Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 209/МА2022/00040

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00864/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 22-ны өдрийн 262 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “3,300,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 8 бярууг тус бүрийг 800,000 төгрөгөөр тооцож нийт 6,400,000 төгрөг, 2 бярууг тус бүрийг 700,000 төгрөгөөр тооцож нийт 1,400,000 төгрөг, 2 нас гүйцсэн сувай үнээ, 1 эр хязаалан үхрийн тус бүрийг 1,500,000 төгрөгөөр тооцож 4,500,000 төгрөгөөр, нийтдээ 13 үхрийг 12,300,000 төгрөгөөр худалдахаар *******тэй тохиролцсон.

Үйлдвэрийн хашаанд аваад ир гэсний дагуу өөрөө ажилтай байсан тул явж хүү Баасансүрэнг тооцоогоо хийгээд ир гэж үлдээсэн. Гэтэл ******* үхрүүдийг машинаас шууд буулгаж эхнээс нь нядлаад мах нь туранхай байна гэсэн шалтгаанаар махыг жинлэж 1 килограммыг нь 6500-7500 төгрөгөөр тооцож авна, үгүй бол авахгүй, махаа аваад яв гэх зэргээр анх тохиролцсон тохиролцооноосоо буцсан.

Энэ тухай хүү маань хэлэхэд би очсон. Энэ хугацаанд бүх үхрийг нядалгаанд оруулж махыг нь жинлээд махны бүх тооцоо 9,865,000 төгрөг болсон гэж байсан.

Гэтэл ******* нь нийт тооцооноос 9,000,000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл хүрэлцэхгүй байгаа тул 865,000 төгрөгийг маргааш өглөө өгөхөөр болсон боловч өгөөгүй.

Иймд *******ээс 13 үхрийг анх амьдаар худалдахаар тохиролцсон 12,300,000 төгрөгөөс түүний шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Би анх амьд мал авахгүй гэж хэлсэн. *******гийн үхрүүдийг нүдээр үзээгүй учраас авахгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл *******гийн хүүхэд Баасансүрэн ирээд би машин олчихсон, 13 үхрээ аваал ирье гэсэн.

******* өөрөө гуйж байгаад бяруугаа 1 килограммыг нь 6500 төгрөгөөр, 2 үхрээ 1 килограммыг нь 7300 төгрөгөөр бодож өгье гэж хэлсэн. Ингээд бүх малаа гаргаад жинлэхэд 636 килограмм бярууны махыг 1 килограммыг нь 6500 төгрөгөөр буюу 4,134000 төгрөгөөр, 171 килограмм хязаалан үхрийн махыг килограммыг нь 7300 төгрөгөөр буюу 1,248,000 төгрөгөөр, 305 килограмм үнээний махыг 1 килограммыг нь 7000 төгрөгөөр буюу 2,135,000 төгрөгөөр, 100 килограммаас дээш бярууны 323 килограмм махыг 1 килограммыг нь 6800 төгрөгөөр буюу 2,196,000 төгрөгөөр тус тус худалдан авч нийт 9,713,000 төгрөг болсноос 9,000,000 төгрөгийг *******гийн ХААН банкны данс руу шилжүүлсэн.

Ингээд 713,000 төгрөг үлдсэн. Үүнээс 13 үхрийг нядалсан болон гэдэс цэвэрлэгээний ажлын хөлсөнд нийт 390,000 төгрөгийг хасаад үлдэх 323,000 төгрөгийг одоо данс руу чинь шилжүүлчихье гэхэд утасны цаанаас орилоод эхэлсэн.

Миний зүгээс ажлын хөлсийг хассан дүн болох 323,000 төгрөгийг буцааж өгнө гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******ээс 795,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,505,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 23,630 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээгүй. Гэрч Б.Баасансүрэн, Б.Бямбасүрэн, Б.Батаа нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэж чадаагүй. Нотлох баримтын шаардлага хангаагүй *******ийн тэмдэглэлийн дэвтрийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүх хэргийн болсон үйл баримтад бодитой үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй хэргийг зөв шийдвэрлэжээ.

Болсон үйл баримтаас үзвэл 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр талуудын хооронд 10 бяруу, 3 үхэр өгч авалцахаар болж, нэхэмжлэгч ******* амьдын жингээр өгөх, хариуцагч ******* нядлаад жинлэж авахаар маргасан байна.

Нэхэмжлэгч ******* 13 тооны үхрээ нас, биеийн байдлаас хамаарч 8 бярууг тус бүрийг нь 800,000 төгрөг, 2 бярууг 700,000 төгрөг, 2 нас гүйцсэн сувай үнээ болон 1 эр хязаалан үхэр тус бүрийг 1,500,000 төгрөгөөр тооцож, нийт 13 толгой үхрийг 12,300,000 төгрөгөөр худалдахаар хариуцагч *******тэй тохиролцсоноос 9,000,000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл 3,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч ******* маргасны эцэст  бүх үхрээ нядлаад 1кг махыг 6,500-7,500 төгрөгөөр өгч авахаар тохиролцсон, бүх үхрийн махыг жинлээд тооцоход 9,795,000 төгрөг болсноос 9.000.000 төгрөгийг тэр дор нь данс руу нь шилжүүлсэн, үлдэгдэл мөнгөнөөс үхэр нядалсны болон гэдэс арилгасны хөлс 390,000 төгрөг суутгаад үлдэгдэл 323,000 төгрөг өгнө гэж татгалзлаа тодорхойлсон байна.

Талуудын хооронд аман хэлцэл хийгдсэн байх бөгөөд маргасны эцэст нядлаад махыг нь тарган, туранхайгаас шалтгаалж кг-аар нь үнэлж, өгч авахаар тохиролцжээ.

Хариуцагч *******ийн хөлсөөр ажиллуулсан хүмүүсийн ажлын хөлсийг суутгахаас үүдэж маргасан байна.

Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч ******* татгалзлаа нотолж, тухайн үед мах авч байсан тэмдэглэлээ ирүүлсэн бөгөөд тэрхүү тэмдэглэлээр 9,795,000 төгрөгийн мах худалдаж авсан талаар тэмдэглэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч ******* энэ талаар үгүйсгэж, няцаагаагүй байна.

Нэхэмжлэгч ******* үлдэгдэл 865,000 төгрөг өгөхөөр тохиролцсон гэж тайлбарладаг боловч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт ирүүлээгүй болно.

Шүүх хөлсөөр ажилласан хүмүүсийн ажлын хөлсийг нэхэмжлэгч хариуцах үндэслэлгүй, баримтаар нотлогдсон 795,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөв үнэлж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь зөв үнэлж чадаагүй гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 22-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.030 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

        

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.БАЙГАЛМАА

                                                     ШҮҮГЧИД                                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                       Л.АМАРСАНАА