Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 757

 

                                   Д.Э-, Д.Т- нарын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/00436 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Д.Э-, Д.Т- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Э-, Д.Т- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

НШШГГ- Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Бага тойруу гудамж, 0-00 тоот хаягтай, үл хөдлөх хөрөнгийг 75 000 000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулсан байна. Уг өмч нь Д.Д-ын нэр дээр байдаг хэдий ч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасан Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө хамтран өмчлөх дундын хөрөнгө байна” гэсэн үндэслэлээр дээрх хөрөнгө Д.Д, 2013 оны 0 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Д.Э, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Д.Т нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. НШШГГ- барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах зорилгоор үнэлгээ хийхдээ өмчлөгч нараас үнийн санал авалгүй, өөрсдийн үзэмжээр үнэлгээ зохиосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд ншшгг-аас Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Бага тойруу, 45-р байрны 17 тоотод хаягтай, Ү-0000000000-т улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 75 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 00000 тоот шийдвэрээр 0000 тоот төлбөр төлөгч Д.Д 50 256 400 төгрөгийг 2017 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, бага, тойруу 00 дугаар байр, 00 тоот, 41 м.кв талбайтай, хувийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1 047 961 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МТ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. ШГА-Г 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Д.Д-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Д.Д-ын өмчлөлийн эрхийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, бага, тойруу 00 дугаар байр, 00 тоот, 41 м.кв талбайтай, хувийн орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000/00/00 тогтоолоор битүүмжилж, 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 000/0000000 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Д.Д-ыг 00000000 дугаарын утсаар дуудан ирүүлж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад 150 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч талд мэдэгдэхэд хүлээн зөвшөөрсөн. Төлбөр төлөгч Д.Д-т 2010 оны 6 сарын 15-нд 0/000000 дугаартай үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчид гардуулж өгсөн. Мөн 2010 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн албан дуудлага худалдааны мэдэгдлийг 2010 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 0/00000 дугаартай мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлсэн. Талуудын харилцан тохиролцсон үнэ болох 150 000 000 төгрөгийн 70 хувь 105 000 000 төгрөгөөр 2010 оны 0 дугаар сарын 3-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны харилцан тохиролцсон үнэ болох үнэ олох 150 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 75 000 000 төгрөгөөр 2010 оны 0 дугаар сарын 3-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 75 000 000 худалдан борлогдсон. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч Д.Дг-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-ын үл хөдлөх хөрөнгийг 75 000 000/далан таван сая/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Д.Э-, Д.Т- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Э-, Д.Т- нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр давж заалдах гомдолдоо:

... Д.Э-, Д.Т- нар Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо Бага тойруу гудамж 0-00 тоотод байх үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч учир өмчийнхөө эрхийг хамгаалж анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл анхан шатны шүүх 3 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох нь нотлогдохгүй байна ... хэмээн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал .Д.Э, Т гэсэн төрсний гэрчилгээний хуулбараар Д.Э-, Д.Т- нарыг Д.Д-ын гэр бүлийн гишүүн болохыг нотолсон. Дээрх нотолгоо нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” хамтран өмчлөх дундын хөрөнгө байна гэсэн хуулийн зохицуулалтад хамаарах учир 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч нь Д.Э-, Д.Т- нар болох нь эргэлзээгүй нотлогдсон. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж нотлогдохгүй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Э-, Д.Т- нар НШШГГ-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргасан байна.

 

            Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хамтран өмчлөх дундын өмчийг үнэлэхдээ хамтран өмчлөгч нараас санал аваагүй...” гэж тайлбарлаж байна.

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 101/ШЗ2017/10759 тоот захирамжаар Д.Д-аас 50 256 400 төгрөг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн 15 000 төгрөгийн хамт гаргуулж, “МБ ББСБ” ХХК-д олгох, нэхэмжлэгч дээрх мөнгийг 2017 оны 0 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид тохиролцсон эвлэрлийг шүүх баталсан байна. / хх-ийн 3 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд НШШГГ- төлбөр төлөгч Д.Д-ын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр битүүмжилж, 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хураасан, нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Д.Д- төлбөр авагч “МБ ББСБ” ХХК хүлээн зөвшөөрчээ. Үл хөдлөх эд хөрөнгөө 150 000 000 төгрөгөөр үнэлснийг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 27, 32-34 дугаар тал/

 

            Зээлийн гэрээний барьцаанд тавьсан Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Бага тойруугийн 00 дугаар байр 00 тоотод байрлах 41 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Д- бүртгэгдсэн болохыг нэхэмжлэгч нар үгүйсгээгүй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 0000/ШЗ000/00000 тоот хүчин төгөлдөр захирамжаар дээрх байрны өмчлөгчөөр Д.Д- бүртгэгдсэн болох нь тогтоогдсон үйл баримт байна. /хх-ийн 3 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар гэр бүлийн дундын өмчлөгч байгаа тохиолдолд өөрт ногдох хэсгээ шаардах эрхтэй.

 

            Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж заасан зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх үүссэн буюу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүдэд холбоотой юм.

 

            Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн тухай заалт нь зөвхөн гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих шаардлагад хамааралтай юм.

 

            Харин өмчлөгчийн бусадтай хийсэн гэрээ хэлцлийн улмаас гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол гэр бүлийн гишүүнээс хохирлоо шаардах эрх нээлттэй байгаа болно.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/00436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

 

Ц.ИЧИНХОРЛОО