Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 00436

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Э/РД: /,

 

Нэхэмжлэгч: Д./РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н газарт холбогдох, 

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Э, Д.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н газар Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу гудамж, 4-17 тоот хаягтай, Ү-2203006254-р улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 75 000 000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулсан байна.

Уг өмч нь Д.Даваажавын нэр дээр байдаг хэдий ч МУ-ын ИХ-ийн 126-р зүйлийн 126.2.4-т заасан “Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусап хөрөнгө ... хамтран өмчлөх дундын хөрөнгө байна.” гэсэн үндэслэлээр дээрх хөрөнгө Д.Даваажав, 2013.08.24-нд төрсөн Даваажавын Э, 2016.12.16-нд төрсөн Даваажавын Тэнүүн нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө юм.

Н газар барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах зорилгоор үнэлгээ хийхдээ өмчлөгч нараас үнийн санал авалгүй, өөрсдийн үзэмжээр үнэлгээ зохиосон нь ИХ-ийн 177-р зүйлийн 177.1-т заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд НШШГГ-аас Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу, 45-р байрны 17 тоотод хаягтай, Ү-2203006254-т улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 75 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгоно уу.” гэв.

 

Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Даваажавын Д.Э, Д.Т нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 10759 тоот шийдвэрээр 6045 тоот төлбөр төлөгч Дашдоржийн Даваажаваас 50 256 408 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006254 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага, тойруу 45 дугаар байр, 17 тоот, 41 м.кв талбайтай, хувийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1 047 961 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мөнгөн буудай” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Д.Даваажавд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Д.Даваажавын өмчлөлийн эрхийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006254 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага, тойруу 45 дугаар байр, 17 тоот, 41 м.кв талбайтай, хувийн орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 153/12/13 тогтоолоор битүүмжилж, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 153/17281122 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Д.Даваажавыг 88112930 дугаарын утсаар дуудан ирүүлж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад 150 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч талд мэдэгдэхэд хүлээн зөвшөөрсөн.

Төлбөр төлөгч Д.Даваажавт 2018 оны 06 сарын 15-нд 4/010181 дугаартай үнэлгээний мэдэгдэлийг төлбөр төлөгчид гардуулж өгсөн.

Мөн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн албан дуудлага худалдааны мэдэгдэлийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4/10984 дугаартай мэдэгдэлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлсэн.

Талуудын харилцан тохиролцсон үнэ болох 150 000 000 төгрөгийн 70 хувь 105 000 000 төгрөгөөр 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны харилцан тохиролцсон үнэ болох үнэ олох 150 000 000 төргөгийн 50 хувиар тооцон 75 000 000 төгрөгөөр 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 75 000 000 худалдан борлогдсон.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч Д.Даваажавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Э, Д.Т нар хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар ирүүлсэн.

 

2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Н газарт 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн боловч хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэнгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10759 дугаар захирамжаар Д.Даваажаваас 50 256 408/тавин сая хоёр зуун тавин зургаан мянга дөрвөн зуун найм/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 15 000/арван таван мянга/ төгрөгийг гаргуулан “Мөнгөн Буудай ББСБ” ХХК-д олгохоор, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Улсын бүртгэлийн Ү-2203006254 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, 45 дугаар байр, 17 тоот, 3/гурав/ өрөө орон сууц/цаашид “3 өрөө орон сууц” гэх/-р үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1008 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17281122 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн болох нь 10759 дугаар шүүгчийн захирамжийн болон 1008 дугаар гүйцэтгэх хуудсын, 17281122 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 оны/ 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2017 оны/ 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8-д зааснаар хариуцагч нь төлбөр төлөгч Д.Даваажавын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр битүүмжлэн, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хураасан болох нь 153/12/13 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон 153/17281122 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан ... тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор ... төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлбөгч Д.Даваажав нь 3 өрөө орон сууцыг 150 000 000/нэг зуун тавин сая/ төгрөгөөр үнэлсэн байх ба уг үнэлгээг төлбөр авагч “Мөнгөн буудай ББСБ” ХХК зөвшөөрсөн болох нь Д.Даваажавын тодорхойлолтын болон “Мөнгөн буудай” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1/47 албан бичгийн хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий ... гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.” гэж заасан.

 

3 өрөө орон сууцны өмчлөгч нь Д.Даваажав болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10759 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

3 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох нь нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь ... хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ... эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Д.Даваажав нь 3 өрөө орон сууцыг “Мөнгөн буудай ББСБ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10759 дугаар захирамжийн хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т “Дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна.”, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн ... 70 хувиар тооцон тогтооно ...”, 177 дугаар зүйлийн 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон ... зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр явуулсан болох нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4/10984 мэдэгдлийн болон 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 4/11720 мэдэгдлийн хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 3 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг 70/дал/ хувиар буюу 105 000 000/нэг зуун таван сая/ төгрөгөөр тооцон, 2 дахь дуудлага худалдааны доод үнийг 50/тавь/ хувиар буюу 75 000 000/далан таван сая/ төгрөгөөр тооцон тогтоосон нь хуульд нийцсэн байна.

 

Улсын бүртгэлийн Ү-2203006254 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, 45 дугаар байр, 17 тоот, 3/гурав/ өрөө орон сууцыг 75 000 000/далан таван сая/ төгрөгөөр тооцон тогтоосон үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н газрын үл хөдлөх хөрөнгийг 75 000 000/далан таван сая/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Д.Э, Д.Тэнүүн нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н газрын үл хөдлөх хөрөнгийг 75 000 000/далан таван сая/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Д.Э, Д.Тэнүүн нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Э, Д.Т нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ