Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2022/01045

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2022/00864/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овогт Б.А /РД:.., Утас:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ... сум, ... багт байрлах Д.т.ү.гт холбогдох,

 

"Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаар ажилласан хугацааг үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасны дагуу Б.А-ийг өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг, ажлаас чөлөөлөх тушаал гаргуулахыг тус тус хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б овогтой А нь НААҮГазарт 2014-2020 он хүртэл диспетчерийн үүрэг гүйцэтгэж байгаад 2020 оны 7 дугаар сарын 01-нд цус харвасан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж группт орсон. Нэг жилийн хугацаатай цалингүй чөлөө авсан. Үүнийг хүний нөөцийн ажилтан Ц.Б чөлөөний хугацаа дууссан тул ажлаас халагдсан мэтээр нягтлан бодогч О-т буруу мэдээлэл өгч нөхөн олговор хасуулсан. Групп дахин сунгагдсан байсныг хүчингүйд тооцсон. Энэ асуудалд гомдолтой байгаа учир нөхөн олговрын мөнгийг журмын дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014-2020 он хүртэл ажиллаж байсан байна. Хариуцагч маань Төрийн албан хаагчид олгох буцалтгүй тусламжаа буруу ойлгосон гэж үзэж байна. Сүүлийн 3 жилийг тасарсан байна уу гэдгийг харах ёстой байсан. Гэтэл календарийн хугацаагаар яриад байна, энэ журам тухайн хүний ажилласан жилийг тооцож байгаа. Энэ журам дээр ажилласан жилийг тооцно гэсэн бол 5 жил 8 сар ажилласан байна. Хууль зүйн мэдлэг үнэхээр муу байна. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д үндсэн цалингийн дунджаас ажилласан жилийг тооцож олгоно гэсэн заалтад хамаарч байна. Тухайн үед 2020 оны 01 дүгээр сард Нийтийн аж ахуй үйлчилгээний газар гэсэн нэрээр байсан. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох заалтаар болзлыг хангасан гэх хууль зүйн үндэслэлтэй байна. Би бол хардаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т зааснаар хэн нэгэн хүн авсан юм биш байгаа гэсэн бодол надад төрөөд байна. Танай байгууллага халагдсан тушаалыг нөхөж гаргах хэрэгтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.3-т зааснаар энэ бүх эрхийг нь хангаад өгөөч ээ, нөхөж халсан тушаалыг нь олгооч ээ гэв.

 

Хариуцагч Д.т.ү.г ОНӨААТҮГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албан хаагч нийтдээ 5 жил сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан байх ёстой гэсэн заалт хамгийн чухал. Б.Аийг хэдэн төгрөг авах вэ гэдгийг тооцохдоо сүүлийн 3 жилийнх нь цалингийн дунджийг санхүүгээс өгч манайх төсвөө батлуулдаг. Олгоё гэж бодохоор манай ажилтан биш байгаад байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3 гэж ярьж байна. Өөр заалтаар халсан тохиолдолд энэ тэтгэмжийг олгоно гэсэн байдаг. гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь Д.т.ү.гт холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаар ажилласан хугацааг үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасны дагуу Б.Аийн өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хариуцагчид даалгуулах тухай шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа нь нэхэмжлэгч Б.Аийг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байх тул ажлаас чөлөөлсөн тушаал гаргуулахыг Д.т.ү.гт даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. Тус шаардлагатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах, тайлбар өгөх хугацаа тогтоох шаардлагагүй буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Атэй 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 137 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Б овогтой Аийг диспетчерийн ажилд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн туршилтын 1 сар хүртэлх хугацаатай томилж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулсан байна.

Улмаар 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дугаартай тушаалаар Б.А нь эрүүл мэндийн шалтгааны улмаас захиргаанаас чөлөө хүссэн тул 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн диспетчерийн албан тушаалаас 1 жилийн хугацаатай цалингүй түр чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч нь түр чөлөөлөгдсөн цагаас хойш буюу 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалсан нь хувь, хугацаа тогтоосон 0375661, 0466124, 0520157 тоот актуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2-т ...сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ., 2.1-д Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно гэж тус тус заасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төрийн албан хаагч нийтдээ 5 жил сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан байх ёстой гэсэн заалт хамгийн чухал. Б.Аийг хэдэн төгрөг авах вэ гэдгийг тооцохдоо сүүлийн 3 жилийнх нь цалингийн дунджийг санхүүгээс өгч манайх төсвөө батлуулдаг. Олгоё гэж бодохоор манай ажилтан биш байгаад байна. гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийг сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажиллаагүй гэж үзэхтэй хамааралгүй, энэ талаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2014 оны 11 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл ... аймгийн тохижилт үйлчилгээний газраас нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримт хэрэгт авагдсан байна. Иймд хариуцагчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.1-д Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө. гэж заасан.

Д.т.ү.г орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 136 дугаартай албан бичигт ...Б.Аийг ...ажлаас чөлөөлсөн болон чөлөө сунгагдсан, халагдсан тухай 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 тоот тушаалаас өөр тушаал гараагүй болно. гэснээс үзэхэд нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөгдсөн тушаал ажил олгогчийн зүгээс гаргаагүй нь тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр Д.т.ү.г орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаар ажилласан хугацааг үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасны дагуу Б.Аийн өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг, ажлаас чөлөөлөх тушаал гаргуулахыг тус тус хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Б.Аийн нэхэмжлэлтэй, Д.т.ү.г орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаар ажилласан хугацааг үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасны дагуу Б.Аийн өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг, ажлаас чөлөөлөх тушаал гаргуулахыг тус тус хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС