Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 205/МА2023/00002

 

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 141/ШШ2022/00212 дугаар шийдвэртэй

Г.*******гийн нэхэмжлэлтэй, Ш.*******д холбогдох Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,474,650 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ш.*******ны давж заалдах гомдлоор 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Ш.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Тосонцэнгэл сумын худалдааны гудамж ******* мини маркет дэлгүүрийн өмнө Ш.******* нь ******* ЗАА улсын дугаартай Allion маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож ухрах хөдөлгөөн хийх явцдаа дэлгүүрийн өмнөх зогсоолд тавьсан байсан миний эзэмшлийн ******* УНО улсын дугаартай LexusHS250h маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, буруу талын урд болон хойд хаалгыг хонхойлгон зурж хохирол учруулсан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ХХК-ийн хохирлын үнэлгээ гарч будаг замаск болон засварын үнэ нийт 505,350 төгрөгийг аас миний дансанд шилжүүлсэн. Миний бие 2009 онд үйлдвэрлэгдсэн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгслийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* корпорац ББСБ-аас зээлээр авсан бөгөөд тухайн хэрэг болох үед Ш.******* бүх хохирлыг барагдуулна гээд цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй юм. Одоо болохоор хариуцагч тал даатгалын компани хохирлыг бүгдийг нь барагдуулсан гэх бөгөөд миний бие үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн машины хоёр хаалгыг шинээр солиулж, хохиролгүй болох хүсэлтэй байгаа тул нийт хохирол 1,980,000 төгрөгөөс даатгалын компаниас авсан 505,350 төгрөгийг хасаж үлдсэн мөнгийг нэхэмжилсэн. Машины урд хаалгыг худалдаж авахад 850,000 төгрөг, тухайн хаалгыг засварлахад 600,000 төгрөг, хойд хаалгыг 1,000,000 төгрөгөөр худалдаж авна.

Нийт зардал нь 2,450,000 төгрөг болно. Үүнээс даатгалын компаниас надад олгосон 505,350 төгрөгийг хасаж тооцоход 1,944,650 төгрөг болж байгаа бөгөөд энэ мөнгөнөөс 470,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй. Иймд Ш.*******ас 1,474,650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

...Миний хувьд осол гаргаж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Г.******* замын цагдаад мэдэгдэж, авто тээврийн байцаагч, даатгалын компанийн төлөөлөгч Б. нар ирсэн. Авто тээврийн байцаагч ирээд хохирлын асуудлаа даатгалын компаниар шийдвэрлүүлэх үү гэж асуухад тийм ээ, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулаагүй тул даатгалын компаниар шийдүүлэх боломжтой гэж хэлээд явсан. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир даатгалын компаниар хохирлыг төлүүлж барагдуулъя гэж бодсон. Г.*******гийн хувьд машинаа зогсоолд бүрэн оруулж тавиагүй хөндлөн зогсоочхоод дэлгүүр лүү орсон байсан. Би ын Завхан аймаг дахь салбарын дарга Г. гэх хүнээс даатгалын компани миний учруулсан хохирлыг 100 хувь барагдуулах уу, эсхүл тодорхой хувиар барагдуулах уу гэж асуухад та ын албан журмын даатгалд даатгуулсан учир хохирлыг даатгалын компаниас 100 хувь төлж барагдуулна гэсэн хариулт өгсөн. Тийм учраас даатгалын компаниас Г.*******гийн хохирлыг бүрэн барагдуулах юм байна гэж ойлгосон. Даатгалын компани нь үнэлгээ хийлгүүлээд үнэлсэн дүнгээр нь хохирлыг төлсөн учир хохирлыг бүрэн төлсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1, 444.2 дахь хэсэгт Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй, Гуравдагч этгээд өөрт учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр даатгагчид шууд шаардлага гаргасан бол даатгагч гэрээгээр хүлээсэн үүргийн хэмжээнд уг гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлийг хариуцагчид биш даатгалын компанид холбогдуулан гаргавал зохистой гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Иргэдийн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Даатгалын компаниас нэхэмжлэгч Г.*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна...гэжээ.

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 141/ШШ2022/00212 дугаар шийдвэрээр

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч Ш.*******д холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,474,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ш.*******ас 1,474,650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 38,544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******ас улсын тэмдэгтийн хураамж 38,544 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.ын давж заалдах гомдлын агуулга:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 сарын өдрийн 141/ШШ2022/00212 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах

Гомдлын үндэслэл

1.Хэргийн үйл баримтыг үнэн зөв дүгнэж шийдвэрлээгүй байх

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14- ний өдрийн 141/ШШ2022/00212 дугаартай шүүхийн шийдвэрийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гардаж авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Талуудын дунд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 93-22 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргжж гэмтээсэн нөхцөл байдлын улмаас 1,474,650 хохирол нэхэмжилсэн иргэний хэргийг тус шүүх шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Г.******* нь 2022 оны 08 сарын 10-ны өдөр тус шүүхэд Ш*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ lexus YS250L маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг хаалга 800000 төгрөг нийлээд 1,600,000 төгрөг, хаалга будуулах 300,000 төгрөг, Улаанбаатараас ирэх тээврийн хэрэгслийн зардал 800,000 төгрөг нийт 1,474,650 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шүүх 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 723 дугаартай захирамжаар "Иргэний хэрэг" үүсгэсэн" Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1- 1 заасныг баримтлан захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтаар уг нэхэмжлэлийг хүлээн авсан байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох" баримтын бүрдүүлбэр хангахгүй нэхэмжлэгч юуг хэнээс хэрхэн шаардаж байгаа талаар нотлох үүргийг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байхад хэргийг хүлээж авсан нь 65.1.11 дугаар зүйлд заасныг зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл: Хаалга солиход шаардлагатай 1,600,000 төгрөг, хаалга будуулах үнэ 300,000 төгрөг Улаанбаатараас тээврийн хэрэгслийн зардал 800,000 төгрөг, нийлбэр дүн 1,474,650 төгрөг гэж байгаа нь тодорхой бус юм. Мөн уг хаалга солих, хаалга будуулах шаардлагатай зардал, машины хаалга ачиж ирсэн зардлыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаар нотлоогүй.

2. Нэмжлэгч нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулсан тухайд:

Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нэхэмжлэгч "" ХХК-иар гаргуулж уг үнэлгээгээр 505,350 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэснийг хариуцагч барагдуулсан байна. Та нэхэмжлэгч машины хаалга засварын газраар солиулсан мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэл муутай байна.

Хохирлын үнэлгээг харгалзан үзэж "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал"-аас нөхөн барагдуулсан үйл баримт хэрэгт авагдсан, хариуцагч маргаагүй байхад шүүх дүгнээгүй нь хуульд нийцэхгүй үндэслэл муутай шийдвэр болсон.

3. Хууль хэрэглээний алдаатай шийдвэрийг гаргасан тухайд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлалын хууль зүйн үндэслэлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу 1,474,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох шаардлагатай гэж дүгнэсэн.

Гэтэл уг хууль зүйн үндэслэлийн урьдчилсан нөхцөл нь хэн нэгэнд гэм хор учирсан нөхцөл байдлыг тогтоосон эрх албан тушаалтны шийдвэр байхыг шаарддаг.

Хэрэгт цугларсан баримтаас харвал осол үйлдсэн, гэм хор учирсныг цагдаагийн байгууллага эрх бүхий албан тушаалтан зөрчлийг тогтоосон баримт байдаггүй. Шүүх дээрх хууль зүйн үндэслэлийг баримталж шийдвэр гаргасан хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 141/ШШ2022/00212 дугаартай шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь хариуцагч Ш.*******ас 1.474.650 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 1.000.000 төгрөг гаргуулахаар эвлэрэх боломжтой гэв. 

Хариуцагч Ш.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгчийн гаргасан 1.000.000 төгрөг өгч авалцахаар эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ш.*******д холбогдуулан эд хөрөнгөнд хохирол учруулсны хохиролд 1.474.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ш.******* гэм хорын хохирлыг бүхэлд нь даатгалын байгууллага хариуцах ёстой гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Ш.******* нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ******* ЗАА улсын дугаартай Allion маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож Тосонцэнгэл сумын худалдааны гудамж ******* мини маркет дэлгүүрийн өмнөх талбайд ухрах хөдөлгөөн хийх явцдаа ******* УНО улсын дугаартай Leхus HS250h маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, буруу талын урд болон хойд хаалганд эвдрэл гэмтэл учруулсан үйл явдал болсон, дээрх үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.*******гийн автомашинд хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь зах зээлийн ханшаар тухайн маркийн автомашины урд талын хаалга 850.000 төгрөгийн, хойд талын хаалга 1.000.000 төгрөгийн үнэтэй бөгөөд урд талын хаалгыг засварлахад 600.000 төгрөг нийт 2.450.000 төгрөг болно. Үүнээс даатгалын компаниас гаргуулсан 505.350 төгрөгийг хасаж тооцон хариуцагчаас 1.474.650 төгрөг нэхэмжилж байсан байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,474.650 төгрөгөө багасгаж 1000.000 төгрөг болгож, хариуцагч Ш.******* 1.000.000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн байна.

Эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удир;лага болгон Тогтоох нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 141/ШШ2022/00212 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ш.*******ас 1.000.000 төгрөг авахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР 

Б.АРИУНБАЯР