цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 9,124,992 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,022 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 255,022 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “...” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “...” ХХК, Л.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1400024794 тоот зээлийн, 1400024794-1 тоот ипотекийн, 1400024794-2 тоот барьцааны гэрээг цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 9,124,992 /есөн сая нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “...” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Б, Б.Б нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны Л.Б, Б.Б нарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0905001432, ГД-000501740 дугаартай Завхан, Тосонцэнгэл сумын 1-р багийн 4 гудамж 47/4a тоот хаягтай 64 м2 талбайтай хувийн сууц,  Б.Б-ы эзэмшлийн Завхан, Тосонцэнгэл сум, 1-р баг, 4 гудамж 47/4а хаягтай 000669702 гэрчилгээний дугаартай 67 м2 газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,022 /хоёр зуун тавин таван мянга хорин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б, Б.Б нараас 255,022 /хоёр зуун тавин таван мянга хорин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “...” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ